Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0211

 

М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Б.Б*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******гийн нэхэмжлэлтэй, У*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн М ХХК-ийн захирлаар Д.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүхэд ирүүлсэнтайлбартаа: Мэдээлэл кабель ХХК нь анх 1996 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Л*******гийн Д******* гэсэн үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр оноосон нэрээ М ХХК болгон өөрчилж, 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлаар Д.С*******ийг томилж бүртгүүлсэн.

2002 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өв залгамжлуулан шилжүүлэх гэрээний дагуу компанийн 100 хувийн хувьцааг Д.Ч******* руу шилжүүлэн бүртгэсэн. 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ерөнхий захирал Д.Ч*******ын Гүйцэтгэх захирлыг өөрчилж, Д.Б*******г томилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу бүртгэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Гуравдагч этгээд Д.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Б******* би уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй, уг захиргааны хэргийн улмаас миний эрх ашиг хөндөгдөөгүй. Д.Ч******* нь миний төрсөн ах бөгөөд Д.Б******* намайг М ХХК-ийн захирлаар томилсон шийдвэрийг Д.Ч******* гаргаагүй, бидний хооронд тохиролцсон үйл баримт байхгүй, намайг захирлаар томилсон ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд яаж бүртгэл өөрчлөгдсөнийг улсын бүртгэлийн газар мэднэ гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Компанийн тухай хууль /1999 он/-ийн 80 дугаар зүйлийн 80.6-д заасныг тус тус баримтлан М ХХК-ийн захирлаар Д.Б*******г бүртгэсэн 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр М ХХК-ийн захирлаар Д.Б*******г бүртгэсэн 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д заасныг баримтлан М ХХК-ийн захирлаар Д.Б*******г бүртгэсэн 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай гэсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-д 8 дугаар зүйлийн 8.1.7, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3 гэсэн заалтууд байхгүй.

2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Мэдээлэл катв ХХК-ийн захирлаар Д.Б*******г бүртгэхдээХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 22 дугаар зүйлд заасан баримтуудыг бүрдүүлэн авч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам-д нийцүүлэн бүртгэсэн.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хуульд байхгүй зүйл заалтыг баримтлан, буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүйболгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн М ХХК-ийн захирлаар иргэн Д.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Д.Ч******* нь 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс тус компанийн захирлын үүргийг хашиж байгаа бөгөөд тэрээр компани болон компанийн эрхийг бусдад хууль ёсоор шилжүүлсэн баримтгүй байтал 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Д.Б*******г М ХХК-ийн захирлаар бүртгэсэн гэж, харин хариуцагчаас 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өв залгамжлуулан шилжүүлэх гэрээний дагуу компанийн 100 хувийн хувьцааг Д.Ч******* руу шилжүүлэн бүртгэсэн. Д.Ч*******ын Гүйцэтгэх захирлыг өөрчилж, Д.Б*******г томилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу бүртгэлийг хийсэн гэж маргаж байна.

Гэтэл шүүх Д.Ч*******ыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, компанийн 100 хувийн хувьцааг Д.Ч******* руу шилжүүлсэн бүртгэл хийгдсэн эсэх, одоо тус компанийг хэн эзэмшиж байгааг тодруулах ажиллагааг хийлгүйгээр Д.Ч******* нь М ХХК-ийн 100 хувийн хувь нийлүүлэгч бөгөөд компанийн дотоод, гадаад харилцаанд төлөөлөх бүрэн эрх нь Д.Ч*******ад байгаа нь Үндэсний татварын албаны тодорхойлолт, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөр огноолсон Үндэсний татварын албаны тодорхойлолт, 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас гэсэн баримтуудад удирдлагын овог, нэр хэсэгт Д*******ын Ч******* гэж байх боловч зөвхөн эдгээр баримтуудаар Д.Ч*******ыг тус компанийн 100 хувийн хувьцааг эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй.

Түүнчлэн хэрэгт тус компанийн үүсгэн байгуулагч Л.Д*******, хүү Д.Ч******* нарын компанийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон Өв залгамжлуулан шилжүүлэх гэрээ[1] байх боловч Д.Ч*******ыг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл, түүнтэй холбоотой баримтууд байхгүй, 1996 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Мэдээлэл кабель ХХК-д, 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр М ХХК-д тус тус олгосон улсын бүртгэлийн гэрчилгээнд Д.Ч*******ад компанийг шилжүүлсэн талаар бүртгэл хийгдээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Д.Ч******* одоо тус компанийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг эсэх, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байна.

Иймээс шүүх М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болох, Д.Ч*******ыг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл хийгдсэн эсэхийг тодруулахаар хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд орох өөрчлөлтийг хийлгүүлэхтэй холбоотой баримтууд болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг авах, тус компанийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийх зэрэг ажиллагааг хийх нь зүйтэй.

Мөн Д.Ч******* нь 2006 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Буянт-Ухаа боомтоор хил нэвтэрч гарснаас хойш Монгол Улсад орж ирээгүй болох нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байна. Тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий итгэмжлэлийг Зөвлөх цэц консалтинг ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Б*******д UPS хүргэлтийн үйлчилгээгээр ирүүлсэн гэх боловч энэ нь гадаад улсад оршин суугаа иргэний итгэмжлэлд тавигдах шаардлага буюу итгэмжлэлийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгох шаардлагыг хангаагүй байна.

Дээрх ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН