Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Урианхай овогт Тын Эд холбогдох эрүүгийн 2207000000025 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 21 дүгээр гудамж, 678 тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар 4 сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 жил 6 сар хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 16 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, суллагдсан,

Урианхай овогт Тын Э /РД: ............./.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 39-4 дүгээр байрны 7 тоотод тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Х.Мтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож биед зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд уруул, баруун дээд зовхи, зүүн доод зовхинд цус хуралттай, нүүр, баруун чамархай, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би шүд рүү нь цохиод, духаараа мөргөлдсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч Х.Мийн мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал),
  2. Гэрч Б.Мөнхдөлийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
  3. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 45 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
  4. Шүүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх) тал зэрэг болно.

 

Харин шүүгдэгч Т.Эаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 39-4 дүгээр байрны 7 тоотод тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Х.Мтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож биед зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд уруул, баруун дээд зовхи, зүүн доод зовхинд цус хуралттай, нүүр, баруун чамархай, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хохирогч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Эргэнбекийн хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо 39-4 дүгээр байрны 7 тоотод Б.Эргэнбекийн хамт очсон. Ингээд бид хэд талийгаач найз Б.Эргэнбекийн авч ирсэн 2 шилтэй архийг тойрч суугаад хувааж уугаад дуусгасан. Архиа ууж дуусгаад бүгд нэлээн согтчихсон байх шиг байсан. Тэгсэн гэнэт миний хажууд сууж байсан надаас арай ах нэг залуу над руу агсарч “чи муу мангар бацаан, ахын дүү давраад байгаарай” гээд дайраад шууд миний нүүр рүү гараараа цохиж, намайг газарт унагаагаад дээр минь гараад хоёр гараараа миний нүүр толгой руу маш олон удаа цохисон. Ингээд арай гэж түүнээс өөрийгөө салгаад бостол миний дээд үүдэн шүд уначихсан, нүүр ам маань энд тэнд шалбарсан цус гарсан байсан. Намайг зодсон хүн Т.Э мөн байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал),

 

-Гэрч Б.Мөнхдөлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архи уугаад сууж байхад Т.Э /Жерри/, М хоёр бие биенийхээ дээр гарах гээд маргалдаж байснаа босоод зууралдаад авснаа бие биенээ цохиж аваад зодолдохоор нь Энхүүш бид хоёр шууд салгасан, М нь шүд цохичихлоо гээд амаа бариад байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

 

-Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 45 дугаартай “...Х.Мийн биед зүүн дээд 1-р шүдний булгаралт, дээд уруул, баруун дээд зовхи, зүүн доод зовхинд цус хуралттай, нүүр, баруун чамархай, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонго 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

   Шүүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Х.М гэх залуу Улаанаа руу салаавч гаргаад байхаар нь миний уур хүрээд түүнд “чи одоо болиочээ эмэгтэй хүн рүү яагаад салаавч гаргаад байгаа юм бэ” гэсэн чинь шууд дайрч орж ирээд намайг газарт унагаасан. Тэгэхээр нь би босоод түүнийг зөрүүлээд газарт унагаагаад нүүр рүү нь гараараа 2-3 удаа хүчтэй цохисон. Тэгсэн тэр залуугийн нүүр ам нь битүү цус болчихсон байсан. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

           

Шүүгдэгч Т.Э нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Эын үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Х.Мийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Т.Эын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонго 5 хувь алдагдуулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Т.Э, хохирогч Х.Мтэй тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Эыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Х.М нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, прокурорын хяналтын шатанд “хохирол төлбөрт 1.500.000 төгрөг бэлнээр авсан тул цаашид гомдол, санал байхгүй” гэх тайлбарыг бичгээр гаргаж өгсөн, мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал байхгүй, хохиролд 1.500.000 төгрөг авсан” гэх тайлбарыг тус тус өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.Этай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Т.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, хохиролд 1.500.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Урианхай овогт Тын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 550 (таван зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Т.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч  Х.Мт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ