| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 105/2017/0834/Э/001/2021/0128 |
| Дугаар | 2022/ ШЦТ/87 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/87
2022 01 19 2022/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
шүүгдэгч О.Э,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
иргэдийн төлөөлөгч Х.Дэлгэрмаа,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, О.Баярбаясгалан нарыг оролцуулан эрүүгийн 2014260002714 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Гахан боржигон овогт О.Э
Дорноговь аймгийн Сайншанд суманд 1962 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, “Ургах говь” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Э нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Жаас өөрийн хувьцаа эзэмшдэг компанийн “Говьмарал ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмших буюу компанийн тодорхой хувийг эзэмших боломжтой” гэж хуурч нийт 413.050 доллар, 5.000 юань буюу 547.045.108 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч,
мөн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Жаас “Говьмарал” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байгаа” гэж итгүүлэн хуурч мэхлэн автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь бүрэн төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн байгуулж, нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Тоёото ланд круйзер-200” загварын 2 ширхэг автомашиныг өөртөө шилжүүлэн авч,
мөн 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхоны 5 дугаар байрны 27 тоотод хохирогч Б.Жы өмчлөлийн нийт 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг бусдад өндөр үнээр худалдан борлуулж өгнө гэж итгүүлэн хуурч мэхлэн өөртөө шилжүүлэн авч,
мөн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 33 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Поло” нэртэй гоо сайхны салоны захирал хохирогч С.Эээс худалдан борлуулж байсан гоо сайхны бараа бүтээгдэхүүнээс нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “бараа бүтээгдэхүүнийг зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж хэлэн итгэл эвдэн нийт 14.534 америк долларын буюу 29.053.466 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өөртөө шилжүүлэн авч,
мөн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “өөрийгөө уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хохирогч Х.Гантуяаг хуурч, бодит байдлыг нуух замаар нийт 116.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч,
мөн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “өөрийн уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцаан өгнө, өндөр хүүтэй мөнгө зээлээч” гэж хохирогч Х.Гандуламд итгүүлэн хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 24.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч,
мөн 2015 оны 03 дугаар сард ОХУ-ын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна. 7 хоногийн дараа буцаан өгнө” гэж хэлж итгүүлэн хохирогч Э.Таас хуурч, 6.000 америк доллар буюу нийт 11.917.320 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч,
мөн 2017 оны 05 дугаар сарын 10-наас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” нэртэй хувцас захиалга, оёдлын газраас хохирогч Л.Д-д урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, хөлсийг нь төлөлгүй нийт 1.300.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг өөртөө шилжүүлэн авч тус тус залилах гэмт хэргийг үйлдэн хохирогч нарт нийт 1.022.774.974 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Шүүх шүүгдэгч О.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудад түшиглэн, бататгах, няцаах замаар үйл баримтыг сэргээн дүрсэлж, дотоод итгэл үнэмшилдээ үндэслэн эрх зүйн дүгнэлт хийсэн болно.
1. Шүүгдэгч О.Э нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Жаас өөрийн хувьцаа эзэмшдэг компанийн “Говьмарал ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын “Алтан тал” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий битумын орд газрыг худалдан борлуулан, уг орд газрыг зарж борлуулахад мөнгө хэрэгтэй байна. Надад 600.000 ам доллар өгвөл ордоо зарсны дараа 1.000.000 ам доллар болгож өгнө, эсхүл уг ордыг хамтран эзэмших буюу компанийн тодорхой хувийг эзэмшиж болно” гэх мэтээр хэлж ярьж хуурч, залилан нийт 413.050 доллар, 5.000 юань буюу нийт 547.045.108 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Эын өгсөн: “Би мөнгийг Б.Жаас авсан.” гэх утга агуулга бүхий мэдүүлэг,
- хохирогч Б.Жаас мөрдөн шалгах ажиллагааны үед удаа дараа тогтвортойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан хууль сануулан авсан: “...Би 2011 онд Э гэх эмэгтэйтэй найз нөхдөөрөө дамжуулан танилцсан бөгөөд дараа нь ажлын шугамаар холбогдсон юм аа. ...Тэгээд Э ажил маань бүтэж байгаа Хятад, Тайван, Япон улсуудад зарахаар болсон тэгэхийн тулд талбайгаа томсгох шаардлагатай байна 600.000 ам.долларын тусламж үзүүлээч хэрвээ би битумын орд газраа зараад мөнгөтэй болбол чамаас авсан 600.000 ам.долларыг 1.000.000 доллар болгож өгнө гэж хэлэхээр нь би итгээд хөрөнгө оруулахаар болсон. ...Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтантал нэртэй газарт үйл ажиллагаа явуулдаг битумын орд газар гэсэн. Би энэ орд газарт нь очиж үзээгүй бөгөөд бичиг баримтыг нь үзэж хараад хөрөнгөө оруулсан юм. Сүүлд сонсоход энэ 253.63 га газарт нийтэд нь олборлолт явуулаагүй, зөвхөн 1 га газарт нь л хайгуул явуулаад бусад талбайд хайгуул хийгээгүй тэгсэн мөртлөө надад бүх талбайд нь хайгуул олборлолт хийгээд нөөцийг нь тогтоосон гэж худал хэлсэн байсан, ... О.Э нь битумын орд газартай тэрийгээ зараад чамаас авсан мөнгөө өсгөж өгнө итгэхгүй бол манай компанийн 10 хувийг эзэмш гэж хэлж байсан надад уул уурхайн хоёр ширхэг лиценз, хотын А бүсэд хоёр газар байсны нэг газрыг нь зарсан. Миний дансанд Голомт банкны хувийн харилцах дансанд нийтдээ 1 сая 600 гаран мянган доллар байсан, ...Одоо өгөх мэдүүлэгтээ энэ тоо баримтыг тодорхой болгоно гэж бодож байгаа. ...2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 10.000 ам.доллар, дээр нь 4.200.000 төгрөг буюу нийт 3050 ам.долларыг өгсөн. Дараа нь 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 457032636 тоот данснаасаа бэлнээр 50.000 ам.долларыг авч нийт 63.050 ам.долларыг өгсөн. Энэ тухайгаа 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр баталгаажуулсан ба үүнийг Э хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ нь тухайн өдрийн ханшаар 63.050*1329.97=83.854.608,5 төгрөг болж байгаа юм. ...2012 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Монгол банкны хажуугийн Голомт банк руу О.Этай хамт орж данснаасаа 150.000 ам.доллар авч өгсөн. ...Э надад 150.000 ам.доллар хүлээн авсан тухайгаа бичиж гарын үсэг зурж өгсөн. ...2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Номин их дэлгүүрийн урд байрлах Голомт банкны салбараас Эын 1605010801 данс руу 200.000 ам.долларыг өөрийнхөө данснаас шилжүүлсэн Ингээд Эд нийд 413.050 ам.долларыг өгсөн. ...Эд өгсөн мөнгө бол миний хувийн мөнгө.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 18-21 дүгээр тал, 5 дугаар хавтаст хэргийн 89-91 дүгээр тал, 9 дүгээр хавтаст хэргийн 152-155 дугаар тал, 11 дүгээр хавтаст хэргийн 182-184 дүгээр тал/,”
- гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан авсан: : “...Үндсэндээ би Э, Ж нарыг таньдаг гэсэн үг. ...Сүүлд нь Жтай уулзахад Ж Эын битумын орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанид 500-600 мянган долларын хөрөнгө оруулалт хийгээд аль ч үгүй болсон. Энэ асуудлаа шүүх, цагдаагаар шалгуулж байгаа гэж байсан. / 9 дүгээр хавтаст хэргийн 159-161 дүгээр тал/,
- шүүгдэгч О.Эын Голомт банк дахь 1605010801 тоот ам.долларын харилцах дансны хуулга “...О.Эын Голомт банк дахь ам.долларын 110256454 тоот дансны хуулга ...2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 200.000 ам.долларыг Б.Жаас шилжүүлсэн гүйлгээний баримт” /4 дүгээр хавтаст хэргийн 211 дүгээр тал/,
-хохирогч Б.Жаас шүүгдэгч О.Эд мөнгө хүлээлгэж өгсөн баримтууд /4 дүгээр хавтаст хэргийн 25-26, 211-212 дугаар тал, 9 дүгээр хавтаст хэргийн 156-158 дугаар тал/,
- голомт банкны бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /4 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
- Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 7/711 албан тоот /3 дугаар хавтаст хэргийн 246 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгчийн зүгээс: “О.Эын авсан мөнгө нь хохирогч Б.Жы мөнгө биш “Хан Мон Лоу” ХХК-тай үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгдсэний дагуу надад орж ирсэн мөнгө, тиймээс Б.Ж хохирогч биш, уг мөнгөний эх сурвалжийг олж тогтоох ёстой” гэж маргасан болно.
Хавтас хэрэгт авагдсан: - гэрч Х.Х.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бид хоорондоо ярилцаж тохиролцоод О.Этай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан юм. Ингээд уг гэрээний дагуу худалдан авагч хайж Солонгос Улсын том гэхээр компаниудтай уулзсан боловч О.Эын өгсөн нөөц тодорхойлсон шинжилгээний бичиг баримтуудыг “хангалтгүй, итгэх боломжгүй юм байна” гэх шалтгаанаар авах компани олдоогүй. Ингээд гэрээ байгуулсан цагаас хойш ойролцоогоор 10 сарын дараа гэрээ биелэгдэх боломжгүй учраас О.Эын хүсэлтээр гэрээгээ цуцалсан байгаа. Үүнээс хойш энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй ...манай компани Этай байгуулсан гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй. Харин хүмүүстэй уулзаж орд газрыг танилцуулах ажилд гарах зардлыг би өөрөө хариуцсан байгаа. ...Б.Ж нь “Муккэчонбу” ХХК-ийн нэр дээр байсан зүүн дөрвөн замын зүүн хойд талд байрлалтай Кемпинский зочид буудлын зүүн талд байдаг 5000 м.кв газрын 1.800.000 ам.доллароор худалдан авахаар тохиролцож, 300.000 ам.долларыг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 1.500.000 ам.доллар авах дутуу байгаа. Гэхдээ энэ асуудлаа бид хоорондоо шийдэх болно.“ гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 224-226 дугаар тал/,
- гэрч М.У мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...2012 оны сүүлээр Э гэх хүн манай ажил дээр ирээд “Х Х Снтай уулзах гэсэн юм. Намайг Пүрэвням ах явууллаа” гэж хэлсэн. Энэ үед анх уулзсан. Харин Б.Жы хувьд 2005-2006 оны үеэс манай захирал Х Х Снтай ажил төрлийн холбоотой байдаг гэдгээр нь таньж мэднэ. Б.Ж нь 2011 оноос 2012 оны 9 дүгээр сар /осолд орох хүртлээ/ манай компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. ...О.Э нь анх манай компани дээр ирэх үедээ “Битум худалдан авах хүн хэрэгтэй байна. Худалдан авах хүн олж өгч туслаач” гэж хэлсэн. Үүний дагуу манай захирал Х Х Снтай уулзаад 2012 оны 2 дугаар сарын 21-ны өдөр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулахдаа манай компанийн зүгээс О.Эаас ямар нэгэн мөнгө авсан зүйл огт байхгүй. Гэрээний хүрээнд манай компанийн захирал Х Х Сн нь Солонгос Улсын нэлээдгүй том том компаниудтай уулзаад явдаг байсан боловч тухайн үеийн эдийн засгийн хямралтай үе байсан учраас хөрөнгө оруулагч олдохгүй байсан. Ингээд хөрөнгө оруулагч олдохгүй байсан учраас Эын хүсэлтээр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г цуцалсан байгаа. ...Манай компанийн зүгээс Б.Жд мөнгө өгч буцаан аваагүй тийм тохиолдол огт байхгүй. Бидний хооронд өр авлагын асуудал байхгүй. Тэгээд ч манай компани нь ашиг орлого бага олдог учраас бусдад зээлэх хөрөнгө байхгүй. Б.Ж, О.Э нарын хоорондын мөнгө өгсөн авсан асуудлыг бид мэдэхгүй. Энэ асуудлаас болж манай компанид учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 217-219 дугаар тал/,
- Үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, орчуулгын хамт /4 дүгээр хавтаст хэргийн 37-46 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн талаас маргаж буй зүйл няцаагдаж байна.
Нэгтгэн дүгнэвэл хохирогч Б.Ж нь шүүгдэгч О.Эын “Говьмарал” ХХК-ын эзэмшилд буй МҮ-016934 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий орд газрыг худалдан борлуулахад зуучлах гэрээ, хэлэлцээр, зуучлалын үйл ажиллагаанд оролцохдоо ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна. “Хан Мон Лоу” ХХК-ын захирал Х Х Сн, О.Э нарын хооронд байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу “Хан Мон Лоу” ХХК нь үйлчилгээ үзүүлсний хөлс аваагүй, харин шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Жаас буюу түүний хувийн данснаас удаа дараагийн үйлдлээр мөнгө авч байсан үйл баримт тогтоогдож байх ба Б.Жд байсан мөнгөний эх үүсвэрийг шалгах шаардлагагүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Тайлбар гэх гарчигтай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэх 2 хуудас баримтыг урьд шүүх хуралдаанд гаргаж өгсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт: “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй.” гэж хуульчилжээ. Уг заалтыг зөрчиж өгсөн баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй юм. Мөн энэ баримт нь эх хувиараа авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс үнэлэх боломжгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч О.Э нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Жаас “Говьмарал” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байгаа” гэж итгүүлэн хуурч мэхлэн автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь бүрэн төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн байгуулж, нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Тоёото ланд круйзер-200” загварын 2 ширхэг автомашиныг өөртөө шилжүүлэн авсан гэмт үйлдэл тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
- хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Эд 2012 оны 5 дугаар сарын 25-нд Ланд Круйзер 200 маркийн нэмэлт бүрэн тоноглолтой, обудтай 5 дугуйны хамт 1 ширхэг, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мөн бүрэн тоноглолтой Ланд Круйзер 200 маркийн авто машиныг буюу нийт 2 машиныг итгэлцлийн үндсэн дээр шилжүүлэн өгсөн. Учир нь тус 2 машиныг Э хүүхдэдээ өгөх юм, миний нэр дээр төлбөр тооцоо дууссан гэсэн гэрээ хийж өгөөч гэхээр нь би хүсэлтийг нь биелүүлж худалдах худалдан авах гэрээг хийж өгч нотариатаар батлуулсан. Энэ асуудлыг Э урьдаас төлөвлөж хийсэн залилан гэж бодож байна. Надад мөнгийг нь өгөөгүй хэрнээ төлбөр тооцоогүй гэсэн гэрээг хийчихье машины мөнгийг асуудалгүй өгнө гэчхээд одоо болтол мөнгийг нь өгөөгүй байгаа ...Э намайг гуйгаад байсан. Юу гэж гуйсан бэ гэхээр би 2 хүүхдэдээ өртэй машин өгмөөргүй байна гээд байсан. Тэгээд би Эд итгээд мөнгийг нь аваагүй байж худалдах худалдан авах гэрээ хийгээд л өгчихсөн юм.” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 152-155 дугаар тал/,
- гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ “Манай Нью Вайт Ривер” ХХК нь автомашин барьцаалан зээлдүүлэх гэрээ үйлчилгээ явуулдаг. 2013 оны 10 сарын сүүлээр манайхтай хамтран ажилладаг “Голожис” ХХК-аас надад Ланд 200 маркийн машин худалдах санал тавьсан бөгөөд надад таалагдсан учраас бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тэгээд Бямба гэдэг хүнд 85.000.000 сая төгрөгөөр худалдсан. Би Э гэх хүн танихгүй.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал/,
- гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 744 дугаартай гэрээ бол миний байгуулсан гэрээ мөн байна. Би энэ гэрээнийхээ хуулбарыг Нийслэлийн архиваас авсан. Гэрээнд дурдагдсан байгаа Б.Ж, О.Э гэх хүмүүсийг танихгүй юм байна. Энэ гэрээнд “Тоёото ланд круйзер” маркийн авто машиныг Ж нь 73 сая төгрөгөөр Эд зарж худалдах худалдан авах гэрээг байгуулсан байсан байна. Зарж байгаа машины үнэ болох 73 сая төгрөгийн төлбөр тооцоо дууссан тухайг дурдсан байна. Төлбөр тооцоо дууссан гэснээр гэрээг нотариатаар баталгаажуулж тамга тэмдгээ дарсан. 2012 онд байгуулагдсан гэрээ болохоор Б.Ж, О.Э гэх нь ямар хүмүүс байсныг бол санахгүй байна. Б.Ж, О.Э нарын хооронд байгуулсан энэ гэрээнд төлбөр тооцоог бэлнээр өгч дууссан тухайгаа дурдаж нотариатаар баталгаажуулсан байна. Хэрвээ төлбөр дуусаагүй гэсэн бол гэрээг нотариатаар баталгаажуулахгүй. ...Талууд өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа нь гэрээг батлах үндэс болно.” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 178-180 дугаар тал/,
- гэрч Р.Онончимэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төлбөрийг нотариатчийн дэргэд өгөлцөж авалцсан тохиолдолд мөнгө авч байгаа хүнээр нь гэрээний доор болон арын хэсэгт мөнгө авлаа гэсэн баримт үйлдүүлэн авдаг. Энэ бүртгэлээс харахад тийм баримт байхгүй байгаагаас харахад эдгээр хүмүүс нь нотариатчийн дэргэд мөнгө өгч авалцаагүй гэсэн үг юм. Гэхдээ төлбөрийн асуудлыг нотариатч заавал тодруулдаг учраас худалдагч Ж нь тооцоо дууссан гэдгийг хүлээн зөвшөөрөөд бүртгэл дээр бичиглэлийг хийж гарын үсэг зурсан байна. ...би над дээр байгаа бичиг баримтын хүрээнд ярилаа. Хэрэв миний дэргэд нэг нь нэгийгээ гуйгаад төлбөр тооцоо дууссан мэтээр гэрээ хийлгэх гэсэн бол гэрчлэх ямар ч боломж байхгүй. Нэг талаас хуурамч баримт үйлдэж байна гэсэн үг болно. Харин тэр хүмүүсийн хоорондоо юу гэж ярьсан талаар би мэдэхгүй. Мэдэх ч боломж байхгүй.” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 233-235 дугаар тал/,
- Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /9 дүгээр хавтаст хэргийн 181-185 дугаар тал/,
- Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /11 дүгээр хавтаст хэргийн 237-238 дугаар тал/,
- Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /11 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар тал/,
- Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Б.Ж, О.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /11 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал/,
Авто тээврийн үндэсний төв УТҮГ-ийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Дугаар 430 албан тоот, хавсралтын хамт /12 дугаар хавтаст хэргийн 26-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо автомашины үнийг төлсөн, залилах гэмт хэрэг үйлдээгүй талаар маргаж оролцсон боловч хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд хохирогч Б.Жы өмчлөлийн “Ланд-Круйзер 200” загварын 2 ширхэг автомашины үнийг төлсөн байдлаар гэрээ хийсэн боловч төлбөр төлөгдсөн талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч О.Эыг автомашины үнийг төлөөгүйгээр хохирогч Б.Жаас шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.
3. шүүгдэгч О.Э нь 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхоны 5 дугаар байрны 27 тоотод хохирогч Б.Жы өмчлөлийн нийт 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг бусдад өндөр үнээр худалдан борлуулж өгнө гэж итгүүлэн хуурч мэхлэн өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
- хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны 6 дугаар сарын 15-20-ны хооронд Э нь манай хүү Ю.Ганзоригт туслаач гэж гуйсны дагуу Ганзоригоос 55.000 ам.доллар бэлэн өгч шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан мөнгөн үст болор хөөргийг нь авсан. Э яагаад надаас ингэж тусламж хүссэн гэвэл үүнээс өмнө Этай Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байх битумын орд газраа зараад надаас зээлж авсан 2 ширхэг Ландкруйзер 200, бэлнээр 5000 юань, 400.000 ам.доллар, 18 сая төгрөг зэрэг зүйлсийг өгсөн байсан учир итгээд хүүгээс нь хөөргийг нь авсан. Э надад хэлэхдээ хүү Ганзоригийг хөөрөг хийдэг бөгөөд өмнө нь хамтран амьдарч байсан эхнэр нь хүүхдийн тэтгэвэр нэхээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байнга нэхээд байна тийм учраас тус болооч гэхээр нь авсан. Үүнээс хойш 2 жил 2 сар гаран хугацааны дараа буюу 2014 оны 8 дугаар сарын үед Э хүрч ирээд миний хажууд нэг хүнтэй утсаар яриад би сая Дагвадорж аваргын хадам ээж Эрдэнэчимэгтэй ярилаа хүүгийнхээ зарсан хөөргийг ашигтайгаар зарж ирье гэхээр нь итгээд хөөргийг өгч явуулсан. Ашигтай гэдгийг нь надад худалдсан үнэ болох 55.000 ам.доллароос илүү зарж өгөх юм байна гэж ойлгоод хөөргөө даалинтай нь өгч явуулсан. Тэгээд сар гаран хугацаанд Этай утсаар ярихаар өнөөдөр, маргааш болох гэж байна гэж ярьсаар байгаад сүүлдээ утсаа авахгүй алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хөөргийг өгч явуулахад итгэлцлийн хувьд өгч явуулснаас ямар нэгэн гэрээ, гар баримт үйлдээгүй.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 132-133 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.Э нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай компанид хөөрөг барьцаалан 1 сарын 3.5 хувийн хүүтэй 50.000.000 төгрөгийн зээл авсан. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа зээлийн төлбөрийг шаардахаар утсаа авахгүй, гэрт нь очсон боловч хаалга үүдээ тайлж өгөхгүй санаатайгаар төлбөр төлөхөөс зайлсхийж эхэлсэн. Үүний дагуу манай компани нь 2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж хариуцагчаас 50.000.000 төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэрийг гаргуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй, барьцаа хөрөнгө нь өөрөө бусдыг залилан мэхлэх аргаар авч манай байгууллагад барьцаанд тавьсан байна.” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 187-189 дугаар тал/,
- гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би О.Э гэж хүнийг танихгүй бөгөөд энэ хүн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1 төгрөгийн мөнгөнөөс том хэмжээтэй шүрэн толгой, алтан нуухтай, олон газраа цэгэн хорхой идсэн, нөхөөстэй, цагаан саарал гэмээр өнгөтэй их гарын алтан үст болор хөөргийг 1 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр 50 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Хөөргөний хугацааг сунгуулаагүй Э нь утсаа авахгүй алга болсон учир 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд Эыг олуулахаар гомдол гаргаж түүний дагуу Эыг олж авч зээлээ төлөхийг шаардахад тухайн үед хоёр ихэр хүүхэдтэй нялх биетэй байсан бөгөөд өөрөө эвлэрлийн гэрээ байгуулъя гэж байгуулж 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны хооронд 10 сая төгрөгөөр 5 удаа өгч үндсэн зээлээ төлөхөөр тохиролцсон. Энэ гэрээнийхээ дагуу мөнгөө төлөөгүй ...манай ломбардын хувьд Э нь өөрийн хөөрөг гэж бичиг баримтаа үзүүлж гэрээ байгуулж барьцаанд тавьсан учир тухайн үед хөөргийг авсан байгаа” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 230-231 дүгээр тал/,
- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 142-143 дүгээр тал, 11 дүгээр хавтаст хэргийн 247-249 дүгээр тал/,
- гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 онд Ж, Э эгчийн хүүхдээс 55.000 ам.Доллароор худалдаж авлаа гээд алтан үст болор нэртэй чулуугаар хийсэн ширээний том хөөрөг байсан. Уг хөөргийг үзээд арай үнэтэй авсан юм биш үү гэхэд энэ бол Монголд ганцхан байгаа хөөрөг гэж хэлж байсан. Тэр хөөрөг нь маш гоё хийцтэй, том шүрэн толгойтой, алтан нуухтай байсан. Тухайн үед Ж уг хөөргөө тод харуулахын тулд цагаан тамхи хийнэ гэж ярьж байсан. ... 2013 онд Э хөөргийг Дагвадоржийн хадам аавд нь үзүүлээд үнэ тохирвол зараад өгье гэж хэлээд авч яваад одоо болтол мөнгөө өгөхгүй байгаа. Уг хөөргийг ломбардад тавьсан гэж хэлээд байгаа гэж ярьж байсан.” /5 дугаар хавтаст хэргийн 56 дугаар тал/,
- хохирогч С.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э ямар нэгэн хөөргөний талаар огт яриагүй бөгөөд энэ талаар би мэдэхгүй, сонсооч үгүй. Ж гэж хүн энэ талаар надаас асуусан тийм зүйл болоогүй, над руу хөөргөний талаар яриагүй гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 137 дугаар тал/,
- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 146-148 дугаар тал/,
- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11 дүгээр хавтаст хэргийн 247-249 дүгээр тал/,
- “Начин заан” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 02/10/424 тоот албан бичиг /11 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар тал/,
- “Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт /6 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр тал/,
Эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтаст хэргийн 125 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт О.Э нь төсөл санхүүжүүлэх зардлыг Б.Жы зөвшөөрлөөр түүний өмчлөлийн алтан үст, болор хөөргийг Начин заан ХХК-ийн ломбардад барьцаалж авсан 50.000.000 төгрөгөөр санхүүжүүлсэн гэж маргасан болно.
- гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...10.000 ам.доллар өгөхөд нь би гэрээнд заасан мөнгөө өгч байгаа юм байх гэж бодоод аваад гэртээ хариад байж байхад надтай уулзсанаасаа хойш 2 цаг орчмын дараа Э дахин над руу залгаад ”саяны үзэж байсан машиныг худалдан авах болчихлоо мөнгө дутаад байна эгчийнхээ түрүүн өгсөн долларыг буцаагаад өгчих би хөдөө явж ирээд нэг мөсөн тооцоо хийе чи намын байрны дэргэд авч ирээд өгчих” гэхээр нь би буцаж яваад ардын намын байрны дэргэд Э машинтайгаа ганцаараа байж байхад нь 10.000 ам.долларыг буцаан өгсөн.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр тал/,
- гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянгол зочид буудлаас яриад Солонгос Улсын иргэдийг Э гэдэг хүн аваад явлаа тооцоог нь таныг хийнэ гэнэ ээ та ирж тооцоогоо хийнэ үү гэж ярихаар нь Э уг нь Солонгосчуудыг Монголд ирүүлэхтэй холбоотой зардлыг хариуцна гэж байсан учир гайхаад Э руу залгахад огт утсаа авахгүй байсан учир бид зочид буудалд очоод иргэний үнэмлэхээ барьцаалж үлдээгээд буцаад нисэх онгоцны буудалд явж очоод нисэхийн төлбөр хураан авдаг хаалгаар орж байхад нөгөө хаалгаар Э машинтай гараад явчихсан. ...Солонгосчуудын ирэх буцах нисэхийн зардлыг бид бас дааж төлсөн.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 235-237 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар О.Э нь төсөл санхүүжүүлэх зардлыг Б.Жы алтан үст, болор хөөргийг “Начин заан” ХХК-ийн ломбардад барьцаалж авсан 50.000.000 төгрөгөөр санхүүжүүлсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна гэж үзэв.
4. Шүүгдэгч О.Э нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 33 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Поло” нэртэй гоо сайхны салоны захирал хохирогч С.Эээс худалдан борлуулж байсан гоо сайхны бараа бүтээгдэхүүнээс нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “бараа бүтээгдэхүүнийг зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж хэлэн итгэл эвдэн нийт 14.534 америк долларын буюу 29.053.466 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
- хохирогч С.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Би 2009 оноос хойш Э гэх хүнийг таньж мэддэг болсон. Тухайн үед би поло гоо сайхны салон ажиллуулдаг байхад таньж мэддэг болсон. ...Тэгээд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр О.Э нь манай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо бага тойруугийн 2-33 тоотод байрлах салоны байранд ирээд миний борлуулж байсан поло брэндийн бүтээгдэхүүнээс 3.475.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан аваад 100 долларын урьдчилгаа өгөөд үлдэгдэл 3.336.000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцсон. Уг мөнгөө Э нь сарын дараа бүгдийг нь төлж барагдуулсан юм. Тэгээд бараа авахгүй байж байгаад 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ирээд таны бүтээгдэхүүнийг эгч нартаа зарах гэсэн юм аа сайн бүтээгдэхүүнүүд байна миний юмнаас хэрэглээд байна гэж хэлээд 1267 долларын үнэтэй барааг зээлээр авсан. ...бараа бүтээгдэхүүнүүдийг би өөрөө хэрэглээд найз нөхдөдөө зарна танай бүтээгдэхүүн сайн гээд авсан. Тэгээд би мөнгийг нь нэхэхээр мөнгө орж ирэхээр нь найз нь бөөнд нь өгнө гэж хэлээд аваад байсан. ...Э уул уурхайн орд бүхий хувийн компанитай гэж байсан. Энэ шугамаараа үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Миний хувьд нэг хотхонд амьдардаг, бас ам.доллароор гүйлгээ хийдэг, уул уурхайн компани гэхээр мөнгө төгрөгтэй гэж ойлгосон. Бас нөхөр Юм гэх хүн байсан боловч би танил биш. Нэг хүү нь Монголд нөгөө хүү нь Тайванд сурдаг гэж байсан. Тэгээд л би мөнгө төгрөгтэй, гэр орон нь ч боломжийн амьдралтай гэж ойлгосон. Ингээд л Э нь манайхаас авсан гоо сайхны хэрэглэл нь манай эгч дүү нарт таалагдаад байна гээд л авах болсон. Авсан огноо үнээр нь 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1267 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 574 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 04-ны өдөр 450 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 1574 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 771 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 04-ны өдөр 84 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 724 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 209 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 400 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5415 ам.долларын, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 274 ам.долларын, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 542 ам.долларын, 2013 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 1323 ам.долларын, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 103 ам.долларын, 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 850 ам.долларын нийтдээ 14534 ам.долларын бараа бүтээгдэхүүнийг 2013 оны 5 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 15 удаа ирж авсан. Э надаас бүтээгдэхүүн авахдаа “удахгүй мөнгө бөөнөөр орох гээд байна. Мөнгийг чинь өгөөгүй нэмж бараа авахаар санаа зовоод байх юм” гэж хэлэхээр нь би өгчихдөг байсан. ...14533 ам.доллар авмаар байна. ...тухайн үеийн ханшаар 29.053.466 төгрөг болж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90, 91 дүгээр тал/,
- гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед Эрдэнэчимэг эгчийн гоо сайхны бараа зардаг салонд ажилладаг байхад Э гэж эгч ирж гоо сайхны бүтээгдэхүүн ирж зээлээр авдаг зарим барааг нь би Эд тусгаар тогтнолын ордонд байх ажил дээр нь хүргэж өгөөд өөрсдөө өгсөн талаар падаан 2 хувь бичээд нэг хувийг Эд өгдөг байсан. Тэр падаан нь Япон хэл дээр бичигдсэн байсан бөгөөд өгч байгаа бүтээгдэхүүнийхээ нэрийг Монголоор бичдэг байсан бөгөөд яагаад гарын үсэг зурдаггүй байсныг мэдэхгүй байна. Захирлын найз гээд их итгэдэг л байсан. Э нь авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг өгөлгүй удааширсан. Эрдэнэчимэг захирал Эд өгсөн бүтээгдэхүүнийхээ мөнгийг нь төлөөгүйг жагсаалт гарга гэсний дагуу би жижиг дөрвөлжин ногоон өнгөтэй цаасан дээр падааныг харж байгаад сар, өдрөөр нь авсан бүтээгдэхүүний мөнгөн дүн болох доллароор цувуулан бичиж авах ёстой мөнгөн дүнг гаргаж өгсөн. Үүнийг бичихдээ цээжээр бичээгүй падаанаа харж байгаад цуваад гаргаж өгсөн сая үзүүлсэн миний гараар бичиж гаргаж өгсөн баримт мөн байна. Энэ баримтад 400, 630 доллар гэж бичигдсэн нь Эрдэнэчимэг захирлын бичиг байна. ...Эхний тооцоо нь 10.079 доллар, дараагийн хуудас нь 3166 доллар нийт 13.245 долларын бүтээгдэхүүн авсаар талаар тооцоо гаргаж өгсөн. ...Захирлыг байхад ч ирдэг байсан байхгүй байхад нь бол захирал руу Э нь утсаар яриад над руу захирал ярихад нь өг гэсний дагуу падаан бичээд өгдөг байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 236-237 дугаар тал/,
- гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...МАН-ын төв байр тусгаар тогтнолын ордны 1 дүгээр давхарт 3 өрөө түрээсэлдэг бөгөөд 101 тоот өрөөг нь О.Э гэж хүнд 2012 оны 2 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сар хүртэл 1 сарыг нь 1.500.000 төгрөгөөр түрээсэлж байгаад түрээсээ өгөлгүй явж байгаад хааяа ирнэ тэгэхэд нь уулзахаар маргааш, нөгөөдөр, сарын дараа гэх зэрэг цаг хугацааг өөр өөрөөр ярьж хэлж уул уурхайн компанид гадаадын хөрөнгө оруулалт хийнэ гэх зэрэг цаг хугацааг өөр өөрөөр хэлж ярьж яваад 2014 оны 10 дугаар сарын үед гэнэт түрээсэлж байгаа өрөөгөө солино гээд 910 тоот өрөөнд шилжин орсон. Нийт түрээсийн төлбөр нэхэмжлэх юм бол 27 орчим сая төгрөг байгаа” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 91-93 дугаар тал/ энэ мэдүүлэг нь гэрч Л.Наранцэцэгийн өгсөн бараа бүтээгдэхүүнийг шүүгдэгч О.Эын ажлын байр буюу МАН-ын байрны “Тусгаар тогтнолын ордон”-д аваачиж өгч байсан гэдгийг баталж байна.
- Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №11/4-6476 тоот албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 248 дугаар тал/,
- хохирогч С.Эээс шүүгдэгч О.Эд Япон Улсын “Pola” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдсан баримтууд /12 дугаар хавтаст хэргийн 91-109 дүгээр тал/,
- гэрч Л.Н тооцооны баримт /3 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр тал/,
- хохирогч С.Эийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт хандаж 2015.01.29-ний өдөр гаргасан “О.Эд залилууллаа” гэх утгатай гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Шүүгдэгч О.Э нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “өөрийгөө уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хохирогч Х.Гантуяаг хуурч, бодит байдлыг нуух замаар нийт 116.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
- хохирогч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2013 онд өөрийн таньдаг эгч Уранбилэг гэх хүнээр дамжуулан Э гэх хүнтэй танилцсан тухайн үед уул, уурхайтай холбоотой бизнес эрхэлдэг гэсэн ба Э гэх хүнд мөнгө хэрэгтэй байна 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх үү гэж хэлсэн тэгэхээр нь би 2014 оны 1 сарын 13-ны өдөр Э гэх хүнд бэлнээр 100.000.000 төгрөгийг өгсөн үүний дараа нэг сарын дараа 16.000.000 төгрөгийг Эд өгсөн тухайн мөнгийг эхлээд 100.000.000 төгрөгийг өгөхдөө Этай хамт нотариатаар баталгаажуулан уг мөнгийг өгсөн дараагийн 16.000.000 төгрөгийг өгөхдөө ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй ямар нэгэн баримт байхгүй энэ мөнгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр Эд зээлсэн. Ингээд 3 сар өнгөрсний дараа ярихад эгчийнх нь ажил амжилттай болж байгаа удахгүй мөнгийг чинь өгнө гэж мессеж бичсээр өдийг хүрсэн. ...Этай 2017 оны 2 дугаар сараас хойш утасных нь ярианы эрх хаагдаж холбоо барьж чадахгүй болж Гандуламын хамт ХУД-ийн нутаг дэвсгэрт байх Ривер гарден хотхонд очсон боловч хаалгаа тайлж өгөөгүй. ...Гандулам эгч бид хоёр Налайх дүүрэгт танил Урнаа гэж эгчийнд 2-3 удаа очсон Э байж таарсан. Гэтэл Урнаа, Э гэж хүн 3 сарын хугацаатай мөнгөний хэрэг байна 10 хувийн хүүтэй зээлнэ гэнэ гэж хэлсэн. Тэгээд Этай танилцаад эхлээд 116 сая төгрөг дараа нь манай эгч Гандулам 24 сая төгрөг тус тус зээлүүлж мөнгөө залилан мэхлүүлсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 228 дугаар тал, 6 дугаар хавтаст хэргийн 134-135 дугаар тал/,
- гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...О.Э гэж хүнд манай эхнэр Гантуяа мөнгө зээлүүлье найдвартай гэхээр нь бэлэн байсан 100 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж өгч байснаас энэ хүнийг огт танихгүй. Этай хүнээр дамжуулан танилцсан гэж байсан. ...би 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороололд байх нотариатын газар очиж бэлнээр 100 сая төгрөг өгч сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Үүнээс хойш дээрх мөнгөн дээр нэмж цувуулан бэлнээр 10, 4, 2 сая төгрөгөөр нийт 16 сая төгрөгийг ямар нэгэн баримт бичиг үйлдэж гэрээ хэлэлцээр хийгээгүй өмнө нь гэрээ хийчихсэн байсан учир итгээд өгч явуулсан. ...Энэ мөнгийг Э 0008 серийг нь санахгүй байна Ланд Круйзер 200 маркийн хар өнгийн машин унаж ирээд авч явж байсан. Э мөнгө зээлэхдээ ашигт малтмалын нэг орд газартай түүнийгээ зарах гэж байгаа тийм учраас мөнгө хэрэг болоод зээлж байгаа тэгээд үүнийг зараад мөнгийг чинь буцааж өгнө хүлээж байгаарай итгээд хүлээж байгаарай гэж ярьдаг байсан. ...мөн манай эхнэр Гантуяагийн эгч Гандулам мөн Эд мөнгө зээлүүлээд алдсан гэж саяхан сонссон. ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 138-139 дүгээр тал/,
-гэрч Ч.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гантуяа, Гандулам нарыг таньдаг бөгөөд хамаатан садан биш. 2013 онд шиг санаж байна Э ломбардад байгаа юмнуудын хугацаа нь дуусаад алдах гээд байна авах хүн байвал өгчих юмсан гэж байхаар нь Гантуяад шиг санаж байна энэ талаар хэлээд эдгээр хүмүүс хоорондоо танилцаж байсан. Гантуяа, Гандулам нар үүнээс хойш Эд мөнгө зээлүүлсэн гэж байсан бөгөөд хэдэн төгрөгийг хэдэн хувийн хүүтэй хэрхэн хоорондоо зээлүүлсэн талаар нь мэдэхгүй байна. ...Э эгч олон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй Дорноговь аймагт байдаг гээд надад гэрчилгээг нь үзүүлж байсан. Мөн битумын орд газартай гэж ярьж байсан санагдаж байна. ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр тал/,
- Зээлийн гэрээний хуулбар “...Д.Баясгалан, О.Э нарын хооронд байгуулсан” /6 дугаар хавтаст хэргийн 75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
6. Шүүгдэгч О.Э нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “өөрийн уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцаан өгнө, өндөр хүүтэй мөнгө зээлээч” гэж хохирогч Х.Гандуламд итгүүлэн хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 24.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
- хохирогч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн найз Уранбилэгээр дамжуулан анх Э гэх хүнтэй танилцсан. Тухайн үед Э нь уул, уурхайн лицензийн бизнес хийдэг гэж хэлж байсан. Мөнгөний хэрэг гараад байна 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж хэлсэн тэгэхээр нь би Эд 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг, дараа нь 3 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 3 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг Голомт банкны дансаар шилжүүлсэн. Ингээд 3 сарын дараа мөнгөө нэхэхээр мөнгө удахгүй орж ирнэ гэж хэлсээр өдийг хүрсэн ...нийлээд 24.000.000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр өгсөн. Эхлээд тус бүр 10.000.000 төгрөг 2 удаа өгөхдөө бэлнээр Эд өөрт нь өгсөн. Би өндөр хүүтэй 3 сарын хугацаатай гэхээр нь 10.000.000 төгрөгийг нь Тогтохбаяр гэж хүнээс 6 хувийн хүүтэй зээлж, үлдсэн 10.0000.000 болон 4.000.000 төгрөгийг найз Наранцэцэгийн ээж болон найзаас нь 5 хувийн хүүтэй зээлж авсан. ...Э хохирол барагдуулаагүй бөгөөд ...утас нь 2017 оны 2 дугаар сараас хойш орох ярианы эрх хаагдаж холбоо барьж чадахгүй болсон. ...би Эд 20 сая төгрөгийг нь 10, 10 сая төгрөгөөр нь гэрээ байгуулан өгч 4 сая төгрөгийг нь ямар нэгэн барим үйлдээгүй өгсөн. Манай дүү надаас өмнө 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулаад 100 сая төгрөг, 10, 4, 2 сая төгрөгийг тус тус гэрээ байгуулаагүй бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 230-232 дугаар тал, 6 дугаар хавтаст хэргийн 136 дугаар тал/,
- зээлийн гэрээний хуулбар “...Х.Гандулам, О.Э нарын хооронд байгуулсан” /6 дугаар хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
7. Шүүгдэгч О.Э нь 2015 оны 03 дугаар сард ОХУ-ын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна. 7 хоногийн дараа буцаан өгнө” гэж хэлж итгүүлэн хохирогч Э.Таас хуурч, 6.000 америк доллар буюу нийт 11.917.320 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
- хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2009 онд Оросын холбооны улсын Москва хотын Найрамдлын их сургуульд шүдний эмчээр суралцахаар анх очиж суралцаж байсан. Ингээд 2014 оны 4 дүгээр сард Монголоос ирсэн О.Этай анх танилцаж байсан. Тэр үед О.Э нь надтай хамтран амьдрагч Амарбаясгалантай уулзаж байхад нь танилцсан. Тэгээд 2015 оны 1 дүгээр сард О.Э нь Монголд байхдаа надтай утсаар холбоо барьдаг байсан. Юу гэж ярьдаг байсан юм бэ гэхээр “үр шилжүүлэн суулгах гэж байгаа юм, эмнэлгээр явна чи өөрөө эмчийн мэргэжлээр суралцаж байгаа болохоор энэ чиглэлээр судлаад өгөөч, бас орчуулагч хэрэгтэй” байна гэдэг байсан. Би Эын ярьсны дагуу үр суулгах эмнэлгүүдийг судалсан байсан юм. О.Э 2015 оны 2 дугаар сарын эхээр Монголоос Москвад ирсэн. Бид 2 Москвад уулзаад маргаашаас эмнэлгүүдээр явж “Арт-Эко” гэх эмнэлгийг сонгосон. Тэгээд Э шинжилгээ өгөөд 1 сарын турш эмчилгээ хийлгээд 2015 оны 3 дугаар сарын 02-нд үр шилжүүлэн суулгуулахаар болсон юм. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Э миний амьдарч байсан гэрт ирээд “би бүтэн сар эмнэлгээр явлаа маргааш үр шилжүүлэн суулгах ажилбарт орно, тэгсэн чинь мөнгө бүтсэнгүй, энэ хугацааг хойшлуулмааргүй байна, эмнэлэг нь урьдчилаад мөнгө тушаа гэсэн гээд 5,500 /таван мянга таван зуу мянга/-н долларын баримт үзүүлсэн. “Арт-Эко” эмнэлгээс бичиж өгсөн баримт үзүүлсэн. О.Э тэр үедээ “би 50 настай дахиж надад ийм боломж олдохгүй ш дээ, яг үр шилжүүлэх гэхэд мөнгө орж ирэхгүй байна, уг нь 7 хоногийн дараа Монголоос лицензийн мөнгө орж ирэх гээд байна, эгчдээ мөнгө түр олоод өгөөч” гээд уйлаад гуйгаад байсан. Надад тэр үед сургалтын төлбөрт өгөх 6000 ам.доллар байсан болохоор тэр мөнгөө Э эгчид өгсөн. 6000 ам.долларыг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Арт-Эко” эмнэлэг дээр нь аваачиж өгсөн. Тэр өдрөө Э үр шилжүүлэн суулгах мэс ажилбарт орсон юм. Би Э эгчийн мөнгө 7 хоногийн дараа ирэх юм чинь би 7 хоногийн дараа төлбөрөө хийчихье, Э эгч ямар ч байсан хүсэж байсан үр шилжүүлэн суулгах ажилдаа орог гэж бодсон юм. Тэгээд 7 хоногийн дараа мөнгө ирээгүй. Би мөнгөө нэхээд л байдаг байсан миний мөнгийг өгөөгүй. Э эгч 7 хоногийн дараа битгий хэл одоо хүртэл миний мөнгийг өгөөгүй намайг залилж мэхэлсэн. Нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Мөнгөө нэхэхээр эхэндээ өгнөө гэдэг байснаа сүүлдээ юун сүртэй юм, ер нь та нараас болж ийм юм болсон гээд ойлгомжгүй юм яриад байдаг болсон. ...Э надад ээмэг бэлэглэхийн хувьд бэлэглэсэн. Тэр ээмэг нь 10.000 ам.доллар хүрэхгүй. Яагаад гэвэл надад бэлэглэсэн ээмгийг Москва хотын Оросын ломбардад үнэлүүлж зарсан юм. Тэр нь 120 ам.доллар болж байсан. Үүнийг Э мэднэ.” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 119-123 дугаар тал, 125-127 дугаар тал/,
- гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2014 оны өвөл манай байранд Э буугаад танилцаж байсан бөгөөд үүнээс хойш бие биенийгээ таньдаг болсон. Э надад ярихдаа Халимаг Аркади Манджиев гэж хүнтэй суух гэж байгаа хамт Халимаг Улсад очоод ирлээ гэж ярьж байсан. Тухайн үед 3-4 хоночхоод намайг Монгол руу явахад цуг явсан. Энэ оны зун 5, 6 дугаар сарын орчимд Э нь Аркади Манджиевтай уулзах гэж ирсэн. Хамтран амьдраад сууна гэж ирээд Лотте рус зочид буудалд байрлаж буугаад ойролцоогоор 1 сар орчим болсон. Буудалд бол тэр Аркади Манджиев нь ирээд хэсэг байж байгаад буцдаг байсан. Аркади Манджиев нь урлагийн хүн байсан бөгөөд ирэхээрээ тоглолт, хүлээн авалтад ороод буцдаг байсан. ...2014 оны 8 дугаар сард өвчний улмаас хоёр хөлөндөө хагалгаанд ороход нь тус болж арай хямд үнээр хийлгүүлж өгч байсан. ...2015 оны 2 дугаар сард тус Лотте рус зочид буудалд буугаад үр шилжүүлэн суулгуулна гээд эмнэлгээр явсан. 2015 оны 3 дугаар сард намайг эзгүйд манай эхнэрээс 6000 ам.доллар үр шилжүүлэн суулгуулна гээд зээлж авсан байсан. Мөнгө зээлэхдээ манай эхнэрт Монголоос мөнгө ирнэ санаа зоволтгүй гэж хэлээд авсан байсан. ...2015 оны 2 дугаар сарын эхээр ирэхдээ Аркади Манджиеваас хүүхэдтэй болно, эмчилгээ хийлгэмээр байна Лотте рус буудалд хямдралтай байрламаар байна ярьж өгөөч гэсэн. Би Элчин Сайд Алтангэрэлтэй яриад Аркади Манджиевын эхнэр Э ирсэн байна, Лотте рус буудалд хямдралтай байрлуулах боломж байгаа юм уу гэж асуусан. Тэгэхэд Алтангэрэл сайд Зоригоо зөвлөхтэй ярьсан байх. Тэгээд ямар ч байсан Э Лотте рус буудалд 50 хувийн хөнгөлөлттэй буусан. Э өөрөө Орос хэл мэдэхгүй байсан тул би машин тэргээр, эхнэр Т эмнэлэгт үзүүлэхэд орчуулга хийх зэрэг бүхий л тусламжийг үзүүлж байсан. Энэ тусламжийг үзүүлсэн гэж Т бид 2 Эаас нэг ч төгрөг аваагүй, хөлс нэхээгүй, сэтгэлээрээ тусалж байсан. Э тухайн үед 2 ихэр хүүхэд төрүүлнэ, үр суулгана гэж байсан. Аркади Манджиев ч хэд хэдэн удаа ирж байсан. Үр суулгахад Эын насыг 50 гарсан учир боломжгүй гэж Москва хотын эмч нар хэлж байсан. Гэвч Э өөрөө үр суулгана гэж байсан тул Т бид 2-ын тусламжаар хоёр ихэр хүүхдийн үр ч суулгуулж, үр суулгах ажиллагаа амжилттай явагдсан. Э нь энэ үр суулгах ажиллагааны төлбөрт шаардлагатай 6000 ам долларыг манай эхнэр Таас авсан байгаа. Т надад энэ мөнгийг өгснөө нуусан байсан. Тэгээд Э 2015 оны 6 дугаар сард Монгол Улс руу буцсан. Буцахдаа байрлаж байсан Лотте рус буудлын төлбөрийг төлөөгүй зугтаасан. Э Лотте рус буудлаас гарахдаа “эмнэлэгт 7 хоног эмчлүүлнэ буудлын төлбөр явж байг” гэж худлаа хэлж гарсан байдаг. Мөн Тын сургалтын төлбөртөө өгөх гэж байсан 6000 ам долларыг өгөөгүй. Таас 6000 ам долларыг зээлж авахдаа Монголоос мөнгө удахгүй ирнэ, санаа зоволтгүй гэж хэлээд авсан байсан. Энэ мөнгийг Э одоо ч өгөөгүй байгаа. ...Би Эд нэг ч төгрөгийн өр байхгүй. Эаас зээлэх болон бусад байдлаар нэг ч төгрөг авч байгаагүй. Яагаад надаас авлагатай гэж хэлснийг гайхаж байна. Надаас авлагатай юм бол тэр баримтаа гаргаад ирэх ёстой ш дээ. Харин би Эд их тус болсон. Үүний хариуд нэг ч төгрөг нэхээгүй. Тд 10.000 ам.долларын үнэтэй алтан сувдан ээмэгний хослол бэлэглэснийг мэдэхгүй. Хэрвээ Эд тухайн үед 10,000 ам долларын үнэтэй алт сувдын хослол бүхий ээмэг байсан бол үр суулгахдаа барьцаанд тавих юм уу, зарж ашиглаж болох байсан байх. Харин Т, Э нар нэг ээмэг ломбардад тавих гээд Москва хотын маш олон ломбардад үнэлүүлсэн гэсэн. Тэр нь 300 ам доллар болсон гэсэн. 300 ам доллароор тавьсан ломбардын бичгийг Т олохгүй байгаа юм. Би одоо Орост очоод Таар тэр ломбардыг заалгаад бичгийг шүүлгэж олж баримтыг нааш нь явуулъя гэж бодож байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 88-90 дүгээр тал, 8 дугаар хавтаст хэргийн 112-115 дугаар тал/,
- хохирогч Э.Тын Голомт банк дахь 2209337245 тоот ам.долларын дансны хуулга /8 дугаар хавтаст хэргийн 132-148 дугаар тал/,
- хохирогч Э.Тын Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
8. шүүгдэгч О.Э нь 2017 оны 05 дугаар сарын 10-наас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” нэртэй хувцас захиалга, оёдлын газраас хохирогч Л.Дуламд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, хөлсийг нь төлөлгүй нийт 1.300.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
- хохирогч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Халиунаа бид хоёрыг хэн нэгэн ятгаж энэ хэрэг асуудалд гомдол өгүүлсэн зүйл байхгүй. ...Э өөрөө ирээд хэрэгт зургийг нь хавсаргасан байгаа дээл, плажнуудыг оёулсан. Оёдлын хөлс, материалын хөлсийг нийлээд 1.300.000 төгрөг болсон. Энэ мөнгийг Э өгөх ёстой. Цэрэндэжид гэж яриад байгаа хүн нь энэ асуудалд хамаагүй. ...Э мөнгөө өгнө гээд цувуулаад хувцсаа оёулсан. Эхний гарсан хувцасны мөнгийг нэхэхээр одоо дансаар шилжүүлнэ. Маргааш өглөө өгнө гээд байхаар нь итгээд дээрх хувцаснуудыг оёж өгсөөр байгаад ийм байдалд хүрсэн. Э өөрөө Орос Улсад амьдарч байсан. /9 дүгээр хавтаст хэргийн 61-63 дугаар тал/,
-гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хадам ээж Дулмаагийн хамт хороололд ажилладаг байсан ба, Э нь манайхаар хувцас оёулдаг байсан, тухайн үед хувцасныхаа мөнгийг өгөөд л яваад байдаг байсан чинь 2017 оны 5 дугаар сараас эхлээд плате, дээл, хувцас хасуулах гээд л янз бүрийн хувцаснууд оёулаад мөнгийг нь удахгүй өгнөө гэж хэлж явсаар байгаад одоо болтол мөнгөө өгөөгүй алга болчихсон. Ярихаар эгч нь удахгүй өгнөө гэж хэлээд алга болчихсон юм. ...нэг плажны урд талын оруулгын материал авчирч өгч байсан түүнээс бусад бүх материалыг манай оёдлын салон гаргаж байсан юм. Хоёр плажны материал авчирч өгсөн зүйл байхгүй. Манай салоноор оёулсан бүх хувцсаа аваад явсан. Харин өөрөө засвар хийлгүүлэх гэж байгаа юм гээд нэг хөх өнгийн плаж авчирч өгсөн тэр плаж нь л байгаа.” гэх мэдүүлэг. /9 дүгээр хавтаст хэргийн 66, 67 дугаар тал/,
- зарлагын баримт “...бүх материал орсон үнэ 1.300.000 төгрөг” /9 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Эын өмгөөлөгчийн зүгээс дээрх үйлдэлтэй холбоотойгоор бичгийн баримтуудыг гаргаж өгч, нотлох баримтаар тооцуулан, шүүхээр үнэлүүлэх хүсэлт гаргав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зйүлийн 7 дахь хэсэгт: “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй.” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт: “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.” гэж, 6.10 дахь заалтад: “шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаархи прокурор, оролцогчийн санал хүсэлт.” гэж тус тус хуульчилжээ. Тиймээс шүүх уг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэмт буруугийн асуудлыг хэлэлцэх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтыг хүлээн авч, шинжлэн судлуулж, нотлох баримтаар үнэлэн, шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий гэж шүүх үзсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нийслэлийн Прокурорын газраас Шүүгдэгч О.Эд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгоно. Уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь 2015 онд батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхлэсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр томъёологдон орж ирснийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Гэтэл хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд О.Э нь залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг амьжиргаагаа залгуулах гол эх сурвалж болгосон, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэрийг болгосон, залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг дээрх байдлаар зарцуулж байсан эсэхийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Х.Д нь шүүх хуралдаанд оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч О.Эыг гэм буруутай” гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч О.Э нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн хувьцаа эзэмшдэг компанийхаа нэр дээр тусгай зөвшөөрөлтэй битумын орд газартай боловч, уг орд газраа бусдад борлуулахаар тодорхой үний дүнтэй албан ёсны үр дүнд хүрэх хэлэлцээр, яриа явагдаагүй, гэрээ хийгээгүй атлаа, хийцэн мэтээр хохирогч Б.Жд ойлгуулан итгүүлж, хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, орд газараа худалдан борлуулахын тулд 500-600 мянган ам долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна надад зээлүүлээч, орд газараа худалдан борлуулсаны дараа олсон ашгаасаа зээлсэн мөнгөө 1.000.000 ам доллар болгож өгий гэж хохирогчийн эзэмшил, өмчлөлийн бэлэн мөнгө, “Тоёото ланд круйзер-200” загварын 2 ширхэг автомашин зэргийг шилжүүлэн авч, өөрөө тэдгээрийг захиран зарцуулж залилсан, мөн урьд итгэл төрүүлэн мөнгө, эд зүйл зээлж авч байсан харилцаагаа ашиглаж, хэнтэй ч хөөрөг үзүүлж өндөр үнээр худалдан борлуулах яриа, тохироо хийгээгүй байж хохирогч Б.Жы өмчлөлийн хөөргийг өндөр үнээр бусдад худалдан борлуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөртөө шилжүүлэн авч, барьцаат зээлийн газар тавьж захиран зарцуулж залилсан, мөн хохирогч С.Эээс урьд бараа бүтээгдэхүүн худалдан авч төлбөрийг нь төлж итгэл төрүүлж байгаад уг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тодорхой үнийн дүнтэй нэмж бараа бүтээгдэхүүнийг өөртөө шилжүүлэн авч төлбөрийг нь төлөлгүй залилсан, мөн хохирогч Х.Г, Х.Г нараас уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, тусгай зөвшөөрлөө бусдад борлуулахаар тодорхой үнийн дүнтэй албан ёсны үр дүнд хүрэх хэлэлцээр, яриа явагдаагүй, гэрээ хийгээгүй атлаа удахгүй тусгай зөвшөөрлөө худалдан борлуулсаны төлбөр орж ирнэ гэж хуурч мэхлэн богино хугацаатай өндөр хүүтэй зээлийн гэрээ хийж зээл авсан байх ба энэ нь анхнаасаа зээлсэн мөнгөө төлөхгүй байх зорилготойгоор өнөө маргаашгүй мөнгө орж ирэх гэж байна түр хүлээж байгаарай гэх мэтээр хэлж, зурвас илгээж удаан хугацаагаар мөнгийн өгөлгүй бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан, хохирогч Э.Таас ямар замаар өөрт нь мөнгө орж ирэх нь тодорхойгүй байхад богино хугацаанд буюу 7 хоногийн дараа мөнгийг чинь буцааж өгнө гэж хуурч мэхлэн аман хэлэлцээр хийж мөнгө зээлж, тохирсон хугацаандаа мөнгөө буцаан өгөлгүй залилсан, хохирогч Л.Д урьд хувцас захиалгаар хийлгэж байсан харилцаагаа ашиглан, хувцас захиалгаар хийлгэхээр болж бараа бүтээгдэхүүнээ авсан атлаа төлбөрийг нь удахгүй өгнө гэж хуурч мэхлэн төлбөрийн удаан хугацаанд өгөлгүй залилсан тус тус гэмт үйлдлүүд хийсэн гэж шүүх үзэв.
Дээрх гэмт үйлдэл тус бүрт дүгнэлт хийвэл: Шүүгдэгч О.Эыг 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Жаас өөрийн хувьцаа эзэмшдэг компаний “Говьмарал ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий битумын орд газрыг гадаадын улс орнуудын хэд хэдэн компанид худалдан борлуулах гэж байгаа, зарж борлуулбал ашгаасаа өгнө, итгэхгүй бол уг ордын тодорхой хувийг хамтран эзэмших буюу команийн тодорхой хувийг эзэмших боломжтой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогчоос нийт 413.050 доллар, 5.000 юань буюу 547.045.108 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн улмаар 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Жаас “Говьмарал” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байгаа” гэж итгүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ажиглаж автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь бүрэн төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Тоёото ланд круйзер-200” загварын 2 ширхэг автомашиныг өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхоны 5 дугаар байрны 27 тоотод хохирогч Б.Жы өмчлөлийн нийт 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг бусдад өндөр үнээр худалдан борлуулж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 33 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Поло” нэртэй гоо сайхны салоны захирал хохирогч С.Эээс худалдан борлуулж байсан гоо сайхны бараа бүтээгдэхүүнээс нь худалдан авч төлбөрийн төлдөг байсан ба урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “бараа бүтээгдэхүүнийг зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж хэлэн хуурч, төлбөрийг нь төлөлгүй итгэл эвдэн нийт 14.534 америк долларын буюу 29.053.466 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “өөрийгөө уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хохирогч Х.Г хуурч, бодит байдлыг нуух замаар нийт 116.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “өөрийн уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцаан өгнө, өндөр хүүтэй мөнгө зээлээч” гэж хохирогч Х.Г итгүүлэн хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 24.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн 2015 оны 03 дугаар сард ОХУ-ын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна. 7 хоногийн дараа буцаан өгнө” гэж хэлж итгүүлэн, хэлсэн хугацаандаа буцаан төлөлгүй хуурч хохирогч Э.Таас 6.000 америк доллар буюу нийт 11.917.320 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн 2017 оны 05 дугаар сарын 10-наас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” нэртэй хувцас захиалга, оёдлын газраас хохирогч Л.Д урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, хөлсийг нь төлөлгүй нийт 1.300.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг өөртөө шилжүүлэн авч залилсан тус тус гэмт хэргийг үйлдэн хохирогч нарт нийт 1.022.774.974 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээгээгүй, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлын заримыг нь төлсөн байдал, эмэгтэй, 59 настай болох хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг сонгон, хорих ялын хэмжээнээс 4 жилийн хорих ял тохирно гэж шүүх үзэн оногдуулж, түүний эдлэх хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч нараас урьд болсон шүүх хуралдааны явцад хохирлыг нөхөн төлөх санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан байх ба энэ хугацаанд хохирогч Э.Тын Худалдаа хөгжлийн банк дахь 471020686 тоот дансанд 11.239.320 төгрөгийг шилжүүлж хохирогч Э.Тын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Л.Дулмаад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.300.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч С.Эт 771 ам доллар буюу 1.674.997.1 төгрөг зэргийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Харин хохирогч Б.Ж, С.Э, Х.Г, Х.Г нарын хохирлыг нөхөн төлөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон оролцогч нарын мэдүүлэг, тайлбараас тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э нь 2.800.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт төлөхөөр Мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан болох нь тогтоогдож байна. Тиймээс гаргуулж хохирогч Б.Ж, С.Э, Х.Гантуяа, Х.Гандулам нарт 700.000 төгрөгийг тус бүр хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Э нь үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жд 840.504.188 төгрөгийн хохирол учруулснаас энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 72.377.800 төгрөгийн үнэлгээтэй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор хөөргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Жд буцаан хүлээлгэн өгч байгаа тул хохирогч Б.Жд учирсан хохирлын нийт хэмжээнээс хасаж тооцох нь зүйтэй.
Дээрх шүүгдэгч О.Эын зарим хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирол нөхөн төлөх зорилгоор Мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан мөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг хохирогчид буцаан олгож байгаа үний дүн зэргийг хохирлын хэмжээнээс хасаж, одоо шүүгдэгч О.Эаас нийт 932.704.857 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Жд 767.426.388 төгрөгийг, хохирогч С.Эт 26.678.468,9 төгрөгийг, хохирогч Х.Г 115.300.000 төгрөгийн, хохирогч Х.Г 23.300.000 төгрөгийн тус тус олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч “Начин Заан” ХХК-ийн төлөөлөгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед ”...О.Э нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай компанид хөөрөг барьцаалан 1 сарын 3.5 хувийн хүүтэй 50.000.000 төгрөгийн зээл авсан. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа зээлийн төлбөрийг шаардахаар утсаа авахгүй, гэрт нь очсон боловч хаалга үүдээ тайлж өгөхгүй санаатайгаар төлбөр төлөхөөс зайлсхийж эхэлсэн. Үүний дагуу манай компани нь 2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж хариуцагчаас 50.000.000 төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэрийг гаргуулсан” гэсэн мэдүүлгээр О.Э иргэний нэхэмжлэгч “Начин Заан” ХХК-ны хоорондын маргааны талаар Иргэний шүүхийн шийдвэр гарсан хүчин төгөлдөр байгаа тул энэ шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх үзэв.
Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн №9ё-1/3905 албан тоотоор Нийслэлийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт “...Говь Марал ХХК-ийг бусад шилжүүлэх эрхийг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэн өгч манай ажилд тусална уу” гэх албан тоотын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоотоор “Говь марал ХХК-д хориг тавьсан болохыг мэдэгдье” гэж ирүүлсэн албан бичгүүдийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Говь марал” ХХК-д тавьсан хориг, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 албан тоотод дурдсан “...Говь марал ХХК-ийн эзэмшилд буй хүчин төгөлдөр 16934А, “Ургах говь” ХХК-ийн эзэмшилд буй 13337Х тоот тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн болно” гэж тус тус заасны дагуу шилжих хөдөлгөөн хязгаарлагдсан О.Эын эзэмшлийн дээрх компаниуд, компанийн нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилснийг шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэлийг хэвээр үлдээж Шүүхийн шийдвэх гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Э нь бага насны буюу 2015 оны 10 дугаар сарын 31-ны өдөр төрсөн 6 настай Э.А, Э.А нарын 2 ихэр хүүхдийн хамт оршин суудаг талаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн Дугаар 00000626 тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан, уг бага насны хоёр хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэхэд холбогдох баримт, асрамждаа авах хүний хүсэлт зэрэг ирээгүй байх тул хүүхдүүдийн асран хамгаалагчийг Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар харьяа дүүргийн Засаг дарга шийдвэрлэх болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Э нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл нийт 176 хоног цагдан хоригдсон тул түүний эдлэх ялд нь оруулан тооцхоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор 1 ширхэг хөөргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, оролцогч нарын өгсөн мэдүүлгээр Б.Жы өмчлөл болох нь тогтоогдож байх тул шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Жд буцаан олгосугай.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхгийг улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Гахан боржигон овогт О.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Гахан боржигон овогт О.Эыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч О.Эд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч О.Эын цагдан хоригдсон нийт 176 /нэг зуун далан зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч О.Эаас хохирол нөхөн төлөх зорилгоор Мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж, С.Э /РД:ЧИ55102609/, Х.Г , Х.Г нарт тус бүр 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан шүүгдэгч О.Эаас нийт 932.704.857 /есөн зуун гучин хоёр сая долоон зуун дөрвөн мянга найман зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж -д 767.426.388 /долоон зуун жаран долоон сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун наян найм/ төгрөгийг, хохирогч С.Э -т 26.678.468,9 /хорин зургаан сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун жаран найман төгрөг есөн мөнгө/ төгрөгийг, хохирогч Х.Г 115.300.000 /нэг зуун арван таван сая гурван зуун мянга/ төгрөгийн, хохирогч Х.Г-д 23.300.000 /хорин гурван сая гурван зуун мянга/ төгрөгийн тус тус олгосугай.
8. Шүүгдэгч О.Э нь Иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн №9ё-1/3905/ албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоот, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 албан тоотод заасны дагуу О.Эын эзэмшлийн “Говь марал ХХК, “Ургах говь” ХХК-уудын нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хязгаарлан битүүмжилснийг хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор 1 ширхэг хөөргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Жд буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.
12.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД П.АРИУНБОЛД
С.БАТЖАРГАЛ