Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Д.Уянга,

Шүүгдэгч Б.Сү, /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч Ц.Б, /өөрийгөө өмгөөлж/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаазгад овогт Батсүхийн Сүхбат, Ламын гэгээ овогт Цогтбаатарын Бумбаяр нарт холбогдох эрүүгийн 2111 01498 0036 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, "Файяр Бүүл" ресторанд тогооч, ам бүл 6, аав, ээж, эгч, 2 дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 290 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэлгүй. /РД: АМ98082518/.

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав.ээж, дүү нарын хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж 2г байр, 20 тоотод оршин суудаг, урьд нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500, 000 төгрөгөөр торгох шийтгэлтэй, /РД: УД95011056/.

 

  1. Шүүгдэгч /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Б.Сү нь 2021 оны 11 дүгээр сарын 17-нд шилжих шөнийн 03 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол баарны гадаа иргэн Ц.Бтай үл ялих зүйлийн улмаас маргалдан, улмаар түүнийг зодож биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун чихний ар, хүзүү, баруун, зүүн дал, зүү мөр, баруун бугалга, тохой, бүсэлхийн нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Б нь  /яллах дүгнэлтэнд дурьдсанаар / 2021 оны 11 дүгээр сарын 17-нд шилжих шөнийн 03 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол баарны гадаа иргэн Б.Сүтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний дал хэсэгт хайчаар хатган, гараараа нүүр хэсэгт 1 удаа цохиж биед нь зүүн даланд шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Сүаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..”  гэв.

 

Шүүгдэгч Ц.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..”  гэв.

 

Шүүгдэгч Б.Сүаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-101/ “.Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Бумбаяртай нэг удаа уулзсан. Хохирлоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-98-99/ “..Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Эмчилгээний зардал болох томографикид харуулсан зураг болон эмний мөнгө, 1 сая төгрөгөнд бодож iphone-x маркийн гар утсыг өгсөн. Эмчилгээний зардал нийт 200.000 төгрөг өгсөн..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-38-39/ “..Би Б.Сүтай 2 удаа уулзсан, хэрэг болсны дараа маргааш өдөр нь уулзахдаа би Сүхбатад эмчилгээний зардал гэх томографт харуулах мөнгө гээд 150.000 төгрөг ..шилжүүлсэн..дараа нь би уулзахдааАйфоне экс маркийн өөрийн барьж байсан утсаа бүр өгсөн. Би Сүхбаттай л маргалдаж зодолдсон, өмнө өгсөн мэдүүлэгт миний бие тааруухан, тэгээд уур хүрчихсэн ..мэдүүлгээ үргэлжлүүлж чадаагүй..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Сүаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-12/ “..Би ажлаасаа 2021 оны 11 сарын 16-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд гарсан ба намайг ажил дээр байхад манай багын эмэгтэй найз болох Дэлгэрцэцэг над руу чатаар залгаад сансарт байдаг Tse pub-д хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа гараад сансрын Цэ паб руу 21 цаг өнгөрч байхад очсон. Намайг очиход манай найз Дэлгэрцэцэг Мөнгөнсувдтай /багын найз/ хамт 1 цамхаг пиво уугаад сууж байсан. Тэгээд бид 3 сууж байхад удалгүй манай багын найзууд болох Номин-Эрдэнэ, Даваахүү нар ирсэн. Мөнгөнсувд нь байж байгаад гэртээ харилаа гээд яваад өгсөн. Дэлгэрцэцэг, Номио, Даваахүү бид 4 сансрын Цэ пабаас гараад барилгачдын талбайн тэнд байдаг Доргио нэртэй баар руу 23 цаг өнгөрч байхад явсан. Тэгээд Доргио бааранд ороод 0.75 литртэй Eden нэртэй архи 1 шилийг, Тайгер нэртэй шилтэй пиво 4 шилийг захиалж ууцгаасан. Тэгээд тэр баарнаас бид 4 гарах гээд байж байхад Дэлгэрцэцэгийн найз залуу гэх хүн бааранд орж ирсэн. Тэгээд бид хэд Дэлгэрцэцэгийн найз залуутай танилцаад Доргио баарнаас гараад өөр баар хайгаад явж байсан бөгөөд Найман шарга-ын тэнд байх /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нэг бааранд очоод орох гэсэн чинь такс нь 20.000 төгрөг гээд байсан. Тэгэхээр нь орохоо болиод гадаа Дэлгэрцэцэгийн найз залуугийнх нь Приус 30 маркийн машинд нь суугаад юм ярьцгааж байсан. Гэтэл ярилцаж байгаад Дэлгэрцэцэгийн найз залуутай маргалдсан ба түүний дүү нь гэх урт үстэй нэг залуу байсан. Тэр хоёр хамт намайг ёжлоод, үгээр идээд байсан. Тэгээд л маргаан үүссэн ба Дэлгэрцэцэгийн найз залуу нь машинаасаа буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би машинаас буугаад бид хоёр хэсэг ноцолдоод зодолдсон. Тэгээд тэр залуу босоод машин руу гаа гүйгээд явчихсан ба буцаж ирээд миний зүүн дал хэсэгт 2, 3 удаа нэг юмаар хатгаад байсан /хайч юм уу хутга юм уу өөрөө хараагүй болохоор сайн мэдэхгүй байна/. Ямарч байсан миний дал хэсгээс цус гарч байсан ба тухайн үед би машинаас гараад зодолдох явцад миний дээгүүрх хувцас тайлагдчихсан цээж хэсгээрээ нүцгэн байсан..Тэгээд тэр хавьд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. ..гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би тухайн үед баар хайгаад явж байсан болохоор уусан архи бага зэрэг гарчихсан байсан бөгөөд болсон үйл явдлыг санаж байгаа. Миний баруун нүд хавдсан эмнэлэгт үзүүлэхэд зүүн далны орчимд 1 зураад орсон шархтай байна гэж байсан ба энэ шархыг юугаар учруулсныг сайн мэдэхгүй. Мөн нүүр хэсэгт гараараа цохисон, өөрөөр гэмтсэн зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг,

 

                 Гэрч Н.Д мөрдөн галгаа ажиллагааны үед мэдүүлэхдээ:/хх-51/ “..шөнийн 01 цагийн орчимд Доргио баарнаас гарч ирэхэд манай найз залуу Бумбаяр ирчихсэн байсан. Тухайн үед бид нар нилээн согтолттой байсан..Тэгсэн чинь Бумбаяр, Сүхбат нар маргалдаад, машинаасаа бууцгаагаад зодолцгоогоод байсан. Эхлээд бид нарыг тэр караокены гадна очиход хүмүүс байгаагүй, Бумбаяр, Сүхбат хоёрыг зодолдож эхлэх үед хүмүүс гараад ирсэн. Тэр үед кароаке баар энэ тэр хааж байсан юм шиг байна лээ. Тэр хоёр дээр доороо ороод газар өнхрөөд зодолдоод байсан, нэг мэдэхэд Сүхбатын нуруунаас цус гарчихсан байсан, тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан, би тухайн үед тэр хоёрыг зодолдонгуут нь машинаасаа гарсан..” гэсэн мэдүүлэг,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11502 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:/хх-28/ “..Ц.Бын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цуе хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун чихний ар, хүзүү, баруун, зүүн дал, зүү мөр, баруун бугалга, тохой, бүсэлхийн нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7/, шүүгдэгч Б.Сүын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-74/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2021 оны 11 дүгээр сарын 17-нд шилжих шөнийн 03 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол баарны гадаа шүүгдэгч Б.Сү, Ц.Б нар үл ялих зүйлийн улмаас маргалдан, харилцан зодолдож нэг нэгэндээ буюу Ц.Бын зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун чихний ар, хүзүү, баруун, зүүн дал, зүү мөр, баруун бугалга, тохой, бүсэлхийн нуруунд зулгаралт бүхий гэмтэл, Б.Сүын зүүн даланд шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр эдгээр нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас харилцан бие биедээ “хөнгөн хохирол” учруулсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Сү, Ц.Б нар нь харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч  Б.Сү, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд шүүгдэгч нар бие биедээ харилцан хохирогч болохын хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Сү, Ц.Б нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Сү, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор шүүгдэгч тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Сү, Ц.Б нарт оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Б.Сү, Ц.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сү, Ц.Б нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг тус тус даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Сү, Ц.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Сү, Ц.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сү, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР