Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2020/0005/З |
Дугаар | 09 |
Огноо | 2020-05-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Т.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох Цагдаагийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн дэд ахлагч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1991 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. Одоо 28 настай. Ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би анх 2016 онд тус цагдаагийн газарт Алтай сумын хэсгийн цагдаа албан тушаалаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сард Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тогтвор суурьшилтай, ямар нэгэн ёс зүйн зөрчил дутагдал гаргалгүйгээр ажилласан. Гэтэл намайг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зөвлөлийн хурлаар оруулж жижүүрийн томилгоотой үедээ Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах Дуганхад зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэж надаас ямар нэгэн тайлбар авалгүйгээр албанаас халлаа гэдгийг мэдэгдсэн. Надад одоог хүртэл ажлаас халсан тушаал шийдвэрийг өгөөгүй бөгөөд тушаал шийдвэрийг гардуулж өгөөгүй атлаа миний ажлыг хийлгэхгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Т.Г намайг тушаал шийдвэргүйгээр ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/104 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэд ахлагч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Цагдаагийн дэд ахлагч Т.Г-ыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын шаардсаны дагуу зөвлөлийн хурлаар оруулж түүнийг доор дурдсан үндэслэлээр буюу тушаал шийдвэр гаргасны дагуу Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль холбогдох журмыг баримтлан албан үүргээ гүйцэтгэх үедээ зочид буудалд архидан согтуурсан, хэрүүл маргаан үүсгэсэн мөн архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж цагдаагийн алба хаагчийн сахилгын ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн байдаг. Энэхүү газрын даргын гаргасан тушаал нь хууль бус бөгөөд Т.Г-ы гаргасан зөрчил нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдэж тогтоогдоогүй, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь эцсийн байдлаар шүүх хяналтын байгууллага тогтоогдоогүй байхад түүний хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдсан. Ажлаас халахдаа цагдаагийн төв байгууллагын даргаас ямар нэгэн эрх олгоогүй.
Цагдаагийн төв байгууллагын даргын эрх олгосны дагуу хүний нөөцийн сургалт хариуцсан хэлтэс албадад мэдэгдээгүй. Түүнээс халах зөвшөөрөл аваагүй атлаа уг албан хаагчийг ажлаас чөлөөлж байгааг хууль бус гэж үзэж байна. Учир нь: 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/104 дугаартай даргын тушаал байгаа. Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-д заасан буюу төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах хуулийн заалтыг барьсан. Хоёрдугаарт: Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 буюу цагдаагийн алба хаагчийг өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд албанаас шууд халах гэсэн заалтыг барьсан. Энэ заалт нь ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулах заалт биш. Ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулахгүйгээр шууд албанаас халах гэсэн заалт байгаа. Гуравдугаарт: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129, 246, 248 дугаар тушаалаар батлагдсан цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-ийг баримталсан. Үүнд цагдаагийн төв байгууллагын харьяа алба нэгж нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь ахлагч цолтой буюу ахлагч бүрэлдэхүүнээс гаргасан сахилгын зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.1, 81.4.2, 81.4.4, 81.4.5 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг шууд тушаалаар оногдуулахаар хуульчилж өгсөн. Эдгээр заалтууд нь сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах, цагдаагийн цол бууруулах, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр гэсэн сахилгын шийтгэлүүд ногдуулах эрх хэмжээ нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн албаны даргад хуулиараа олгогдсон байна. Харин Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасан цагдаагийн албанаас халах эрх тусгайлан олгогдоогүй байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тушаал гаргах журам код 136.5.2г гэж байгаа. Үүнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь энэ журмын 136.4.2 дахь хэсгийн а, б, в, г, д, к дахь заалтын хүрээнд тушаал гаргах боломжтой гэсэн. Эдгээр заалтуудын алийг нь баримтлаад байгаа нь тодорхойгүй. Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх код 900-ийн 3.4.б заалтыг баримталсан. Үүнд цагдаагийн төв байгууллагын даргын эрх олгосны дагуу энэ зүйлийн а-д заасан байгууллагын даргын эрх олгосны дагуу энэ зүйлийн а-д заасан албан хаагч ажилтныг албан тушаал дэвшүүлэх, чөлөөлөх, халах эрхтэй гэж заасан. А-д заасан алба хаагч гэдэг нь цагдаагийн төв байгууллагын даргын эрх олгосны дагуу хүний нөөц сургалтын ажил хариуцсан нэгжээс өгсөн зөвшөөрлийг үндэслэн цагдаагийн бага цолтой ажилтныг томилох чөлөөлөх эрхтэй гэсэн. Тэгэхээр цагдаагийн төв байгууллагад мэдэгдэж халах зөвшөөрлийг авч байж албанаас халах ёстой байсан гэж үзэж байна. Дээрх журмын 900.3.1.и-д цагдаагийн төв байгууллагын дарга нь цагдаагийн бага цолны албан тушаалд болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллах алба хаагч ажилтныг томилох, чөлөөлөх, халах, гэрээ байгуулах, цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх эрхийг цагдаагийн төв байгууллагын харьяа алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт тушаалаар шилжүүлж болно гэж заасан. Энэхүү эрхээ ямар нэгэн байдлаар шууд хэрэгжүүлэхээр тусгагдаагүй. Цагдаагийн төв байгууллагын даргын тушаал гарах ёстой юм байна гэж үзэж байгаа. Цагдаагийн албан тушаалын цол олгох, бууруулах, хураах код 904.6.1 дэх заалтыг баримталсан. Тухайн заалт нь цагдаагийн албан хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан цагдаагийн бага, дунд ахлагч цол хураах, сэргээх, хураан авах журмын 5.2-т зааснаар цагдаагийн цолыг хураана гэж заасан. Үүн дээр цагдаагийн алба хаагчийг томилох эрх бүхий субъект нь цагдаагийн ерөнхий газрын дарга түүний эрх олгосон зөвшөөрлийн дагуу холбогдох нэгж томилдог гэж үзэж байгаа. Ийм учраас Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргад цагдаагийн төв байгууллагаас бага цолтой буюу ахлагч бүрэлдэхүүний ажилтныг 82 дугаар зүйлд зааснаар албанаас халах ямар нэгэн эрх олгогдоогүй.
Түүнд зөвхөн сахилгын хариуцлага ногдуулах эрх хуулиараа олгогдсон байна. Томилгоотой үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, цагдаагийн алба хаагч дэслэгч М-тай хэрүүл маргаан хийж эрх чөлөөнд халдсан гэж байгаа. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эцэслэн тогтоогдож шүүхийн шийдвэр гараагүй байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй байхад өөрөө урьдчилсан байдлаар хийсвэр дүгнэлт хийн алба хаагчдын албаны шалгалт хийсэн гэх хууль бусаар цуглуулсан баримт бичгийг үндэслэж байгааг хууль бус гэж үзэж байгаа. Үүнийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж Т.Г-ны Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй байх эрхэд ноцтой халдаж байцаалт мэдүүлэг авсан байна. Т.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэн холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Цагдаагийн хүний нөөцийн бодлогын журам 900.3.4 дэх заалтыг баримталсан. Энэ нь олон эрхээр тушаал гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл 900 дүгээр журмаар цагдаагийн байгууллагаас эрх олгосны дагуу хүний нөөц сургалтын ажил хариуцсан нэгжээс өгсөн зөвшөөрлийг үндэслэн бага цолны болон энгийн тоонд ажиллах алба хаагчийг томилох, чөлөөлөх, халах эрхтэй. Гэтэл цагдаагийн байгууллагын журмын 900 дүгээр журамд хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр хүний нөөцөөс зөвшөөрөл авах ёстой байсан. Гэтэл энэ зөвшөөрлийг ямар нэгэн байдлаар аваагүй байгаа. 900.3.4 дүгээр зүйлийн а болон б дээр заасан байгаа. Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас эрх олгогдсон хэдий ч холбогдох нэгжээс нь санал зөвшөөрөл авалгүй шууд халсан байна. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан дүрэм байгаа. Ноцтой зөрчил гэж Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам тус бүрт тодорхойлон заасан цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгөд хохирол учруулах гэх мэтээр эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болсон, энэ журамд заасан зөрчлийн сахилгын зөрчилтэйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг ноцтой зөрчил гэж ёс зүйн дүрэмд тайлбарласан. Тэгэхээр 2 ба түүнээс олон удаа зөрчил гаргасан мөн ноцтой зөрчил гаргасан гэдэг нь үгүйсгэгдэж байна гэсэн үг. Өмнө нь удаа дараа 2 зөрчил гаргасан гэж байна. Гэтэл өмнө нь зөрчил гаргасан талаар тушаал дээр дурдаагүй. Өмнөх тушаал дээр сүүлд 2019 оны 05 дугаар сарын 01-нд 1 сарын хугацаагаар шийтгэл оногдуулсан байдаг. Өнөөдөр тухайн шийтгэлээ эдлээд дууссан. Тэгэхээр тэрийгээ мэдээд тушаал дээр дурдаагүй байх гэж бодож байна. Өмнөх болоод өнгөрсөн зүйлийг дурдаагүй байж өнөөдөр ярьж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.М-ыг зодсон, бусдын биед халдсан гэж байна. Гэтэл үүн дээр өөр зүйл яригддаг. Энэ талаар Б.М ярьдаггүй. Юу болсон гэхээр О гэж гэрч байгаа. Т.Г-наас чи яагаад энэ өрөөнд орсон юм бэ? гэж тодруулж асуухад тухайн өрөөнд эмэгтэй хүн орилоод байхаар нь орсон юм. Тэгэхэд М тухайн эмэгтэй дээр гарчихсан зүй бус үйлдэл хийх гээд тухайн эмэгтэй нь эсэргүүцэл үзүүлээд байж байсан. Тэгээд чи яах гэж орж ирсэн юм бэ гэхээр нь цохиж унагаасан гэж хэлдэг. Энэ талаар хэн ч хаана ч яригдаагүй асуудал.
Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргад Цагдаагийн албаны тухай хуулиар болон холбогдох журмаар Цагдаагийн албан тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авах эрх олгогдсон. Албанаас халах болон цолыг хураан авах асуудал Цагдаагийн ерөнхий газрын даргын эрх олгосны дагуу явагддаг болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрх олгогдсон зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байна. Т.Г-ы гаргасан зөрчил нь ноцтой зөрчил мөн үү гэхээр дүрэмд ноцтой зөрчил гэж хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан зөрчлийг гэж нэрлэн заасан. Т.Г-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь эрүүгийн хэргийн шүүхээр тогтоогдоогүй. Мөн хэрэгт авагдсан сиди бичлэгээр түүнийг архи согтууруулах ундаа хэрэглэж байна гэж үзэх боломжгүй юм. Хэрэгт авагдсан сиди бичлэгийг эрүүгийн хэргийн шүүх үнэлэх боломжгүй буюу хуульд заасан ажиллагааны дагуу хийгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэн эрүүгийн шүүх үнэлээгүй байгаа. Иймээс Т.Г-ыг цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй учир Т.Г-ыг албанаас халсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/104 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, цагдаагийн дэд ахлагч цолыг сэргээн ажилгүй байсан хугацааны цалин дээр нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Монголын цагдаагийн байгууллага нь Цагдаагийн төв байгууллага буюу Цагдаагийн Ерөнхий газрын даргын баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам гээд бүх үйл ажиллагаа нь журмаар зохицуулагддаг онцлог байгууллага байгаа. Т.Г-ы гаргасан зөрчлийг цагдаагийн байгууллагад иргэн Ж-ы гаргасан гомдлыг хүлээж авсан даруй тухайн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам кодод нийцүүлэн албаны шалгалтыг зохион байгуулж явуулсан. Албаны шалгалтыг мөрдөн байцаах тасгийн ахлагч цагдаагийн хошууч А.Э явуулсан. Тухайн алба хаагчийн зочид буудалд иргэн М-ыг зодож эрх чөлөөнд нь гэмтэл учруулсан асуудлыг хэрэг бүртгэх тасгийн ахлах хэрэг бүртгэгч М.Б хошууч шалгаж шийдвэрлэн хуулийн дагуу хариуцлага оногдуулсан байгаа. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон Төрийн албаны тухай хуультай уялдуулан гаргасан журамтай уялдуулж үйл ажиллагаагаа явуулсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36, 32 дугаартай журам батлагдсан байгаа. Энэ нь төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах журам гэж байгаа. Энэ журмыг баримтлаад эрх бүхий албан тушаалтан албаны шалгалт явуулсан. Өөрөөр хэлбэл энэ журмын сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгах буюу 2.2 дахь журмыг баримтлан цагдаагийн газрын даргаас шалгагчийг томилж албаны шалгалтыг зохион байгуулсан. Албаны шалгалтыг зохион байгуулахдаа мөн энэ журам болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, 2019 онд ерөнхий газрын даргын А/170 дугаар тушаалаар батлагдсан сахилгын шийтгэл оногдуулах журам гээд шинэчлэгдсэн журам байгаа. Энэ журамд уялдуулан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлээ тогтоосон. Цагдаагийн алба хаагчийн тухайд бид төрийн тусгай алба хаагч. Ийм учраас бид төрийн албанд ороод тангараг өргөдөг. Т.Г-ы гаргасан зөрчлийг шалгаад үзэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ энэ бол сахилгын хариуцлага биш, Т.Г-д цагдаагийн газрын дарга сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байхгүй гэж байна. Цагдаагийн байгууллагын даргын тушаал гаргах код 136 дугаар журам бий. Энэ 136 дугаар журамдаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга ямар шийдвэр гаргах юм бэ гэдгийг тодорхой заагаад өгсөн. Цагдаагийн газрын дарга тушаал гаргах эрх Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан байгууллагын даргын тушаал гаргах журам гэж байгаа. Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон тушаал гаргадаг.
Сахилгын шийтгэл оногдуулсан алба хаагчийн тухайд хүний нөөцийн хэлтсээс зөвшөөрөл авсны үндсэн дээр ерөнхий газраас тушаалаар эрх олгосны дагуу хариуцлага оногдуулах ёстой гэж тайлбарлаж байна. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/154 дүгээр тушаалаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталж өгсөн байдаг. Албан тушаалын тодорхойлолтод тухайн цагдаагийн байгууллагын дарга нь ямар ажил эрхлэх ёстойг тодорхой тусгаад өгсөн. Иймээс эдгээр журмууд мөн албан тушаалын тодорхойлолт зэргийг үндэслэн байгууллагын даргын тушаал гарсан. Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх журам 900 3.и дээр заасан цагдаагийн бага цолны албан тушаал болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллах алба хаагч, ажилтныг томилох, чөлөөлөх, халах, гэрээ байгуулах, цол олгох бууруулах, хураан авах сэргээх эрхийг цагдаагийн төв байгууллагын харьяа алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга тушаалаар шилжүүлж болно гэж заасан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад Т.Г-ыг ажлаас халах үндэслэл дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэдэг үндэслэлээр ажлаас халсан гэж дурдаж байна. Т.Г-ы тухайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал нь тухайн зөрчлийг шалгасан алба хаагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Т зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны дагуу албан тушаалтан ямар эрх эдэлж, үүрэг хүлээх юм бэ тэр эрх үүргээ хэрэгжүүлж чадаагүйгээс Т.Г-ы согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар баримтыг шүүхэд хангалттай гаргаж өгч чадаагүй. Иймээс шүүх тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг дээр Т.Г тээврийн хэрэгсэл барьсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Нөгөө талаар шүүх хуралдаанаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. Хэв журмын асуудал хариуцсан хошууч Б тухайн ажиллагааг хийсэн. Б-ийн тухайд тухайн зөрчлийг нотлох чиглэлээр хангалттай ажиллагаа явуулж чадаагүй. Зөвхөн Т мэдүүлгээ авчихаад гадаа гарын үсэг зуруулсан юм уу гэдэг талаас нь хандсан. Өөрөө мэдүүлэг өгөхдөө би 2, 3 хундага татсан гэж мэдүүлсэн. Дуудлагаар очсон бүрэлдэхүүн Т.Г-ныг хүчирсэнгүй. Тэр шөнө гэрт нь манай алба хаагч нар хэд хэдэн удаа очсон. Тэгэхэд гэртээ хоноогүй. Алба хаагчийн хариуцлагагүй байдлаас болоод энэ нөхцөл байдал тогтоогдоогүй. Т.Г-ы гаргасан зөрчил ноцтой зөрчил биш гэж тайлбар хийж байна. Т.Г-ы энэ зөрчил ноцтой зөрчил гэж үзнэ. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т ноцтой зөрчил гэж Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан цагдаагийн албаны нэр хүндийг унагаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх ашиг сонирхолд нөлөөлхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон, энэ дүрэмд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан. Т.Г-ы тухайд зөрчил гаргах үедээ өмнө нь 2 3 удаа зөрчил гаргасан байсан. Цагдаагийн газрын даргын тушаалаар арга хэмжээ авагдсан байсан. Иймээс бид нар тухайн алба хаагчийн гаргасан зөрчил, зөрчлөө хэр ухамсарлаж байгаа байдлыг үндэслэсэн. Ёс зүйн дүрмийн 3.2-т ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчид эрх бүхий албан тушаалтан цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн төрөл хэлбэрийг түүнийг анх удаа үйлдсэн байдлыг харгалзан оногдуулна гэж заасан. Энэ дүрмийн 3.4-т ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг цагдаагийн албаны тухай хуулийн 81.2.1-т заасны дагуу шууд албанаас хална гэж заасан. Энэ хүн хүний эрх чөлөөнд халдсан, тухайн үед томилгоотой байсан. Мөн өөрөө би албаны хувцастай согтууруулах ундаа хэрэглээгүй гэж ярих гээд байгаа. Тэр хүн дээд талын куртикаа тайлчихаад албаны хувцас тайлсан асуудал биш. Тэр хүн албаны өмд гуталтай байсан. Т.Г-ы тухайд анх удаа цагдаагийн албанаас халагдаж байгаа асуудал биш. Т.Г нь Цагдаагийн газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагын тухай хууль 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасныг үндэслээд 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгоод албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж байсан. Монголын Цагдаагийн байгууллага боломж олгоогүй биш олгосон. Гэтэл өнөөдөр зөрчил гаргаад гаргасан зөрчил дээрээ ухамсарласан зүйл байхгүй. Иймээс гаргасан зөрчлийн онцлог нөхцөл байдлыг харгалзаад 82.1.1-д заасан албанаас халах шийдвэрийг гаргасан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам 136.7-д цагдаагийн байгууллагын дарга бага цолтой албан хаагчийг ажлаас чөлөөлөх эрхтэй гэж эрхийг баталгаажуулж өгсөн. Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.4-д нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн дарга ямар эрх үүрэгтэй байх юм бэ? гэдгийг зааж өгсөн учир байгууллагын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Т.Г-ыг албанаас халах шийдвэр гаргасан. Тухайн үед Э дарга хууль журамд нийцүүлэн албан шалгалт явуулсан. Албан шалгалт явуулах явцад Т.Г өөрөө би согтууруулах ундааны зүйл 2-3 удаа хэрэглэсэн. Эдгээр зөрчлийг гаргасан нь тогтоогдож байгаа учир бид нар гаргасан шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Б/104 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн 82.1.1, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/129, А/246, А/248, дугаар тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Байгууллагын даргын тушаал гаргах /код136/ журам”-ын 136.5 дахь хэсгийн 136.5.2-ын “г” “Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх /код-900/ журам”-ын 900.3 дахь хэсгийн 900.3.4-ийн “б” заалт, “Цагдаагийн албан тушаалын цол олгох, бууруулах, хураах /код-904/ журам”-ын 904.6 дахь хэсгийн 904.6.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т-ын Г нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр жижүүрийн томилгоотой үедээ Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах “Дуганхад” зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, цагдаагийн дэслэгч Б.М-тай хэрүүл маргаан үүсгэн, эрх чөлөөнд нь халдсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 60-87 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.10, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.1.2, 2.3 дахь хэсгийн 2.3.1, 2.3.2, 2.4 дэх хэсгийн 2.4.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон тул мөн дүрмийн 3.4 дүгээр зүйлийг баримтлан, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн 82.1.1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон, цагдаагийн албанаас халж, цагдаагийн дэд ахлагч цолыг хураасан байна.
Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч П.Б 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ажлын хэсэг, жижүүр, эргүүлийн томилгоог баталсан хуваарьт Жижүүрийн офицер а/х Б.С, мэдээлэл хүлээн авагч цагдаа а/ч Ч.Н, жижүүрийн жолооч цагдаа д/а Б.М, 20.00 цагаас 02.00 цаг хүртэл оройн эргүүлийг цагдаагийн дэд ахлагч Т.Г, олон нийтийн цагдаа Б.Т нар албаны үүрэг гүйцэтгэхээр баталсан байна.
Тухайн өдөр Цагдаагийн жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан а/х Б.С “...Шөнө 02 цаг өнгөрч байхад үед ...Ч.Н “Дуганхад” буудалд дуудлага гарчихлаа, би жолооч цагдаа Б.М-тай хамт явчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Нилээн удсаны дараа Ч.Н жижүүр рүү залгаад ...аж ахуйн Б.М, цагдаа Т.Г хоёр согтуу хоорондоо зодолдоод Б.М-ын нүдийг хөхрүүлчихсэн байна гэсэн ...цагдаа Т.Г тухайн өдөр 20 цагаас эргүүлийн үүрэг авч 1, 4-р чиглэлд ажилласан ба 3-4 дуудлаганд яваад жижүүртэй холбоотой байсан. Шөнө 02 цагт мэдээгээ өгч буухад Т.Г ирээгүй ...Т.Г-ы мэдээг олон нийтийн цагдаа бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг;
Олон нийтийн цагдаа Б.Т “...Шөнө 01 цаг 55 минутанд цагдаагийн газар ирж эргүүлийн гарсан илтгэх хуудсаа бичээд зогсож байтал д/а Т.Г залгаад цагдаагийн газрын хашаанд байгаа миний машиныг аваа ир гэхээр нь ...Т.Г байгаа газар “Дуганхад” зочид буудалд очсон ...яваад орсон чинь манай Баян-Уулын Б, Ч, Д нар Т.Г-тай архи уусан бололтой архи нь дуусчихсан сууж байсан. Т.Г чи сууж бай, хамт явна шүү би хажуугийн өрөө ороод ирье гээд гараад явсан. Удалгүй хүмүүс зодолдоод ...буудлын ресепшн эмэгтэй орж ирээд та нар энэ хүнээ аваач гэхээр нь 202 тоот өрөөрүү ороход цагдаагийн дэслэгч Б.М, Т.Г нар зууралдаад Б.М-ыг доош нь дараад байхаар нь ресепшн бид хоёр салгатал Т.Г Б.М-ын нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед Б.М Т.Г хоёр нилээн согтуу байсан ба салгаж байгаа хүмүүсийн үгийг сонсохгүй байсан...” гэсэн мэдүүлэг;
Цагдаа а/ч Ч.Н ... “Дуганхад” зочид буудалд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагыг иргэн Жаргалсайхан өгсны дагуу жолооч, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.М-ын хамт очсон. Очиход буудлын 2 давхарт цагдаагийн дэслэгч Б.М, цагдаагийн дэд ахлагч Т.Г нар 202, 206 тоот өрөөнд хоорондоо зодолдсон ...Б.М-ын зүүн нүд хөхөрч хавдсан байдалтай намайг Т.Г зодчихлоо гэхээр нь дагуулаад Т.Г-ы байгаа 202 тоот өрөөнд орсон ...Т.Г Б.М хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдох гээд байхаар нь жижүүрийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.С-д Б.М Т.Г хоёр согтуу хоорондоо зодолдсон байна ... гэхэд хоёуланг нь аваад ир гэсэн ... шөнө 01 цагт 50 минутанд эргүүл буусан ...Т.Г-тай хамт эргүүлд үүрэг гүйцэтгэсэн олон нийтийн цагдаа Т.Г-ыг гадаа машиндаа байгаа гэж хэлээд мэдээг өгсөн...” гэсэн мэдүүлэг;
Цагдаа жолооч Б.М “...буудлын 206 тоот өрөөнөөс Б.М нилээн согтуу зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай ...харин 202 тоот өрөөнд Т.Г бас нилээн согтуу байсан ...Б.М өрөөнөөс гарч ирээд та нар Т.Г-ыг аваад яваач намайг ийм болтол зодчихлоо гэхээр нь Ч.Н Т.Г-тай уулзахад би уучихсан байна, би өөрийгөө мэдэж байна, намайг орхичих гэж байсан ...Т.Г 206 тоот өрөөнд дээгүүрх хувцасаа тайлчихсан доогуураа цагдаа өмд гуталтай нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг;
Аж ахуйн офицер Б.М “...Т.Г хоёр олон нийтийн цагдаагийн хамт буудал шалгаж байна гэж орж ирсэн. Т.Г гарч яваад удалгүй дээгүүрх хувцсаа тайлчихсан буцаж орж ирсэн ба би нэлээн согтсон байсан тул орон дээрээ унтчихсан юм. Унтаж байхад намайг нэг хүн татаж чангаагаад байхаар сэрээд харахад Т.Г би гарлаа хаалгаа түгж гэхээр босч хаалга түгжсэн. Тэгтэл удалгүй Т.Г хаалга нүдэж байснаа өшиглөж орж ирээд дотуур өмднөөс татаад тайлчихсан тэгснээ намайг тонгойлгож байгаад нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг;
“Дуганхад” зочид буудлын үйлчлэгч Б.Б “...хүмүүс орилоод чимээ гарахаар нь 2 давхарт гарч харахад Т.Г 202 тоот өрөөнд орсон Б.М-тай зодолдож байсан, хажууд нь бас нэг цагдаа хувцастай залуу ирсэн ...тэр хоёрыг салгаж байсан би бас очоод больцгоо та нар гээд салгасан. Т.Г нь Б.М-ыг толгойруу нь нэг удаа гараараа цохиод, 2 удаа нүүр орчим нь өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудаарай гээд би хэлсэн, хажуугийн өрөөний хүн цагдаа дуудсан байх ... 2 уулаа дүрэмт хувцастай байсан ... 202 тоотын хаалга эвдэгдсэн байсан Т.Г гаднаас нь өшиглөж орсон гэсэн...” мэдүүлэг;
Гэрч Б.Орхонтуул “...Би Б.М-тай үлдээд бид 2 дахин нэг шил архи хувааж ууж байтал Б, Г гээд эхнэр нөхөр 2 орж ирсэн намайг харилцагчийн шинэ жил дээр шагнал авсан гээд надад баяр хүргээд бид нар тэмдэглэж байтал гаднаас Т.Г орж ирсэн эргүүлээс буугаад явж байна гэж хэлсэн, тэгээд М, Б, Г нар цагдаад хамт ажилладаг тул Т.Г орж ирээд хамт сууж архи уусан ...нэлээн согтсон байсан тул тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй...” гэсэн гэрч нарыг мэдүүлэг хавтас хэргийн материалд авагдсан байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох 2019 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнийн “Дуганхад” зочид буудлын шатны дээд талаас коридорыг хянасан 2_06_H_191207010005 нэр бүхий камерын бичлэгт 2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 01 цаг 08 минутанд Т.Г нь тухайн буудалд албаны хувцастай орж ирсэн байдаг. 2_06_H_191207021000 нэр бүхий камерийн бичлэгт Т.Г 02 цаг 12 минутанд буудлын орсон 206 тоот өрөөнөөс гадуур хувцсаа тайлсан бараан өнгийн цамцтай 202 тоот өрөөлүү оров. 202 тоот өрөөнөөс 02 цаг 18 минутанд архи барьсан байдалтай гарч ирэн 206 тоот өрөөнд орсон. 02 цаг 21 минутанд 206 тоот өрөөнөөс гарч 202 тоот өрөөний хаалгыг нүдэж байгаад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөн эвдэж орж байв. 02 цаг 35 минутад буудлын үйлчлэгч 202 тоот өрөөнөөс гарч явахад Т.Г хойноос нь хөөн гүйж барьж авав. 02 цаг 40 минутад цагдаагийн албаны хувцастай Б.М нүдэндээ цохиулж хөхөрч цус гарсан байдалтай буудлын өрөөнөөс гарч ирэв. 02 цаг 42 минутад цагт жижүүрийн 2 цагдаа ирсэн 02 цаг 49 минутад буудлын коридорт Б.М, Т.Г нар маргалдан зодолдох үйлдэл хийхэд жижүүрийн 2 цагдаа салгаж байгаа, 4_05_H_191207034200 нэр бүхий бичлэгт 03 цаг 43 минутад Т.Г, олон нийтийн цагдаа Б.Т нар буудлаас гарч явсан бичлэг байна.
Мөн 4_05_H_191207034200 нэр бүхий бичлэг нь Дуганхад зочид буудлын гадна талыг хянасан бичлэг байх ба бичлэгийн 03:43:13-т д/а Т.Г, олон нийтийн цагдаа Б.Т нар буудлаас гарч ирэн тамхи татаж байгаад 03:44:45-д буудлын урд талд зогсоол дээр байх приус 11 маркын баруун урд талын хаалгаар д/а Т.Г, зүүн урд талын хаалгаар Б.Т суун хөдлөж, замын хөдөлгөөнд оролцов.
Шүүх хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн “Дуганхад” зочид буудлын камерийн бичлэг зэрэгт үндэслэл Т.Г албан үүргээ гүйцэтгэж явахдаа эргүүлийн чиглэл болох Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах “Дуганхад” зочид буудалд 2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 01 цаг 08 минутад орж албаны хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Б.М-тай зодолдож хэрүүл маргаан үүсгэж 03 цаг 43 минутад буудлаас гарч явсан, 02 цагт эргүүлээс бууж албаны мэдээгээ өгөөгүй зэрэг байдлаас Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.10-т “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4 дэх хэсгийн 2.4.6-т “ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэх, хуулиар хориглосон газар тамхи татахгүй байх” гэж заасныг зөрчсөн байгаа нь тогтоогдож байна.
2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Г, Захиргааны удирдлагын тасгийн аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Б.М нарт хийсэн албаны шалгалтын дүнг мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Э танилцуулснаар тухайн асуудлыг хэлэлцсэн байна. Тэмдэглэлд “д/а Т.Г: тухайн үед архи согтууруулах ундаа нэг их хэрэглээгүй байсан, дэслэгч Б.М бид хоёрын дунд зодолдсон асуудал байхгүй. Тэгээд ч надад драгер үлээлгээгүй” гэж тайлбарласан.
Согтолтын зэргийг тогтоогоогүй гэдэг үндэслэлээр Т.Г-ыг албан үүргээ гүйцэтгэж явсан болон албаны хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд камерийн бичлэгт илэрхий согтуу гуйвж дайвсан байдалтай буудлын хаалгыг хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөн эвдэж байгаа, архи барьж өрөөнд орсон, хамт ажилладаг Б.М-ыг цохисон, хэрүүл маргаан үүсгэж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2-т “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх” гэж заасныг зөрчин ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь илэрхий байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж үзэж Т.Г-г цагдаагийн албанаас халж, цагдаагийн дэд ахлагч цолыг хураасан нь үндэслэлтэй байна.
Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т “ “ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүйг” гэж ойлгохоор байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.9-т “Хуульд өөрөөр заагаагүй бол сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно...” гэж зааснаар нэхэмжлэгч Т.Г Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/40 дугаар тушаалаар албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сар 20 /хорь/ хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргаж, эд хөрөнгийн хохирол учруулах, хамт ажилладаг албан хаагчаа зодох зэрэг дахин зөрчил гаргасан байгааг ноцтой зөрчил гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт Цагдаагийн төв байгууллагын даргын эрх олгосны дагуу хүний нөөцийн сургалт хариуцсан хэлтэс албадад мэдэгдээгүй. Түүнээс халах зөвшөөрөл аваагүй атлаа уг албан хаагчийг ажлаас чөлөөлж байгааг хууль бус гэсэн үндэслэлийн тухайд:
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь ахлагч цолтой буюу ахлагч бүрэлдэхүүнээс гаргасан сахилгын зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.1, 81.4.2, 81.4.4, 81.4.5 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл оногдуулж, уг дүрмийн 8.5-д зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн тохиолдолд түүнээс гаргасан шийдвэрийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий цагдаагийн байгууллагын дарга сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргах, мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/246 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Байгууллагын даргын тушаал гаргах журам”-ын хавсралт 2019 оны А/226 дугаар тушаалаар шинэчилсэн ЦБҮАЖ-ын №136.67-д Цагдаагийн бага цолыг олгох, сэргээх, бууруулах, хураан авах, бага цолтой албан хаагчийг томилох,чөлөөлөх, тэтгэмж олгох шийдвэр гаргах эрхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргад олгосон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Т.Г-гийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн дэд ахлагч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоох хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ