Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00748

 

Ж  -ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр магадлалтай

Ж  -ийн нэхэмжлэлтэй,

“Ш” ХК-д холбогдох

Ажилласан хугацааны цалин, хугацаа хэтрүүлсний алданги, эрүүл мэндийн даатгалын төлбөр, холбогдох зардалд нийт 186 742.98 ам доллар буюу 465 331 760 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын цалинд олгосон 223 747.61 ам доллар буюу 531 358 061 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мэнд-Амар, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь “Ш” ХК-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэн 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ байгуулан “Ш” ХК-ын Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд жилийн 200 000 ам.долларын цалинтайгаар ажиллахаар тохиролцсон. Үүн дээр нэмж нэхэмжлэгчийг дараах хангамжтайгаар ажиллуулахаар гэрээний 2.5, 5 дугаар зүйлүүдэд заасан байдаг. Үүнд: Олон улсын даатгал /Эрүүл мэнд/, машин, жолооч, нисэх онгоцны зардал /тодорхой тохиолдолд/, хоолны зардал 1 сард 1 000 000 хүртэлх төгрөг, байрны зардал: Шд байрлах бол үнэ төлбөргүй, Улаанбаатарт байрлах бол ашиглалтын зардлыг оролцуулаад 1 сард 4 000 хүртэлх ам.доллар хамаарч байна. Нэхэмжлэгч нь “Ш” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал үлгэр жишээ байдлаар ажилласан.

Тухайлбал “Ш” ХК-ийн шинэ нүүрс угаах үйлдвэрийн санхүүжилт, Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын төслийн санхүүжилт, НАКО-г худалдан авах, уул уурхайн шинэ тоног төхөөрөмжийн санхүүжилт авах болон тэргүүлэгч аудитын фирм Эрнст энд Янг-аар зөрчилгүй дүгнэлт гаргуулж зэрэг ажилласан байдаг. “Ш” ХК нэхэмжлэгчид хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сар дуусталх хугацааны цалин, 2016 оны 01 дүгээр сар дуусталх хугацааны гэрээний 2.5 дугаар зүйлд заасан олон улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгож, түүнээс хойш аливаа мэдэгдэл, тайлбар хийхгүйгээр шалтгаангүйгээр 2016 оны 05 дугаар сараас хойш 6 сарын цалин болох 100 000,02 ам.доллар, 2016 оны 02 дугаар сараас хойш 9 сарын олон улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 20 665,44 ам.долларыг тус тус төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч энэ хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан болно.

“Ш” ХК нэхэмжлэгчийг анх ажилд орох үеэс түүнийг Allianz Worldwide Care байгууллагын олон улсын эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт хамруулдаг байсан бөгөөд энэхүү даатгал нь”Ш” ХК-ийн хамаарал бүхий компани болох “Си Би Эм” ХХК-иар дамжин хэрэгждэг байсан байна. “Ш” ХК-иас нэхэмжлэгчийг хувийн шугамаар эрүүл мэндийн даатгалд хамрагдаж шимтгэлээ төлөн “Ш” ХК-иас төлсөн шимтгэлээ буцаан авах санал тавьсны дагуу нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын сүүлээс эхлэн Аетна компани мөн Хюмана компаниудаар хувиараа үйлчлүүлэх болсон бөгөөд сар бүр нийт 2 296,16 ам.долларын эрүүл мэндийн даатгалын шимтгэл тэдэнд төлдөг. “Ш” ХК нь хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сард доорх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардлыг нэхэмжлэгчид төлсөн болно. Өмнө нь төлөгдөөгүй байсан эрүүл мэндийн зардал 2 514,90 ам.доллар, бусад 99,99 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын Аетнагийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл 2 240,55 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын Хюманагийн хараа болон шүдний даатгалын шимтгэл 55,61 ам.доллар, нийт 4 911,05 ам.доллар. 2016 оны 04 дүгээр сараас хойш ажилласан хугацааны цалин, өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардлыг нөхөн авах хүсэлтээ нэхэмжлэгч “Ш” ХК-д удаа дараа гаргасан боловч “Ш” ХК-иас ямар нэгэн хариу аваагүй, цалин, олон улсын эрүүл мэндийн даатгалын зардал өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Ш” ХК-нд 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар дуусталх хугацааны цалин болох 100 000,02 ам.доллар, 2016 оны 02 дугаар сараас 10 дугаар сар дуусталх хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал болох 20 665,44 ам.долларыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн мэдэгдлийг “Ш” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Жэймс Пассин, гүйцэтгэх захирал Б.Батбаатар нарт [email protected], [email protected] цахим шуудангаар хаягуудаар нь хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдлээр “Ш” ХК тус хугацаанд төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг тухайн өдрөөр харилцан цуцалсанд тооцож, хөдөлмөр эрхлэлтээ зогсоохыг сануулсан. Гэвч энэ хугацаанд “Ш” ХК-ийн дээр дурдсан албан тушаалтнуудаас ямар нэгэн хариу аваагүй байна.

Нэхэмжлэгч “Ш” ХК-нд сүүлчийн шаардлагаа түүний ТУЗ-ийн дарга Б.Батмөнх, гүйцэтгэх захирал Б.Батбаатар нарын [email protected], [email protected] цахим шуудангаар хаягуудаар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн ба тус шаардлагад 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор дээрх цалин, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардлыг “Ш” ХК бүрэн төлөөгүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу эрхээ хамгаалж арга хэмжээ авахаа мэдэгджээ.

“Ш” ХК-иас дээр дурдсан нэхэмжлэгчийн сүүлийн шаардлагад хариу ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүнийг төлөөлөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгийг үндэслэн “Ш” ХК-ийн маргаан таслах комисст гомдол гаргасан билээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх 7 дугаар хэсэгт дурдсан гомдол гаргахдаа “Ш” ХК-нд тус компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисс гомдлыг хүлээн авсан эсэх тухайгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд бичгээр мэдэгдээгүй тохиолдолд “Ш” ХК-нд хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй гэж ойлгон холбогдох нэхэмжлэлийг харьяа шүүхэд гаргахдаа мэдэгдсэн мэдэгдлийг мөн хүргүүлсэн. Тус мэдэгдлийн дагуу “Ш” ХК-иас нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд хөдөлмөрийн маргаан таслах комисс нь гомдол хүлээн авсан, хүлээн авахаас татгалзсан эсэх тухай ямар ч мэдэгдэл, захидал, албан бичиг ирүүлээгүй болно.

Иймд “Ш” ХК-ийг хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж хариуцагчаас 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуусталх 6 сарын цалин 100 000,02 ам доллар буюу 249 183 050 төгрөг, түүний алданги 121 352 146 төгрөг, гэрээний 2.5.-д зааснаар 2016 оны 02 дугаар сараас 10 дугаар сарыг дуусталх хугацааны  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал 20 665.44 ам доллар буюу 51 494 763 төгрөг, гомдол, нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримт бичгийг гэрчлүүлэх болон Монгол Улс руу тэдгээрийг илгээхтэй холбогдох АНУ-д гарсан зардалд төлсөн 401.51 ам доллар буюу 1 000 494 төгрөг, хуульчийн зардал 16 976 ам.доллар буюу 42 301 306 төгрөг, нийт 186 742.98 ам доллар буюу 465 331 760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч Ж /James Albert Flores/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Монгол Улсад Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн Хөдөлмөрийн тухай хууль болон ажил олгогчтойгоо байгуулсан гэрээнд заасан үндэслэл журмын дагуу цалин авах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь гадаадын иргэн, өндөр албан тушаалд ажиллахаар гэрээ байгуулсан байсан гэхээрээ бусад ажилтан, иргэдээс давуу байдалтай буюу ажил хийхгүйгээр, хөдөлмөрийн үр дүн гаргахгүйгээр цалин авах ёстой гэж үзэж түүнийгээ шүүхийн журмаар гаргуулахаар шаардан нэхэмжлэл гаргасан нь ёс зүйн болоод хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал “Ш” ХК болон Жэймс Алберт Флорис /James Albert Flores/ нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 2.2 дахь хэсэгт ажлын байр буюу хаана байрлаж ажил үүргээ гүйцэтгэх тухай, мөн гэрээний 4 дүгээр зүйлд 7 хоногт хэдэн цаг ажиллах тухай, амралтын өдрүүдийн тухай, жилд ямар эрх эдлэх тухай маш тодорхой тусгасан. Гэвч нэхэмжлэгч Жэймс Алберт Флорис /James Albert Flores/ нь 2016 оны 05 дугаар сараас бүр өмнө аль эрт 2014 оноос ажил хөдөлмөрөө гүйцэтгэхгүй Монгол Улсаас гараад явчихсан хүнийг ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж цалин тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан бөгөөд энэхүү заалтын цагаар ажлын хөлсийг тооцон, хэдэн цаг ажилласан буюу хөдөлмөрийнх нь үр дүнд тохируулан цалин олгохоор тохиролцсон нь зохигчдын хооронд багуулсан гэрээний 4.1 дэх хэсэг зааснаас тодорхой харагдана. Ж /James Albert Flores/-ийн нь цалин шаардсан хугацаанаас өмнө болон 2016 оны 05 дугаар сарын 10 дугаар сар хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй тул цалин тооцон олгохгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Цалин тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй тул цалинг тогтоосон хугацаанд олгоогүйн алданги гэх 121 352 146 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Мөн аливаа этгээд эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж тэрхүү эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрх, тэрхүү ажиллагаатай холбоотой баримт бүрдүүлэх, хуульчаас туслалцаа авах эсэх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуульд тус тус зааснаар нэхэмжлэгчийн зөвхөн өөрийн чөлөөт хүсэл зориг, эрхийн асуудал байдаг. Энэхүү эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө түүнтэй холбоотой гаргасан гэх зардлаа бусдаас шаардах эрхгүй бөгөөд хариуцагч “Ш” ХК нь түүнийг нь хариуцах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд хуульчийн зардал 42 301 306 төгрөг болон баримт бичиг гэрчлүүлэх, илгээхтэй холбоотой зардал гэх 1 000 494 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал 51 494 763 төгрөгийг зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжилж байгаагаа дурджээ. Гэрээний 2.5-д ажилтан нь ажил олгогчийн зардлаар олон улсын даатгалд хамрагдах эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд “Ш” ХК нь даатгалын үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр даатгалын зардлыг “Ш” ХК нь гаргана. Учир нь ямар нөхцөлөөр ямар хэмжээний шимтгэлийн зардал гаргахыг гэрээнд заагаагүй тодорхойгүй ерөнхий заалт оруулсан нөгөө талаас даатгалын үйл ажиллагаа нь даатгагчтай гэрээ байгуулж нөхцөл шаардлагаа тохирч байж гэмээнэ хэрэгждэг асуудал тул ажилтан өөрийн дураар хүссэн дүнгээрээ даатгуулж, түүнийг нь ажил олгогч хариуцахаар тохирсон асуудал байхгүй бөгөөд ямар хэмжээний зардал гаргахыг гэрээнд заагаагүй, тодорхойгүй заалтыг хэрэгжүүлэхээр гэрээний нөхцлийг зөвшөөрч гэрээ байгуулахгүй нь ойлгомжтой билээ. Ер нь нэхэмжлэгчийн ёс зүйгүй байдлыг жирийн Монгол иргэний өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байж авдаг 500 000 төгрөг, зүгээр байж байгаад Монгол хүний нэг насаараа хөдөлмөрлөөд олохгүй хэмжээний их мөнгө нэхэж байгаатай харьцуулахад харагдана гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Америкийн Нэгдсэн Улсын иргэн Ж /James Albert Flores/ нь “Ш” ХК-нд ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс олж авах эрх буюу Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь аль 2015 оны 01 дүгээр сард дууссан. Мөн оныхоо 6 сараас хойш Монгол улсад дахин ирээгүй буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгээгүй. Гэсэн ч “Ш” ХК нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл нийт түүнд 223 747,61 ам.долларын цалин хөлс олгосон.

Тодруулбал 2015 оны 02 дугаар сарын 25-нд 14 915.37 ам.доллар, 3-р сарын 25-нд 14 916.5 ам.доллар, 4-р сарын 24-нд 14 916.29 ам.доллар, 5-р сарын 26-нд 14 915.04 ам.доллар, 6-р сарын 26-нд 14 912.68 ам.доллар, 8-р сарын 06-нд 14 915.9 ам.доллар, 9-р сарын 04-нд 14 916.61 ам.доллар, 9-р сарын 30-нд 14 916.81 ам.доллар, 10-р сарын 26-нд 14 916.86 ам.доллар, 11-р сарын 25-нд 14 916.77 ам.доллар, 12-р сарын 31-нд 14 916.91 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 01-нд 14 917.06 ам.доллар, 3-р сарын 01-нд 14 917.83 ам.доллар, 3-р сарын 28-нд 14 918.86 ам.доллар, 5-р сарын 10-нд 14 918.12 ам.долларыг тус тус цалин хөлсөнд олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт гадаадын иргэний хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиар тус тус зохицуулна гэж заасан байдаг. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу гадаадын иргэн нь Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж цалин хөлс авахын тулд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар шууд хөдөлмөр эрхэлж болохгүй гагцхүү хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр л хөдөлмөрийн харилцааг эхлүүлж, хөдөлмөрийн харилцааг хуулийн дагуу үргэлжлүүлэх боломжтой байдаг. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь дууссан тохиолдолд дууссан хугацаанаас эхлэн хөдөлмөр эрхэлж цалин хөлс авах нь хууль бус бөгөөд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үр дагавартай тул Америкийн Нэгдсэн Улсын иргэн Ж /James Albert Flores/-ийн хөдөлмөр эрхлэх зөвөөрөл дууссанаар хөдөлмөр эрхлүүлж, цалин хөлс олгох үүрэг дуусгавар болно.

Иймд “Шарын шол” ХК нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд цалин хөлсийг үүрэг үүсээгүй байхад олгосон байх бөгөөд Ж /James Albert Flores/ мөн хугацаанд нийт 223 747.61 ам.долларын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул хөрөнгө шилжүүлсэн “Ш” ХК-нд буцаан шаардахаар эрхтэй билээ.

Иймд цалин хөлсөнд олгосон 223 747.61 ам.доллар буюу 531 358 061 төгрөгийг Ж /James Albert Flores/-оос буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: АНУ-ын иргэн Жеймс Алберт Флорес /James Albert Flores/-оос “Ш” ХК-нд холбогдуулан ажилласан хугацааныхаа цалин, түүний алданги, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал болон бусад холбогдох зардлаа гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбогдуулан “Ш” ХК-иас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ж /James Albert Flores/-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн түүнд 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд олгосон нийт цалин болох 223 747.61 ам.долларыг буцаан нэхэмжилж, түүний эсрэг сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Ж /James Albert Flores/-ийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан гэх үндэслэлийн тухайд:

Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиуд болон Монгол улсын Засгийн газар, түүний эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрх зүйн актуудаар зохицуулагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 113.1 дүгээр хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гадаадын иргэнийг ажиллуулж болно гэж зааснаас үзвэл ажил олгогч болон гадаадын иргэн хоорондын хөдөлмөрийн харилцаа үүсэх эсэх нь төрийн байгууллагын аливаа шийдвэрээс үл хамаарч байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үндсэн асуудлууд зохицуулагдаж харин ажил олгогч гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж байгаа ажилтанд тавигдах тусгай нөцөл, шаардлагууд бусад хуулиудаар зохицуулагдаж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг үндэслэн хөдөлмөрийн гэрээний эрх, үүргийг тодорхойлдог журам Монгол Улсад байхгүй. Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг цуцлуулснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох, ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтны өмнө хүлээсэн аливаа үүргээс чөлөөлөх тухай заалт, зохицуулалт Хөдөлмөрийн тухай хууль ажиллах хүч гадаадад гаргах, ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах тухай хуулиудад аль алинд нь огтхон ч байхгүй. Гэтэл хариуцагч “Ш” ХК нь хөдөлмөрийн харилцааг зохих ёсоор дуусгавар болгоогүй атлаа Ж /James Albert Flores/-ийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг 2015 оны 1-р сард цуцлуулсанаар “Ш” ХК-ийн хөдөлмөрийн харилцаанд хүлээх үүрэг дуусгавар болсон мэтээр тайлбар хийж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх тухайд:

Хариуцагч “Ш” ХК-ийн Хөдөлмөр эрхлэлтийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэгч Ж /James Albert Flores/-т олгосон цалинг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Ш” ХК-ийн сөрөг нэхэмжлэлдээ “Иймд “Ш” ХК нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны цалин хөлсийг үүрэг үүсээгүй байхад олгосон байх бөгөөд Ж /James Albert Flores/ мөн хугацаанд нийт 223 747.61 ам.долларын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул хөрөнгө шилжүүлсэн “Ш” ХК нь буцаан шаардахаар эрхтэй билээ” гэжээ. Энд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийн гэрээний дагуу олгогдох цалин, хөдөлмөрийн хөлсний тухай ойлголтыг эдийн засгийн болон эрх зүйн агуулгаар авч үзэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч болон “Ш” ХК-иудын хоорондын харилцаа дуусгавар болоогүй байснаар зогсохгүй “Ш” ХК-нд нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажилласаар байсан бөгөөд тийм ч учраас түүний цалинг сөрөг нэхэмжлэлд дурдсан хугацаанд олгож байсан нь хэнд ч илэрхий. Хөдөлмөрийн харилцааны үүрэг нь нэг талаас ажил олгогчид ажилтан ажиллах нөгөө талаас ажил олгогч ажилтныг ажлын байр, ажлаар т хангаж, түүнд цалин хөлс олгох, байдлаар биелэгддэг онцлогтой. Гэтэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасныг энэ маргаанд хамаатуулан тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэл, хамааралгүй байна.

Учир нь “Ш” ХК үүрэг гүйцэтгэхээр нэхэмжлэгчид хөрөнгө шилжүүлсэн ямар ч харилцаа үүсээгүй нэхэмжлэгч хийсэн ажлынхаа цалинг л түүнээс хүлээж авсан бөгөөд иргэний хуулийн тухайн зохицуулалт нь талуудын маргаантай аливаа хэлбэрээр холбогдолгүй, “Ш” ХК гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр Жт /James Albert Flores/ хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч “Ш” ХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Ш” ХК-аас 249 183 050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жт олгож, үлдэх 216 148 710 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 531 358 061 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны олгох цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Ш” ХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 484 609 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 814 741 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 4038 065 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жт олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын:

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Ш” ХК-аас 249 183 050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жт олгож, үлдэх 216 148 710 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 531 358 061 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Ш” ХК-аас 249 183 050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жт олгож, үлдэх 216 148 710 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 531 358 061 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 060 656 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг буруу тодорхойлсон.

Нэхэмжлэгч буюу ажилтан нь маргаан бүхий хугацаанд хамаарах хөдөлмөрийн хөлс шаардсан бол хариуцагч болох ажил олгогчоос иргэн ажиллах хүчээ ашиглуулаагүй тухайн хугацаанд л хамаарах цалин хөлсийг олгох боломжгүй гэж маргасан болно. Тодруулбал, ажилтан ажиллаагүй хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй эсэх асуудал нь маргааны зүйл юм.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх контрактын гэрээ цуцлагдаагүй, түүнчлэн ажилтанд ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй тул ажилтан цалин хөлс шаардах эрхтэй гэж үзсэн.

Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалын 8 дахь талд “Нөгөөтэйгүүр хариуцагч тал нэхэмжлэгчийг хууль болон хөдөлмөр эрхлэх гэрээ, байгууллагын дүрэм, дотоод журам зэргийг зөрчсөн гэж гэрээгээ цуцалсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул зохигчдын хооронд үүссэн гэрээ хүчин төгөлдөр хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байна гэж үзнэ”. Улмаар цааш нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-41.1.4-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д зааснаар ажлаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай боловч хөдөлмөрийн гэрээг хариуцагч “Ш” ХК дуусгавар болгоогүй, энэ талаар хариуцагч талаас хуульд заасан үүргийн дагуу нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч цалинг шаардах эрхтэй гэж дүгнэсэн.

Хэрэв шийдвэр, магадлалын шийдвэрлэсэн үндэслэлээр контрактын гэрээний дагуу ажилтан хөдөлмөрлөх үйл ажиллагаа явуулаагүй ч цалин хөлс авах ёстой гэсэн нь гэрээнд заасан бусад нөхцлийг бүр мөсөн үгүйсгэж байна. Энэхүү үндэслэлийг нөгөө талаас авч үзвэл аливаа контрактын гэрээгээр ажилтан илүү цагаар ажиллах, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллахад нэмэгдэл, нэмэгдэл хөлс хамаарах ёсгүй ба улмаар ажилтны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосноос дордуулж болно гэсэн энгийн логик дүгнэлтрүү хөтөлнө.

Тиймээс, контрактын гэрээг нэгэнт байгуулсан бол гэрээ дуусгавар болох хүртэл яаж ч ажиллаж болох ба бүр ажил олгогчид ажиллах хүчээ зарцуулаагүй хугацаанд ч хөлс шаардах хэрэгсэл болгож байгаа нь буруу.

Контрактын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болохоос бус хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас ангид, тусдаа бие даасан эрх зүйн харилцаа биш юм. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд контрактын гэрээг тусгайлан зохицуулсан 22, 25, 41, 134 дүгээр зүйлүүдэд зааснаас бусад харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох бусад зохицуулалтууд нэгэн адил үйлчилнэ.

Хөдөлмөрийн гэрээ нь нэг талаас ажилтан хөдөлмөрлөх үүрэг биелүүлж, нөгөө талаас ажил олгогч тохиролцсон цалин хөлсийг олгох хариу төлбөртэй хоёр талын гэрээ юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-21.1.4-д заасан заавал тохиролцох гол нөхцөл нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийн гэрээний 2.1, 2.2, 2.4, 2.6-д тусгагдсан байгаа тул ажилтан цалин хөлсөө шаардахын тулд гэрээнд заасан гол нөхцөл бүхий хөдөлмөрлөх үүргээ эхлээд биелүүлж, ажиллах хүчээ ажил олгогчийн төлөө зарцуулсан байх ёстой.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны үүргээс гадна Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэсэн үүрэг гүйцэтгэх шударга ёсны зарчимд нийцнэ. Хэрэв ажилтан энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар ажил олгогч хариу үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Энэхүү татгалзах эрхээ хэрэгжүүлэхийн тулд шийдвэр, магадлалын үндэслэл ёсоор ажилтанд заавал сахилгын шийтгэл ногдуулсан, гэрээг цуцалсан байхыг шаардахгүй юм. Өөрөөр хэлбэл, эхлээд үүргийн тухай асуудал шийдэгдэж, дараа нь зөрчлийг арилгах буюу хариуцлагын тухай асуудал яригдах нь зүйн асуудал юм.

Түүнчлэн эцсийн үр дүнг дүгнэх тухай асуудал нь ажилтан гэрээний дагуу ажиллаж үүргээ биелүүлсэн бөгөөд тэр нь хангалттай эсэх буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, улмаар ажилтанд урамшуулал олгох, контрактын гэрээг сунгах, эсхүл цуцлах тухайд хамааралтай ба Гэрээний эцсийн үр дүнг заавал дүгнэх зохицуулалт нь гэрээний хэрэгжилтийн явцад гэрээний дагуу ажиллаагүй ажилтныг зөвтгөх үндэслэл болохгүй, улмаар цалин шаардах эрх үүсгэхгүй болно.

Товчоор өгүүлбэл, ажилтан ажил олгогчийн өмнө хүлээсэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй бол ажил олгогч цалинг олгохоос татгалзах эрхтэй бөгөөд харин тухайн гэрээний зөрчлийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах, гэрээг цуцлах нь түүний дараагаар хэрэгжих ажил олгогчийн бүрэн эрх буюу эрх зүйн үр дагавар юм.

Тиймээс талуудын хоорондох маргааны зүйл ажилтан ажилласан эсэх тухай байхад анхан болон давж заалдах шатны шүүх контрактын гэрээг цуцалсан эсэхтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй мэтээр дүгнэсэн маргааны зүйлийг зөв тодорхойлоогүйгээс маргааныг шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээг оновчтой сонгон хэрэглэж чадсангүй.

Хоёр. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлээгүй орхигдуулсан үндэслэлүүд.

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан 4 үндэслэлээс давж заалдах шатны шүүх эхний үндэслэлийг үгүйсгэж, контрактын гэрээ нь ажилласан эсэхээс үл хамаарч гэрээ цуцлагдаагүй бол цалин шаардах эрхтэй гэж дүгнэсэн ч үлдэх 3 үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Үүнд:

1. Нотлох баримтыг үнэлсэн тухайд.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн АНУ-аас ажиллаж байсан нь нотлогдох талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дараах байдлаар дүгнэлт хийсэн байдаг. Уг дүгнэлт нэг бүрийг хэрэгт авагдсан иш татаж буй нотлох баримтад хэрхэн нийцэж буйг авч үзэх нь зүйтэй.

а)  “Нэхэмжлэгч Ж /James Albert Flores/ нь АНУ-д байх хугацаандаа... Х.Уянгатай [email protected] имэйл хаягаар 2016 оны 6 сар хүртэл харилцаж.., Б.Гэрэлт-Одын [email protected] хаягаар.., Э.Ариунжаргал нь өөрийн [email protected] хаягаар харилцаж байсан гэсэн мэдүүлэг...”

Уг дүгнэлтэд дурдагдаж буй нэг ч имэйл нь нотлох баримтаар авагдаагүйгээс гадна гэрчээр асуугдсан этгээдүүд нь урьд нэхэмжлэгчийн шууд удирдлага доор ажиллаж байсан ажилчид бөгөөд тус гэрчийн мэдүүлгээр ажил олгогчид ажилласан байсныг нотлохгүй юм.

б) “...2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Ш” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаатарын [email protected] цахим хаягаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор цалин хөлс болон эрүүл мэндийн даатгалын зардлыг нөхөн төлөх мөн тухайн өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай албан бичгийг хүргүүлсэн болох нь гэрч Б.Батбаатарын хөдөлмөр эрхлэлтийг цуцлах асуудлыг би шийддэггүй гэж цахимаар хүсэлт ирснийг үгүйсгээгүй мэдүүлэг”

Хариуцагч “Ш” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаатар гэрч байх этгээд бишээс гадна 3 хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад Б.Батбаатарын гэрчээр асуугдсан нэг ч мэдүүлэг байхгүй болно. Улмаар шүүхийн даалгавраар хийгдсэн үзлэгээр [email protected] цахим хаяг руу ямар ч имэйл ирээгүй болох нь тогтоогдсон байхад шүүх хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдаагүй, огт байхгүй баримтыг иш татаж буй нь ноцтой алдаа болно.

в)  “...Цахим шуудан хүргүүлж харилцаж байсан талаарх албан ёсны эрх бүхий орчуулгын компаниар орчуулж ирсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна”

Мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтуудыг ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан журмаар нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргахад шүүх хангасан ба ийнхүү хасахаар заасан баримтад нь дээрх имэйлийн орчуулга гэх баримтууд хамаарч байхад шүүх хассан нотлох баримтаа үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх зохицуулалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан дээрх хүсэлтийг шүүгч даруй шийдвэрлэх журамтай боловч шүүхийн шийдвэртэй хамтатган шийдвэрлэсэн нь буруу болсон ба энэ нь дээрх хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хэргийн оролцогчийн эрх зөрчигдөхөд хүргэсэн.

2. Шүүх Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд.

Нэхэмжлэгч нь гадаадын иргэн тул түүний хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиудаар давхар зохицуулагддаг.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д зааснаар эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл байгаа нөхцөлд нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээ хүчин төгөлдөр байх боломжтой. Харин хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсон нөхцөлд нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээ хүчин төгөлдөр байх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 14 дүгээр талд “хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлагдсан талаар холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад хүргүүлж, зохих журмын дагуу зөвшөөрөл авсан эсэх нь тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна” гэсэн дүгнэлт байгаа нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон. Уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг нь гадаадын иргэн өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээгээ цуцлаж, өөр байгууллагад ажиллах зөвшөөрөл авахтай холбоотой харилцааг зохицуулсан байхад анхан шатны шүүх уг заалтыг үндэслэн хариуцагчийг гэрээ цуцлах зөвшөөрөл авсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Хариуцагч нь 2014-11-24-нд Хөдөлмөрийн эрхлэлтийн үйлчилгээний төвд явуулсан албан бичигтээ нэхэмжлэгчийг цаашид хөдөлмөр эрхлэхээ больсон гэж мэдэгдсэний дагуу 2014-12-02-ны өдөр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг дуусгавар болгосон нотлох баримтыг шүүх бодитой үнэлсэнгүй.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон этгээдийг ажиллуулах, түүнд цалин хөлс олгох нь хууль зөрчсөн үйлдэл болно. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан 2012 оны 9 сарын 1-ний өдрийн контрактын гэрээ нь түүний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд хэрэгжих ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсны дараа 2012 оны 9 сарын 1-ний өдрийн контрактын гэрээг үндэслэн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж чадсангүй.

3. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд.

Талуудын хооронд үүссэн маргаан нь нэхэмжлэгчийг ажлаас халсан, өөр ажилд шилжүүлсэнтэй холбогдох маргаан биш учир Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан маргаанд хамаарна.

Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 1-нээс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан гээд энэ хугацааны цалингаа нэхэмжилж 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хандсан байгаа нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сард цалин авах ёстой гэж үзэж байсан бол мөн үеэсээ хойш 3 сарын дотор 5 дугаар сарын цалинтай холбогдох гомдлоо гаргах ёстой байсан ба ийнхүү сар бүрийн цалинтай холбогдох гомдолд хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг тус бүрт нь тоолоход тийм ч төвөгтэй бишээ.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх “ажилтан ажилласан эсэхээс үл хамаарч контрактын гэрээг цуцлаагүй бол цалин шаардах эрхтэй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн хэрнээ “Гэрээний дагуу ажилласан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгоогүй байх тул..., түүний шаардсан цалинг олгох үндэслэлтэй юм” гэж дүгнэсэн нь хоорондоо зөрчилтэй болсон.

Хэрэв ажилтныг “ажилласан” гэж үзсэн бол ямар баримтыг үндэслэл болгосон эсэх, уг баримтыг хэрхэн үнэлж байгаагаа давж заалдах шатны шүүх заах үүрэгтэй боловч магадлалд ямар ч нотлох баримтыг иш татаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцлийг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Ж /James Albert Flores/-ийн нэхэмжлэлтэй “Ш” ХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мэнд-Амар гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

1. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг буруу тодорхойлсон гэх тухайд:

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд “Ш” ХК-ийн зүгээс нэхэмжлэгч Жтой байгуулсан “Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ” буюу контрактыг дуусгавар болгоогүй, энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49-р зүйлд заасны дагуу цалин нэхэмжлэх эрхтэй гэж зөв дүгнэсэн.

Хөдөлмөрийн харилцаа нь гагцхүү хууль зүйн үндэслэл буюу Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд урьдчилан тодорхойлогдсон хууль зүйн факт бүрдсэн нөхцөлд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасан нөхцөл бий болоход үүсч, 43-р зүйлд заасан нөхцөл бий болоход дуусгавар болдог билээ. Хөдөлмөрийн харилцаа ямар нэг үйл явдалд тулгуурлан үүсдэггүй бөгөөд гагцхүү хууль тогтоомжид заасан тодорхой үр дүнд хүрэхэд чиглэсэн зорилго бүхий хууль ёсны үйлдлийн үр дүнд буюу ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалснаар ажил олгогчийн ажилтны өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно.

Контракт нь Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн харилцааг зохицуулагч нэг төрлийн гэрээ болохын хувьд дээрх зарчим контрактад мөн адил үйлчилнэ.

Байгууллагын аливаа ажилтан нь ажил олгогчийн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ажил олгогч ажилтныг ажиллах хүчээ зарцуулаагүй тохиолдолд ажил олгогч түүний эсрэг ямар үйлдэл хийснээ заавал баталгаажуулсан байх нь хууль ёсонд нийцнэ. Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч давуу байдалтай оролцдогийн хувьд түүний дур зоргоор авирлах үйлдлийг хязгаарлахын тулд Хөдөлмөрийн хуульд заасан тодорхой үйлдэл хийхийг шаарддаг.

Энэ хэргийн маргааны зүйл нь нэхэмжлэгч АНУ-ын иргэн Ж нь “Ш” ХК-тай 2012 оны 9-р сарын 1-ний байгуулсан “Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ” буюу контрактын дагуу 2016 оны 5-р сараар 2016 оны 10-р сар хүртэлх хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг нэхэмжилсэн. Тус “Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ” буюу контрактыг “Ш” ХК өөрийн санаачлагаар цуцлах тухай мэдэгдлийг Жт өгч байгаагүй буюу контракт цуцлагдаагүй, мөн түүнчлэн гэрээг цуцалсан тухай ямар ч нотлох баримт “Ш” ХК-ийн зүгээс гаргаж шүүхэд гаргаж өгөөгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2-т заасны дагуу ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүрэгтэй. Гэвч “Ш” ХК нь ажилтныг өөрийн ажил үүргээ биелүүлээгүй, ажиллах хүчээ зарцуулаагүй гэж узэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан өөрийн үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч Жийн цалин, хөдөлмөрийн хөлсөө шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Ж ажил олгогчид ажиллах хүчээ зарцуулаагүй болохыг баримтаар тогтоогоогүй, хэрэв ажиллах хүчээ зарцуулаагүй бол “Ш” ХК-ийн зүгээс ямар арга хэмжээ авснаа мөн баримтаар нотлоогүй хэрнээ хөдөлмөрийн ямар гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран ажил олгогч өөрийн үзэмжээр ажлын үр дүн гараагүй, ажиллах хүчээ зарцуулаагүй гэж үзсэн бол цалин үл олгоно гэсэн байр суурьтай байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд огт нийцэхгүй байна.

Нэгэнт “Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ” буюу контракт нь цуцлагдаагүй буюу хөдөлмөрийн харилцаа хучин төгөлдөр уйлчилж байсан. “Ш” ХК-ийн ажилтнууд нэхэмжлэгчтэй харилцаж, хамтран ажиллаж байсан гэж мэдүүлсэн. “Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ” буюу контракт нь зөвхөн нэхэмжлэгч Жийн санаачлагаар 2016 оны 10-р сард цуцлагдсан учир нэхэмжлэгч Ж нь 100 000.02 ам.долларыг шаардах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо ажил олгогч хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулинд гэрээнээс, үүргээс татгалзах тухай ойлголт байхгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг байгуулах, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах, дуусгавар болгох ойлголт л тусгагдсан. Иймд Б.Сод-Эрдэнийн гомдол илт хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Нотлох баримтыг үнэлсэн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43-р зүйлд заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох бөгөөд гэрч нь иргэний хэргийн талаар тодорхой үзсэн, сонссон зүйлсийн талаар шүүхэд өгсөн мэдүүлгийнхээ үнэн зөв байдлыг хариуцаж, хэрэв худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх зохицуулалттай.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд шүүх гэрчийн өгсөн мэдүүлгийг иш татсан нь ноцтой алдаа гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. “Ш” ХК-ийн ажилтнууд болох Ариунжаргал, Уянга, Гэрэлт-Од нар нь имэйл хаягуудаараа нэхэмжлэгч Жтой харилцаж, мэдээ тайлан хүргүүлэх зэрэг байдлаар хамтран ажиллаж байсан тухайгаа мэдүүлсэн нь ямар хуулийн шаардлага хангахгүй байгаа нь тодорхойгүй байна.

Дархан-Уул аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргасан нь хуульд нийцэж байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

3. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 113.1-т зааснаар “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гадаадын иргэнийг ажиллуулж болно" гэж заасныг үзвэл Ажил олгогч болон гадаадын иргэний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэх эсэх нь төрийн байгууллагын ямар нэгэн шийдвэрээс хамаарахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үндсэн асуудлууд зохицуулагдаж, харин ажил олгогч болон гадаадаас авч байгаа иргэнд тавигдах тусгай нөхцөл, шаардлагууд л бусад хуулиудаар зохицуулагдаж байна.

Гадаадын иргэнд олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байх, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг цуцалснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох тухай эсвэл ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн аливаа үүргээс чөлөөлөх тухай заалт Хөдөлмөрийн тухай хууль болон Ажиллах хүч гадаадад гаргах, ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах тухай хуульд огтхон ч байхгүй.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч “Ш” ХК нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу зохих ёсоор хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй, цуцлаагүй боловч хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа 2015 оны 1-р сард дуусгавар болсноор түүний хөдөлмөрийн харилцаанд хүлээх үүрэг дуусгавар болсон мэт тайлбарлаж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй байна.

“Ш” ХК нь 2014 оны 11-р сарын 24-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд явуулсан албан бичигтээ нэхэмжлэгчийг цаашид хөдөлмөр эрхлэхээ больсон гэж мэдэгдсэний дагуу 2014 оны 12-р сарын 2-ны өдөр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг цуцалсан гэжээ. Гэвч тухайн албан бичгийг гаргах үндэслэл бүхий хууль зүйн фактыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь нотлож чадахгүй байна.

Үүнийг хариуцагч “Ш” ХК нь Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд явуулсан албан бичигтээ худал мэдүүлж нэхэмжлэгч Жт олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг цуцлуулсан гэж дүгнэж болно.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас мэргэжилтэн ажиллах хүч авах тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Иргэдийн хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоотой харилцаа бүхнийг дан ганц Хөдөлмөрийн хуулиар зохицуулах боломжгүй. Үүнээс шалтгаалан хөдөлмөрийн харилцаа түүний доторх ямар харилцаа эрх зүйн харилцаа вэ гэдэг асуулт тавигдах юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрлүүдийг зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 129-р зүйлийн 129.1 болон 129.2-р зүйлүүдэд тус тус гомдол гаргах хугацааг заасан байх боловч Жийн гаргасан нэхэмжлэлийн агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлд заасан маргаануудын алинд нь ч хамаарахгүй.

Иймд хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 369-р зүйлийн 369.3-т үндэслэн Иргэний хуулийн 75-р зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа тоолох нь зүйд нийцнэ.

2012 оны 9-р сарын 1-ний өдөр “Ш” ХК болон Ж нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ нэгэнт цуцлагдаагүй учир “Ш” ХК-ийн Жт цалин хөлс олгох үүрэг мөн дуусгавар болоогүй.

“Ш” ХК нь Хөдөлмөр эрхлэлтийн гэрээгээр хүлээсэн цалин хөлс олгох үүргээ биелүүлэхгүй байсан тул Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-т заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”. 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тус тус заасныг баримтлана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-т заасан “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах...” баримтлах нь харин ч нэг талыг хэт баримталсан шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтнуудынхаа цалинг олгож чадахгүй 3 сар буюу түүнээс дээш хугацаагаар саатуулсан бөгөөд ажилтнууд хөдөлмөр эрхэлсээр байсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр цалин, хөлс авах эрхээ алдаж, ажил олгогч этгээд өмнөх саруудын цалинг олгохгүй завших нөхцөл байдалд хүргэнэ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 75-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эцэст нь товч өгүүлэхэд “Ш” ХК нь нэхэмжлэгч Жтой Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ байгуулж, өөрийн ажилтнаар тооцон 2012 оны 9-р сарын 1-ний өдрөөс 2016 оны 4- р сарыг хүртэл нийт 44 сарын турш түүний цалинг зохих ёсоор олгож байсан.

Жийг 2015 онд өөрийн эх орон руугаа буцаж, “Ш” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирлын албан үүргийг АНУ-аас гүйцэтгэхэд “Ш” ХК огтхон ч татгалзаж, эсэргүүцэн түүнтэй байгуулсан Хөдөлмөр эрхлэлтийн гэрээг цуцлах санал гаргаагүй мөртлөө түүнийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэсээр байхад 2016 оны 5-10 сарын цалинг шалтгаангүйгээр олгоогүй юм. Гэтэл нэхэмжлэгч Жэймс Апберт Флорес нь 2016 оны 5-10 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсээр байсан бөгөөд “Ш” ХК-ийн ажилтнуудын гэрчийн мэдүүлгээр энэ нь давхар тогтоогдож байгаа гэдгийг дахин тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн, өнөөдрийг хүртэл “Ш” ХК нь Хөдөлмөр эрхлэлтийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл Жт өгөөгүй, Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалаас халсан тушаал гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлд заасны дагуу ажлаас халж, ажил хүлээлцсэн гэдгээ нотлох баримтаар нотлоогүй, хэрнээ Жийг цаашид ажиллахгүй болсон гэж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвд худал мэдүүлсэн албан бичгээрээ Хөдөлмөр эрхлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор дуусгавар болгосон мэт тайлбарлаж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд “Ш” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, түүнийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Жеймс Алберт Флорес   нь “Ш” ХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, хугацаа хэтрүүлсний алданги, эрүүл мэндийн даатгалын төлбөр, холбогдох зардалд нийт 186 742.98 ам доллар буюу 465 331 760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын цалинд олгосон 223 747.61 ам доллар буюу 531 358 061 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх ажилласан хугацааны цалин 249 183 050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ үндэслэл бүхий хэрэгжүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна. 

Иймд “...шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Жеймс Алберт Флорес   нь “Ш” ХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, түүнийг хугацаанд олгоогүйн алданги, энэ хугацааны эрүүл мэндийн даатгалын төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан бусад зардалд нийт 186 742.98 ам доллар буюу 465 331 760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хоёр шатны шүүх ажилтан АНУ-д байхдаа ажил үүргээ гүйцэтгэж байсан нь хэрэгт цугларсан цахим шуудан бүхий нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч 2016 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин хөлсийг шилжүүлж байсан, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаарх баримтаа ирүүлээгүй гэх үндэслэлээр 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг, алдангийн хамт олгохоор шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Зохигч 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ” байгуулж, ажилтан Жеймс Алберт Флорес   компанийн Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд нэг жилд 200 000 ам.долларын цалинтай ажиллах, гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэж, хангамж эдлэх, ажил олгогч цалинг 12 тэнцүү хувааж сар бүр олгох, холбогдох хангамж, төлбөрийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу олгох, ажилтныг хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхийг шаардах, хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудад заасан ажил олгогчийн аливаа эрхийг эдлэхээр харилцан тохиролцжээ.

Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоход 30-аас доошгүй хоногийн өмнө гэрээний аль нэг тал нөгөө талдаа мэдэгдэл өгөөгүй тохиолдолд нэг жилийн ой бүр дээр гэрээний нөхцлийн дагуу дахин нэг жилээр сунгагдахаар тохиролцсон байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь тухайн компанид 2016 оны 10 дугаар сар дуустал ажилласан, 2016 оны 05 дугаар сараас хойшхи цалин, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөөгүй үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сараас гэрээг цуцлах саналаа мэдэгдэж, ажилласан хугацааны цалин, түүнийг хугацаандаа өгөөгүйн алданги, холбогдох зардлаа нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байранд, ажлын цагаар ажил үүргээ  гүйцэтгээгүй, ажлын гүйцэтгэл байхгүй тул ажилласан гэх хугацааны цалин, түүнтэй холбоотой алданги, хохирол, зардлыг шаардах эрхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Ажил олгогч ажилтныг онцгой ур чадвартай гэж үзэн “Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ” байгуулсныг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан “Контрактын гэрээ” байгуулсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэжээ.

Иймд ажилтан гэрээгээр тохиролцсон ажил үүргийг гүйцэтгэсний үндсэн дээр цалин хөлс авах эрхтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2.-т ажилтны ажлын байр нь Монгол Улс, Улаанбаатар хот дахь ажил олгогчийн төв оффис байна. Гэхдээ энэхүү гэрээний хугацаанд ажил олгогч нь бизнесийн шаардлагын дагуу ажилтныг ажил олгогчийн үйл ажиллагаагаа явуулдаг Шыг оролцуулаад өөр газар ажиллахыг шаардаж болно гэж, 4.1.-д ажилтан 7 хоногт 40 хүртэл цаг ажиллана, 4.2.-т ердийн ажлын цаг Даваагаас Баасан гаригт 09.00 цагаас 18.00 цагийн хооронд, өдөрт 8 цаг байна гэжээ.

Нэхэмжлэгч шаардаж буй хугацаандаа ажлын байранд, тогтоосон ажлын цагаар ажил олгогчийн удирдлагын дор ажиллаагүй болох нь хариуцагчийн тайлбар, тэрээр 2014 оны 12 дугаар сард хөдөлмөрлөх зөвшөөрлөө дуусгавар болгож, хасалт хийлгэсэн тухай Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын тодорхойлолт, хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 17-нд Монгол улсад орж ирээд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсаас гарч явсан, түүнээс хойш хилээр орж ирсэн тухай тэмдэглэлгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон байна. \1 дүгээр хавтас, ХХ-117, 118, 120 дугаар тал\

Ажлын байранд ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтанд ажил олгогч цалин, хөлс олгох үүрэг хүлээхгүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч цахим хэлбэрээр ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж тайлбарлах боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд ажлын байр, цагийг өөрчилсөн талаар нэмэлт өөрчлөлт ороогүй тул гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр ажилтанд цалин хөлс олгохоос татгалзсан ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй, цалин олгогдохгүй тул алданги тооцох боломжгүй.                                   Ажилтан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд гэрээгээр тохирсон халамжийг эдлэх эрхтэй ба тэрээр 2014 оны 12 дугаар сараас хойш ажил үүргээ гүйцэтгээгүй тул 2016 онд төлөгдсөн ажилтны эрүүл мэндийн даатгалын төлбөрийг ажил олгогч хариуцахгүй.

Хэрэгт цугларсан баримтаар гэрээний үүргээ зөрчсөн гэх ажил олгогчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар нотлох баримт бүрдүүлсэн, эрх зүйн туслалцаа авсан хуульчийн зардлыг ажил олгогч хариуцахгүй.

2. Нэхэмжлэгч Ж /James Albert Flores/ нь АНУ-ын иргэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1.-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гадаадын иргэнийг ажиллуулж болно гэж, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлийг урьдчилан авсан байна, 8.4.-т хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг шалгасны үндсэн дээр хуульд заасан шаардлагын дагуу сунгана гэжээ.

“Ш” ХК-ийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Жеймс Алберт Флорес  -т 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгч, улмаар ажил олгогчийн хүсэлтийг үндэслэн дахин нэг жилээр сунгасан ба 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг дуусгавар болгож, хасалт хийсэн болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

Нэгэнт гадаад улсад ажил эрхлэх зөвшөөрөл нь цуцлагдсан ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэх гэрээ цааш үргэлжлэх боломжгүй тул дуусгавар болох учиртай.

Иймд энэ хугацаанаас хойш талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үргэлжилсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч “Ш” ХК нь нэхэмжлэгчид холбогдуулан түүний гадаад улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноор талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж үзэх тул гэрээ цуцлагдснаас хойш буюу 2015 оны 02 дугаар сараас хойш олгогдсон 14 сарын цалин 223 747.61 ам.доллар буюу 531 358 061 төгрөгөөр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, буцаан гаргуулахаар шаарджээ.

Хоёр шатны шүүх талуудын хоорондох хөдөлмөрийн эрхийн харилцаа хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байсан гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд тэдний хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

Ажилтны Монгол Улсад хөдөлмөрлөх эрх дуусгавар болсноор талуудын хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ” дуусгавар болсон боловч ажил олгогч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд ажилтныг ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж, цалин олгож байсныг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11., 49 дүгээр зүйлийн 49.1., 219 дүгээр зүйлийн 219.1., Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Ш” ХК-иас 186 742.98 ам доллар буюу 465 331 760 төгрөг гаргуулахыг хүссэн Жеймс Алберт Флорес  -ийн нэхэмжлэл, нэхэмжлэгчээс 223 747.61 ам доллар буюу 531 358 061 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 060 656 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД