Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 113/2015/0006/З |
Дугаар | 221/МА2016/0134 |
Огноо | 2016-03-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2016/0134
Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Н.Алтанцэцэг, хариуцагч Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга М.Ичинноров нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2016/0001 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалын чөлөөлсүгэй гэснийг Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлэх гэж өөрчлөхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж, Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд мэргэжилтнээр томилохыг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгаж, ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх 8 сар 20 хоногийн 7687985 төгрөг болон нийгмийн даатгалын шимтгэлийг аймгийн Засаг даргаас нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулах тухай А/96 дугаар захирамжийг батлахдаа Төсвийн тухай хуулийн 14, 65, 69 дүгээр зүйлд нийцүүлэн Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4.1, 4.2 дахь заалт, Засгийн газрын 2007 оны Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 327 дугаар тогтоолыг үндэслэж, Сангийн яамнаас ирсэн чиглэлийг баримталсан. Тус захирамжийн 2 дугаар хавсралт дахь тус албаны бүтэц, орон тоо нь Сангийн яамнаас хянасан болон Улсын Их Хурлаас баталсан төсөв, орон тооны хязгаарт багтаасан бүтэц орон тоо болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар нэхэмжлэлийн шаардлага дахь Б/33 дугаар тушаалыг Дотоод аудит, хяналт, шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэн Н.Алтанцэцэгийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсүгэй гэж өөрчилсөн гэжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга шүүхэд ирүүлсэнтайлбартаа: Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Засгийн газрын 2014 оны Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 327 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжаар 2 орон тоотой байхаар бүтэц орон тоо, төсөв хөрөнгө нь батлагдсан.
Би аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/23 тоот захирамжаар тус албаны даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр түр томилогдон ажиллаж байгаад тус албаны даргын ажлын байр зарлагдахад удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар уг албан тушаалд аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар жинхлэн томилогдсон. Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт нээлттэй зарлагдсан тул Н.Алтанцэцэг, Л.Одонтуяа нар оролцох боломжтой байсан.
Уг албыг байгуулахад Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолын дагуу мэргэжлийн хяналтын байцаагчдын эзэмшиж байгаа эд хөрөнгийг манай албанд шилжүүлэхээр заасан ба байцаагч нар нь жирэмсний амралттай байхдаа техник хэрэгслээ өөрсдөө авч яваад олон удаа хэлсний дараа авчирч өгөхдөө хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Алтанцэцэг нь ажлын баримт материалыг устгаж хоосон компьютер өгсөн нь төрийн алба тасралтгүй тогтвортой байх зарчим, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг алдагдуулсан үйлдэл болсон.
Мөн уг орон тоо нь ахлах байцаагчийн бус мэргэжилтний ажлын байр бөгөөд батлагдсан төсвийн хүрэлцээ муу зэргийг харгалзан Л.Одонтуяаг эзгүй байгаа нэг орон тоон дээр томилж, тэрээр жирэмснийамаржсаны амралттай байгаа учир О.Нарантуяаг түр томилсон.
Бүтэц орон тоо нэмэгдүүлээгүй, төсөв нь батлагдаж ирсэн учраас орон тоо нэмэгдүүлэх боломжгүй.Орон тоо батлагдаж ирсэн тохиолдолд Н.Алтанцэцэгийг ажилд томилж болно. Орон тоо байхгүй учраас шууд томилох боломжгүй. Санхүүгийн хяналт аудитын алба нь 2 орон тоотой байгуулагдсан ба орон тоо нэмэх талаар аймгийн Засаг дарга Л.Одсэр болон Төрийн сангийн дарга Н.Одонтуяа нарт удаа дараа мэдэгдэж,2016 оны орон нутгийн төсөвт 2 орон тоо нэмэхээр тусгасан боловч төсвийн хэмнэлтийн горимд шилжсэний дагуу орон тоо нэмэх боломжгүй гэж шийдвэрлэсэн гэжээ.
Гуравдагч этгээд Л.Одонтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Засгийн Газрын 2014 оны 327 дугаар тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжсэн. Тухайн үед Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулагдаагүй байсан тул намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны Б/137 дугаар тушаалаар Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний тасагт мэргэжилтнээр томилж, жирэмсний болон амаржсаны амралттай хүүхэд асрах хугацаанд түр чөлөөлсөн тушаал гарсан.
Ингээд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын А/96 дугаар захирамжаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг байгуулсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Зүй нь намайг ажлаас чөлөөлөх биш шилжүүлэх ёстой байсан. Ингээд шинээр байгуулагдсан албаны даргын албан тушаалд түр томилогдсон М.Ичинноровтой Н.Алтанцэцэгийн хамт уулзахад Аймгийн Засаг даргатай уулз,надад мэдэх юм байхгүй гэсэн хариу өгсөн. Аймгийн Засаг дарга Л.Одсэртэй уулзахад Та хоёрын нэгийг авнагэсэн. Иймд Н.Алтанцэцэгийн хамт Төрийн албаны төв зөвлөлд өргөдөл гаргасан. Уг өргөдлийг аймгийнСалбар зөвлөл рүү шилжүүлсэн байсан. Өргөдлийн хариу ирэхээс өмнө 2015 оны 06 дугаар сарын 10-ны үеэр албаны дарга М.Ичинноров надтай утсаар холбогдож Чамайг ажилд авах тушаал гарсан гэж хэлсэн учраас цаашид гомдол гаргаагүй.
2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр М.Ичинноровын албан өрөөнд очиж, ажилд орсон тушаалаа авахад 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар ажилд томилсон тушаалыг нөхөж гаргасан байсан. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн дагуу хүүхэд асрах чөлөөтэйбайгаа учир мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасны дагуу миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ёстой. Мөн Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолын дагуу Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжиж ирсэн тул Санхүүгийн хяналт, аудитын албаны мэргэжилтнээр томилогдох нь зүйтэй гэжээ.
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2016/0001 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалын 1 дэх заалтын чөлөөлсүгэй гэснийг Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлэх гэж өөрчлөхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4,46 дугаар зүйлийн 46.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх болон 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг буруутай шийдвэр гаргасан Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийг Санхүүгийн хяналт, аудитын албанд мэргэжилтнээр томилохыг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 хоногийн цалин 7687985 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын заримхэсэг болох ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 хоногийн цалин 7687985 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны Б/136 дугаар тушаалаар олгосон хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч ажилд орох хүсэлтээ гаргаагүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Миний бие манай аймагт Санхүүгийн хяналт, аудитын алба шинээр байгуулагдсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас чөлөөлөгдөж,Монгол улсын Засгийн газрын Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолын дагуу тус албанд томилогдох байсан боловч одоог хүртэл ажил албан тушаалд маань томилоогүй байна.
Би аймгийн Засаг даргатай уулзаж ажилдаа орох хүсэлтээ өгье гэхэд Засгийн газрын тогтоолоор заавал ажилд ав гэсэн үг биш. Чамайг авахгүй, хамтарч ажиллаж чадахгүй. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын сонгон шалгаруулалтад орж болно. Ер нь та 2-ын нэгийг ажилд авна гэж өргөдөл, хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн Цагдаа, шүүхийн байгууллагаараа яв гэж өрөөнөөсөө гаргасан.
Иймээс миний хувьд эрх бүхий албан тушаалтанд хандсан, хүсэлтийг хүлээн аваагүй учир ажилд орохоо хүсэлтээ 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өгсөн гэж тооцож ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилснийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно, мөн хуулийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан.
Хэдийгээр би нялх бага хүүхэдтэй ч ар гэрт хүүхэд асрах хүнтэй, мөн амьдралын аргагүй байдлын улмаас ажилдаа оръё гэж очиход эрх бүхий албан тушаалтан хүсэлтийг маань хүлээн авахгүйгээр барахгүйажилд томилохгүй гэснээс маргаан өнөөдрийг хүрч, би нэг жил шахуу хугацаанд холбогдох газар болон хуулийн байгууллагаар явж хохирсон байхад анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж, цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Мөн анхан шатны шүүх 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 хоногийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг буруутай шийдвэр гаргасан Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн атлаа хүсэлт гаргаагүй үндэслэлээр цалин гаргуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. 8 сар 20 хоногийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр шийдвэрлэсэн нь тухайн цаг хугацаанд миний биеийг ажилгүй байсан, 2015 оны 03 дугаар сарын 23-нд ажилд орох хүсэл зоригоо илэрхийлсэн болохыг тогтоох гол үндэслэл гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 03дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 хоногийн цалин 7687985 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 327 дугаар тогтоолыг үндэслэнАймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Санхүүгийн хяналт, аудитын алба шинээр байгуулагдан ажиллах болсонтой холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтнээр шилжүүлсэн санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нар нь орон тоо, чиг үүргийн хувьд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд харьяалагдан, шилжин ажиллах болсон гэсэн үндэслэлээр Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэн Н.Алтанцэцэгийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг ...Монгол Улсын Засгийн газрын 327 дугаар тогтоол нь ажлаас чөлөөлөх бус бүтцийн өөрчлөлтөөр шилжүүлэн ажиллуулах тогтоол бөгөөд уг тогтоолоор 2 орон тоог Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсэн боловч өөр этгээдийг томилсноос ойлгомжгүй байдал үүсгэсэн. Гэхдээ дээрх үйлдэл нь надад хамааралгүй, харин орон тоо, чиг үүргийн дагуу шилжсэн ажлын байранд миний бие ажиллах нь зүй ёсны хэрэг юм. Нөгөө байцаагч болох Л.Одонтуяа бид хоёрын хувьд орон тооны асуудал цөөрөөгүй, Засгийн газрын тогтоолоор шилжин ирж байгаа тул Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжаар дээрх албыг байгуулахдаа намайг шинээр байгуулагдсан албанд огт томилоогүй нь миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн... гэж маргасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлж, улмаар Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан 2 орон тоог тус аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.Алтанцэцэгийг Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтнээр 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн томилж, жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах хугацаанд түр чөлөөлсөн бөгөөд мөн даргын Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтнээр өдрийн Б/33 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Санхүүгийн хяналт, аудитын алба шинээр байгуулагдан ажиллах болсонтой холбогдуулан Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэн Н.Алтанцэцэгийг Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтний ажлаас 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн байна.
Харин уг тушаалын 1 дүгээр заалтын чөлөөлсүгэй гэснийг санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсүгэй гэж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар маргаан бүхий Б/33 дугаар тушаалд өөрчлөлт оруулж шийдвэрлэснээс үзэхэд Н.Алтанцэцэгийг бүтцийн өөрчлөлтөөр Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн... зэргийг тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах-аар зохицуулжээ.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс байгуулж, захирамжийн нэгдүгээр хавсралтаар тус албаны дүрмийг баталж, хоёрдугаар хавсралтаар орон тоог албаны дарга 1, мэргэжилтэн 1, нийт 2 орон тоотой байхаар баталсан байна.
Улмаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/25 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын сонгон шалгаруулалт явагдаж, нөөцөөс нэр дэвшүүлж, томилуулах хүртэлх хугацаанд Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар М.Ичинноровыг түр томилж, Говьсүмбэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор мөн албаны даргын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн М.Ичинноровыг албаны даргад томилуулахаар нэр дэвшүүлснээр Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б/39 дүгээр захирамж гаргаж, түүнийг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар жинхлэн томилсон нь хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Ийнхүү нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдэж, түүний ажлын байр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжин очсон хэдий ч дээрх байдлаар 1 орон тоо нь албаны даргын орон тоогоор батлагдаж, улмаар төсвийн байгууллагын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлагдсан, дээрх сонгон шалгаруулалтад Н.Алтанцэцэг ороогүй байхад дээрх байдлаар шийдвэрлэсэн захиргааны байгуулагын үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн энэ талаар нэхэмжлэгч маргаагүй болно.
Харин хариуцагчаас байгууллагын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт хийхдээ тухайн албан тушаалтны ажлын байр, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн төдийгүй түүнийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Н.Алтанцэцэгтэй адил байдлаар тус албан тушаалд шилжин ирсэн Л.Одонтуяаг Санхүүгийн хяналт, аудитын албаны мэргэжилтнээр томилсон нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн заалтыг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, хариуцагч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шилжүүлсэн 2 орон тооны 1-ийг даргын орон тоо болгож, сонгон шалгаруулалтын үндсэн дээр орон тоог нөхсөн атлаа батлагдсан мэргэжилтний 1 орон тоон дээр Л.Оюунтуяаг томилсон нь үндэслэлгүй. Учир нь мэргэжлийн хяналтын байцаагчдын эзэмшиж байсан эд хөрөнгө шинээр байгуулагдсан албанд шилжин ирэх үед компьютер дээрх ажлын баримт материалаа устгасан, мөн батлагдсан төсвийн хүрэлцээ муу байсан учир Н.Алтанцэцэгийг бус Л.Одонтуяаг ажилд томилсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, энэ нь нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилохгүй байх үндэслэл болохгүй юм.
Зүй нь, дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулж, албан хаагчдын мэдлэг, мэргэжил, ажлын дадлага туршлагыг нь харгалзан томилох эсэх асуудлыг шийдвэрлэхээр байхад шүүх сонгон шалгаруулалтад хамруулахгүйгээр шууд Л.Одонтуяаг мэргэжилтний албан тушаалд томилсон талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй, харин мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажлын байрны орон тоог нэмэгдүүлэхийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйн зэрэгцээ батлагдаагүй орон тоон дээр нэхэмжлэгчийг томилохыг даалгах боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг төрийн нөгөө байгууллагад шилжих үед буюу 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Н.Алтанцэцэг нь жирэмсэн болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан болох нь тогтоогдож байх тул хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй байгаа, мөн дээрх чөлөөний хугацаа дуусаагүй ч ажилд орох хүсэлтээ гаргаагүй гэсэн үндэслэлээр ажилгүй байсан 8 сар 20 хоногийн цалин 7687985 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалт явуулсны дараа нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийг ажил, албан тушаалд томилох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2016/0001 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Н.Алтанцэцэгийг Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны мэргэжилтний албан тушаалд томилоогүй Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явагдах хүртэл Н.Алтанцэцэгийг Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд мэргэжилтнээр томилж, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 хоногийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчид төлөхийг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгаж, нэхэмжлэгчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 хоногийн цалин 7687985 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН