Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2017/00382

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2017/00382

Баян-Өлгий аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Б.Б/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Ж***** хостай овогт М.Ж,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Жадик хостай овогт Б.Мт нарт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 3451579 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 389886 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50625 төгрөг, нийт 3892090 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Ж, Б.М нар нь ХААН банкны Баян-Өлгий салбарын Ховдгол тооцооны төвөөс 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 4935 тоот зээлийн гэрээ байгуулан 10000000 /арван сая/ төгрөгийн төслийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч М.Жнь 2011 оны 12-р сарын 01-ний өдрийн 10000000 төгрөгийн төслийн зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6558370 төгрөгийн үндсэн зээл, 2072890 төгрөгийн зээлийн хүү нийт 8631260 төгрөгийг төлж барагдуулсан боловч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 582 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Зээлийн гэрээний эцсийн хугацаа 2016.12.01-ний өдөр дууссан байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах,

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 4935 тоот гэрээний зээлийн үлдэгдэл: үндсэн зээлийн үлдэгдэл 3451579 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 389886 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50625 төгрөг, нийт 3892090 төгрөг,

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: Улсын тэмдэгтийн хураамжийн 77223 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү М.Ж бид хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Б.М миний бие ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 3451579 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 389886 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50625 төгрөг, бүгд 3892090 /гурван сая найман зуун ерэн хоёр мянга ерэн/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн энэхүү зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие С.С тус банкны нэхэмжлэлтэй, М.Ж, Б.М нарт холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр 3892090 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тус банкны зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар М.Ж, Б.М нарыг сонгосон боловч манай банкны нэхэмжилсэн мөнгийг хариуцагч Б.М төлж өгөхөөр болж, шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хариуцагч М.Жт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагч Б.Мын тайлбарыг үндэслэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М, М.Жнарт холбогдох Үндсэн зээлийн үлдэгдэл 3451579 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 389886 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50625 төгрөг, нийт 3892090 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 3451579 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 389886 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50625 төгрөг, нийт 3892090 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар Б.М, М.Жнарыг сонгосон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сийн ...хариуцагч М.Жт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагч Б.Мын тайлбарыг үндэслэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж шүүхэд ирүүлсэн тайлбарыг үндэслээд нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М, М.Жнарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбарт ...энэхүү зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байх тул хариуцагч Б.М нь нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын үндсэн зээлийн үлдэгдэл 3451579 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 389886 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50625 төгрөг, нийт 3892090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлээгүй бол 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4935 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлалтай 100 м.кв талбайтай, 5 өрөө хашаа байшин, газрын хамт, /Y-0213001134, дугаар 000152737/, LCD tv 5 ширхэг, эсгий гэр зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77223 төгрөгийн тал болох 38611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 38611 төгрөг, мөн хариуцагч нараас 38611 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Мт нь нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 3451579 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 389886 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50625 төгрөг, нийт 3892090 /гурван сая найман зун ерэн хоёр мянга ерэн/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нь хариуцагч М.Жт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77223 төгрөгийн тал болох 38611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 38611 төгрөг, мөн хариуцагч нараас 38611 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Мын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлалтай 100 м.кв талбайтай, 5 өрөө хашаа байшин, газрын хамт, /Y-0213001134, дугаар 000152737/, LCD tv 5 ширхэг, эсгий гэр зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН