Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         02          21                                   2022/ШЦТ/157

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ш.Э,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,

улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан эрүүгийн 2111013660125 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овогт Ш.Э

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ш.Э нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 6-163 тоотод хохирогч Д.Галбадрахтай хамт пиво ууж байгаад гарахдаа түүний эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А-30 Эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ш.Э нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 6-163 тоотод хохирогч Д.Галбадрахтай хамт пиво ууж байгаад гарахдаа түүний эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-30 Эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Ш.Э нь хохирогч Г.Галбадрахын эзэмшлийн Самсунг А-30 Эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

         - хохирогч Д.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 сарын 21-ний өдөр найз М.Эрдэнэбаатарын гэр болох Чингэлтэй дүүргийн 15 хороо Жаргалантын 6-163 тоотод байх гэрт нь очоод өнөөдрийг хүртэл Эрдэнэбаатарын гэрт байгаа... Энэ хооронд буюу 10 сарын 23-ны үдээс хойш 16 цагийн орчим Эрдэнэбаатарын танил болох Болормаа гэх 40 гаран насны эмэгтэй найз Э гэх ойролцоо насны эмэгтэйн хамт 10 настай охин дагуулчихсан гэрт нь орж ирсэн. Тэгээд тухайн үл таних хоёр эмэгтэйд гэрт байсан архинаас хийж өгтөл архи уухгүй пиво ууна гэж хэлсэн, тэгээд Эрдэнэбаатар дэлгүүр рүү пивонд гарчихад ирье гэж хэлээд гарч яваад нээх удалгүй эргэж орж ирсэн... Тухайн үед миний эзэмшлийн Самсунг Галакси 30 Эс загварын гар утас миний хэвтэж байсан орны цэнэг дүүрэн ямар ч унтрах боломжгүй байсан... өөрийгөө Э гэх эмэгтэй нь баруун орон дээрээс босож ирээд гэрийн урд хэсгээр тойрч миний хэвтэж байсан орны урд ирээд стакантай пиво өгөхөөр нь би тухайн эмэгтэйд пиво уудаггүй гэж хэлээд надад өгөх гэж авчирсан пивыг нь аваагүй болохоор тухайн эмэгтэй буцаад гэрийн үүдний хэсгээр тойроод баруун орон дээр очиж суусан. Тэгээд тухайн хоёр эмэгтэй нь Эрдэнэбаатарын авчирсан савтай пивыг ууж дуусгаагүй байхад 18 цагийн орчим гэнэт явлаа гээд саванд үлдсэн пиво тэр чигт нь бариад гараад явсан. Тэгээд Эрдэнэбаатар бид хоёр гэртээ юм яриад хэвтэж байгаад 21 цагийн орчимд утсаараа хүн рүү залгах гээд сейф дээр хартал миний гар утас байхгүй, залгаад үзэхэд холбогдох боломжгүй байсан,.. Өнгө нь хар өнгөтэй, дэлгэцэн дээрээ шилэн наалттай. наалтын зүүн дээд өнцөг бага зэргийн цууралттай байсан. Ардаа соронзон тогтоогчтой хар өнгийн гэртэй байсан, өөр ямар нэгэн сэв байхгүй шинээрээ шахуу гар утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,

         - насанд хүрээгүй гэрч Э.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2021 оны 11 дүгээр сарын эхээр манай ээж Э надад Самсунг А-30 эс маркийн хар өнгийн хуучин гар утсыг надад авчирч өгсөн юм. Хаанаас яаж авсан талаараа надад огт хэлээгүй, би өөрийн мобикомын 95887509 симийг хийж ашигладаг байсан, мөн өөрийн дүү Номинзаяагийн мобикомын 85149824 дугаарын симийг хийж ашиглаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цэнхэр өнгийн Хайлааст-Цэцэг төв хооронд явдаг автобусанд явж байгаад автобуснаас 84-ийн автобусны буудал дээр буугаад үзтэл байхгүй болсон байсан юм Сая цагдаагаас дуудахад нь ямар учиртай утас байсан гэдгийг нь л мэдсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

             - гэрч М.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “тэгээд тэр хоёрыг гараад явсны дараа бид хоёр манай гэрээс огт гаралгүй. юм яриад хэвтэж байтал Галбадрах гар утсаа хайгаад унасан, тэгээд би гайхаад чиний гар утас чинь толгой дээр чинь харагдаж байсан ш дээ гэж хэлээд цуг хайсан боловч олдоогүй, 90224426 тай дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

- гэрч Д.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ найз Э түүний 10 настай охины хамт байж байхад миний танил хуурай ах болох Эрка буюу Эрдэнэбаатар нь над руу залгахаар нь... тэгээд 1 цаг орчмын дараа Эрдэнэбаатар ах над руу залгаад ахын дүү манайд хүрээд ирээч тогооч нарын баярын чинь өдөр ах нь ганц юм авч өгье гэж хэлэхээр нь би найз Эгаас хамт явах уу гэж асуусан чинь тэгье гэж хэлсэн. Тэгээд Э бид хоёр Эн-охиныг дагуулаад Эрдэнэбаатар ахын гэрт 15 цагийн орчимд очиход найз нь гээд ахимаг насны эрэгтэй хүн гэрийнх нь баруун талын орон дээр хэвтэж байсан... Тэгсэн чинь нөгөө үл таних эрэгтэй өөрийгөө бид хоёрт Галаа гэж танилцуулаад “Самсунг" гэсэн бичиглэлтэй гар утаснаас өөрсдийнхөө гэр бүлийн зургийг харуулж сонирхуулж байгаад, хэвтэж байсан орныхоо дэрэн доогуур хийж байгаа харагдаж байсан. Тэгээд удалгүй Эрдэнэбаатар ах гаднаас 1 шил Хараа нэртэй архи, лаазтай пиво зэргийг бариад орж ирсэн... бид хоёр хүүхэдтэй явж байна. харилаа гээд 16 цагийн орчим гэрээс нь гараад явсан... Маргааш өглөө нь над руу Галаа гэх ах Эрдэнэбаатар ахын дугаараас залгаад Болороо чи миний утсыг авчихлаа ш дээ гэж хэлсэн, тэгэхээр нь би та юу яриад байгаа юм бэ?, би юу гэж хуний утас авч байдаг юм бэ гэж хэлээд утсаа салгаад Э руу залгаад айлын гэрээс утас алдагдсан байна, чи авчихсан юм биш биз гэсэн чинь Э уурлаад юу яриад байгаа юм, одоо хурдан очиж учрыг нь ольё гэж хэлээд Этай хамт Эрдэнэбаатар ахын гэрт нь очиход хүн байхгүй байсан... Тэгсэн чинь Галаа гэгч нь ганцаараа байсан бөгөөд бид хоёрыг утас гаргаж өг, та хоёроос өөр хүн орж ирээгүй, авсан барьсан гээд янз бүрээр хэлсэн. тэгэхээр нь бид хоёр утсыг чинь аваагүй, тэгвэл цагдаадаа хандаа гэж хэлсэн...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар тал/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЧД2-21-723 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-35 дугаар тал/

-“Мобиком корпорац” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/7138 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч Ш.Э нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 6-163 тоотод хохирогч Д.Галбадрахтай хамт пиво ууж байгаад гарахдаа түүний эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А-30 Эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ш.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Д.Галбадрахын: “...350.000 төгрөгийн хохирлыг бэлнээр өгч барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 61 дүгээр тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Ш.Эг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Ш.Эг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ш.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ