Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 910

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор П.Бямбасүрэн,

          шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар,

          нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 580 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Хт холбогдох эрүүгийн 1809 0000 00232 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Барьд овгийн Б-ын Х, 1976 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн ..... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ...... тоотод түр оршин сууж байсан,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 175 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 1-д зааснаар өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 573 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Хт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 573 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас үлдсэн 1 жил 3 сар 6 хоногийн ялаас 1 жилийн хорих ял нэмж нэгтгэн, нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж, нийт 10 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2000 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 10 сар 28 хоногийн хорих ялын зарим болох 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 11 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Хыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 18 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас чөлөөлсөн, /РД:....../,

Б.Х нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 16 дугаар гудамжны 158 тоотод оршин суух иргэн Б.Дгийн гэрт 9 настай Ч.Яыг байхад нь “аав, ээж чинь утас аваад ир” хэмээн орж, улмаар шүүгээн дээр байсан “Olimpus” загварын гэрэл зургийн аппаратыг нь авч зугтаасан буюу илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Хыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Хын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн, хэргийн зүйлчлэл буруу гэж үзсэн учир давж заалдах гомдол гаргаж буй тул хэргийг зөв зүйлчлэн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.

            1. Миний бие урьд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан нь үнэн бөгөөд өмнө үйлдсэн гэмт хэргийн ялыг эдэлж дууссан байхад ял хүндрүүлэх нөхцөл байдал болгосонд гомдолтой байна. Хуучин хуулийн “давтан” гэдэг үндэслэлээр миний бие олон жилийн хорих ял эдлээд дуусчихсан болохоор одоогийн ял хүндрүүлсэн байдал нь нэг гэмт хэрэгт дахин яллаж байгаа явдал гэж үзэж байна.

            2. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн учир миний бие анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

            3. Энэ хэрэгт ямар нэгэн халдлага үйлдээгүй, эцэг, эхийг нь хүлээж байгаа, утас аваад ир гэж байна гэх зэргээр итгэл үнэмшил төрүүлж, залилан мэхэлсэн үйлдэл хийсэн тул хэргийн зүйлчлэл буруу бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд хэргийг зөв зүйлчилж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Н.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэснийг эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.5 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудаар хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Б.Х нь анхнаасаа үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээж, учирсан хохирлоо нөхөн төлсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх чадвартай, өндөр настай өвчтэй эхийгээ асран халамжилдаг, хохирогчоос ямар ч гомдолгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахдаа хүндрүүлэн үзсэн тул давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 16 дугаар гудамжны 158 тоотод оршин суух иргэн Б.Дгийн гэрт 9 настай Ч.Яыг байхад “аав, ээж чинь утас аваад ир” хэмээн орж, улмаар шүүгээн дээр байсан “Olimpus” загварын гэрэл зургийн аппаратыг нь авч зугтаасан буюу илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Дгийн “...охин Я над руу залгаад “манай гэрт танихгүй ах орж ирээд зургийн аппаратыг аваад гарчихлаа” гээд уйлаад байсан. ...” /хх 11-13/,

насанд хүрээгүй гэрч Б.Дгийн “...тэр ах буцаж гэрт орж ирээд “ээж чинь гар утас аваад ир” гэнэ ээ гэхээр нь би “энэ миний утас гээд өөрийнхөө “Самсунг гранд” загварын гар утсаа тэр ахад өгөөгүй. Тэгтэл тэр ах “аав, ээж хоёрыг нь иртэл түр хүлээе” гээд зогсож байгаад шүүгээн дээр байсан хар өнгийн зургийн аппаратыг аваад гарах гэхээр нь би түрүүлж гараад гүйсэн. ...” /хх 14-15/ гэх мэдүүлгүүд,

 

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8, 9/, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-23/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Хыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

 

Шүүгдэгч Б.Х “хэргийг зөв зүйлчилж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар “хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн үндэслэл бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан байна.

Насанд хүрээгүй гэрч Ч.Яын “...тэр ах ширээ тулж зогсож байгаад шүүгээн дээр байсан хар өнгийн зургийн аппаратыг аваад гарах гэхээр нь би түрүүлж гараад “туслаарай” гээд хашхирсан чинь нөгөө ах хажуугаар гараад гүйсэн...” гэж мэдүүлснээс үзэхэд Б.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан ба прокуророос хэргийг зөв зүйлчилсэн, шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл Б.Хыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүх, шүүгдэгч Б.Хыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний өмнөх ял шийтгэл эдэлж байсан нөхцөл байдлыг хүндрүүлж дүгнээгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хувийн байдлыг харгалзан үзсэн нь хуульд нийцнэ.  

 

Иймд давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 580 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

 

                                                                        

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                                Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ