| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0154/Э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 185
2022.02.10 2022/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Ч.О,
нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Ц.Ганцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2106 04127 0193 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.О, 1980 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван богд” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 782-10 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.О нь согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 56-782-10 тоотод иргэн Б.Ариунсанаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун шилбийг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь баруун шилбэнд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.О нь согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 56-782-10 тоотод иргэн Б.Ариунсанаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун шилбийг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь баруун шилбэнд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Ч.О нь хохирогч Б.Ариунсанаагын баруун шилбийг хутгаар зүссэн үйл баримт нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцлаа...Би үйлдсэн хэргийнхээ талаар гэрчийн мэдүүлэгт өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
Хохирогч Б.Ариунсанаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дүү Минжмаагийн хамт явж байгаад Минжмаагийн гэрт 2014-2016 онд хамт амьдрагч байсан хуучин нөхөр Отай тааралдаж, бид 3 манай Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 56 дугаар гудамж, 82-10 тоотод 16 цагийн орчимд очиж Минжмаа, О бид гурав 1 шил архи 3-4 лаазтай пиво хувааж уусан. Тэгээд бид 3 сууж байгаад О бид 2 хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байгаад О зочны өрөөний буйдангийн урд байсан ширээг хөмөрч дээш харуулж унагахад ширээний дээр байсан хутга нь миний баруун шилбэний гадна хэсэгт онож улмаар зүсэгдсэн. Тэгээд О гэрээс гарч явсан ба би түргэн тусламжийн 103 төвд хандаж боолт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч Б.Минжмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ариунсанаа, О бид 3 Хараа 0.75 литрийн архи, 2.5 литрийн 1 ширхэг пиво хувааж уусан. Ариунсанаа, О нар гэр бүлийн асуудлаас болж бага зэрэг маргалдаад байсан тул би хажуу талын жижиг өрөөнд ороод сууж байтал Ариунсанаа эгч дуудсан. Тэгсэн зочны өрөөнд ороход Ариунсанаа эгч надад хандаж “О ширээ шидээд ширээн дээр байсан хутга нь миний шилбийг зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...намайг зочны өрөөнд орох үед буйдангийн хажуу талд байсан жижиг ширээ газар унасан байдалтай, эгч Ариунсанаагийн баруун талын шилбэ орчмоос цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №320 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. А.Ариунсанаагийн биед баруун шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
3. Дээр гэмтэл нь сорвижих эдгэрсэн тул хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулах боломжгүй.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлтээр /хх-ийн 27-28/ тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Оын хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Ч.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нь хохирогчид гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, шүүгдэгч зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ариунсанаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.От 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.О нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР