Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2022/0115/Э |
Дугаар | 2022/ ШЦТ/146 |
Огноо | 2022-02-16 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/146
2022 02 16 2022/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч А.А,
шүүгдэгч Б.Ж,
нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,
улсын яллагч Б.Баярчимэг нарыг оролцуулан эрүүгийн 2111013190147 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Хамниган овгийн А.А
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, Мобинет ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч: Гуа Боржигон овгийн Б.Ж
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, Мөнххада ХХК-д мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.А нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зүүн талд хохирогч А.Төгөлдөрийг зодож Эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зүүн талд хохирогч Б.Батзоригийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зүүн талд хохирогч Б.Батзоригтой үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдан, улмаар зодож түүний биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дээд. доод зовхи, дух, чамархай, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
шүүгдэгч А.А нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зүүн талд хохирогч А.Төгөлдөртэй үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар зодож түүний биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дэд уруулын салстын өнгөц язарсан шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхины дотор булан. хамар, хацар, дээд уруул, баруун чих, хөхлөг сэртэн, доод эрүү, мөр, тохой. шуу, сарвуу. цээж, хэвлий, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл тус тус баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч А.А нь хохирогч А.Төгөлдөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Ж нь хохирогч Б.Батзоригийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь:
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ' 2021 оны 10 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт бусадтай маргалдсаны улмаас Төгөлдөр гэх залуугийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар тал/,
- шүүгдэгч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт бусадтай маргалдсаны улмаас Батзоригийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар тал/,
- хохирогч Б.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хамт ажилладаг эгч Болортуяа эгчийн төрсөн өдрийг Фасе гэх нэртэй бааранд тэмдэглээд хаах болохоор нь Төгөлдөр, Гэрэл-Од гэх найз нарын хамтаар гарч өөрсдийн машинд дээрээ очоод суугаад байж байтал бид нарын хажууд үл таних хэдэн залуучууд зогсож байсан...гэнэт нэг залуу нь Төгөлдөрийг цохичихлоо гээд хамт явж байсан Гэрэлт-Од надад хэлсэн.. Тэгээд нөгөө цохисон хүмүүс рүү нь хартал цаашаа 23-р сургуулийн урд талаар тойроод зугтаагаад гүйж байхаар нь би араас нь хөөсөн. Тэнд бас 2 охин хамт явж байсан. Тэр охидуудын нэгнийх нь найз залууг Гандирс төвийн тэнд барьж аваад чаддаг юм бол намайг одоо зод гээд байж байхад цуг явж байсан зугтсан найзууд нь буцаад хүрээд ирсэн. Тэгээд л газар унах шиг болоод Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
- хохирогч Б.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн "...Намайг зохисон залуу нь том биетэй, өндөр нуруутай махлаг залуу байсан санагдаж байна. Тэр эрэгтэй тухайн үед нэг эмэгтэй хүний хамтаар байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
- хохирогч А.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн " . Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Фэйс бааранд ажлын газрын Гэрэлт-Од, Батзориг нарын хамт орсон...Тэгээд тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд дотор байх хугацаанд ямар нэгэн зодоон. хэрэлдсэн маргалдсан зүйл болоогүй...Баарнаас гараад 23 дугаар сургууль руу явах замд үл таних хүмүүстэй таарсан...Тэнд нийтдээ 7-8 хүн байсан ба тухайн хүмүүсийн царай төрхийг харж чадаагүй. Нэг нь шар өнгийн куртик өмссөн байсан...Миний толгойн ар тал, хүзүү хэсэг хөндүүртэй байна. Мөн нүүрэн хэсэг зулгарсан, хоёр уруулын дотор тал язарсан мөн хамар өвчтэй хөндүүр байна.. " гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
- гэрч О.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...ажлын -азрын эгч болох Болортуяа эгчийн төрсөн өдрийг Фасе гэх бааранд тэмдэглэсэн. Тэгээд тэр баарнаас Төгөлдөр, Батзориг бид гурав гарсан юм...бид гурав машин руугаа очоод Батзориг бид хоёр суугаад Төгөлдөр суугаагүй гадаа нь зогсож байх үед бид нарын хажууд 6-8 хавьцаа 2 эмэгтэй бусад нь эрэгтэй залуучууд ирж суугаад виски уугаад сууцгаасан...гартаа виски болон хундага барьсан байсан гадуураа шаргал өнгийн женсин хувцастай дотроо цайвар өнгийн цамцтай халимагдуу үстэй залуу Төгөлдөрийг цохиод авсан. Тэгтэл машинд сууж байсан Батзориг буугаад яаж байгаа юм бэ? гэхэд тэр залуус цаашаагаа 23-р сургуулийн урд руу яваад өгсөн . Батзориг хойноос нь хөөж яваад нзгийг нь барьж авсан юм шиг байна лээ...Батзоригийг хэн нь унагааж зодсоныг мздэхгүй байна. Ямар ч байсан намайг араас нь яваад очиход Батзоригийг газар унагаасан байдалтай дээрээс нь өшиглөөд байсан...Төгөлдөрийн хамар луу нэг нь гараараа цохих шиг болсон. Мөн улаан юүдэнтэй цамцтай залуу нь нүүр хэсэг рүү нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
- гэрч Б.Билэгтийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...бид нар дотор ууж байсан вискиг гадаа ууж байсан чинь үл таних хоёр эрэгтэй хүн ирээд дүү нар 23 дугаар сургууль төгссөн үү гэх зэргээр яриа өдөөд байсан...тэгээд тэр хоёр юм яриад зогсож байсан чинь махлах бүдүун залуу нь Мягмардоржийг цохиод авсан чинь Ж уурлаад чи эмэгтэй хүн цохичихлоо гэж уурлаад тэр хоёр залуутай муудалцаад Ж тэр махлаг залуутай харилцан зодолдсон...Тэгээд бид нарыг явж байсан чинь тэр махлах бүдүүн залуу нь хувцсаа тайлаад араас хөөгөөд байсан. Манай найз А.А тэр хоёр залуугийн махлах бүдүүн залууг нь өшиглөөд байх шиг байсан харин өндөртэй нь Ж ноцолдоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
- гэрч М.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...Би тэд нараас зайтай зогсож байсан чинь тэд нар хоорондоо зодолдоод байхаар нь Жг аваад 23 дугаар сургуулийн урдуур тойроод баруун тийшээ явсан тэгсэн бид хоёрын ар талаас тэр хоёр залуу хөөгөөд бид хоёрын араас ирээд тэр хоёрын өндөр залуу нь Жг араас нь татаад газар унагачхаад дээр нь гарсан байсан. Тэгсэн Ж тэр залуугийн доороос босож ирээд тэр хажуу тийш нь түлхэж уначхаад бид хоёр Улсын их дэлгүүрийн орчмоос унаанд суугаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
- гэрч Э.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн " . Тухайн өдөр миний төрсөн өдөр болж байсан бөгөөд найз нарын хамт тухайн караокед 21 цагийн орчимд ороод 24 цагийн орчимд гарсан. Манай найзууд түрүүлээд гарчихсан байсан би Жгийн хамт тооцоо хийгээд араас нь гарсан. Бид хоёрыг гараад найзууд дээрээ очиж байхад үл таних хоёр эрэгтэй хүн ирчихсэн манай найзуудтай муудалцаад байсан. Тэгсэн тэнд байсан махлаг бүдүүн залуу нь миний гарснаас татаад намайг хоргоогоод байсан тэгэхлээр нь тэр залуугаас гараа татаад салгаад авсан чинь тэр залуу миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед тэр хоёр эрэгтэй хүн манай найзуудтай зодолдоод байсан хэн нь хэнийгээ зодсоныг мэдэхгүй байна. Ж, А нар тэр хоёртой зууралдаад байсан өөр хүн уг зодоонд оролцоогүй байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч А.Аын хохирогч А.Төгөлдөрийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дэд уруулын салстын өнгөц язарсан шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхины дотор булан. хамар, хацар. дээд уруул, баруун чих. хөхлөг сэртэн, доод эрүү, мөр, тохой, шуу. сарвуу, цээж. хэвлий, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10156 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,
шүүгдэгч Б.Жгийн хохирогч Б.Батзоригийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дээд. доод зовхи, дух, чамархай, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10157 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 46 дугаар тал/ тус тус тогтоогдсон гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зүүн талд хохирогч Б.Батзоригийг үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдан улмаар зодож түүний биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дээд. доод зовхи, дух, чамархай, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч А.А нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зүүн талд хохирогч А.Төгөлдөрийг үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдан улмаар зодож түүний биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дэд уруулын салстын өнгөц язарсан шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхины дотор булан. хамар, хацар, дээд уруул, баруун чих, хөхлөг сэртэн, доод эрүү, мөр, тохой. шуу, сарвуу. цээж, хэвлий, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Ж, А.А нарт тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтов.
Бусад асуудлын талаар
Хохирогч А.Төгөлдөрийн гаргаж өгсөн: “...миний бие хохирлоо барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 99 дүгээр тал/, хохирогч Б.Батзоригийн гаргаж өгсөн: “...миний бие өөрт учирсан хохирлыг барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 102 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Ж, А.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хамниган овогт А.А, шүүгдэгч Гуа Боржигон овогт Б.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, А.А нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин нэгж/ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, А.А нарыг шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ж, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ