Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 49

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баясгалан,

           улсын яллагч Ж.Батхуяг,

            хохирогч М.Алтанчимэг,

шүүгдэгч Д.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар Жавсан овогт Дүгэрийн Ууганбаярт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030684 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 04-нд Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Жавсан овогт Дүгэрийн Ууганбаяр /РД:ДЭ78060429/

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 23 дугаар гудамжинд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 32-4 тоотод оршин суух иргэн М.Алтанчимэг нь Д.Ууганбаярын нохойд хазуулж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Ууганбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 23 дугаар гудамжинд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 32-4 тоотод оршин суух иргэн М.Алтанчимэг нь Д.Ууганбаярын нохойд хазуулж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Д.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч М.Алтанчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охиноо цэцэрлэгээс нь авахад цэцэрлэгийнх нь багш нь “танай хүүхдийн толгой өвдөөд өнөөдөр хоол огт илдсэнгйү тархи нь хөдөлсөн байж магадгүй бариулаарай” гэхээр нь шүүгдэгч Д.Ууганбаярын  ээжээр нь охиныхоо толгойг бариулах санаатай гэрт очоод хашааных нь гадаа зогсож байгаад нохойд нь хазуулсан...сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогч М.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 16-17 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 4 дүгээр гудамжинд байрлах “Баянбөөрөг” хүнсний дэлгүүрт өөрийн охины толгойг бариулах гээд очсон юм. Өмнө нь би нилээд олон удаа очиж өөрийн болон охиныхоо толгойг бариулж байсан юм. Тэр өдөр очиход дэлгүүр нь хаалттай байсан бөгөөд хашаан дотор нь 11-12 насны хүүхэд гүйж байгаа харагдахаар нь түүнийг дуудаж эмээгээ дуудаач гэж хэлтэл буцаад гэрлүүгээ ороод удалгүй гарч ирээд хашаан дээгүүр тонгойж эмээ ажилтай гэж хэлэх шиг болсон тухайн үед нохой хуцаж байсан учир сайн сонсогдоогүй юм. Би хариуд нь “эгч нь өмнө нь бариулж байсан хүн байнаа чи дахиад эмээгээ дуудаад өгөөч” гэж хэлсэн юм. Нөгөө хүүхэд буцаж ороод удалгүй хаалгаа онгойлгоод эмээ барихгүй байгаа гэж хэлтэл хажуугаар нь уяатай байсан нохой над руу дайрч миний баруун гуяны дотор талаас хазаж гэмтээсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44, 45-46/

            4. Гэрч Д.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Намайг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-17 тоотод аав, ээжтэйгээ гэртээ ирээд ажил явдал гараад 108 зул барих гээд байж байтал гаднаас манай эгчийн хүүхэд Д.Арвинбилэг орж ирээд эмээ хүн толгойгоо бариулъя гэж хэлсээр орж ирсэн. Тэгээд эмээ нь толгой барихгүй гэж хэлээд гаргасан. Хаалган дээр хүн байхгүй, ажиллахгүй гэсэн бичиг наасан байсан. Тэгээд манай эгчийн хүү Д.Арвинбилэг жаахан байж байгаад буцаад орж ирээд гадаа таныг нэг эмэгтэй хүн толгойгоо бариулах гэсэн юм гээд дуудаад байна гэж хэлсэн. Эмээ нь толгой барихгүй гээд хэлчих гээд Д.Арвинбилэгийг буцаагаад гаргасан. Тэгээд Д.Арвинбилэг 3 дахь удаа буцаж орж ирээд нөгөө эмэгтэй чинь манай нохойд хазуулчихлаа гэсээр орж ирсэн. Тэгээд манай эгч Ууганбаяр гараад нохойд хазуулсан эмэгтэйтэй уулзаад нөгөө эмэгтэй нохойныхоо үснээс хайчлаад өгчих гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/

            5. Гэрч Ж.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М.Алтанчимэг нь нохойд хазуулсан гэж ирэн үзүүлсэн юм. Тухайн үед баруун талын гуяны дотор талд 1 шүд орсон, хөхрөлттэй байсан юмаа би түүнийг нь хараад галзуугийн эсрэг вакциныг 5 удаа хийх ёстойг хэлсэн юм. Тухайн вакциныг 00 хоногтой, 3 хоног, 7 хоног, 14 хоног тус тус хийж курс эмчилгээ болгодог. Мөн боолт хийлгэж, физик эмчилгээнд хамрагдаж байсан, түүний дараа 14 хоногийн дараа над дээр ирж нохойд хазуулснаас болж баруун гуя маань өвдөөд байна гээд ирсэн бөгөөд намайг үзэхэд баруун гуяны дотор талд хавдартай, бага зэрэг үрэвсэл үүссэн байсан учир яаралтай нээлт хийж тухайн нөжөрсөн цусыг авсан юмаа. Тухайн өдөр надад жирэмсэн гэдгээ хэлсэн учир витамины комплекс уухыг зөвлөж, эмэгтэйчүүдийн эмчид үзүүл гэж зөвлөөд явуулсан юм түүнээс хойш над дээр ирж үзүүлээгүй юмаа...Тухайн галзуугийн вакцин буюу Антирибориский нь урагт ямар нэгэн нөлөө байхгүй. Энэ вакциныг элэгний хүнд өвчтэй, зүрх судасны хүнд өвчтэй хүн болохгүй хориглосон заалт байдаг бөгөөд бусад хүмүүст хэрэглэдэг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51/

            6. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№2482/-ын дүгнэлт:

                        -Алтанчимэгийн биед гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

                        -Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

                        -Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 19/

            7. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №793 тоот шинжээчийн дүгнэлт:

                        -ШШҮХ-н ШЭШХ-н шинжээч эмч Н.Туяагийн 2016.02.16-ны өдөр гаргасан №2482 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

                        -М.Алтанчимэгийн биед тухайн үед баруун гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                        -М.Алтанчимэг нь Нийслэлийн Өргөө амаржих газарт 2016.04.03-04.05-ны өдрийн хооронд 10-11 долоо хоногтой 3 дахь жирэмслэлт, өсөлтгүй жирэмсэн, кесарев хагалгааны дараах умайн бүрэн биш сорвижил, сорвижил дээр бэхлэгдсэн ураг байхыг үгүйсгэхгүй гэсэн оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. М.Алтанчимэг нь 2016.02.16-ны өдөр нохойд хазуулсаны улмаас үүссэн гэмтэлгүй өсөлтгүй жирэмсэн болсон нь шалтгаант холбоогүй болно.

                        -М.Алтанчимэгийн биед эмчилгээ, оношлогоо зохих журмын дагуу хийгджээ. /хх-ийн 55-56/

             8. Сэжигтэн Д.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр орой 17:00 цагийн үед манай хүүхэд Д.Арвинбилэг /10 настай эрэгтэй/ нь гаднаас эмээ хүн толгой бариулъя гэж байна гэж хэлээд ороод ирсэн юм. Тэр үед манай аав маань талийгаач болоод удаагүй байсан учир 108 зул өргөх болон буяны ажил гээд завгүй байсан учир ээж Ж.Энхбат нь хүний толгой барихгүй талаар цонх хаалган дээр бичээд наачихсан байсан юм. Тэгээд барихгүй гээд хэлчих гээд өөрийн хүүхэд Д.Арвинбилэгт /10 настай эрэгтэй/ хэлээд гаргатал удалгүй эмээгээ дуудаад ир заавал уулзах гээд байна, дуудаач гэж хэлүүлээд байна гээд ороод ирсэн бөгөөд бид нар түүнд ажил явдалтай байгаа, хүний толгой барихгүй гээд хэлээч гээд нилээд ширүүн дуугараад гаргачихсан чинь тэр үед хүүхэд маань хашааны хаалга онгойлгоод эмээ байхгүй гэж хэлтэл нохой хажуугаар нь гараад хазчихсан гээд Д.Арвинбилэг /10 настай эрэгтэй/ ороод ирсэн би яаран гүйж гартал, манай ээжид өмнө нь бариулж байсан М.Алтанчимэг гэх хүн нь би нохойд чинь хазуулчихлаа үснээс нь хайчлаад өгөөч гэж хэлэхээр нь “өө ямар баларсан юм бэ, хүүхдийг чинь хазаагүй биз дээ, манайх буяны ажилтай байгаа ажиллахгүй гээд биччихсэнийг нь хараагүй юм уу” гэж хэлээд нохойныхоо үснээс хайчлаад өгөөд явуулсан юм...Би тийм учраас нохойгоо дандаа уядаг, хашаанаас гаргадаггүй, гүйдэг уяа байдаг ч хашааны нэг захаас нөгөө зах руу хүрдэг, манай хашаа урд болон ард талдаа нэг нэг хаалгатай бөгөөд тэр хоёрын дунд гүйдэг уяа байдаг юмаа. Гэхдээ гүйдэг уяа нь хашаанаас гардаггүй хашаан дотроо л байдаг юмаа. Харин гинж нь 170 см урттай учир хаалга онгорхой тохиолдолд хашаанаас ойролцоогоор 180 см гарах боломжтой байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-96/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Ууганбаяр нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№2482/, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №793 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Д.Ууганбаярыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин хохирогч М.Алтанчимэг нь шүүгдэгч Д.Ууганбаяртай сайн дураар эвлэрч, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирол 400.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул Д.Ууганбаярт холбогдуулан прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ууганбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Жавсан овогт Дүгэрийн Ууганбаярыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Жавсан овогт Дүгэрийн Ууганбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Д.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Д.Ууганбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

  5.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ууганбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР