Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

2022        02          15                                      2022/ЦШТ/53

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е,   

улсын яллагч С.Б, 

хохирогч Д.Б,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-т холбогдох эрүүгийн 2125000000396 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.А

Шүүгдэгч Г.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 42 дугаар гудамжинд иргэн Д.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ “...Би айлд мод хөрөөдөж дуусаад гэртээ харих гэтэл айлын хүн 0.5гр архи өгсөн, архи уучихаад гэртээ ирэхэд хаалга цоожтой, онгойлгох гэтэл гацчихсан, үүдэнд байдаг хаймар байхгүй болсон байсан. Тэгээд гарсан чинь хохирогч явж байсан “ах аа хаймар алга болсон байна, харсан уу” гэж асуухад “би сая хаймар зараад архи уугаад хоолоо аваад явж байна” гэхээр нь хаана зарсан талаар асуухад намайг хоёр цохиод авсан, би бас хоёр цохисон, гүйгээд явахаар нь уурандаа 2-3 удаа цохиж аваад тонгороод унагаасан, өөр зүйл болоогүй. Худгийн тэндээс хамар хашааны хүн “цагдаа дууд” гээд орилоод байсан.” гэв.

хохирогч Д.Б-н “...Би хаймар аваагүй, одоо тархины хүнд гэмтэлтэй болоод хүний сахиур хяналтанд орж, босч явж чадахгүй болсон. Энэ хүн надад эмчилгээний зардал өгөөгүй, хохирлоо гаргуулж авмаар байна, надад баримтууд байсан боловч хаячихсан юм.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

хохирогч Д.Б-н “...хэрэг болсон өдөр би хогоо түүж гадуур явж байгаад орой гэртээ харих гээд Цагаанчулуут багт байдаг хуучин Солонго захын тэндээс уруудаад Эко хорооллын хойд талд явж байсан чинь танихгүй, согтуу залуу ирээд, “чи яагаад хулгай хийгээд байгаа юм бэ” гээд миний нүүр лүү цохиод газарт унагасан. Үүнээс хойш юу болсон талаар би огт санахгүй байна, эмнэлэгт ухаан орсон. ...Би Анхбаяр гэж хүнийг танихгүй, ямар нэгэн айлын хашаагаар ороогүй. ...Энэ хэргийн улмаас толгойдоо гэмтэл авч, тархиндаа хүнд хагалгаа хийлгэсэн, нүүрэнд гэмтэл учирсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 15-16 дахь тал/,

“...би хог түүдэг ч хулгай хийдэггүй, Г.А надад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, зодуулсандаа гомдолтой байна, эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 18-19 дэх тал/,

гэрч Р.Э-н “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 18 цагийн орчим гэртээ харих гээд өөрийнхөө амьдардаг гудам руу орох гээд ... явж байхад Цагаанчулуут багийн 30 дугаар гудамжны зүүн талын буланд ... Анхбаяр гэж залуу газарт нэг эрэгтэй хүнийг унагачихсан дээрээс нь нэг бараан өнгийн зүйлээр хэд, хэдэн удаа цохисон. Нөгөө хүн нь түүний эсрэг ямар нэгэн хариу эсэргүүцэл үзүүлэхгүй хэвтээд, Анхбаяр хөлөөрөө тэр хүний дээрээс дэвсэж, толгой, цээж рүү нь өшиглөөд байсан. Тэр үед гудамжаар явж байсан хоёр, гурван тээврийн хэрэгслийн жолооч Анхбаярыг “боль” гэж хэлэхэд Анхбаяр тоохгүй, “та нарыг ч гэсэн ална шүү” гээд орилоод байсан. Би түүнд “болиоч” гэсэн чинь “та нарыг ална шүү, энэ хүнийг алсан ч яадаг юм” гээд зодоод байсан. Тэгэхээр нь би 7035102 дугаарын утас руу болсон хэргийн талаар дуудлага өгсөн, хэсэг хугацааны дараа эргүүлийн хоёр цагдаа ирээд эмнэлэг дуудсан.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 22-24 дэх тал/,

гэрч Б.У “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Н.Гантулгын хамт гэр хорооллын чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 19-20 цагийн хооронд цагдаагийн газрын жижүүрээс “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр Эко хорооллын хойд талд 42 дугаар гудамжны баруун талын буланд согтуу хүн, хүн зодоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлага мэдээллийг хүлээн аваад хэргийн газарт очих үед газарт унтаж байгаа хүн шиг хурхирсан байдалтай настай эрэгтэй хүн, түүний хажууд ажлын хувцастай өндөр нуруутай залуу байсан. Газарт хэвтэж байсан хүний нүүр нь нил цус болсон байхаар нь эмнэлгийн байгууллага, дараа нь цагдаагийн газрын жижүүрт дуудлага өгсөн, хүн зодсон гэх Г.А нь согтуу байсан учир эрүүлжүүлэх байр луу авч явж эрүүлжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 28 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 681 дугаартай “...1.Д.Б-н биед гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн талын бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доор цусан хураа, нүүрэнд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь босоо, суугаа, хэвтээ байрлалд байхад үүсэх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Тархины хатуу хальсан доорх цусан хураа нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 46-47 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 324 дугаартай “...Г.Аын биеэс авсан цусанд этилийн спирт 1.0 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 51-52 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 321 дугаартай “...Д.Бат-Эрдэнийн биеэс авсан цусанд этилийн спирт 2.6 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 56-57 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 84 дугаартай “...магадлуулагч Г.А нь сэтгэцийн хувьд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй. Магадлуулагч Г.А нь төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчний учир ХЧТА-ын 60% сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Магадлуулагч Г.А нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай. Магадлуулагч Г.А нь гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан. Түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 67-68 дахь тал/,

Г.А-ын сэжигтнээр өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой харанхуй болж байхад гэртээ ирсэн чинь хашааны урд, хойд хоёр хаалга онгорхой байсан, хашаа руугаа орсон чинь байшингийн үүдэнд дэвссэн байсан хаймар алга болсон, манай байшингийн хаалгыг хөшсөн байсан. Тэгэхээр нь урд талынхаа хаалгаар гараад гудамж руу харсан чинь хүн байхгүй байсан, хойд талын хаалгаар гараад харсан чинь гудамжны зүүн буланд шуудайтай юм үүрсэн хүн явж байсан, тэр хүний хойноос гүйгээд очсон чинь шуудайтай юм үүрсэн, настай эрэгтэй хүн ганцаараа явж байсан. Тэр хүн дээр очоод “энэ хавьд хаймар барьсан хүн явсан уу” гэж асуусан чинь нөгөө хүн “өнөөдөр нэг хаймар авч яваад зарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгай хийсэн байна гэж бодоод тэр хүний нүүр лүү хоёр, гурван удаа алгадсан чинь хамраас нь цус гарсан, би нөгөө хүнийг хөлөөрөө хавираад газарт унагасан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн, хэн цагдаа дуудсаныг мэдээгүй, би энэ хүний нүүр лүү нь хоёр гараараа ээлжлээд 5-6 удаа алгадсан. Хамраас нь цус гарсан, ...хөлөнд нь дэгээ тавиад хавирч унагасан, өөр цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 72-73 дахь тал/,

иргэн Эрдэнэтуяагийн гаргасан “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 42 дугаар гудамжны зүүн талын үзүүрт зодуулсан байдалтай эрэгтэй хүн байна.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 2 дахь тал/,

хэрэг учрал болсон гэх Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 42 дугаар гудамжинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 3-4, 5-6 дахь тал/,

хохирогч Д.Бат-Эрдэнийн хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 7-8, 9-13 дахь тал/,

Г.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 102 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 85 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн зохион байгуулагч Д.Нандин-Эрдэнийн тодорхойлолт /хавтас хэргийн 90 дэх тал/,

Г.А оюун ухааны хомсдол өвчний 2-10а заалтаар 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоосон 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн БОЭТ-ийн дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /хавтас хэргийн 93 дахь тал/,  

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 103-107 дахь тал/,

БОЭТ-өөс гаргаж ирүүлсэн хохирогч Г.Бат-Эрдэнийн өвчний түүхийн хуулбарууд /хавтас хэргийн 125-160 дахь тал/,

гэрч Р.Э-с гаргаж өгсөн хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 122 дахь тал/, хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтас хэргийн 161 дэх тал/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, Г.Ааас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Г.А-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 42 дугаар гудамжинд иргэн Д.Бат-Эрдэнийг зодож, түүний биед гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн талын бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доор цусан хураа, нүүрэнд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх хохирогч Д.Бат-Эрдэнийн “...миний нүүр лүү цохиод газарт унагасан. Үүнээс хойш юу болсон талаар би огт санахгүй байна, эмнэлэгт ухаан орсон. .. толгойдоо гэмтэл авч, тархиндаа хүнд хагалгаа хийлгэсэн, нүүрэнд гэмтэл учирсан байсан.” гэх,

гэрч Р.Э-н “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 18 цагийн орчим...Анхбаяр гэж залуу газарт нэг эрэгтэй хүнийг унагачихсан дээрээс нь нэг бараан өнгийн зүйлээр хэд, хэдэн удаа цохисон. Нөгөө хүн нь түүний эсрэг ямар нэгэн хариу эсэргүүцэл үзүүлэхгүй хэвтээд, Анхбаяр хөлөөрөө тэр хүний дээрээс дэвсэж, толгой, цээж рүү нь өшиглөөд байсан.” гэх,

гэрч Б.У “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Н.Гантулгын хамт гэр хорооллын чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад...цагдаагийн газрын жижүүрээс “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр Эко хорооллын хойд талд 42 дугаар гудамжны баруун талын буланд согтуу хүн, хүн зодоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлага мэдээллийг хүлээн аваад хэргийн газарт очих үед газарт унтаж байгаа хүн шиг хурхирсан байдалтай настай эрэгтэй хүн, түүний хажууд ажлын хувцастай өндөр нуруутай залуу байсан. Газарт хэвтэж байсан хүний нүүр нь нил цус болсон байхаар нь эмнэлгийн байгууллага, дараа нь цагдаагийн газрын жижүүрт дуудлага өгсөн.” гэх,

Г.А-ын “...шуудайтай юм үүрсэн, настай эрэгтэй хүн ганцаараа явж байсан. ...би хулгай хийсэн байна гэж бодоод тэр хүний нүүр лүү нь хоёр гараараа ээлжлээд 5-6 удаа алгадсан. Хамраас нь цус гарсан, ...хөлөнд нь дэгээ тавиад хавирч унагасан.” гэх мэдүүлгүүдээр,  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 681 дугаартай “...Д.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн талын бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доор цусан хураа, нүүрэнд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

иргэн Э-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учрал болсон гэх Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 42 дугаар гудамжинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Бат-Эрдэнийн хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр, мөн түүний өвчний түүх, хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Г.А-ын хохирогч Д.Б-н толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө дэвсэж, хавсарч унагаж биед нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн талын бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доор цусан хураа, нүүрэнд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий амь насанд нь аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.  

Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч нь хохирогчийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Б-г зодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Г.А-ын онцгой нөхцөл байдал болох сэтгэцийн хувьд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, 60%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай байдлыг харгалзан хорих ялыг 2 жил 6 сарын хугацаанаас хэтрүүлэхгүйгээр оногдуулах, ялаас чөлөөлөх.” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан болно.  

          Шүүх шүүгдэгч Г.А-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс шүүгдэгчийг ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзсэн бөгөөд дээрх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний “төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-д “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасан зохицуулалтад хамаарч байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудал;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлгийн үед “би хохирлоо төлүүлмээр байна.” гэж мэдүүлсэн ч “нотлох баримтуудаа хаясан” гэх шалтгаанаар баримт гаргаж өгч чадаагүй талаараа тайлбарласан бөгөөд Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 681 дугаартай “...1.Д.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн талын бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доор цусан хураа, нүүрэнд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ... хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.” гэсэн дүгнэлтээр түүнд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, одоогоор биеийн байдал сайжраагүй, хор уршиг арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь тогтоогдож байна.

Иймд хохирогч Д.Б энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлын болон мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн шүүгдэгч Г.А-аас нэхэмжлэх эрхтэй юм.

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримт гаргаагүй тул шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5.Хохирогч Д.Б энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлын болон мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн, шүүгдэгч Г.А-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримт гаргаагүй тул шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

          7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ