Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Д.Уянга,

Шүүгдэгч Ч.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111 01341 0019 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  10 дугаар хороо, Зам гүүр 10-5 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ДБ86040102/.

 

Шүүгдэгч Ч.М нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Зам гүүр арван айлын 5 тоот дахь гэртээ өөрийн хамтран амьдрагч Г.Мөнхбаяртай маргалдаж, улмаар түүний нүүр рүү хутга шидэж эрүүл мэндэд нь "тархи доргилт, баруун хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шилбэнд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..”  гэв.

 

Шүүгдэгч Ч.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-53/ “..2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай ахын ажил явдал дуусаад ахынхаа гэрээс Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Зам гүүр 10 айлын 5 тоот гэртээ 21 цагийн үед ирсэн. Гэрт ирэхэд манай нөхөр Г.Мөнхбаяр, 6 настай хүү Мөнх-Ундрах хоёр байсан... гэнэт надтай хэрүүл маргаан үүсгэж, маргалдаж байгаад миний шанаа руу нэгудаа цохихоор нь би гэрээсээ гарах гэтэл намайг гаргахгүй хориод байхаар нь ...би тухайн үед сэтгэл санааны хувьд тавгүй байсан болохоор угаалгын машин дээр байсан хуванцар иштэй, жижигхэн хутгыг аваад Мөнхбаяр руу шидэхэд ишээрээ Мөнхбаярын баруун хөмсгийг оноод цус гарсан..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /9-10/ ..2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ 20 цагийн үед Чингэлтэй.дүүргийн 10 дугаар хороо, Зам гүүр 10 айлын 5 тоот дахь гэртээ эхнэр Мөнгөнтуул, хүү Мөнх-Ундарга нарын хамт ирсэн. Тухайн өдрийн өмнөх өдөр нь манай эхнэр Мөнгөнтуул нь оройтож ирсэн байсан ба тэр асуудлаас нь болоод эхнэр бид хоёр маргалдаж ...Баруун хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийг Мөнгөнтуул над руу хутга шидэх үед хутганы иш талаараа оноод учирсан гэмтэл байгаа юм. Зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг Мөнгөнтуул нөгөө хутганыхаа ар буюу иргүй талаар нь намайг цохих үед үүссэн гэмтэл, 2 шилбэнд зулгаралт гэмтлийг хутганы үзүүрээр намайг хатгах үед үүссэн гэмтэл байгаа юм... өмнө нь миний биед ингэж халдаж байсан удаа байхгүй... албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүхэдтэй..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10796 дугаартай дүгнэлтэд: /хх-28-29/ “..Г.Мөнхбаярын биед тархи доргилт, баруун хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, 2021.10.29-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт, шүүгдэгч Ч.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Зам гүүр арван айлын 5 тоот дахь гэртээ өөрийн хамтран амьдрагч Г.Мөнхбаяртай маргалдаж, улмаар түүний нүүр рүү хутга шидэж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг “хөнгөн хохирол” учирсан байна гэж дүгнэлээ.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Маас гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүгдэгч Ч.М нь хохирогчийн нүүр рүү хутга шидэж, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Мын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул прокурорын санал үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Г.М нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР