| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00346/И |
| Дугаар | 409 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 409
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч А.Үүрийнтуяа, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 39-6 тоотод оршин суух, 1991 онд төрсөн 26 настай, Данзан даргиа овгийн Пүрэвдоржийн Пагамдуламын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 93-8 тоотод оршин суух, 1987 онд төрсөн 30 настай, Зузаанууд овгийн Цэрэнтүндэвийн Батцэцэгт холбогдох
Гэм хорын хохирол 374500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Пагамдулам, хариуцагч Ц.Батцэцэг, иргэдийн төлөөлөгч Д.Цэгмид, нарийн бичгийндарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Пагамдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ц.Батцэцэг нь намайг ажлаасаа 11-р хороо гэрлүүгээ өдрийн цайндаа эмнэлгийн баруун талын замаар дүрэм журмаараа явж байтал спортын ордны туслах замаас хурдтай, дүрэм зөрчин ирж мөргөснөөс миний биед эрүүл мэндийн болон эд материалын их хохирол учруулсан. Тухайн үед мөргүүлсэн даруйдаа толгой эргэж дотор муухайрч бие муу байсан учир Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмчид үзүүлэхэд тархины доргилт гэсэн онош тавьж, эмчилгээ бичиж хэвтэрийн дэглэмд байх мөн толгойгоо комьпютер томографид харуул гэсэн. Эмнэлэгт үзүүлэхэд аваарын улмаас комьпютер томографид харуулж байгаа болохоор 75000 төгрөгний төлбөртэй үзүүлж, үзүүлсэн эмч 12 цагаар тархины дотоод даралт, хаванг буулгах Маннитол шингэн-3 хоног, өвдөлт намдаах тайвшруулах эм 10 хоног, цус тогтоох эм 10 хоног тархины цусан хангамж сайжруулах 1 cap уух эмнүүдийг бичиж өгөхөд мөнгө байхгүй байсан болохоор эмнэлэг дотор ажилладаг эмийн сангаас 51500 төгрөгний эм тариа зээлж авсан. Мөн 11 дүгээр хорооноос нялх хүүхдээ цэцэрлэгт зөөж ажилдаа ирж очдог машингүй болсны улмаас эмнэлэгт үзүүлэх,хүүхдээ зөөх ажилдаа ирж очихдоо таксигаар үйлчлүүлж 24 удаагийн явалтын 72000 төгрөгний зардал гарч одоо хүртэл мөнгийг нь өгөөгүй байна. Дуудлагын такси 3000 төгрөгөөр үйлчилдэг юм билээ. Ослын улмаас хөдөлгөөнгүй тайван дэглэм барь гэсэн учир ажил хийх боломжгүй болж ажлаасаа 5 хоногийн чөлөө авч цалингаа 112000 төгрөгөөр хасуулж хохирсон, Мөн бие муу 11 дүгээр хороонд хашаандаа ганц гэр нялх хүүхэдтэйгээ хоёулхнаа байдаг учир нөхөр М.Ганболдыг Өмнөговь аймаг дахь ажлаас нь 7 хоногийн чөлөө авахуулж ирүүлсэний цалингийн алдагдал 1 өдрийн цалин 46600 төгрөг, 7 хоногоор 326200 төгрөгний хохирол учируулсан. Өмнөговь аймгаас Арвайхээр, Арвайхээрээс Өмнөговь ирж очсоны зардал 40000 төгрөг, нөхөр М.Ганболдын цалингийн тодорхойлолт чөлөөний хуудас, замын хоол, Улаанбаатар дахь таксины мөнгийг баримтгүй тул оруулаагүй. Ц.Батцэцэг таксигаар үйлчлүүлсний төлбөр өгөөгүй тул аргагүй эрхэнд хүүхдээ цэцэрлэгт нь зөөх, ажилдаа ирж очихын тулд техникийн бүрэн байдал хангаагүй машинтай явсан гээд 24000 төгрөгөөр торгуулсан зэрэг хохирол учирсан. Ц.Батцэцэгтэй ярилцаад машин засаад бусад хохирол барагдуулж өгнө гэхээр нь хүлээсэн боловч машины сэлбэг дутуу зарим нь таарамжгүй, муу юм авч өгөөд тэр нь шаардлага хангахгүй мөн бусад зардал нэхэмжилсэн боловч өөдөөс хэл амаар доромжилсон. Миний бие одоогоор толгой өвдөлттэй нүдний уг руу өвдөж хараанд өөрчлөлт орсон тархины доргилт нь 1 сараас 1 жилийн дотор хожим хойно илэрдэг дөнгөж тэр дариуд нь харуулахад өөрчлөлттэй байсан. Хэзээ гэмтлийн хор уршиг гарч ирэхийг мэдэхгүй тул гомдолтой байна. ИймдЦ.Батцэцэгээс 374500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Батцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Пагамдуламыннэхэмжилж байгаа 374500 төгрөгийг төлөх боломжгүй. Тухайн үед би эмнэлгийн анхны тусламж үзүүлж эм тариа авч өгье гэхэдөөрөө алга болчихоод одоо мөнгө нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Машины эвдрэл гэмтлийг нь засуулж, сэлбэг авчөгсөн. Машины сэлбэг болон засвар бусад зардалтайгаа 750000 төгрөг болсон. Би машин тэргийг нь хурдан хугацаандзасвараас гаргуулж өгсөн. Харин эмний үнэ 24000 төгрөг, машины урд гуперны сэтэгний үнэ 30000 төгрөг, машины номернымөнгө 12000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Пагамдулам нь хариуцагч Ц.Батцэцэгт холбогдуулан гэм хорын хохирол 374500 төгрөг гаргуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Батцэцэг нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Арвайхээр сумн 5 дугаар баг Намнансүрэнгийн гудамж спортын ордны хойд уулзвар дээр 88-00 УБС улсын дугаартай Т.Марк 2 маркийн автомашин жолоодож явахдаа нэхэмжлэгч П.Пагамдуламын жолоодож явсан 30-53 ӨВР улсын дугаартай Х.Соната 5 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Ц.Батцэцэг нь нэхэмжлэгч П.Пагамдуламд учирсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч П.Пагамдулам шүүхэд гэм хорын хохиролд 374500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч П.Пагамдуламын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчилд 24000 төгрөгөөр торгосон шийтгэвэр, М.Ганболдын Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Улаанбаатар хот хүртэл зорчсоны төлбөр 40000 төгрөгний хохирол зэрэг нь нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч дээрхи хохирлыг арилгах үүрэггүй байна.
Мөн таксигаар үйлчлүүлсний зардал 72000 төгрөг, 5 хоногийн цалин 112000 төгрөгний баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч сард хэдэн төгрөгний цалинтай байсан эсэх талаархи баримт хэрэгт авагдаагүй, компьютер томографикт харуулсны төлбөр 75000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, .... тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч П.Пагамдулам дээрхи нийт 259000 төгрөгний баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлож чадаагүй байна.
Иймд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эм авсны төлбөр 51500 төгрөгийг нэхэмжлэгч П.Пагамдуламд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч Ц.Батцэцэгээс 51500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 323000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ц.Батцэцэгээс 51500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Пагамдуламд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 323000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Батцэцэгээс 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Пагамдуламд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11800 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД А.ҮҮРИЙНТУЯА
Б.ЦЭРЭНПҮРЭВ