Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

    2022         01          21                                   2022/ШЦТ/93

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч М.Н,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 2111011791393 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Хулууд овогт М.Н

 Монгол Улсын иргэн, Төв аймагт 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дээд боловсролтой, Экологич мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.Н нь 2021 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39А байрны гаднах талбайд тээврийн хэрэгсэл дотороо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад, улмаар тус байрны хашааны мотортой, автомат төмөр хаалгыг өөрийн жолоодон явсан “Тоёота приус 20” загварын 49-03 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөн гэмтээсний улмаас нийт 1.996.650 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцогдон авсан СиДи 1 ширхэгт бичигдсэн дүрс бичлэг, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар  шүүгдэгч М.Н нь 2021 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39А байрны гаднах талбайд тээврийн хэрэгсэл дотроо бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад, улмаар тус байрны хашааны мотортой, автомат төмөр хаалгыг өөрийн жолоодон явсан “Тоёота приус 20” загварын 49-03 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөн гэмтээсний улмаас нийт 1.996.650 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч М.Н нь бусдын эд хөрөнгийг гэмтээж хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТӨЗА-88” СӨХ-ны захирал хийдэг юм. Манай СӨХ-нь мэдэлд байдаг тус хорооны 39А байрны гадна талын мотортой автомат төмөр гүйдэг хаалгыг 2021 оны 08 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө мөргөж эвдлээд явсныг 14-ний өглөө мэдээд цагдаа хандсан. Хяналтын камер шүүж үзтэл уг гүйдэг төмөр хаалгыг 49-03 УНИ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн автомашины жолооч эмэгтэй автомашинаараа мөргөж эвдлээд гарсан байсан. Уг эмэгтэй нь манай байранд байдаг хүнтэй уулзаж байгаад явсан ба хаалгыг онгойлгоод явах боломж байсаар байтал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөргөөд гарсанд гомдолтой байна. Шөнийн 00 цагийн үед уг автомашин байрны гадна талын хашаан дотор ороод ирчихсэн нэг гарах, нэг болиод байж байсан. Нэг эмэгтэй нь жолооны ард сууж байгаад мөргөөд гараад явсан. Тэр автомашинаараа мөргөж байхад нөгөө 3 нь тэр эмэгтэйг болиулах гэж байгаа байдалтай байсан. Уг мөргөсөн эмэгтэй нь манай байранд байдаг О.Ууганбаатар /99057717/ гэж залуутай ирж уулзсан юм байна лээ. Би тэр залуутай уулзаад уг эмэгтэйн автомашины дугаар болон нэрийг нь мэдэж авсан. Бид нар “Итгэл эстимэйт” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн бөгөөд уг үнэлгээгээр 1.766.650 төгрөгийн хохирол учирсан. Дээр нь үнэлгээний ажлын хөлс гэж 240.000 төгрөг өгсөн. Нийт 1.996.650 төгрөгийн хохирол дээр манай СӨХ-д үүссэн. Хаалгаа эвдлүүлсэндээ гомдолтой байна Уг хохирлоо яаралтай гаргуулж авмаар байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дугаар тал/, 

- гэрч Ц.Доржхандын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:                   “...Э.Ууганбаатарт хаалгыг онгойлгоод өгчих гэж их гуйсан. Гэвч онгойлгож өгөхгүй байсаар байгаад М Н нь автомашинтайгаа гадна гүйдэг төмөр хаалгыг мөргөөд гараад явчихсан Тэгээд бид 3 тэндээ үлдсэний дараа автомашин барих гэж ирсэн залуугаар би гэртээ хүргүүлсэн. Харин Э.Ууганбаатар хашаандаа ганцаараа үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-65 дугаар тал/,

- гэрч Э.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Нын гэрээс хүн залгаад байсан бололтой байсан ба явахаар болоод намайг хаалгаа онгойлго гэж хэлэхээр нь миний хаалганы чип гэрт байгаа, одоо надад алга гэж хэлсэн. Тэгсэн Н нь намайг хаалгаа онгойлгохгүй байна гэж бодсон байх уурлаад байсан. Би тэгэхээр нь “чи согтуу байна, битгий машин барь. энэ дуудаж ирсэн хүнээрээ бариул1’ гэж хэлсэн. Тэгсэн үгүй гэж уурлаад шууд манай байрны гүйдэг төмөр хаалгыг машинаараа мөргөөд гараад яваад өгсөн. Тухайн үед намайг гэрт ороход 02 цаг өнгөрч байсан байхаа. Манай байрны гадна төмөр хаалга нь өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай зүгээр байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар тал/,

 - камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 97 дугаар тал/,

- “Итгэлт эстимейт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 72-87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч М.Ныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39А байрны хашааны мотортой, автомат төмөр хаалгыг гадагш гарахын тулд өөрийн жолоодон явсан “Тоёота приус 20” загварын 49-03 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр шууд санаатайгаар мөргөн бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас нийт 1.996.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч М.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар,  эмэгтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

            Түүнд оногдуулсан торгох ялыг орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч хуулийн этгээд болох “ТӨЗА-88” СӨХ-д нийт 1.996.650 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Мэндсайханд нийт 1.040.000 төгрөгийн тус тус  хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч М.Наас нийт 3.036.650 төгрөгийг гаргуулж, хохирогч “ТӨЗА-88” СӨХ-д /Г.Ганзоригт/ 1.996.650 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Мэндсайханд 1.040.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Уг хохирлыг шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгт энэ хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Хулууд овогт М.Ныг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ныг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Ныг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Наас нийт 3.036.650 /гурван сая гучин зургаан мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулан, хохирогч “ТӨЗА-88” СӨХ-д /Г.Ганзориг/ РД:ХН82060711/-т 1.996.650 /нэг сая есөн зуун ерөн зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Мэндсайхан /РД:ФБ82112375/-д 1.040.000 /нэг сая дөчин мянган/ төгрөгийг тус тус олгож, 3 /гурав/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ