| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00373/И |
| Дугаар | 130/ШШ2017/00385 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2017/00385
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 130/ШШ2017/00385 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух, И**** овогт З.Аын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.А, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч З.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний бие анх 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт бага сургуулийн захирлын 1982 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 07 тоот тушаалаар цэвэрлэгчийн орон тоонд томилогдсоноос хойш одоо хүртэл тус Булган сумын Ёлт бага сургуульд цэвэрлэгчээр тасралтгүй 35 гаруй жил нэг тушаалаар, нэг байгууллагад ажиллаж байгаа билээ.
Энэ онд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу болзол хангаж тэтгэвэрт гарах гэтэл тухайн үед ажил олгогчийн тушаал, санхүүгийн баримт тухайн үеийн албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас болж архивт шилжүүлээгүйгээс болж хохирч байна. Учир иймд З.А миний Булган сумын Ёлтын Сага сургуульд 1982 оны 3 дугаар сарын 01-нээс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл цэвэрлэгчээр ажилласан 12 жил 3 сарын хугацааг хөдөлмөрийн дэвтэр зэрэг холбогдох нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч З.А нь 1982 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт-ын бага сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч З.А нь 1982 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт-ын бага сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан болох хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр, Булган сумын найман жилийн сургуулийн захирлын 1984 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Урамшил шагнал явуулах тухай тушаал, түүний З.Ад 30 төгрөг олгосон тухай хавсралт, Булган сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай, Жирэмсний амралт олгох тухай тушаал, мөн сургуулийн захирлын 1990 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 83 дугаартай, Ажилд авах, зохицуулан ажиллуулах, цалин тогтоох тухай тушаал, 1993 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай, Цалин тогтоох тухай тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан А.Н, Х.М, С.Б нарын тодорхойлолт, Булган сумын Ёлт-ын бага сургуулиас 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэх, 1989 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр олгосон баярын бичиг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн З.А нь 1982 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт-ын бага сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З.А нь 1982 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт-ын бага сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч З.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК