Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 239

 

2022.02.17                                  2022/ШЦТ/239

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Д.Д,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 0025 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Д, 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежер мэргэжилтэй, “Инстант транс” ХХК-ний олон улсын харилцааны менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг, 11а хороолол, 5 дугаар байр 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, РД:,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Визард” хотхоны 18 дугаар байрны 2 тоотод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Бат-Оюунтай маргалдаж, улмаар гараараа толгойн тус газар нь цохиж, хөлөөрөө цээж, нуруу, баруун бугалга, шуу, баруун өгзөг, зүүн  гуянд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Визард” хотхоны 18 дугаар байрны 2 тоотод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Бат-Оюунтай маргалдаж, улмаар гараараа толгойн тус газар нь цохиж, хөлөөрөө цээж, нуруу, баруун бугалга, шуу, баруун өгзөг, зүүн  гуянд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Д.Д нь хохирогч М.Бат-Оюунг гараараа толгойн тус газар нь цохиж, хөлөөрөө цээж, нуруу, баруун бугалга, шуу, баруун өгзөг, зүүн  гуянд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- Яллагдагч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...Тухайн үед эхнэрийнхээ бие гэмтэл учруулсан нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрээсээ уучлалт гуйж бид 2 эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,  

Хохирогч М.Бат-Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчим манай нөхөр надтай хэрүүлийн үалтаг гаргаж байгаад намайг ямар ч шалтгаангүйгээр шууд зодож эхэлсэн бөгөөд толгой хэсэг рүү гараараа 7-8 удаа цохисон бас цээж хэсэг рүү хөлөөрөө дэвсэлсэн бас хэвлийн доод хэсэг рүү мөн адил 2-3 удаа цохисон, нуруу хэсэг рүү юмаар цохиод байсан хавирга, дал хэсэг рүү бас юмаар цохиод байсан, нүд рүү бас гутлын цаасан хайрцаг шидэж гэмтээсэн одоо хөхөрсөн байдалтай байна...миний нүд өвдөж байна бас нуруу, ахар сүүл, баруун хавирганы доогуур хатгаж өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №125 дугаартай дүгнэлт:

  1. М.Бат-Оюуны биед зүн зовхи, нуруу, баруун бугалга, шуу, баруун өгзөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлтээр /хх-ийн 15-16/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч БД.Д нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Визард” хотхоны 18 дугаар байрны 2 тоотод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Бат-Оюунтай маргалдаж, улмаар гараараа толгойн тус газар нь цохиж, хөлөөрөө цээж, нуруу, баруун бугалга, шуу, баруун өгзөг, зүүн  гуянд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хохирогчтой эвлэрсэн болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсан бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

           

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч М.Бат-Оюун нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч М.Бат-Оюун нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Дг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Дд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Д.Д нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Нармандах нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Бат-Оюун нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР