Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 52

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

           улсын яллагч Ж.Батхуяг,

шүүгдэгч Х.Батгавъяа, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0-497/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Халзангийн Батгавъяад холбогдох эрүүгийн 201626030709 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 04-нд Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 /6-13 насны/ хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 4 дүгээр гудамжны 67 тоотод оршин суух, 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 386 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 460 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Халзангийн Батгавъяа /РД:ВЮ74070414/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Батгавъяа нь шунахай сэдэлтээр 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 18-19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 9 дүгээр гудамжны 969А тоотод оршин иргэн Э.Сумъяабатын байшинд цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн “Тошиба” маркийн 32 инчийн LCD зурагт, “Ди ди эш” телевизийн олон суваг хүлээн авагч төхөөрөмж зэргийг хулгайлан авч бусдад 240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Х.Батгавъяа нь шунахай сэдэлтээр 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 18-19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 9 дүгээр гудамжны 969А тоотод оршин иргэн Э.Сумъяабатын байшинд цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн “Тошиба” маркийн 32 инчийн LCD зурагт, “Ди ди эш” телевизийн олон суваг хүлээн авагч төхөөрөмж зэргийг хулгайлан авч бусдад 240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Х.Батгавъяагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Би тухайн үед архи уусан байсан. Тэгээд дахиж архи уух гэж яваад ойрхон байсан айлаас юм авсан. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Архинд буруугаа чихэж байгаа юм биш. Өөрийн буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/

             3. Хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-15/

             4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16/

             5. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17/

             6. Хохирогч Э.Сумъяабатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай уг тоот гэрт хулгайч орж гэрээс “Тошиба” маркийн 32 инчийн зурагт, “Ди ди эш” олон суваг хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлс алдагдсан байсан...Байшингийн хаалганы цүүзийг хажуу тийш муруйлгаж байгаад хаалгыг татаж нээж байшин руу орсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

             7. Гэрч Н.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн ажлаа гүйцэтгээд хэлтсийн автомашинтайгаа “Эрхэс 112” чиглэлд жолооч цагдаа С.Наранбаатарын хамт үүрэг гүйцэтгэсэн. Тэгтэл Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн эцэст байрлалтай “Далай ээж” нэртэй хүнсний худалдааны төвийн ойролцоо нэг эрэгтэй овор хэмжээ ихтэй зүйл авч яваа харагдсан. Ойртож шалгахаар очтол гартаа нэг хар өнгийн зурагт тэвэрсэн, мөн нэг дөрвөлжин хэрэгсэл барьсан, согтуу хүн байсан. Машинаасаа буугаад түүнийг шалгахад “өөрийнхөө гэрээс эд зүйлсээ аваад явж байна” гэж хэлсэн ба түүний амнаас нь архи үнэртэж байсан согтуу байсан....Тэгэхээр нь танай гэрт очиж шалгаж үзэе гээд машиндаа суулгатал тэрээр хулгай хийсэн юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хаанаас ямар айлаас хулгай хийсэн болохыг тодруулж цагдаагийн хэлтэст шалгуулахаар хүргэж өгсөн. Нэр хаягийг нь тодруулахад өөрийгөө Х.Батгавъяа гэж танилцуулсан ба Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг гэж хэлсэн...Хулгайлсан эд зүйлсийг нь шалгахад 32 инчийн “Тошиба” маркийн LCD зурагт нэг ширхэг, “Ди ди эш” телевизийн олон суваг хүлээн авагч төхөөрөмж нэг ширхэг зэрэг эд зүйлс авч явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

             8. Яллагдагч Х.Батгавъяагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Байшин руу ороод тавиур дээр байсан “Тошиба” маркийн байсан байх хар өнгийн зурагт болон “Ди ди эш” суваг хүлээн авагч станц зэргийг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Батгавъяа нь 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 386 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 460 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгох справка /хх-ийн 46, 47, 48, 49/-аар тогтоогдож байна.

                        Шүүгдэгч Х.Батгавъяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа  эдэлж дууссанаас  хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Батгавъяаг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Х.Батгавъяагийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хулгайн эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал /42 настай, 6-13 насны 2 хүүхэдтэй/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Батгавъяад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Халзангийн Батгавъяаг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Халзангийн Батгавъяаг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Х.Батгавъяад оногдуулсан 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батгавъяагийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Х.Батгавъяад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Болдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Батгавъяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР