Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 168/2022/0059/Э |
Дугаар | 2022/ШЦТ/58 |
Огноо | 2022-02-11 |
Зүйл хэсэг | 24.7.1., |
Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал, зочид буудлын удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Сүхбаатарын . /РД: *******/
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багийн нутаг “Вангийн цагаан уул” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Субару маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ хээрийн түймэр алдаж байгаль орчинд 430337.956 (Дөрвөн зуун гучин сая гурван зуун гучин долоон мянга есөн зуун тавин зургаа) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2021 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд Ялалт 2 дугаар баг “Вангийн цагаан уул” гэх газарт гарсан ойн хээрийн түймэрийг сумын ГГУА-62 дугаар ангийн гал сөнөөгчид унтраасан. Тухайн түймэр гарсан газар нь сумын төвөөс 200 орчим км-ийн зайтай учраас айл өрх, мал, амьтан, айлын өвөлжөө галд өртөж шатаагүй. ...Гал түймрийн улмаас байгаль экологид учирсан хохирол болох 430337.956 төгрөгийг нэхэмжлэхгүй учир нь тухайн шатсан өвс нь эргэн сэргэдэг юм. Мөн түймэр унтраахад гарсан шатахууны болон бусад зардал болох 752.072 төгрөгийг ******* нь төлж барагдуулсан учраас түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 27-28, 29 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед 06 цаг өнгөрч байсан нар харчихаад ууланд сүү, будаа зэргээ өргөж дуусаад 5 минут орчим болсон. Бидний уул руу явсан замын доод хэсгээс гал гарч байсан. ...Салхи салхилаад түймэр улам өргөн болоод баруун урд чигтэй шатсан...” гэжээ. /хх-ийн 40-41 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ах утсаараа нар мандаж байгаа зураг авч байснаа тэр доор юун утаа вэ гээд бид дөрөв машиндаа суугаад очиход гал гарч байсан нэлээн газар шатсан байсан. Бид хэд машиныхаа шалавчийг аваад цохисон боловч гал дийлдэхгүй салхи ихтэй байсан болохоор гал унтарч өгөхгүй улам их болоод байсан...” гэжээ. /хх-ийн 47-48 mgl/
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/104 тоот дүгнэлтэд:
1. Уг хээрийн түймрийн улмаас байгаль орчинд нийтдээ 430337.956 төгрөгийн хохирол учирсан байна.
2. Сумын ажлын хэсгийн 2021/02 дугаартай хохирол тогтоох акт үндэслэлгүй байна.
3. Шууд хохирол нь 430.337.956 төгрөг бөгөөд шууд бус хохирлын хэмжээг шинжээчийн зүгээс тогтоох боломжгүй байна.
4. Түймэр гарсан нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жилийн хавраас бэлчээрийн ургамал илүү сайн ургаж, байгаль өөрийгөө бүрэн нөхөн сэргээдэг тул тухайн хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 71-76 тал/
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 081/04 тоот дүгнэлтэд:
Хариулт-1. Дорнод аймгийн Халхгол сум, 2 дугаар баг, “Вангийн цагаан уул” гэх газарт гарсан хээрийн гал түймрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч , ,, нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд жижиг овооны ертөнцийн зүгээс урд талаас гарсан байх магадлалтай байна.
Хариулт-2. Дорнод аймгийн Халхгол сум, 2 дугаар, “Вангийн цагаан уул” гэх газарт гарсан хээрийн гал түймрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч , ,, нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийг үзүүлэлт зэргээс харахад улсын дугаартай Subaru маркийн тээврийн хэрэгслийн доод хэсгээр мотор болон яндангийн хэсэгт өвс хуримтлагдан орсон байх магадлалтай бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь хоёр яндантай бөгөөд оч баригчгүй байсны улмаас оч хаяж хээрийн гал түймэр алдсан байх магадлалтай байна.
Хариулт-3. Дорнод аймгийн Халхгол сум, 2 дугаар, “Вангийн цагаан уул” гэх газарт гарсан хээрийн гал түймрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч , ,, нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийг үзүүлэлт зэргээс харахад улсын дугаартай Subaru маркийн тээврийн хэрэгсэл нь батлагдаагүй замаар зорчиж мотор болон яндагийн хэсэгт өвс хуримтлуулсан, яндан оч баригч хийгээгүй, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжгүй явсан зэрэг нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсэгт зааснаар ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелээлээгүй байна гэжээ. /хх-ийн 56-57 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-15 тал/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16 тал/
- Эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 тал/
- *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37, 87-88 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Бэсүд овогт Сүхбаатарын нь Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт 2 дугаар багийн нутаг “Вангийн цагаан уул” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Субару маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ хээрийн түймэр алдаж байгаль орчинд 430337.956 (Дөрвөн зуун гучин сая гурван зуун гучин долоон мянга есөн зуун тавин зургаа) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч ,, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/104 тоот дүгнэлт, бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 081/04 тоот дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 430337.956 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 430337.956 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 430337.956 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газраас гал түймрийг унтраахад 752.072 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гал түймрийг унтраахад гарсан зардлыг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт бүрэн төлж барагдуулсан, байгаль орчинд учирсан хохиролд “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 430337.956 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж багасгаж болно” гэж зааснаар түүний байгаль экологид учруулсан хохирлыг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******ын эд хөрөнгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шалтгаан нөхцөл зэргийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын 430337.956 төгрөгийг багасган 4303.379.56/ дөрвөн сая гурван зуун гурван мянга гурван зуун далан есөн мянга тавин зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “СД” нэг ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Сүхбаатарын ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 430337.956 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******од оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******од мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 4303.379.56/ дөрвөн сая гурван зуун гурван мянга гурван зуун далан есөн мянга тавин зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түймэр унтраахад гарсан зардал 752.072 төгрөгийг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ