Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 50

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

           улсын яллагч Б.Соёлмаа,

            шүүгдэгч /хохирогч/ Ж.Чимэддорж, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг /ҮД:1-056/,

шүүгдэгч /хохирогч/ Ц.Эрдмээ, түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1-163/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Цагаан овогт Жамбалдоржийн Чимэддорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Цогийн Эрдмээ нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030512 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, гагнуурчин мэргэжилтэй, “Авто терминал трейд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 2 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 225 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сарын баривчлах ял, нийт 10 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлсэн, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар 13 хоногийн хорих ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Цогийн Эрдмээ /РД:ЧМ83120578/

            2. Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 04-нд Өвөрхангай аймгийн Есөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 5 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, 1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Өвөрхангай аймгийн шүүхийн А/04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2002 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Цагаан овогт Жамбалдоржийн Чимэддорж /РД:ИЗ79050413/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Эрдмээ нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 15-16 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галуут Мандал” цайны газарт тус цайны газрын туслах тогооч Ц.Баярмааг “хөгшин нөхөртэй”, “чи над шиг сайхан залуутай нэг унтаад үз, чадахгүй бол хөгшрөөд харамсана даа” гэж хэлэхэд нь Ц.Баярмаа нь Ц.Эрдмээг “чи цаашаа зайл үз банди минь” гээд дух руу нь түлхсэнээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Ц.Баярмаа руу сэрээ шидэх, хоолойг нь боох, үснээс нь зулгаах, гуя руу өшиглөх, толгой руу нь цохих зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн тус цайны газарт Ж.Чимэддоржийг эхнэр Ц.Баярмааг өмөөрч “чи яахаараа миний эхнэрийг зоддог юм” гэж хэлэн Ц.Эрдмээтэй зууралдахад Ж.Чимэддоржийн нүүр болон хамар руу нь мөргөх, нүүр рүү нь гараараа цохих зэргээр зодож, давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Чимэддорж нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 15-16 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галуут Мандал” цайны газарт Ц.Эрдмээг өөрийн эхнэр Ц.Баярмааг зодлоо гэж буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Ц.Эрдмээгийн шанаа руу нь гараараа цохих, толгойгоор нь хана мөргүүлэх зэргээр зодож бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Эрдмээгийн хохирогч Ц.Баярмаад “хөгшин нөхөртэй” гэж хэлэхэд нь хохирогч Ц.Баярмаа нь “Хөгшин бүдүүн хүүхэн авчирчихаад жирэмслүүлчихээд дагуулаад явдаг”, “чи цаашаа зайл үз банди минь” гээд дух руу нь түлхсэнээс болж маргалдаж, шүүгдэгч Ц.Эрдмээ нь хохирогч Ц.Баярмааг хоолойг нь боох, сэрээ шидэх, үснээс нь зулгаах, гуя руу өшиглөх, толгой руу нь цохих зэргээр зодож бие махбодид нь тархи доргилт, баруун гуяанд цус хуралт, чамархай болон хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, мөн хохирогч Ж.Чимэддоржийг өөрийн эхнэр Ц.Баярмааг өмөөрөн “чи яахаараа миний эхнэрийг зоддог юм” гэж хэлэхэд нь түүнтэй зууралдан Ж.Чимэддоржийн нүүр болон хамар руу нь мөргөх, нүүр рүү нь гараараа цохих зэргээр зодож бие махбодид нь үүдэн 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, хамрын нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан,

шүүгдэгч Ж.Чимэддорж нь өөрийн эхнэр Ц.Баярмааг зодлоо гэж өмөөрөн хохирогч Ц.Эрдмээг шанаа руу нь гараараа цохих, толгойгоор нь хана мөргүүлэх, газарт хавсарч унагаан дээрээс нь дарж шал мөргүүлэх зэргээр зодож бие махбодид нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Ж.Чимэддоржийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Шүүгдэгч Ц.Эрдмээгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Ж.Чимэддоржийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Өөр нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Хохирогч Ц.Эрдмээгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ” Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Өөр нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            5. Хохирогч Ж.Чимэддоржийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвд гар утасны засварын ажлаа хийж байтал манай 5 настай хүүхэд орж ирээд “ээжийг хүн зодоод байна” гээд уйлаад ороод ирсэн. Тэгээд би юу болоод байгаа талаар мэдэх гээд “Галуут мандал” цайны газар луу орсон бөгөөд намайг ороход эхнэр маань хүзүүгээ барьчихсан, үс нь арзайчихсан, нүүр нь улайсан байдалтай байхаар нь “юу болсон” гэж асуутал “нэг жолооч зодчихоод гараад явчихлаа” гэж хэлсэн юм. Би яаран гарч нөгөө зодсон гэх залууг автобуснаас буулгаж цайны газар луу авч орсон юм. Тэр үед би шууд Бурмааг “цагдаа дууд” гэж хэлээд бариад тавихгүй байсан юм. Тэгтэл Эрдмээ гэх залуу миний шүд рүү мөргөж амнаас цус гарч байсан учир түүний нүүр лүү нулимсан юм. Тэгэхэд Эрдмээ нь уурлаж намайг дахин хамар луу мөргөсөн юм. Тэгээд цагдаа нар ирсан юм...тухайн үед намайг тавиулах гэж оролдож байсан би хүчтэй барьсан тэгж байтал намайг мөргөөд авсан юм. Тухайн үед намайг хэл амаар доромжлоод байсан юм. Би түүнийг тавьсан тохиолдолд намайг болон тэнд байгаа Бурмааг зодож мэдэхээр байсан учир тавиагүй юм. Эрдмээ нь миний ам болон хамар луу тус тус мөргөсөн, намайг заамдаж хүзүүнд зулгаралт үүссэн юм. Би Эрдмээ гэх залуугаас эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа бөгөөд түүнд зодуулснаас болж 10 хоног ажилдаа яваагүй, би өдөрт ойролцоогоор хийснээрээ авдаг учир 500.000 гаруй мянган төгрөг олох байсан юм. Үүнийг нэхэмжилж байгаа юм. Нийт би Эрдмээгээс 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа, үүнд манай эхнэрийн эмчилгээний зардал орж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-25/

            6. Хохирогч Ц.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016.03.21-ний өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд “Галуут мандал” цайны газар ажлаа хийж байхад Эрдмээ нь Биндэръяа гэх залуутай хамт орж ирсэн, ажилгүй байхдаа орж ирээд “хоол идье гэж хэлэхээр нь би тэр хоёрт 4 ширхэг хуушуур, 2 тавган дээр хувааж өгсөн, тухайн үед Эрдмээ нь хоолоо идэж байхдаа надаар тоглоод “хөгшин нөхөртэй” гэх мэтээр Биндэръяатай ярилцаад инээлдээд суугаад байсан юм. Тэгээд хоолоо идчихээд тэкэн дээр ирээд сальфетка авсан бөгөөд би түүнд дургүй хүрээд “зайлж үз банди минь” гээд дух руу нь долоовор хуруугаараа түлхсэн юм, тэр үед Эрдмээ нь уурлаад над руу сэрээ аваад шидсэн бөгөөд тухайн сэрээ нь миний толгойг онож газар унасан юм. Тэгтэл Эрдмээ нь тэкэн доогуур орж ирээд намайг боож, хөл рүү өшиглөж гэмтээсэн юм. Тухайн үед толгой руу цохиж гэмтээж байсан. Тэгээд намайг цохисны дараа тухайн үед хамт байсан жолооч нар салгасан. Тэр үед Эрдмээ нь заазуур авч над руу шидсэн бөгөөд би ухарч түүнээс бултаж амжсан юм. Манай хүүхэд хажууд байсан бөгөөд намайг Эрдмээд зодуулахад хараад айгаад байсан бөгөөд хажуу айлын Бурмаа гэх эмэгтэйг дуудаад ирсэн байсан юм. Тэгээд удалгүй аавыгаа дуудаж ирсэн. Манай нөхөр ирэхэд Эрдмээ нь гараад автобус руугаа явчихсан байсан юм. Тэгээд удалгүй нөхөр Чимэддорж Эрдмээг чирээд ороод ирсэн. Тэгэхэд “ямар учиртай эхнэрийг минь зоддог юм” гээд Эрдмээтэй маргалдаж байсан. Тэр үед Эрдмээ нь Чимэддоржийн нүүр болон хамар руу цохиж, мөргөж гэмтээсэн юм. Эрдмээ над руу сэрээ авч шидсэн бөгөөд толгой тус газар шалбарч сэрээний 4 ором гарсан байсан, тухайн үед толгой өвдөж ажил хийж чадахгүй байсан. Миний толгой хөдөлж 3 удаа бариачид очиж бариулсан, толгойн өвчин намдаах зорилгоор эм хэрэглэж байсан өөрөөр эмчилгээ хийгээгүй толгой яваандаа эдгэсэн одоо ямар нэгэн зовиур байхгүй, хааяа толгой өвддөг юм. Эрдмээ, Чимэддорж хоёр барьцалдаж авсан бөгөөд Эрдмээ нь Чимэддоржийн хүзүүг урж гэмтээсэн, хамар болон нүүр лүү нь мөргөж бас цохиж гэмтэл учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-30/

            7. Хохирогч Ц.Эрдмээгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...түүний нөхөр Чимэддорж намайг автобуснаас чирж гаргаж ирээд миний шанаа хэсэгт гараараа 2 удаа цохисон, цайны газрын гаднах хана руу намайг толгой хэсгээр мөргүүлсэн. Тэр үед манай ажлын залуу болох Биндэръяа салгах гээд дийлээгүй. Тэгээд намайг цайны газарт чирж оруулаад миний дээр суучихаад намайг боогоод миний нүүр хэсэгт нулимаад байсан. Би Чимэддоржийн нүүр хэсэгт гараараа түлхсэн. Тэгэхэд хамраас нь цус гарсан байх, тэгээд цустай шүлсээ над руу нулимаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-78/

            8. Гэрч Д.Шижирбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Баярмаагийн нөхөр Чимэдээ гэдэг утас засвар дээр ажилладаг залуу Эрдмээг чирээд цайны газарт оруулаад ирсэн. Чимэдээ Эрдмээг заамдчихаад “чи яахаараа манай эхнэрт гар хүрдэг юм бэ” гэж хэлээд хана мөргүүлээд байсан. Тэгээд Эрдмээг газарт унагаагаад зууралдаад л байсан. Тухайн үед би тэр 2-н маргааныг салгаад “цагдаа ирэхээр учраа ол” гэж хэлэхэд Чимэдээ гэдэг залуу “би энэ хулгайчийг тавихгүй, цагдаа иртэл ингээд байж байна” гэж хэлж байсан. Эрдмээ Чимэдээ гэдэг залуугаас салах гээд түүний нүүр хэсэгт гараараа тулчихсан мангасдаад л доор нь орчихсон байсан. Чимэдээ Эрдмээгийн дээр нь гарчихсан газарт мөргүүлж байхад Эрдмээ Чимэдээгийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Чимэдээ босож ирээд Эрдмээгийн нүүр хэсэгт нулимаад байсан...Чимэддорж Эрдмээг заамдчихаад газар болон хана мөргүүлээд байсан, биеийн аль нэг хэсэгт гараараа цохисон асуудал байхгүй. Харин Эрдмээ Чимэддоржийн нүүрэн хэсэгт нэг удаа цохиж харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-81/

            9. Гэрч Б.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би цагийг нь тодорхой сайн санахгүй байна. Манай гэр “Галуут мандал” нэртэй цайны газартай залгаа байдаг. Тэгтэл хүмүүс хоорондоо хэрэлдэж байх чимэээ гараад юм дуугараад байсан. Тэгэхээр нь би жолооч нар хоорондоо маргалдаж байгаа юм байх гэж бодсон. Учир нь жолооч нар сардаа 1-2 удаа маргалдаж хэрэлддэг. Тэгээд тоохгүй сууж байсан, тэгтэл Баярмаагийн охин манайд орж ирээд уйлаад “манай ээжийг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд цайны газарт орж ирэхэд танихгүй залуу Баярмааг үсдчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь би “Болиоч” гэж хэлсэн, тэгтэл тэр залуу Баярмаагийн үсийг тавиад цаашаа хоолны заалруу яваад өгсөн. Тэгээд хэрэлдээд явахдаа заазуур шидээд явсан. Тэгээд би шууд Баярмаагийн нөхөр Чимэдээд орж хэлээд хамт ороод ирэхэд нөгөө залуу гараад явсан байсан. Мөн автобусанд суусан байхыг нь харсан бөгөөд Чимэддорж очиж нөгөө залууг чирж авчирсан. Цайны газарт оруулж ирсэн, Чимэддорж түүнийг боож хананд шахсан. Тэгтэл тэр залуу Чимэддоржийн нүүр хэсэгт гараараа цохиж байсан, тухайн үед би нөгөө залууд хандаж “Чи эмэгтэй хүнийг яахаараа зоддог юм бэ” гэж хэлээд ганц нэг үг хэлэхэд намайг хэл амаар доромжилж байсан. Тэгээд би өөрөө цагдаа дуудсан...Чимэддорж Эрдмээг хэрхэн яаж зодсон талаар мэдэхгүй байна. Харин Эрдмээ Чимэддоржийн нүүр хэсэгт нь гараараа цохиж байсан. Чимэддорж Эрдмээгийн хоолойг нь цамцаар нь хүлж боосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-84/

            10. Гэрч Б.Тайванбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Тухайн үед 2016.03.31-ний өдөр 15 цагийн үед цайндаа орох гээд “Галуут мандал” цайны газар ороход Ц.Эрдмээг нэг залуу дараад доороо оруулчихсан байсан юм тухайн үед би очиж салгах гэтэл салахгүй байсан юм. Тухайн үед Ц.Эрдмээ нь “салгаад өгөөч” гэхээр нь би очоод салгах гэтэл Чимэддорж огт тавихгүй байсан юм. Тэр үед би салгаж чадахгүй буцаад ажилдаа гарах болсон юм. Би болсон асуудлын талаар диспечер Шижирбаатараас асуухад “Ц.Эрдмээгийн эхнэрийг “Галуут мандал” цайны газрын туслах тогооч Ц.Баярмаа нь доромжилсноос болоод Эрдмээ нь эхнэрээ өмөөрч түүнд гар хүрсэн” гэж байсан юм. Тэр үед Баярмаагийн нөхөр Ж.Чимэддорж нь эхнэрээ өмөөрч нэг нэгтэйгээ муудалцсан талаар хэлсэн юм. Миний нүдэн дээр Эрдмээ нь Чимэддоржийг цохиогүй бөгөөд өмнө цохисон байх Чимэддоржийн амнаас цус гоожсон байсан. Чимэддорж, Эрдмээ нэг нэгэнтэйгээ зууралдаж байсан бөгөөд цохиогүй харин нилээд олон удаа нулимж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/

            11. Гэрч Б.Балжмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Тухайн үед болсон асуудлыг өөрийн нөхрөөс сонссон бөгөөд “намайг хөгшин бүдүүн авгай дагуулж ирээд жирэмслүүлчихээд” гэх мэтээр хэлсэн байсан бөгөөд Баярмаа нь түүний ам руу салаавч гаргасан учир түүн рүү сэрээ шидсэн талаар хэлсэн, мөн түүний нөхөр Чимэддорж нүүр лүү нь нулимсан учир түүнийг цохисон талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36/

            12. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№4690/-ын дүгнэлт:

                        -Ц.Баярмаа-н биед тархи доргилт, баруун гуяанд цус хуралт, чамархай болон хүзүүн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 40/ 

            13. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№4691/-ын дүгнэлт:

                        -Ж.Чимэддорж-н биед үүдэн 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, хамрын нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 41/ 

            14. Сэжигтэн, яллагдагч Ж.Чимэддоржийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...би Бурмаатай хамт гараад Эрдмээг автобуснаас буулгаж ирсэн. Тэгээд би Эрдмээг заамдаад цайны газарт оруулсан. Тэгтэл Эрдмээ намайг мөргөсөн. Тэгээд би түүний биед гар хүрээгүй тэвчсэн. Тэгээд дахиад намайг мөргөсөн. Тэгээд би хавсарч унагаад дээр нь дарсан. Тэгээд би цагдааг иртэл заамдаад зогсож байсан...Манай эхнэр Баярмаа болон Эрдмээ нар хоорондоо тоглож байгаад манай эхнэр Эрдмээгийн эхнэрийг хөгшин, тарган гэж хэлсэн гэсэн. Тэрнээс болоод л маргаан гарсан байсан...Би Эрдмээгийн биед гэмтэл учруулаагүй. Харин Эрдмээ өөрөө хана мөргөөд байсан...Би Эрдмээг газарт хавсарч унагаасан. Харин Эрдмээ...зууралдсан жигээрээ газарт унасан. Толгой нь газарт унаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92, 94-95/

            15. Яллагдагч Ц.Эрдмээгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...ямартай ч намайг заамдаж барьчихаад чи намайг цохь би харин чамаас их хэмжээний мөнгө нэхэх болно гээд байсан бөгөөд миний уурыг хүргэж дахин цохиулах гээд олон удаа нулимсан байх, би тухайн үед боолтонд ороод ухаан алдах гээд байхаар нь болиулах гээд нүүрэн тус газар цохиж, ам руу нь мөргөж байж боолтыг нь сулруулсан юм...Би эхнэрээ өмөөрөөд л ийм асуудал боллоо. Чимэддоржийг би санаатай зодоогүй, гэхдээ миний дээр суугаад намайг боогоод байхаар нь би тавиулах гэж нүүр хэсэгт нь цохисон. Харин Баярмаа нь манай эхнэрийг хэл амаар доромжлоод байхаар нь багалзуур хэсэгт нь гараараа түлхсэн. Өөр зүйл болоогүй...Баярмаа нь манай эхнэрийг “Хөгшин бүдүүн хүүхэн авчирчихаад жирэмслүүлчихээд дагуулаад явдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурласан, Баярмаартай маргалдчихаад явж байхад нөхөр нь араас гарч ирээд намайг боогоод газарт унагаасан. Тэгээд намайг зодоод байхаар нь би түүнээс биеэ хамгаалсан...Баярмаа манай эхнэрийг доромжлоод байхаар нь би сэрээ шидсэн. Тэгтэл Баярмаа надруу дайраад ирэхээр нь цамцны энгэр хэсгээс нь татаж байгаад түлхээд гарсан. Харин Чимэддоржийн нүүр хэсэгт гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56, 97-98/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Чимэддорж нь 1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Өвөрхангай аймгийн шүүхийн А/04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2002 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь,

            Шүүгдэгч Ц.Эрдмээ нь 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 225 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сарын баривчлах ял, нийт 10 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлсэн, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар 13 хоногийн хорих ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 58, 62-65, 66-67, 106-109, 110-111, 112, 116, 118-119, 120/-аар тус тус тогтоогдлоо.

            Шүүгдэгч Ж.Чимэддоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т “78.2.4.хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Ц.Эрдмээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-т “онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасныг зөрчин 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнийг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№4690, №4691/-уудыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

            Учир нь шүүгдэгч Ц.Эрдмээгийн хохирогч Ц.Баярмаад “хөгшин нөхөртэй” гэж хэлэхэд нь хохирогч Ц.Баярмаа нь “Хөгшин бүдүүн хүүхэн авчирчихаад жирэмслүүлчихээд дагуулаад явдаг”, “чи цаашаа зайл үз банди минь” гээд дух руу нь түлхсэнээс болж маргалдаж, шүүгдэгч Ц.Эрдмээ нь хохирогч Ц.Баярмааг хоолойг нь боох, сэрээ шидэх, үснээс нь зулгаах, гуя руу өшиглөх, толгой руу нь цохих зэргээр зодож бие махбодид нь тархи доргилт, баруун гуяанд цус хуралт, чамархай болон хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, мөн хохирогч Ж.Чимэддоржийг өөрийн эхнэр Ц.Баярмааг өмөөрөн “чи яахаараа миний эхнэрийг зоддог юм” гэж хэлэхэд нь түүнтэй зууралдан Ж.Чимэддоржийн нүүр болон хамар руу нь мөргөх, нүүр рүү нь гараараа цохих зэргээр зодож бие махбодид нь үүдэн 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, хамрын нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсныг,

            шүүгдэгч Ж.Чимэддорж нь өөрийн эхнэр Ц.Баярмааг зодлоо гэж өмөөрөн хохирогч Ц.Эрдмээг шанаа руу нь гараараа цохих, толгойгоор нь хана мөргүүлэх, газарт хавсарч унагаан дээрээс нь дарж шал мөргүүлэх зэргээр зодож бие махбодид нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж тус тус үзнэ.

            Иймд шүүгдэгч Ж.Чимэддоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Эрдмээг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” гэж зааснаар шүүгдэгч Ц.Эрдмээгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-т заасан ялгүй болох хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Эрдмээгийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ж.Чимэддорж, Ц.Баярмаа нарт сайн дураар 463.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ж.Чимэддорж, Ц.Баярмаа нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Эрдмээгийн хувийн байдал /0-12 насны 3 хүүхэдтэй/ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 350 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзлээ.

Харин хохирогч Ц.Эрдмээ нь шүүгдэгч Ж.Чимэддоржтой сайн дураар эвлэрч, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул Ж.Чимэддоржид холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Цагаан овогт Жамбалдоржийн Чимэддоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Боржигон овогт Цогийн Эрдмээг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Цагаан овогт Жамбалдоржийн Чимэддоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Ж.Чимэддоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эрдмээгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Цогийн Эрдмээг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

6. Ж.Чимэддорж, Ц.Эрдмээ нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольдог болохыг сануулсугай.

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Чимэддорж, Ц.Эрдмээ нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР