Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 880

 

 

 

 

 

 

 

 

 

 

Е.О, Х.Ө, Х.Ө нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор М.Эрдэнэзаяа,

          шүүгдэгч Е.Огийн өмгөөлөгч Ж.Баасанжав,

          шүүгдэгч Х.Ө, Х.Ө нарын өмгөөлөгч Б.Адельбек,

          нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 995 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Е.Огийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Е.О, Х.Ө, Х.Ө нарт холбогдох эрүүгийн 1806 0406 71110 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Жадик баян овгийн Х-ийн Ө, 1992 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, “Тод каннам” эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ......  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....../,

 

2. Жадик баян овгийн Х---ийн Ө, 1996 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...../,

3. Ботахарахаржан овгийн Е-ийн О, 1995 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгийн ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Х.Ө , Х.Ө нар  бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 226 дугаар байрны 151 тоотод Е.Ог “гар утас хулгайлсан байна” гэж сэжиглэн гар утсаа нэхэж улмаар маргалдан, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Е.О нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 226 дугаар байрны 151 тоотод X.Өтэй “гар утас хулгайлаагүй” гэж маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Ө, Х.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Е.Он үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Өт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Х.Өт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Х.Ө, Е.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е.Ог 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Өийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Е.О, Х.Ө нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Е.О, Х.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Е.О, Х.Ө Х.Ө нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Е.Огаас 80.000 төгрөгийг гаргуулан Х.Өт олгох, Е.О нь эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй, Х.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Е.О давж заалдах гомдолдоо: “...миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс Х.Өийг бүлэглэн бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодитойгоор хянаж үзэлгүй, зөвхөн нэг талыг барьж, гэм буруутай этгээдэд ял завшуулах боломж олгож шийдвэрлэсэнд гомдолтой.

2. Хэргийн материалыг судалж үзэхэд 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Х.Ө нь өөрийн дүү гэх Х.Өтэй бүлэглэн Х.Ог утас хулгайлсан хэмээн гүтгэж, үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хохирогч Е.Огийн мэдүүлэг, гэрч О.Нурбанугийн мэдүүлэг, гэрч Л.Дидарын мэдүүлэг, гэрч Раяагийн мэдүүлэг болон 5753 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан бөгөөд хавтаст хэргийн 30 дахь хуудсанд О.Болороо гэх шинжээч эмчийг томилсон боловч З.Хишигжаргал гэх эмч дүгнэлт бичсэн нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй юм.

Тухайлбал, уг хэрэг 2018 оны 5 дугаар сарын 3-нд болсон байтал тус өдрөөс хойш олон хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 14-нд шүүх эмнэлгийн дүгнэлтэд “хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо” гэсэн нь Е.Ог цохисон гэдгийг эргэлзээгүй шууд нотлох баримт биш юм.

Мөн хавтаст хэргийн 23 дахь талд, гэрч О.Нурбану нь мэдүүлэхдээ “намайг орж ирэхэд Е.Огийн доод уруулын дотор талаас цус гарсан, харин Х.Өт ямар нэгэн ил шарх сорив харагдаагүй” гэх мэдүүлэг мөн хавтаст хэргийн 21 дэх талд Х.Ө хэргийг нуун дарагдуулах, хэргээс зайлсхийхийн тулд гэрч Раяаг цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгөхийг ятгасан, гуйсан болохыг мэдүүлсээр байтал Е.Ог гэм буруутайд тооцож, Х.Өээс илүү ял оноож, Х.Өийн хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосныг сэргээж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Е.Огийн өмгөөлөгч Ж.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эргэлзээтэй зүйлсийг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлт гаргасан. Тухайлбал, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд “шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг. Болороо гэх шинжээч эмч томилогдсон боловч Хишигжаргал гэх шинжээч эмч дүгнэлт гаргаад Болороо гэх эмч гарын үсэг зурсан байдаг. Хуучин гэмтэл болон шинэ гэмтэл эсэх нь эргэлзээтэй. Х.Өийн хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар тодорхой дурдаагүй. Тэгш эрхийн зарчмыг баримтлаагүй, гэм буруугийн зарчмыг удирдлага болгоогүйд хохирогчийн зүгээс гомдолтой байгаа. Е.О нь хэрэг гарсан өдрөөс хойш тогтвортой мэдүүлэг өгсөн байдаг. Болсон үйл явдал болон хохирлын талаар тодорхой мэдүүлсэн боловч шүүх хуралдааны явцад энэ талаар харгалзаж үзэлгүйгээр шүүгч хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байгаа. Х.Ө нь эмнэлгийн байгууллагын ажилтан учраас хууль бусаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэж Е.О үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр шинэ, хуучин гэмтэл гэдгийг тогтоох боломжтой байсан атал тогтоолгүй орхигдуулсан нь учир битүүлэг байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Х.Ө, Х.Ө нарын өмгөөлөгч Б.Адельбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдаанаар Х.Ө гэм буруугийн тал дээр маргаагүй, Х.Ө гэм буруугийн талаар маргаж, улмаар шүүгч Х.Өийг гэм буруугүйд тооцож, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Е.О нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нэг мэдүүлгээ тогтвортой өгсөн гэж өмгөөлөгч нь хэлж байна. Е.О мэдүүлэхдээ “дүү нь намайг барьж байсан. Харин Х.Ө намайг цохисон. Дүү нь миний гэдэс рүү гурван удаа цохисон. Үүнээс болж миний уруулаас цус гарсан” гэдэг. Гэдэс рүү цохиж байхад яагаад уруулаас цус гарч байгааг ойлгохгүй байна. Мэдүүлгээс харахад Е.О нь худал мэдүүлэг өгч, хэргийг удаах сонирхолтой байгаа байх гэсэн хар бууж байна. Анхан шатны шүүх ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий шийтгэх тогтоол гаргасан. Миний зүгээс Е.Ог гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.Ө, Х.Ө нар нь бүлэглэж Е.Он биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан учраас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Х.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 226 дугаар байрны 151 тоот өрөөг хамтран түрээслэн амьдарч байсан Е.Ог “гар утас хулгайлсан байна” гэж сэжиглэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Е.Он “...Х.Ө “миний цэнэглээд орхисон гар утас алга болсон байна, миний утсыг гаргаад ир” гэхээр нь би аваагүй гэтэл миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Х.Өийн дүү нь гэх хүн гараараа миний хэвлий тус газар 3 удаа цохисон, үүнээс болоод миний уруулаас бага зэрэг цус гарсан, хэвлий хэсэг өвдөөд байна...” /хх 7-8, 9-10/, 

 

 гэрч О.Нурбанугийн “...намайг ирэхэд Е.Огийн доод уруулны дотор талаас бага зэрэг цус гарсан, Х.Өээс ямар нэгэн ил харагдах шарх сорив ажиглагдаагүй...” /хх 22-23/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Е.Орайзан биед доод уруулын салстад шарх, цээж, хэвлий, баруун гуянд зулгаралт цус хуралт тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.” гэсэн 5753 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26-27/,

Шүүгдэгч Е.О нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 226 дугаар байрны 151 тоот өрөөг хамтран түрээслэн амьдарч байсан X.Өтэй “гар утас хулгайлаагүй” гэж маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Х.Өийн “...Е.О миний нүүрэн тус газар хоёр удаа алгадсан...” /хх 11-13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Х.Өийн биед хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 6071 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 29-30/,

 

Е.О, Х.Ө нарын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Е.О, Х.Ө нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр прокуророос Х.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Е.О “...хэргийг бүрэн гүйцэт бодитой хянаж үзээгүй, 6071 тоот шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, гэм буруутай этгээдэд ял завшуулсан...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороо нь шүүгдэгч Х.Өийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор түүний биед үзлэг хийж, дүгнэлт гаргах эх сурвалждаа Х.Өийн  2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үзүүлсэн толгойн КТГ-н шинжилгээний дүгнэлт гаргасан эмч З.Хишигжаргалын дүгнэлтийг бичиж, шинжээчийн дүгнэлт гаргасныг хууль зөрчсөн, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Түүнчлэн анхан шатны шүүх, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж,  Х.Өийг гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй гэж үзэж, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.    

 

Иймд шүүгдэгч Х.Ө нь “гар утас хулгайлсан” гэж шүүгдэгч Е.Огаас гар утсаа нэхэн маргалдаж, улмаар тэд харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүнийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Е.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

 

Шүүх, шүүгдэгч Е.О, Х.Ө нарт оногдуулсан торгох ялын биелүүлэх хугацааг 1 сарын дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь буруу байгааг дурдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байх тул 90 хоног дотор торгуулийн ял биелүүлэх хугацааг заах шаардлагагүй болно.

Шүүгдэгч нар торгох ял болон торгох ялыг биелүүлэх хугацааны талаар маргаагүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 995 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Е.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                                                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ