Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 104

 

П.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00410/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 640 дүгээр шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Боржигон овогтой П-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Хонин онход овогтой Ю-ийн О-т холбогдох

           “Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Ю.О-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлээс:

Ж.Б- нь Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, Баян-Өлзийтийн 2-р гудамж, 07 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн Ү2004000127 тоот дугаартай 32 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өмчилдөг. Энэ байр нь одоогоор 5 хүний нэр дээр байдаг. Ж.Б- нь 2004 оны 5 дугаар сард Орхон сумын Хаан банкнаас 300.000 төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, хүнсний ногоо тариалах зориулалтаар авсан байна. Түүнээс хойш Ж.Б- нь ар гэрийн асуудлаас болж, гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжин амьдарч байгаа. Ж.Буяцогтыг Улаанбаатар хотод амьдарч байх хугацаанд Орхон сумын Хаан банк нь зээлийн төлбөрийг Ю.О-ээр төлүүлж, түүнд уг орон сууцанд амьдрах эрх олгосон байна. Энэ тухай Ж.Б- нь огт мэдээгүй байдаг. Банкинд төлөх төлбөрийг нь төлсөн учир Ж.Б- нь Ю.О-ийг өнөөдрийг хүртэл өөрйн байрандаа үнэ төлбөргүй суулгаж ирсэн бөгөөд одоогоор ямар нэгэн түрээсийн төлбөр нэхээгүй байгаа.

Ж.Б- нь Ю.О-ийг байрнаас гаргах гэсэн боловч чиний банкны төлбөрийг би өмнөөс чинь төлсөн учир энэ миний байр гэж хэлээд байрнаас гарахгүй байна. Хэдийгээр Ж.Б- нь Орохон сумын Хаан банкнаас авсан зээлээ төлөөгүй ч албан ёсоор байраа банкинд барьцаалаагүй учир үл хөдлөх эд хөрөнгийн Ү2004000127 тоот дугаартай орон сууц нь Ж.Б- түүний 4 хүүхдүүдийн албан ёсны хөрөнгө болно. Тийм учраас энэ байранд түр хугацаагаар оршин сууж байгаа Ю.О-ийг албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ю.О-ээс:

2007 оны 4 дүгээр сарын 11-нд Хаан банкны байр зарна гэсэн зарын дагуу 436.000 төгрөгөөр худалдаж авсан. Хаан банкнаас худалдаж авсан учраас байрнаас гарах шалтгаан байхгүй. Нэхэмжлэгчийг огт танихгүй харж байгаагүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

Тухайн үед ажиллаж байсан хүмүүс байхгүй учраас би сайн мэдэхгүй. Хариуцагч Ю.О- эгчтэй уулзахад байраа хүлээн зөвшөөрөөд нэр дээрээ шилжүүлэх гээд нотариат дээр очсон. 2014 онд Ж.Б- нь энэ хүнд байраа шилжүүлсэн гэдгээ мэдэж байсан байж одоо яагаад ингэж маргаад байгааг ойлгохгүй байна. Мөн тухайн үеийн байрны ханш 400-500 мянган төгрөгийн хооронд байсан Ж.Б- тэр үедээ зээлээ төлөөгүй зээлийнхээ барьцаанд байраа өгчихсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд явчихаад одоо ийм зүйл яриад байгааг гайхаж байна. 2006 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс зээл авахдаа 2006 оны 11 дүгээр сард эхний зээлийн төлбөрөө төлөхөөр тохирсон. Түүнээс хойш зээлийн төлөлтөө хийгээгүй явсан. Зээлийн гэрээнд 2006 оны 11 дүгээр сараас хугацаа хэтэрсэн байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 640 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч П.Б-гийн хариуцагч Ю.О-т холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийтийн 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 07 тоот, 32 м.кв орон сууцыг Ю.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Ж.Б- болон түүний гэр бүлийхний үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийг хангаж өгнө үү. ... гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ХААН банк төрийн сан 100190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэсэн. Гэтэл Ж.Б-  өөрийнх нь байранд хариуцагч Ю.О- амьдарч байгаа тухай 2014 онд мэдсэн байдаг. Энэ нь Ю.О-ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад өгсөн тайлбараар нотлогддог. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2014 оноос тоолвол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч  П.Б- нь хүргэн ах Ж.Б-ын олгосон итгэмжлэлийн дагуу шүүхэд түүнийг төлөөлж түүний  өмчлөлийн Дархан-Уул аймгийн Орхон сумын 1-р баг Баян-Өлзийтийн 2-р гудамж 07 тоот орон сууцыг Ю.О-ийн эзэмшлээс чөлөөлүүлж, Ж.Б-ын өмчлөх эрхийг нь хангуулах шаардлага бүхий  нэхэмжлэл гаргаж шүүхэд уг орон сууц нь иргэн Ж.Б- болон түүний хүүхдүүдийн өмч болохыг баталсан  Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа болон өмчлөх эрхийн гэрчилгээг  ирүүлжээ.

Хэрэгт Ж.Б- нь 2006 онд Хаан банкнаас 300.000 төгрөгийн зээл авч уг зээлийг төлөөгүй тул банк түүний барьцаанд тавьсан хөрөнгийн өмчлөх эрхийг зээлийн үлдэгдлийг нь төлсөн иргэнд шилжүүлсэн тухай үйл баримт нь Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч  Ю.О- нарын тайлбар болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Өмчлөгчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлийг шаардах  эрхтэй боловч энэ эрхээ тодорхой хугацааны дотор хэрэгжүүлж болохоор Иргэний хуульд зохицуулсан. 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд  хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэжээ. Хөөн хэлэлцэх тусгай хугацааг хуулийн 75.2 дахь заалтаар зохицуулсан боловч энд дурдсан үндэслэлүүд маргааны зүйлд хамаарахгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын дунд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацааны талаар дүгнэлт хийсэн боловч энэ нь үндэслэлгүй учир нь зохигчид гэрээний харилцаанд оролцоогүй байна. Иймд тухайн маргаанд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэхээр байна.

Энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсхүл энэ хугацаа хуулинд заасан үндэслэлээр тасалдаж, зогссон бол шүүх хугацааг сэргээж бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалах боломжтой. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс тоолно. Нэхэмжлэгчийн тухайд  хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийвэл нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрх нь зөрчигдөж  болзошгүйг мэдэх эрх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т зааснаар банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлж дуусах хугацаа буюу 2007 оны 2 дугаар сарын 9  байх /зээлийн гэрээг 9 сарын хугацаатай байгуулсан нь энэ өдөр дуусгавар болж байгаа тул/ боломжтой юм.

Өөрөөр хэлбэл банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрснөөр зөрчигдөх магадлалтай бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн үйлдлээс өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх үйлдлээс хамааралтай тул энэ үйлдлийг хийж дуусах байсан үеэс тооцогдоно.

Ийнхүү тооцоход шүүхэд нэхэмжлэл гаргах үед Иргэний хуульд заасан 10 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар өнгөрүүлсэн гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй бөгөөд мөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж. Б- нь эхнэр хүүхдүүдийн хамт уг байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн маргааны зүйл нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмч бөгөөд уг байрны эзэмших эрх зөрчигдсөн талаарх маргааныг шийдвэрлүүлэхээр дангаараа итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 101,108,128 дугаар зүйлүүдийн агуулгыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийг дан ганц нэхэмжлэгчийн итгэмжлэлээр маргааныг хянан шийдвэрлэсэн гэж буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасныг баримтлах нь илүү оновчтой гэж үзэж өөрчлөлт  оруулж шийдвэрийг хэвээр батлах нь зүйтэй байна. Давж заалдах гомдлыг хангаагүй тул тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгө улсын орлогод хэвээр үлдэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 640 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:

“Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д” гэснийг “Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т” гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                             

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                      О.НАРАНГЭРЭЛ