Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

    2022         02          16                                  2022/ШЦТ/144

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,

улсын яллагч Д.Ундармаа нарыг оролцуулан эрүүгийн 2111013490059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Олхонууд овогт Д.Б, Монгол Улсын иргэн, 1976 оны 04 сарын 11-ний өдөр УлаанБ хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. ам бүл 1, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1039 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялыг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаартай захирамжаар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20-1085 тоотод хохирогч С.Болормааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.Б нь  нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Булгийн 20-1085 тоотод хохирогч С.Болормаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож, биед нь 11 дүгээр шүдний булгаралт, дээд уруулд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Болормааг зодож гэмтэл  учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би Болормаагийн биед гэмтэл учруулсан. Яаж гэмтэл учруулсан гэдгээ санахгүй байна. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,

- хохирогч С.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..."... би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1085в тоотод бага охин Отгонцэцэг /7 настай/-ийн хамтаар байж байхад гаднаас манай хойд талын айлын залуу болох Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу орж ирсэн ба нэг гартаа 1 шил хараа нэртэй архи нөгөө гартаа 1 ширхэг компот барьсан байсан...Б авч ирсэн 1 шил архиа манай гэрт ганцаараа уугаад сууж байснаа манай зуухан дээр байсан данхыг харснаа энэ манай данх байна гэж уурлаад би данхаа авлаа гээд данхыг зуухан дээрээс авснаа миний толгойны арын хэсэг рүү цохисноо миний нүүрний хэсэг рүү буюу данхаараа цохичихсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/,

- насанд хүрээгүй гэрч Л.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б ах өөрийнхөө авчирсан нэг шил архиа манай гэрт ганцаараа уугаад сууж байснаа манай зуухан дээр байсан данхыг харснаа энэ манай данх байна гэж уурлаад би данхаа авлаа гээд данхыг зуухан дээрээс авснаа ээжийн толгойны арын хэсэг болон нүүр лүү цохисон чинь ээжийн амнаас цус гарчихсан. Б ах ээжийн толгой руу төмөр данхаар цохиод бас уруул руу цохисон...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Болормааг цохиж зодон, биед нь 11 дүгээр шүдний булгаралт, дээд уруулд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10776 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/ тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Болормааг шууд санаатайгаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн С.Болормаагийн: “...гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцох боломжгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 75 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Олхонууд овогт Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.БАТГЭРЭЛ