Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 410

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 37-308 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 44 настай, Боржигон овгийн Содномдоржийн Ундрах

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 37-308 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 47 настай, Лам овгийн Цэрэндашийн Цогтбаяр нарт холбогдох

126 239 419.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ц.Гончигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Цогтбаяр, хамтран үүрэг хүлээгч С.Ундрах нар нь тус банкнаас 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5000953993 тоот зээлийн шугамын гэрээгээр 100000000 төгрөгийн зээлийг эргэн төлөлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 1.7 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Зээлдэгч Ц.Цогтбаяр, хамтран үүрэг хүлээгч С.Ундрах нар нь зээлийн гэрээний хугацааг сунгах өргөдөл өгөн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 24 сараар зээлийн шугамын хугацаг сунгуулсан боловч гэрээнд заасан зээлийн хүүний төлбөрийг сар бүр хэтрүүлэн төлж байсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дууссан боловч төлбөрийг барагдуулалгүй 361 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс Ц.Цогтбаяр болон хамтран хариуцагч С.Ундрах нарт зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна. Иймд Ц.Цогтбаяр болон хамтран хариуцагч С.Ундрах нараас үндсэн зээлийн үлдэгдэл 107134392.97 төгрөг, хүү 16825677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2279350 төгрөг, нийт 126 239 419.97 төгрөг гаргуулж өгнө үү. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгшөн хадагаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2.2.3-т заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд тооцон гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, зээлийн шугамын гэрээний 3.5.7, 4.4-т зааснаар зээлдэгч Ц.Цогтбаяр, хамтран үүрэг хүлээгч С.Ундрах нараас зээлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Цогтбаяр, С.Ундрах нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн төлбөрийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус төлбөрийг 2017 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хас банк нь хариуцагч Ц.Цогтбаяр, С.Ундрах нарт холбогдуулан 126 239 419.97 төгрөг шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Цогтбаяр, С.Ундрах нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 126 239 419.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 126 239 419.97 төгрөгийг хариуцагч Ц.Цогтбаяр, С.Ундрах нар төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Цогтбаяр, С.Ундрах нараас 394573.5 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 394573.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 789147 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч нарт мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА