Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01012

 

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01012

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяадаргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, … тоотод   оршин   суух, …регистртэй, Хахуяг ургийн овогт З. Г-н,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жон бээс” ХХК-ийн … тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Цагдан хорих …дүгээр ангид хоригдож байгаа, БНСУ-ын иргэн, эрэгтэй, Ким овогт Ки Манд холбогдох,

16,531,339.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мэргэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек /ШТҮД:2215/ хариуцагч Ким Ки Ман, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав /ШТҮД:1300/, орчуулагч М.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2012 оны 11 дүгээр сард намайг Баян-Өлгий аймагт очиход тэнд амьдардаг Ц.Т, Г.З нар надаас Солонгос өрмийн машин, компрессорын хамт худалдаж авахад туслахыг хүссэн бөгөөд 2013 оны 1 дүгээр сард Өлгийгөөс Улаанбаатар хотод онгоцоор ирэхэд би түүнийг өөрийн таньдаг Ким Ки Ман гэдэг Солонгос улсаас өрмийн машин, компрессор оруулж ирээд нийлүүлдэг хүний оффист дагуулж очоод уулзуулсан. Ингээд 2 техникийн үнийг асуугаад, цоо шинэ техникүүд үнэтэй учир ашиглаж байсан хуучин техник оруулж ирж чадах эсэхийг асуухад хоёуланг нь нийлүүлээд 95,000 ам.доллар буюу тэр үеийн ханшаар 135,000,000 төгрөг болох боловч Ким Ки Ман Монгол төгрөгөөр наймаа хийдэггүй, техник авбал зөвхөн ам.доллараар төлөх, эсвэл Монгол банкны тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцож төлөхөөр тохирсон. Гэрээ хийхээр болж, Ким Ки Ман гэрээг ам.доллараар хийж, урьдчилж 6,957 ам.доллар авна гэсэн. Энэ нь Монгол төгрөгөөр 10,000,000 төгрөг бөгөөд энэ талаар би Золбаяр ах, түүний эхнэр Ц.Т нарт утсаар хэлж, тэр хоёр цалингийн зээл аваад над руу шилжүүлсэн. Энэ мөнгийг би Ким Ки Манд шилжүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 19-нд бидний хооронд “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах” гэрээ ам.доллараар хийгдсэн. Баян-Өлгий аймгаас Золбаяр, Түвшин нар надад “чи бидний өмнөөс гэрээ хийчихээд наад хүн чинь муу, ашиглагдахгүй техник өгвөл чи хариуцаж биднийг хохиролгүй болгоно шүү” гэсэн. Ингээд Г.З, Ц.Т бидний хооронд 2013 оны 4 дүгээр сард гэрээ хэлэлцээ хийгдсэн. 5 дугаар сарын 03-нд 47,500 ам.доллар, мөн оны 6 дугаар сарын 30-нд 23,750 ам.доллар, 7 дугаар сарын 30-нд 23,750 ам.долларыг тус тус Ким Ки Манд тушааж тооцоогүй болох байсан. Гэрээ хийчихээд Ким Ки Ман урьдчилгаа мөнгөө гүйцээж өгөхийг шаардсан. Энэ тухай Ц.Т, Г.З нарт хэлэхэд тэд Өлгийн Хаан банкнаас 105,000,000 төгрөгийн өндөр хүүтэй зээл авч, над руу 2013 оны 5 дугаар сарын 03-нд 75,000,000 төгрөг шилжүүлж, энэ мөнгө дээр өмнө тушаасан 10,000,000 төгрөгийг нэмээд ам.долларт тооцоход нийт 57,826 ам.доллар болсон. Энэ нь Монгол төгрөгөөр 83,700,000 төгрөг юм. Ким Ки Ман надад санхүүгийн тамгатай баримтыг өгч, 57,826 ам.долларыг задалж гэрээний урьдчилгаа гэж 47,800 ам.доллар болгож аваад, үлдсэн 16,000,000 орчим төгрөгийг надад өгсөн. Сүүлд нь дан өрмийн машин шаардлага хангахгүй гэж буцаагдахад би энэ мөнгийг захиалагч Ц.Тд буцааж өгсөн. Ким Ки Ман нь гэрээний нэг тал болох З.Г надад үүргээ ч биелүүлэх боломж олголгүй, дундаас нь урьчдилгаа 47,800 ам.доллар авчихаад 2 техникийг хоёуланг амласан ёсоороо авчралгүй гэрээгээ ноцтой зөрчиж, 2013 оны 5 дугаар сарын 03-нд дан шашардлага хангахгүй бараг актанд гарчихсан машин өгөх гэснээр би дунд нь хардагдаж сэрдэгдэн нэр хүндээр тодорхой хэмжээгээр хохирсон. Авчирсан дан өрмийн машин манай гадаа байсныг захиалагч Г.З ах ирж үзээд буцаасан. Конфрессор нь хамт ирэх байсан нь ирээгүй. Энэ талаар түүнээс асуухад 2 хоногийн дараа ирнэ гэсэн. 2 хоноод асуутал 5 дугаар сарын 18-нд ирнэ гэсэн ч ирээгүй. Өлгийгөөс захиалагч Г.З ах 2 инженер хүн дагуулж ирээд манай гадаа тавьсан дан өрмийн машиныг үзээд “энэ машин чинь их бие төмрөн хэсгийг нь шинээр будсан болохоос гол ажил гүйцэтгэдэг эд анги нь ямар ч хэрэггүй, эрэг шураг нь суларчихсан төмрийн сэг байна. Миний 25 жилийн хөдөлмөрийг баллах гэлээ” гээд уурлаж буцаахыг шаардсан. Ингээд Г.З гуайг би дагуулаад “Солонгон энд майн” ХХК-ийн захирлын оффист очоод уулзуулсан. Г.З техникийн талаар шаардлага тавихад Ким Ки Ман машиныг буцааж авъя гэсэн. Конфрессор хэзээ ирэхийг асуухад 5 дугаар сарын 28, 29-ний үед үдээс өмнө Хятадын Тяньжин боомтод байгаа гэж байснаа үдээс хойш нь ажлын алдаа гарч өөр хот руу ачигдсан байна гэсэн. Ингээд Г.З ах зальдуулснаа мэдээд бие нь муудаж нутаг буцаад эмчилгээнд орж, түүний оронд эхнэр Ц.Т нь ирж үргэлжлүүлэн хөөцөлдсөн. Шаардлага хангасан техник өг гэхэд Ким Ки Ман техник байхгүй, 47,800 ам.долларыг чинь өгнө гэж өөрийн гараар бичиж өгсөн. Сар гаруй хүлээгээд өгөхгүй болохоор 7 дугаар сарын 09-ний өдөр захиалагч Ц.Т цагдаагийн байгууллагад хандаж, цагдаагийн шахалтаар 8 дугаар сарын 03-ны өдрөөс цувуулж бидэнд өгсөн. Захиалагч, хөрөнгө оруулагч нар Ким Ки Маны “Солонгон энд майн” ХХК-ийн дансанд орсон 47,800 ам.доллар буюу 69,000,000 төгрөгийг үндсэн төлөлт ба өндөр хүүтэй нь Хаан банкинд төлж байсан. Ким Ки Маны зальт үйлдлээс болж эдгээр хүмүүс цагдаа прокурор гэж ийш тийш олон удаа онгоцоор явж үндсэн ажлаа алдан, санхүүгийн болон сэтгэл санааны гүн цочролд орж, банкнаас их хэмжээний зээл авч, тэр нь үрэн таран болж ямар ч ашиггүй алдагдалд орж, буцаад тал нь уван цуван банкинд орж зээлээ 2018 он хүртэл төлөх гэж их зовж явна. Ц.Т, Г.З нар 2015 оны 6 дугаар сард шүүхэд хандахад шүүхийн шийдвэрээр гэрээг З.Г хийсэн учир намайг нэхэмжлэл гаргаж болно гэсэн.

Ингээд миний 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тушаасан 47,800 ам.долларын зөрүүг Ким Ки Ман энэ өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 26 хүртэл ашигласан тул түүний зөрүүг нэхэмжилж байна. Ингэхдээ цувуулж өгсөн тул шудрагаар өгсөн Монгол төгрөгийг тухайн өгсөн өдөр болгоны ам.долларт хөрвүүлээд дээрх 47,800 ам.доллараас хасаад бодоход зөрүү нь 3,389.26 ам.доллар юм. Үүнийг Ким Ки Ман нь бидэнд тухай бүрт нь Монгол төгрөгийг ам.долларт хөрвүүлээд өгсөн бол 2014 оны 10 дугаар сарын 26-нд хамгийн сүүлчийн 1,345,000 төгрөгийг өгөхөд тооцоогүй болох байсан. Өгөөгүй тул одоо энэ 3,389.26 ам.доллар нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны ханш 2,110 төгрөг тул нийт 8,431,055.39 төгрөг болох юм.

Захиалагч, хөрөнгө оруулагч нар 2013 оны 4 дүгээр сард надтай хийсэн гэрээгээ биелүүлэхийг байнга шаардаж байгаа. Учир нь миний 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ким Ки Манд тушаасан 47,800 ам.доллар буюу 69,000,000 төгрөг нь хөрөнгө оруулагч, захиалагч гуравдагч этгээдийн мөнгө байсан тул эдгээр улсууд уг мөнгийг Хаан банкнаас зээл авч Ким Ки Ман ашиглаж байх хооронд түүний өндөр хүүг үндсэн зээлтэй нь банкинд төлж байсан. Иймд зөвхөн хүүг нь би нэхэмжилж, захиалагч нарын өмнө үүргээ биелүүлнэ. Энэ хүү нь 7,190,884 төгрөг юм.

Захиалагч нар сэтгэлийн гүн цочролд орж нойргүй болж эмнэлэгт 380,000 төгрөгийн эмчилгээ хийлгэж байсан байна. Энэ нь зөвхөн эмнэлгийн анхан шатны тусламж авахын тулд хийлгэсэн эмчилгээний мөнгө юм. Түүнээс сэтгэл санааны хохирлыг үгээр хэлэхийн аргагүй юм.

Онгоцны зардалд хэргийн материалтай танилцах, прокурортой уулзах, шат шатанд давж заалдах гэж олон удаа ийш тийш онгоцоор явах зардалд 5,150,000 төгрөг гарсныг мөн нэхэмжилж байна. Ингээд нийт 16,531,339.77 төгрөгийг хариуцагч Ким Ки Манаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ц.Т, Г.З нартай З.Г тухайн үед энэ тоног төхөөрөмжийг Ким Ки Манаас авахаар амаар тохиролцсон нь хэрэгт авагдсан баримт болон прокурорын тогтоолоор тогтоогддог. Зээл авч, 85,200,000 төгрөгийг 47,800 ам.доллар болгон өгсөн байдаг. Тухайн үед тоног төхөөрөмжөөрөө ашиг олон зээлээ төлөх ёстой байсан боловч тоног төхөөрөмж нь байхгүй, мөнгөө авч чадаагүй хохирсон. Иймд тоног төхөөрөмжид өгсөн хүү болон хүүгийн алдангийг нэхэмжилж байгаа юм. Олох ёстой байсан орлогыг тусдаа нэхэмжилнэ. Ким Ки Ман төлбөрийг төлөхдөө удаа дараа хойшлуулж байсан. Шаардах эрхийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж бодож байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар хэлцлээс татгалзаад харилцан авсан, өгснөө буцаахаар тохиролцсон. Гэрээнээс татгалзсан нь Ким Ки Манаас шууд хамааралтай. Учир нь чанарын шаардлага хангагдаагүй, биет байдлын доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлсэн тул гэрээнээс татгалзсан. Ким Ки Ман нь Ц.Т, Г.З нарт тоног төхөөрөмж нийлүүлнэ гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Иймд мөрдөн байцаалтын шатанд энэ мөнгийг Ц.Тд өөрт нь гардуулж өгсөн. Иймд зээлийн төлбөрийн алданги нь холбоотой юм. Хариуцагч 47,800 ам.долларыг өгсөн гэдэг боловч энэ мөнгийг өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй. Ам.долларын ханшийн зөрүүтэй маргаан байхгүй. Ам.доллар авсан бол ам.доллараар буцааж авна. Иймд 3,389 ам.долларыг төлөх үүрэг нь хариуцагчид байгаа. Ким Ки Ман гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол зээлийн хүүгийн алданги төлбөр үүсэхгүй байх байсан. Хэрэв тоног төхөөрөмж биет байдлын доголдолгүй байсан бол үйл ажиллагаа явуулан ашиг олж зээлээ төлөх байсан. Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор эрүүл мэндээр хохирсон тул эмчилгээ хийлгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ким Ки Ман шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

З.Г нь Ким Ки Ман надтай “Тоног төхөөрөмж худалах, худалдан авах” гэрээ байгуулсан боловч тухайн үед 47,800 ам.долларын урьдчилгаа авч гэрээ байгуулсан ба гэрээ цуцлагдаж 47,800 ам.долларыг буцаан өгсөн юм. З.Гтэй нэгэнт гэрээ дуусч, тооцооны өр авлага бахйгүй ба Ц.Т, Г.Зтай эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд тэдгээр хүмүүсийн мөнгө зээлсэн банкны хүү, эмчилгээний зардал, онгоцны зардал зэрэг нь надтай хамааралгүй. З.Г дундаас нь 10,000 ам.доллар авснаа Ц.Тд буцааж төлж байгаа байх. Мөнгөө буцааж өгөхдөө З.Гийг дундаас нь дахин иднэ гэж бодсон тул Ц.Тд мөнгийг нь гардуулж өгсөн. З.Г манай компанийн нэрийг хайж ирсэн. Энэ гэрээ чинь компанитай байгуулсан гэрээ шүү дээ. Манай компанийн албан ёсны хаяг Сүхбаатар дүүрэгт “Гурван гал” худалдааны төвд байсан. Би компаниараа зөвхөн З.Гтэй л гэрээ хийсэн. 10,000 ам.доллар дундаас алга болсон үеэс энэ хүмүүс гарч ирсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь “Солонгон энд майн” ХХК-ийн захирал Ким Ки Ман болон иргэн З.Г нарын хооронд хийгдсэн. Гэрээг энэ компанитай байгуулсан байхад нэхэмжлэлийг Солонгос улсын иргэн Ким Ки Мантай холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа болон шаардах эрх нь дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “хууль мэдэхгүй байх нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Энэ гэрээ Ц.Т, Г.З нартай хамааралгүй. Зөвхөн З.Г гэдэг хүнтэй байгуулагдсан. Прокурорын 713 дугаар тогтоолын олсон нь хэсэгт энэ хэрэг Ким Ки Ман холбоогүй болохыг тодорхой заасан байдаг. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ам.долларын зөрүүгээр нэхэмжлэл гарган 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тухай баримт хэрэгт хавсаргасан. Энэ шүүхийн шийдвэрт Ц.Т, Г.З нар нэхэмжлэл гаргасан байдаг. Хаан банк болон Ц.Т, Г.З нарын байгуулсан зээлийн гэрээнд З.Г болон Ким Ки Ман хэн аль нь оролцоогүй. Иймд энэ шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн зээл авахдаа 105,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Тоног төхөөрөмж авахад зориулагдан зээл авсан гэдгийг нотлох зүйл байхгүй. Үнийн дүнгийн хувьд зөрүүтэй, зориулалт нь тодорхой биш байдаг. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурснаар хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар талууд гарын үсэг зуран, гэрээний саналаа зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсанд тооцно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыгшинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Г нь хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ки Манд холбогдуулан 16,531,399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн G-01 дугаартай “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний худалдагч тал нь БНСУ-ын “Солонгон энд Майн” ХХК, түүнийг төлөөлж захирал Ким Ки Ман, худалдан авагч тал нь Монгол улсын иргэн З.Г нар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, худалдагч тал 95,000 ам.долларын үнэ бүхий “Гүний усны өрмийн машин, Инжерсоланд 750 маркийн хийн компрессор зэргийг худалдан авагч талд шилжүүлэх, гэрээнд заасан төлбөрийг худалдан авагч нь төлөх үүргийг тус тус тохиролцож, талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан гэрээг байгуулсан байна. /хх 61-64/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарна.

Нэхэмжлэгч З.Г нь дээрх гэрээг Г.З, Ц.Т нарыг төлөөлөн хариуцагч Ким Ки Мантай байгуулсан бөгөөд худалдагч тал чанарын доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлснээс худалдан авагч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 47,800 ам.долларыг буцаан авсан боловч урьдчилгаа төлбөрийг ашигласан хугацааны ам.долларын ханшийн зөрүү 3,389 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш 2,110 төгрөгөөр тооцон 8,431,055.39 төгрөгийг, мөн Ц.Т, Г.З нарын бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийн тулд банкнаас их хэмжээний зээл авч хохирсон учир уг зээлийн хүүгийн төлбөрт 7,190,884 төгрөгийг, Ц.Т, Г.З нарын эмчилгээ хийлгэсэн зардал 380,000 төгрөг, Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу олон удаа онгоцоор зорчсоны зардал 5,150,000 төгрөг, нийт 16,531,339.77 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Ким Ки Ман нь З.Гтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал иргэн Ким Ки Ман бус, харин тэрээр “Солонгон энд майн” ХХК-ийг төлөөлөн байгуулсан учир хариуцахгүй гэж, мөн дээрх гэрээ нь Ц.Т, Г.З нартай хамааралгүй, тэд гэрээний оролцогч биш учир тэдэнд гарсан зардлыг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд, мөн хуулийн 63.2 дахь хэсэгт “төлөөлөгч, төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заажээ.

Хариуцагч Ким Ки Ман нь маргаан бүхий гэрээг “Солонгон энд Майн” ХХК-ийг төлөөлөн байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч З.Г нь гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол, ам.долларын ханшийн зөрүү зэргийг гэрээний худалдагч тал болох “Солонгон энд майн” ХХК-иас бус, харин иргэн Ким Ки Манаас гаргуулахаар шаардсан нь хуульд нийцээгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах” гэрээг нэхэмжлэгч нь Ким Ки Мантай бус “Солонгон энд майн” ХХК-тай байгуулсан болохыг нэхэмжлэгч З.Г мэдэж байсан болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гарын үсэг зурсан, “Солонгон энд майн” ХХК-ийн кассын орлогын ордер, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/05967 дугаар шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 60-64, 73-75/

Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон, “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах” гэрээний харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ким Ки Манаас 16,531,339.77 төгрөг гаргуулах тухай З.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   119   дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр   танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

ДАРГАЛАГЧ                     А.САРАНТУЯА