Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

    2022         02          10                                   2022/ШЦТ/112

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч А.А,

нарийн бичгийн даргаар Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2211000000022 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Алтаншаргалдай овогт А.А, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зам тээврийн инженер мэргэжилтэй, Эйч Си Жи Дэвэлопмэнт ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

 урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 694 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс нэг жилийн хугацаанд гарахгүй зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих ялаар сольж шийдвэрлэсэн.

 

 

            Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.А нь 2021 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн урд автомашины замын зорчих хэсэгт хохирогч Б.Цэрэнбаатартай рестораны төлбөр тооцооноос болж маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.А нь 2021 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн урд автомашины замын зорчих хэсэгт хохирогч Б.Цэрэнбаатартай рестораны төлбөр тооцооноос болж маргалдан, түүний нүүр хэсэгт гараараа цохиж унаган, гуя хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч А.А нь хохирогч Б.Цэрэнбаатарыг гараараа цохиж гараараа цохиж унаган, гуя хэсэгт өшиглөж гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би Цэрэнбаатарын нүүр, хөмсөг хэсэгт хоёр удаа цохиж нэг удаа өшиглөсөн. ...хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

- хохирогч Б.Цэрэнбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Таксинд явж байхдаа хэн тооцоог хийсэн ом бэ гэж асуухад тэр танихгүй эмэгтэй “би тооцоог бүгдийг хийсэн” гэхээр нь би тэр эмэгтэйд хандан “миний утасны цэнэг дуусчихсан байгаа болохоор чи миний утасны дугаарыг тэмдэглээд авчих, маргааш холбогдоод мөнгөө авчихаараа” гээд ярьж байтал цуг таксинд суусан залуу “тооцоогоо төлж чадахгүй, арчаагүй” гэж хэлээд байсан. ...Хэрэлдэж хэл амаар доромжилсон зүйл байхгүй, зүгээр хэдэн төгрөг дээр сүртэй юм бэ, маргааш өгчихнө. жоохон хэдэн төгрөг дээр сүр бадруулаад бай гэх зүйлийг машинд байхдаа хэлсэн. А миний шанаа руу гараараа нэг удаа цохисон. Намайг газар унах үед гуяны дээд хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөсөн талаар сайн хэлж мэдэхгүй байна ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

- гэрч Г.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 3-ны 23:40 цагийн үед Туул ресторанд Цэрэнбаатартай уулзахаар орсон. Тэнд их олуулаа сууж байсан Тэгээд тэндээ хэсэг сууж байгаад гарахаар болоод би болон Цэрэнбатаар, тэгээд танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй хамт такси барьж суусан. ...Цэрэнбаатар согтуу байсан болохоор өөрийгөө тооцоо хийсэн гэж хэлэхэд тэр танихгүй эмэгтэй би хийсэн ш дээ" гэхээр нь би хажуу талаас нь “тиймээ чи биш, энэ эмэгтэй хийсэн гэж хэлэхэд Цэрэнбаатар “тэгвэл би чамд маргааш мөнгийг чинь өгье” гээд тэр эмэгтэйн дугаарыг тэмдэглэж авсан. Тэгтэл урд сууж байсан танихгүй залуу хойшоо эргэж харснаа “юу гээд байгаа юм бэ’ гэж хэлснээ такси зогсох үед бууж ирээд жолооч талын арын суудалд сууж байсан Цэрэнбаатарын талын хаалгыг онгойлгосноо учир зүггүй гараараа хэд хэдэн удаа цохисон. Юунаас болж тэр залуу Цэрэнбаатарыг зодсоныг мэдэхгүй, муудалцаж хоорондоо хэрэлдсэн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

- гэрч А.Жавзандуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хүн болгоны тооцоо өөр, өөр байсан болохоор маргааш тус тусад нь хэлээд авъя гээд А бид хоёр тооцоог нь төлөөд гарсан. ..А бид хоёр^ таксинд суутал араас цагаан өнгийн цамцтай байсан нэг эрэгтэй, нэг эмэгтэйн хамтаар манай машинд суусан. Машин дотор явж байхад тэр хоёрт би тооцоо 260,000 төгрөг гарсан, хэрвээ шилжүүлэх боломжтой бол одоо өгч болно шүү гэсэн саналыг гаргасан. Тэр залуу “чи тооцоо хийгээгүй, би хийсэн” гээд надтай маргаад байсан. ...Цайвар цамцтай залуугийн нүүр болон биед нь ямар нэгэн гэмтэл харагдаагүй. ...таксинаас буугаад А тэр хоёр зууралдаж маргалдсаны дараа сүүлд нүүр хэсэгтээ цус болчихсон байсныг харсан. Тэрнээс өмнө цус болоогүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

 

Шүүгдэгч А.А нь 2 хохирогч Б.Цэрэнбаатарын нүүр хэсэгт гараараа цохиж унаган, гуя хэсэгт өшиглөж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 41 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/ тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч А.А нь 2021 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн урд автомашины замын зорчих хэсэгт  хохирогч Б.Цэрэнбаатартай рестораны төлбөр тооцооноос болж маргалдан, шууд санаатайгаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч А.А нь урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 694 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шитгүүлсэн байх ба энэ тогтоолоор торгох ялыг оногдуулсан тул түүнд оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.   

 

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Б.Цэрэнбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А нь надад эд материал болон бие сэтгэлийн хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар ч гомдолгүй болно...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 57 дугаар тал/ хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч А.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Алтаншалгардай овогт А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аыг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан А.Аад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжээр торгох ялд, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар А.Аыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

              6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

              7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

              8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Аад урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ