Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         02          10                                  2022/ШЦТ/111

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ц.Н,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,

улсын яллагч Д.Уянга нарыг оролцуулан эрүүгийн 2211000000124 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Цагаан туг овогт Ц.Н, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 5, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар согоотын 1 дүгээр гудамж 274 дүгээр тоотод төрсөн дүү хохирогч Ц.Тэмүүлэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ц.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар согоотын 1 дүгээр гудамж 274 дүгээр тоотод төрсөн дүү хохирогч Ц.Тэмүүлэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгаар цээжний зүүн талын хавирга болон зүүн гарын дотор талын бугуй хэсэгт тус тус зүсэж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Ц.Н нь хохирогч Ц.Тэмүүлэнг цээжний зүүн талын хавирга болон зүүн гарын дотор талын бугуй хэсэгт хутгаар зүсэж гэмтэл учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Ц.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орой би найзынхаа төрсөн өдөрт оролцоод найзуудтайгаа архи,пиво уугаад би нэлээн согтчихсон гэр лүү гээ харихаар ганцаараа таксидаад явсан юм. Би төрсөн эгч болох Ц.Нгийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1 дүгээр гудамж 274 дүгээр тоот гэрт нь би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 01 цаг өнгөрч байхад очсон юм. Би эгчийн гэрт манай аав болох Цэрэвжав, манай эгч Н 2 гэртээ байсан бөгөөд би буцаж найз дээрээ очих гээд Н эгчээс таксины мөнгө асуутал Н эгч уурлаад шөнө болсон байхад хаачих гээд байгаа юм бэ? одоо унт гээд намайг загнахаар нь миний уур хүрээд эгчийг гараараа түлхтэл эгч газарт унаад босож ирээд "намайг унт” гээд дахиад загнаад намайг ор луу түлхээд байхаар нь би зөрүүдлээд эгчийг "надаас гараа ав” гэж хэлээд эгч өөрөөсөө холдуулаад түлхтэл эгч газарт унасан. Тэгээд манай аав Цэрэвжав цаад талын өрөөнөөс гарч ирээд юун чимээ шуугиан болоод та 2 хоорондоо муудалцаад байгаа юм бэ'? гэж асуугаад гараад иртэл манай эгч гал тогооны шүүгээнээс хар өнгийн иштэй хутга барьж аваад “чи яах гээд согтуу гэрт орж ирээд агсам тавьж орилоод, унтахгүй. хуний хэлсэн үгийг тоохгүй байгаа юм бэ гэж надад хэлхээр нь би та"наад хутгаа тавьчих гэж эгчийн барьж байгаа хутгыг нь авах гээд зүүн гараараа хутга руу нь явуултал, Н эгч “өгөхгүй” гээд хутгатай гараа далайтал миний цээжний зүүн талын хавирга болон зүүн гарын дотор талын бугуй хэсэг зүсэгдээд цус гарсан юм. Тэгээд манай эгч “яанаа миний дүү, миний буруу гээд надаас уучлалт гуйгаад. уйлаад миний гарыг маарлаар боож, манай эгч эмнэлгийн байгууллага дуудсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

- гэрч Д.Мөнхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2022.01,09-н.ь 03:35 минутад 103-аас цээжиндээ хутгалуулсан хүн ирсэн. Пагма гэх эмч авч ирсэн. Биеийн байдал хүндэвтэр өвчин намдаасан, оёдол тавьсан, рентгенд харсан. цусны шинжилгээ авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

- яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,

- яллагдагч Ц.Нгийн байнга оршин суух хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

- яллагдагч Ц.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

-яллагдагч Ц.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Н хохирогч Ц.Тэмүүлэнг хутгаар зүсэж гэмтээн цээжний зүүн хэсэг, зүүн шуунд шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1595 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/ тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Ц.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар согоотын 1 дүгээр гудамж 274 дүгээр тоотод төрсөн дүү хохирогч Ц.Тэмүүлэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгаар цээжний зүүн талын хавирга болон зүүн гарын дотор талын бугуй хэсэгт тус тус зүсэж гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тусгажээ. Тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад: “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн,”, 1.4 дэх заалтад: “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.” гэж тус тус хуульчилжээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан  хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж дүгнэлт хийхэд хохирогч Ц.Тэмүүлэн нь согтуурсан үедээ төрсөн эгч Ц.Нгийнд очиж нас өндөр эцгийнхээ дэргэд хэрүүл маргаан үүсгэн зүй бус үйлдэл гаргасан байна. Мөн шүүгдэгч Ц.Н нь хохирогч Ц.Тэмүүлэнг хутгаар биед нь гэмтэл учруулсан даруйдаа өөрөө ойлгон, гэмшиж, туслалцаа үзүүлсэн болох нь тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны зарчмыг баримтлан дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмэгтэй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Ц.Тэмүүлэнгийн гаргаж өгсөн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 63 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Ц.Нг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Цагаан туг овогт Ц.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ