Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0185

 

Д.Б*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.А******* нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б*******ын нэхэмжлэлтэй, З*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн холбогдох хэсэг буюу Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүхэд ирүүлсэнтайлбартаа: Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн 30 айлын орон сууцны баруун талд байршилтай 1500 м.кв газрыг иргэн Д.Б*******т эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн. Тодруулбал, тухайн үед З*******ар ажиллаж байсан Я.Санжмятав нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох газрыг иргэн Д.Б*******т дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалагүйгээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

Иймд З******* Ж.Жамъянтив нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар тус аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон нь үндэслэлтэй гэжээ.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01ий өдрийн А/29 дүгээр захирамжийн Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* давж заалдах гомдолдоо: Завхан аймаг дахьЗахиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Д.Б*******ын нэхэмжлэлтэй,З*******д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж 02 дугаар шийдвэр гаргасан.

З*******ар ажиллаж байх үедээ 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжаар иргэн Д.Б******* дуудлага худалдааны ялагч болсон тул Улиастай сумын Жинст баг 30 айлын орон сууцны баруун талд орон сууцны зориулалтаар 1500 м.кв талбайтай газрыг олгосон. 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар захирамжид Газрын дуудлага худалдааг 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсугай гэсэн байдаг. Ийнхүү дуудлага худалдаа явагдаагүй байхад буюу 2012 оны 05дугаар сарын 24-ний өдөр ялагчаар тодорсон тул газрыг олгосугай гэсэн захирамж гарсан нь хууль бус болсон.

Улиастай сумын Жинст багийн 30 айлын сууцны баруун талд байрлах газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох газар юм. Гэтэл тухайн үед Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Я.Санжмятав дээрх хуулийн заалтыг зөрчиж, газар олгосон нь хууль бус болсон гэж үзэн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээрзахирамжаар 2012 оны 145 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ныөдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгожтухайн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах боломжийг олгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Иргэн Д.Б******* нь З*******д холбогдуулан Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн холбогдох хэсэг буюу Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар иргэн Д.Б*******т газар эзэмших эрх олгосон Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 145 дугаар захирамжийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байх ба нэхэмжлэгчээс тухайн үед дуудлага худалдаа зохион байгуулаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Д.Б******* нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжаар Улиастай хотын суурьшлын нэгдүгээр бүсэд Жинст багийн 30-н айлын орон сууцны баруун талд байрлах 1500 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу эзэмших эрхтэй болсон байна.

Тодруулбал, З******* Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 болон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны дүнг үндэслэн Улиастай хотын суурьшлын нэгдүгээр бүсэд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших хүсэлт гарган, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаанд оролцож газар эзэмших эрх авсан хэмээн нэхэмжлэгч Д.Б*******т газар эзэмшүүлжээ.

Гэтэл нэхэмжлэгч Д.Б******* нь 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө тухайн байршилд газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, дуудлага худалдаанд оролцоогүй, дуудлага худалдааны үнийг төлөөгүй, хариуцагч нь дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй болох нь тус аймгийн Засаг даргын Тамгын газар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын өргөдөл гомдлын бүртгэлд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл[1]гэрч Д.Анхтэсийн Тухайн газар дээр дуудлага худалдаа явуулж шийдвэрлэнэ гэж байсан. Гэвч дуудлага худалдаа явагдаагүй гэх тайлбар[2] болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр явуулахаар тогтсон атлаа уг өдрөөс нэг хоногийн өмнө буюу 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Д.Б*******ыг дуудлага худалдаанд оролцон газар эзэмших эрх авсан хэмээн дуудлага худалдааны дүн-г үндэслэн газар эзэмшүүлсэн нь ойлгомжгүй байна.

Ийнхүү газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явагдаагүй байхад Д.Б*******ыг дуудлага худалдаанд оролцсон, дуудлага худалдааны үнийг төлсөн гэсэн үндэслэл зааж түүнд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасантай нийцэхгүй, нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй байх тул Завхан аймгийн Засаг даргын 2013 оны А/29 дүгээр захирамжийг буруутгах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Д.Б*******ын газар эзэмших хүсэлт бүртгэгдээгүй, нэхэмжлэгч, хариуцагч талаас тухайн газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олгосон эсэхийг нотлох баримт гаргаж өгөөгүй гэж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журам хэрэгжээгүй болохыг үгүйсгээгүй атлаа захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж газар олгосон нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

З******* нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар 1500 м.кв газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэх ёстой байтал уг журмыг хэрэглэлгүй иргэн Д.Б*******т газар эзэмшүүлснээрээ газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Д.Б*******т олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Түүнчлэн Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамж гарсны дараа нэхэмжлэгч Д.Б******* нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр З******* Ж.Жамъянтивд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 57 дугаар тогтоол гарсан учир Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт журмыг үндэслэн уг газар эзэмших зөвшөөрлийг олгож өгнө үү гэж, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Анхтэст аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан учир Газрын тухай хууль, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах журамд заасныг үндэслэн төсөл сонгон шалгаруулах ажиллагаа явуулж, мөн уг хаяг, байршилд байрлах газарт зарласан төсөл шалгаруулах комиссоос гаргасан акт, шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан төдийгүй Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/213 дугаар захирамжаар маргаан бүхий газар төсөл сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох материалаа ирүүлж байсан зэргээс үзэхэд тэрээр өөрт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ын Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн холбогдох хэсэг буюу Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН