Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/145

 

 

    2022         02          16                                   2022/ШЦТ/145

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хаалттай хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

өсвөр насны шүүгдэгч Р.Г,

шүүгдэгч Л.И,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан эрүүгийн 2211000000028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Өсвөр насны шүүгдэгч: Жонгоор овогт Р.Г

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 2004 оны 02 дугаар сарын 22-ний өдөр төрсөн, халх, 17 настай, эрэгтэй, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч: Халзандамба овогт Л.И

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 2003 оны 03 дугаар сарын 06-ний өдөр төрсөн,, 18 настай, эрэгтэй, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Л.И нь өсвөр насны яллагдагч Р.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, таксинд үйлчлүүлсэн төлбөрөө төл гэж шаардлага тавьсан хохирогч Б.Чинзоригийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар Өсвөр насны шүүгдэгч Р.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Итай бүлэглэж, таксинд үйлчлүүлсэн төлбөрөө төл гэж шаардлага тавьсан жолооч хохирогч Б.Чинзоригийг шүүгдэгч Л.И татаж унаган, заамдаж байх үед нь цээж хэсэгт нь 1-2 удаа хөлөөрөө өшиглөж, цээжний баруун талын 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.И нь Р.Гтай бүлэглэж, таксинд үйлчлүүлсэн төлбөрөө төл гэж шаардлага тавьсан Б.Чинзоригийг куртикнийх нь ар талаас татаж унагаан, заамдаж цээжний баруун талын 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Дээрх өсвөр насны шүүгдэгч Р.Г, шүүгдэгч Л.И нарын бүлэглэж хохирогч Б.Чинзоригийг цохиж зодон, цээж хэсэгт нь 1-2 удаа хөлөөрөө өшиглөж, цээжний баруун талын 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримтууд нь:

         - шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

         -  хохирогч Б.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 00 цагийн үед миний бие Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс нэг хүний 2000 төгрөгөөр Хайлааст чиглэлтэй хүмүүсийг аваад явсан. Хайлаастын эцэс хавьд явж байхад нэг залуу миний машины цонхоор бөөлжсөн ба машины хажуу жолоочийн талын хэсгийн арын хаалга нь бүхэлдээ бөөлжис болсон. Тэгэхээр нь би за угаалгынх нь мөнгийг өгчих өө гэхэд өнөөх бөөлжсөн залуу нь надаа мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд түүнээс болоод миний бие тухайн 2 залуутай маргалдсан. Тэгсэн тухайн бөөлжсөн залуутай хамт явсан 20-22 орчим насны. гад/ураа хар өнгийн хувцастай залуу намайг тэвэрч аваад газар унагаасан. Тэгтэл миний машин руу бөөлждөг залуу миний цээж хэсэг рүү хөлөөрөө нэг удаа дэвссэн, нүүр лүү нэг удаа дэвссэн. Тэгээд тухайн хоёр залуу цаашаа гүйгээд яваад өгсөн Тэр 2 залууг өмнө харж байгаагүй ээ, дахин харвал таних болно ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-8 дугаар тал/,

           - гэрч Б.Мөнгөнзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байх үед манай нөхөр болох Чинзориг фейсбүүк чатаар над руу залгаад би хүнсний 4-ийн автобусны буудал дээр 2 залуу зогсож байхаар нь би өөрийн машиндаа суулгаад Чингэлтэй дүүргийн Хайлаастын эцсийн буудал руу хүргэж өгөөд буулгах гэтэл нэг залуу нь миний машин дотор бөөлжчихсөн. Тэгээд би тэр бөөлжсөн залууд нь чи наад бөөлжсөө арилга эсвэл угаалгынх нь газар очоод миний машинд бөөлжсөн хэсгийн угаалгаад тэр угаасан хүнд нь мөнгийг нь өгөөд миний машиныг цэвэрхэн болоод өг гэж хэлтэл бөөлжсөн залуу нь чи надаас илүү мөнгө авах гэж байна гэж хэлээд миний машинд бөөлжсөн залуу нь автобусны буудал руу куртикээ тайлаад алхаж яваад нэг залуу нь манай нөхрийн ард талд нь зогсоод манай нөхрийг газарт унагаагаад нөгөө бөөлждөг залуу нь манай нөхрийн цээж болон нүүр лүү нь цохиод 2 залуу нь зугтчихлаа гэж надад утсаар ярьж байхдаа хэлсэн юм. Тухайн үед Чинзориг надтай фейсбүүкийн чатаар царайгаа хараад ярьж байхдаа амьсгалж чадахгүй баруун тийшээ хазайгаад зовуурьтай машинаа бариад явж байгаа харагдсан. Тэгээд Чинзориг цагдаагийн байгууллагад гомдол гаргаад гэмтэл согог үндэсний төв дээр очиж биеэ үзүүлчхээд гэртээ ирсэн юм. Чинзориг шөнийн 02 цагийн үед гэртээ орж ирэхдээ дух нь баруун талдаа жижиг хавдчихсан, уруул нь хавдаад хөхөрчихсөн бие нь зовуурьтай хэвтэж чадахгүй хэвтэхээрээ босож чадахгүй байдалтай байсан юм ...“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-З0 дугаар тал/,

- гэрч Д.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын эцсийн автобусны буудал дээр эхнэрээ хүлээгээд зогсож байсан юм. Тэгээд приус 30 загварын хар өнгийн автомашин автобусны буудал дээр хүрч ирээд машины ард талаас улаан өнгийн куртиктэй хар өнгийн үүргэвчтэй 20-22 насны орчим туранхай болон хар өнгийн куртиктэй хар өнгийн үүргэвчтэй 20-22 насны орчим дунд зэргийн биетэй 2 залуу бууж ирсэн. Удалгүй автомашины урд талаас нь жолооч нь бууж ирээд тэр 2 залуутай бөөлжсөө арилга авто угаалга орох мөнгө өг гэсэн утгатай хоорондоо маргалдаад байсан. Тэгээд машины жолооч улаан куртиктэй залуугийн куртикнээс нь барьж аваад тавихгүй байсан юм. Би тухайн үед очоод битгий маргалдаад бай гээд салгасан боловч дахиад удалгүй хоорондоо маргалдаад хар куртиктэй залуу нь тэр жолоочийн ард талаас нь хувцаснаас нь татаад газарт унагаагаад улаан куртиктэй залуу нь жолооч залууг цээж хэсэг рүү нь нэг удаа дэвссэн юм. Машины жолоочийг зодсон 2 залуу жолооч залууг газарт унасан чигт нь үлдээгээд зугтаасан юм. Удалгүй жолооч залуу машиндаа суугаад явсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 60-67 дугаар тал/,

- эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 68 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 41 дугаартай "... Б.Чинзоригийн цээжний баруун талын 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо ... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ..." гэх дүгнэлт /хх-ийн 34-35х, 46-48х/,

- шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,

- нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд  өсвөр насны шүүгдэгч Р.Г, шүүгдэгч Л.И нарын бүлэглэж хохирогч Б.Чинзоригийг цохиж зодон, цээж хэсэгт нь 1-2 удаа хөлөөрөө өшиглөж, цээжний баруун талын 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Л.И, өсвөр насны шүүгдэгч Р.Г нарт тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан ялаас чөлөөлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Б.Чинзоригийн: “...гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 153 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн өсвөр насны шүүгдэгч Р.Г, шүүгдэгч Л.И нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь хохирогч Б.Чинзоригийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 195.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн олгуулахаар шийдвэрлэж, асран хамгаалагч болон өөрийнх нь саналыг харгалзан 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгт энэ хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1.Өсвөр насны шүүгдэгч Жонгоор овогт Р.Гыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,

              шүүгдэгч Халзандамба овогт Л.Иыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Р.Гыг,  шүүгдэгч Л.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялаас тус тус чөлөөлж, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Р.Г, шүүгдэгч Л.И нараас тус бүр 97.500 /ерөн долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа /РД:ЖЯ79090206/-д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэг үлдээсүгэй.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

           7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Г, Л.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ