| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0080/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/110 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/110
2022 02 10 2022/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч А.Э,
нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,
улсын яллагч Д.Уянга нарыг оролцуулан эрүүгийн 2211000000052 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Алтан Бургалдай овогт А.Э
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 06 сарын 15-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний Их Сургуульд барилгын инженерээр 2 дугаар дамжаанд сурдаг, компьютер засварчин мэргэжилтэй, ам бүл 1, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.Э нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 21-347А тоотод хамтран амьдрагч Б.Хонгорзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.Э нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 21-347А тоотод хамтран амьдрагч Б. Хонгорзулыг өөрийнх эцэг, эхэд нь “мөрийтэй тоглоом тоглосон талаар ховлох гэлээ" гэсэн шалтгаанаар гараараа цохиж зодон, биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн ташаа, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч А.Э нь хохирогч Б.Хонгорзулыг гараараа цохиж зодон, биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн ташаа, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэмтээж хохирол учруулсан үйл баримт нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.Эыг интернэтээр цахим мөрийтэй тоглоом тоглоод 40,000 төгрөгөө үрсэнд уур хүрээд би гэртээ харилаа, гээд орноосоо босоод хувцсаа өмсөөд “би танай аав, ээж 2-т чинь хэлнэ, чамайг интернэтээр мөрийтэй тоглоом покер тоглоод байна гэж хэллээ” гээд гар утсаа автал, ...орон дээр хэвтэж байснаа босож ирээд миний нүүр рүү нэг өшиглөсөн юм. Би өшиглүүлсэндээ гомдоод уйлаад гэрээс гараад гэрийнхээ үүдэнд зогсож байтал, миний араас А.Э тамхи татах гээд гарч ирээд, намайг хэл амаар доромжлоод байхаар нь би буцаад гэр рүүгээ ороод хаалгаа түгжтэл ...гэрийн цонхыг хагалаад хагалсан цонхоороо орж ирээд намайг барьж аваад газарт унагаагаад миний үснээс зулгаагаад намайг ор руу шидсэн. Би айсандаа А.Эаас уучлал гуйгаад “намайг одоо явуулчхаач” гэж хэлтэл А.Э “чи нүүрээ угаагаад, бүх хувцаснуудаа аваад яваарай” гэж надад хэлсэн. Би хаалгаа онгойлгоод гэрээс гараад зугттал, миний араас А.Э гарч ирээд намайг тэвэрч аваад, намайг чирч хашаан дотор оруулж ирээд намайг газарт унагаагаад миний зүүн нүд болон миний дух хэсэг рүү олон удаа гараараа цохиод дараа нь намайг гэр лүү чирч оруулаад, миний зүүн нүд цохиулаад хавдаад хөхөрчихсөн байгааг хараад А.Э “чиний нүд рүү би цохисноос болоод хөхөрчихлөө, одоо яах вэ чи миний дургүйг хүргэснээс ийм байдалд хүрлээ” гэж надад хэлэхээр нь би гомдсондоо уйлтал “чи одоо битгий уйлаад бай, улам нүд чинь хавдах гээд байна" гээд над руу уурласан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,
- гэрч Б.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн хамаатан А.Э болон түүний найз охин Б.Хонгорзулын хамтаар . 09 дүгээр сараас хойш амьдарч байгаа. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн өглөө халуун усанд орохоор гэрээс гарсан юм. Би халуун усанд орчхоод 12 цагийн үед буцаад гэртээ ирэхэд Б.Хонгорзул уйлчихсан зүүн нүд нь хавдаад хөхөрчихсөн, толгой өвдөөд байна гээд духан дээрээ гараа тавьчихсан харин А Э над дээр хүрч ирээд би Хонгорзултай муудалцаад зүүн нүд рүү нь гараараа цохиод гэмтээчихлээ, одоо яах э, гэж надаас асуухаар нь нүдэн дээр нь хүйтэн жин тавихыг санал болгосон юм. Тэгээд удалгүй гаднаас Б.Хонгорзулын хамаатных дүү болох Дөлгөөн хүрч ирээд Б.Хонгорзулыг гэр лүүгээ дагуулаад аваад явсан юм. Би А.Эыг загнаад чи эмэгтэй хүний биед яах гэж гар хүрч байгаа юм вэ гэхээр зэмлэтэл “намайг уучлаарай” гээд өөр үг дуугарахгүй уйлаад байхаар нь би гадагшаа гарч ...явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
- шүүгдэгч А.Эы байнга оршин суух хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 37дугаар тал/,
- шүүгдэгч А.Эы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч А.Эы хохирогч Б.Хонгорзулыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн ташаа, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1047 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/ тогтоогдсон гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч А.Э нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сургуулийн 21-347А тоотод хамтран амьдрагч Б.Хонгорзулыг өөрийнх эцэг, эхэд нь “мөрийтэй тоглоом тоглосон талаар ховлох гэлээ" гэх шалтгаанаар шууд санаатайгаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн Б.Хонгорзулын гаргаж өгсөн: “...надад эмчилгээний 50.000 төгрөг өгч бид хоёр эвлэрч тохиролцсон цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 66 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч А.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алтан Бургалдай овогт А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар А.Эыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Эыг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ