| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0120/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/151 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч О.Нандинцэцэг,
Шүүгдэгч Х.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт холбогдох эрүүгийн 2211 00000 0233 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, , 1975 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой.сантехникч мэргэжилтэй, "Бумб Од" ХХК-д селесер ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-312 тоотод оршин суух хаягтай.урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регисирийн дугаар
Шүүгдэгч Х.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоот, Шадивлангийн автобусны буудлын орчимд үл ялих зүйлийн улмаас маргалдан насанд хүрээгүй Ц.Ган-Эрдэнийн хамар хэсэгт цохьсоны улмаас хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Х.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч Х.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн багын найз болох Отгонбаяр, Галхүү, Бямбабаатар нартай хамт Бямбабаатарынхаас гараад Очбаяр гэдэг хүний гэрлүү явж байх үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн автобусны буудлын урд талд урдаас машин ирээд бид нарын сууж явсан Lexus машинтай шүргэлцсэн. Үүнээс болоод бид нар машинаас гарахад мөргүүлсэн машины дотроос 2 залуу гарч ирээд бид нартай зууралдаад авсан. Тухайн үед би салгах гээд явж байгаад намхан цагаан куртиктэй залуугийн хамар хэсэг рүү санаандгүй гарынхаа араа цохичихсон юм. Тэгээд өөр ямар нэгэн зодоон болоогүй байж байхад цагдаа нар ирсэн..” гэсэн мэдүүлэг /хх-44-45/,
Насанд хүрээгүй хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хуурай ах Чинбатын хамт соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байр Ар согоотын зам дээр явж байхад Lexus маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалаас орж ирээд манай тээврийн хэрэгслийг мөргөчихсөн. Тэгээд бид буугаад яаж байгаа юм бэ гэж хэлэхэд тухайн ах нар согтуу байдалтай та нар өөрсдөө мөргөсөн гээд маргаан үүсгээд бид хоёртой барьцалдаад авсан. Тэнд байсан цэнхэр хүрэмтэй ах миний нүүр лүү нэг удаа баруун гараараа цохьсон. Тэгээд миний хамарнаас цус гараад маргаан зогссон юм..” гэсэн мэдүүлэг /хх-7/
Гэрч Э.Чмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний бие өөрийн 5764 УНЭ улсын дугаартай соната 5 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ дүү Г.Ган-Эрдэнэ, найз охин Алтансувд нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ар согоотын автобусны буудлын замаар явж байхад лексус маркийн тээврийн хэрэгсэл машиныг маань мөргөсөн. Тэгэхээр нь би буугаад та нар яаж байгаа юм гэхэд машин дотроос 4 согтуу хүн бууж ирсэн...Тэгсэн манай дүү Г.Ган-Эрдэнэ та нар яагаад байгаа юм бэ, урсгал сөрж машин мөргөчхөөд хүн зодох гээд байгаа юм уу гэхэд манай дүү Ган-Эрдэнийн хамар хэсэг рүү нэг удаа цохиод авсан..” гэсэн мэдүүлэг /хх-09/ ,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1322 дугаартай дүгнэлтэд: “..Г.Ган-Эрдэнийн биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-18-19/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-01/, шүүгдэгч Х.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоот, Шадивлангийн автобусны буудлын орчимд үл ялих зүйлийн улмаас маргалдан насанд хүрээгүй Ц.Ган-Эрдэнийн хамар хэсэгт цохиж, түүний биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл бүхий гэмтэл учруулжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг “хөнгөн хохирол” учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Б нь хохирогчийг цохиж, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Боос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул прокуророос санал болгож, шүүгдэгч зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Бт оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хишигдэмбэрэлийн Батзоригийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Х.Бт нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Бтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР