Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2020/0010/З |
Дугаар | 159/ШШ2020/0018 |
Огноо | 2020-04-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 159/ШШ2020/0018
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч ******* холбогдох 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0086741 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч Зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* би, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч ******* 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум 2-р багт байрлалтай ******* ХХК нь галын онц аюултай (С4Н8; С6Н10) пропан шатах хийг ажлын байрны дүгнэлтгүй ашиглаж байна гэсэн зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтын дагуу гэж, 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан 0086741 дугаартай шийтгэлийн хуудастай материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Монгол улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт байрлах ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, агуулахын барилга байгууламжид хяналт шалгалт хийхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан дараах зүйл заалтыг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу Улсын ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/54 дугаартай тушаалаар баталж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/107 тушаалаар нэмэлт оруулсан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварыг батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тэмдэглэлийг маягтын дагуу үйлдэлгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн байна.
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа тэмдэглэлийг маягтын дагуу үйлдээгүйн улмаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулаагүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд заасан зөрчлийн нотлох баримтыг бүрдүүлээгүй, ажиллагааны явцыг харуулсан гэрэл зурагийг материалд хавсаргаагүй.
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална гэж заасныг баримтлаагүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх-ийг хангалттай тогтоож чадаагүй, нотлох баримтыг бэхжүүлж авалгүйгээр шийтгэл оногдуулсан.
******* ХХК-ний инженер Т.Түвшинбаяр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Х.Батчулуун гэх ажилтнууд уг зөрчлийн ямар оролцогч болох нь тодорхойгүй зэрэг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам мөн оролцогчийн эрх үүргийг хангаж ажиллаагүй байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ш.Одхүү нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №0086741 дугаартай шийтгэлийн хуудсаар тухайн зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл, хэсэг, заалтыг хуульд заасан шаардлагын дагуу бичээгүй Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт гэж бичих байсныг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг гэж бичиж 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгосон.
Дээрх зөрчилд нөхөн төлбөр байгаа эсэхийг талаар материалд авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байхад Шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ НЬ хэсгийн 2 дахь хэсэгт нөхөн төлбөрийн 3.000.000 төгрөг гэж бичиж шийтгэлийн хуудсыг засварласан нь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан 0086741 дугаартай шийтгэлийн хуудас нь хуулийн шаардлага хангаагүй байна.
Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч ******* 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0086741 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв...гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Тус дүгнэлтэд дурдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэлийг Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар батлагдсан загварын дагуу бичсэн болно. Оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгөх, гэрэл зургаар баримтжуулах зэрэг зөрчлийг прокурорын хяналтын явцад засварлах боломжтой гэж үзэж байна.
Гэхдээ нэгэнт прокурорын дүгнэлт гарсан тул хүлээн зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0086741 дугаартай шийтгэлийн хуудсаар Спирт бал бурам ХХК-ийг ...галын онц аюултай С4 H8, C6 H10 пропан шатах хийг ажлын байрны дүгнэлтгүй ашиглаж байгаа... гэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт гэж зааж 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч 0086741 дугаартай шийтгэлийн хуудсаар тухайн зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл, хэсэг, заалтыг хуульд заасан шаардлагын дагуу бичээгүй Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт гэж бичих байсныг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг гэж бичиж 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгосон, зөрчилд нөхөн төлбөр байгаа эсэхийг талаар материалд авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байхад Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь хэсэгт нөхөн төлбөрийн 3.000.000 төгрөг гэж бичиж шийтгэлийн хуудсыг засварласан нь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан 0086741 дугаартай шийтгэлийн хуудас нь хуулийн шаардлага хангаагүй байна гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын шийтгэлийн хуудсыг зөвтгөн өөрчлүүлэх тухай дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тус зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ш.О холбогдох 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0086741 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР