Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
Хэргийн индекс | 108/2022/0013/Э |
Дугаар | 2022/ШЦТ/20 |
Огноо | 2022-01-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Ш.Долгормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Уак овогт Шаравхааны Долгормаад холбогдох эрүүгийн 2107000000281 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг, Хонгор суманд төрсөн, эмэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тоосгоны үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Туулын 2-14б тоотод оршин суух,
урьд Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 360.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар шүүгчийн захирамжаар түүнд оногдуулсан 360.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 жилийн хорих ялаар сольсон,
Уак овогт Шаравхааны Долгормаа /РД: ТК75021804/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ш.Долгормаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 27-593 тоотод Ч.Наранцэцэгтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гар утас шидэж, нүүрэн тус газарт онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2107000000281 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ш.Долгормаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би найзынхаа төрсөн өдөрт очсон. Гэрч Ч.Нямсүрэнтэй өмнө нь би хамтран амьдарч байсан хоорондоо таарамжгүй харилцаатай. Ч.Нямсүрэнтэй маргалдаж байхад Ч.Наранцэцэг эгчийг гаднаас дуудаж оруулж ирсэн байсан. Үс толгойноос Ч.Нямсүрэн зулгаагаад байхаар нь утсаа Ч.Нямсүрэн рүү шидсэн чинь Нараа эгчийн толгойг оносон. Архи ууснаас болоод утсаа шидсэн, гэтэл Нараа эгч өмнүүр нь орчихсон. Ч.Наранцэцэг эгч бид хоёрын дунд янз бүрийн асуудал байхгүй. Өмнө нь цуг тоосгоны үйлдвэрт ажилладаг байсан, манай хуурай эгч юм” гэв.
Хохирогч Ч.Наранцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал байхгүй. Хагалгаа хийлгэхэд 88.000 төгрөг өгсөн” гэв.
Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Хохирогч Ч.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний орой би Налайх дүүргийн 3 дугаар хороо 27-593 тоот болох Ч.Нямсүрэнгийнд хоол хийж идээд байж байх үед Ш.Долгормаа 22 цагийн үед гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд Ш.Долгормаа би унтлаа гээд хувцсаа тайлаад хэвтэж байснаа гэнэт агсам тавиад эхэлсэн. Тэгэхээр нь би гараад гэрүүгээ орчихсон ба нэг их удалгүй Ч.Нямсүрэн намайг орилоод дуудаад байсан. Тэгэхээр би сандраад гүйгээд орсон чинь Ш.Долгормаа, Ч.Нямсүрэн нар хэрэлдсэн шинжтэй байж байсан. Тэгэхээр нь би голд нь суугаад за юунаас болоод хэрэлдээд байгаа юм гэх үед Ш.Долгормаа шууд утсаа над руу шидчихсэн ба тэр утас нь миний нүүр, нүд хэсэг рүү оночихсон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Ш.Долгормаа гаднаас орж ирэх үед Ч.Нямсүрэн унт гээд ор засаж өгсөн, удалгүй Ш.Долгормаа агсам тавиад эхэлсэн болиулах гээд дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 сарын 14-ний орой Налайх дүүргийн 3 хороо Нарангийн 27-593 тоотод гэртээ хоол хийчхээд Ч.Наранцэцэг эгчийг дуудаад хоол идээд сууж байсан чинь гаднаас Ш.Долгормаа гэдэг эмэгтэй согтуу орж ирээд манай гэрт агсам тавьж байсан чинь Ч.Наранцэцэг эгч гэрээс гараад явсан юм. Тэгээд Ш.Долгормаа гэрт агсам тавиад зүгээр болохгүй байхаар нь би Ч.Наранцэцэг эгчийг буцаагаад дуудсан чинь Ч.Наранцэцэг эгч манай гэрийн хаалгаар орж ирээд байж байсан чинь Ш.Долгормаа хар өнгийн гар утсыг Ч.Наранцэцэг эгч руу шидсэн чинь тэр утас нь Ч.Наранцэцэг эгчийн нүдийг оноод гэмтээсэн. Тэгээд цагдаа сэргийлэх болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ш.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би найзын төрсөн өдөр дээр очоод байж байгаад нэлээн согтоод 21 цаг өнгөрч байх үед Ч.Нямсүрэнгийн гэрт очсон. Тэгээд Ч.Нямсүрэн бид 2 жоохон маргалдаад тэгсэн Ч.Нямсүрэн гараад Ч.Наранцэцэг гэх эгчийг дуудсан тэгэхээр нь би жоохон хэл амаар доромжлоод байсан, тэгсэн Нямсүрэн намайг үс толгой хэсгээс зулгаагаад байх шиг байсан. Тэгэхээр нь би гартаа байсан утсаа шидсэн, тэгэх үед Ч.Наранцэцэг эгч урдуур орж ирж таараад оногдчихсон. Тэгэх үед Ч.Наранцэцэг эгч чи согтуу ирчхээд агсам тавиад байна гээд цагдаа дуудчихсан удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08/ШЭ/16 дугаартай:
“1. Ч.Наранцэцэгийн биед зүүн дээд доод зовхинд өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.Долгормаа нь хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ш.Долгормааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгч Ш.Долгормаа нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ш.Долгормаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 27-593 тоотод Ч.Наранцэцэгтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гар утас шидэж, нүүрэн тус газарт онож, түүний биед зүүн дээд, доод зовхинд өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: шүүгдэгч Ш.Долгормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үс толгойноос Ч.Нямсүрэн зулгаагаад байхаар нь утсаа Ч.Нямсүрэн рүү шидсэн чинь Нараа эгчийн толгойг оносон. Архи ууснаас болоод утсаа шидсэн гэтэл Нараа эгч өмнүүр нь орчихсон. Ч.Наранцэцэг эгч бид хоёрын дунд янз бүрийн асуудал байхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Долгормаа шууд утсаа над руу шидчихсэн ба тэр утас нь миний нүүр нүд хэсэг рүү оночихсон...” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Наранцэцэг эгчийг буцаагаад дуудсан чинь Ч.Наранцэцэг эгч манай гэрийн хаалгаар орж ирээд байж байсан чинь Ш.Долгормаа хар өнгийн гар утсыг Ч.Наранцэцэг эгч руу шидсэн чинь тэр утас нь Ч.Наранцэцэг эгчийн нүдийг оноод гэмтээсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/ШЭ/16 дугаартай дүгнэлт зэрэг болно.
Хохирогч Ч.Наранцэцэгийг эрүүл мэндэд учирсан “...зүүн дээд доод зовхинд өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” нь шүүгдэгч хохирогч руу гар утас шидэж, нүүрэн тус газарт нь оносны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ш.Долгормаа нь хохирогч Ч.Наранцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.Долгормаад дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ч.Наранцэцэг нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “Нүдэндээ оёдол хийлгэсэн, 88.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Долгормаад 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Ш.Долгормаа нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчид эмчилгээний зардалд 88.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй/, хувийн байдал /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Долгормаад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Уак овогт Шаравхааны Долгормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Долгормааг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.Долгормаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Наранцэцэг нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Ш.Долгормаа нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Долгормаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ