Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Б.Бийн өмгөөлөгч С.Төмөрбаатар,

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Пгийн Эд холбогдох эрүүгийн 2107 00117 0214 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ажилгүй, ******* тоотод хоёр хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Регистрийн дугаар *******, ******* овогт Пгийн Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 27-оос 28-ны шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” амралтын газарт хохирогч Б.Б нь Ц.Аг өмөөрсөнд дургүйлхэн түүний үснээс зулгааж газарт унагах, нүүрийг нь маажиж хохирогч Б.Бийн биед нь нүүр, зүүн тохойнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бид нар 16:00 цагаас  ******* рүү явсан. Тэрний өмнөх өдөр явахгүй хүмүүс нь 25.000 төгрөг өгөөд үлдэж болно гэж хэлсэн. Тэгээд бүгд Э эгч явчих аа гээд гуйгаад байсан. Тэгээд автобусанд суугаад бөөнөөрөө уугаад эхэлсэн. Тухайн үед удирдлагууд яваагүй. Араас ирсэн. Тэгээд очоод 9, 10, 11 дүгээр гэрийг авсан. ...Тэгээд тэндээ уугаад маргалдаад байхаар нь одоо тараад гэр, гэр рүүгээ явъя гээд байж байсан. ...Тэгээд 01 цагийн үед манай удирдлагууд ирсэн. Тухайн үед нярав, нягтлан, эмч, эрхлэгч ирсэн. Тэгээд тэд нар бас нилээд согтуу байсан. Тэгээд ахиж архи задалж уусан. Би гэрээс гараад бие засах гээд явж байхад миний араас 1 хүн татаад унагаасан учир эргээд харсан чинь Б миний дээрээс дараад цохиод байсан. Тэгээд би хүн андуураад байна гэж хэлээд орилсон чинь тал талаас намайг бөөнөөрөө зодсон. Цагдаа ирээд бороохойдоод босгосон. Тэгээд намайг зодчихлоо гээд асуусан чинь эрхлэгч та жирэмсэн хүн зодсон гэж хэлсэн. ...Олон хүн байсан учраас бөөнөөрөө хуйвалдсан байна. Тухайн үед миний бие өвдөөд гэртээ маш хэцүү хэвтсэн байсан. Тухайн үед би цагдаа нарт маш их найдсан. Би маш их гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн ажилладаг Чингэлтэй дүүргийн 280 дугаар цэцэрлэгийн ажилчдын хамт олонтойгоо Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт 20 орчим цагийн очсон. Тэгээд бид нар хоол ундаа идчихээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Шөнө 01 цаг өнгөрч байхад амралтын газрын саравчинд Ц.А бид нар сууж байтал П.Э эгч бид нар дээр хүрч ирээд Ц.А дээр очоод “чи хүний өмнөөс жирэмсэн болчихсон юм уу” гээд хүрч ирээд Ц.Агийн цээж рүү нь гараараа түлхсэн. Тэр үед Ц.А сууж байсан сандлаас бараг унах шахахаар нь би түшсэн юм. Тэгээд янз бүрийн хараал урсгаад салаавч гаргаад байхаар нь Ц.А босоод явах гэтэл П.Э эгч Ц.Агийн энгэрээс бариад сэгсрээд байхаар нь би очоод “та болиоч, наад хүн чинь жирэмсэн шүү дээ, ямар нэгэн зүйл болоод гэмтчихвэл яах юм бэ” гээд гарыг нь тавиулах гээд зууралдаж байтал гараа тавиад газар унахдаа миний нүүрийг маажаад үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд би үснээс зулгаасан гарыг нь тавиулах гээд цээжин дээр нь гараараа дарсан. Дараа нь би П.Э эгчид “та яагаад миний нүүрийг маажиж байгаа юм бэ? би танд гар хүрээгүй шдээ” гээд уйлаад байж байтал ардаас манай ажлын газрынхан ирээд бид хоёрыг салгасан...” /хх-09-10/

"... Э эгч намайг үсдэж аваад хойшоо хөл алдсан ч юм уу бүү мэд намайг үснээс зулгаасан чигээрээ өөрөө хойшоо унасан. Унах үед нь би үснээсээ зулгаалгасан байсан учир өөрөө татагдаад газар өвдгөөрөө тулж унах, унахдаа би түүний хажууд газар унасан. Тэгээд босох гэтэл Э миний үснээс зулгаачихаад тавихгүй байхаар нь түүний цээжний гол хэсэг буюу эгэмний хэсгээс нь баруун гараараа тулаад боссон. Эхлээд П.Э эгч өөрөө унасан. Унахдаа намайг татахаар нь би түүний хажууд хоосон газар унасан....” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Э эгч миний цээж рүү түлхээд би сууж байгаа сандлаасаа унах шахсан. Дараа нь над руу дахиж дайраад миний цамцны энгэр хэсгээс зуураад намайг сэгсрээд байсан. Тэр үед Б “та жирэмсэн хүнийг ингэж болохгүй” гээд намайг салгаад П.Э эгчтэй зууралдаад үлдсэн...” /хх-26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Цаг ч нэлээн орой болоод би хэсэг ажилчдын хамтаар караокед орж дуулж байгаад гараад иртэл Б.Б П.Э эгчтэй “та жирэмсэн хүнийг яаж байгаа юм” гээд маргалдаад зогсож байсан. Тэгээд салгахаар очтол Б.Б нүднийхээ доод хэсэгт маажуулаад цус гарчихсан байж байсан. Тэр үед Б.Б П.Э эгч рүү уурлаад “би ээж аавдаа ч зодуулж үзээгүй, танд зодуулна гэж юу байсан юм” гээд П.Э эгч рүү дайраад байж байтал Х.Б бас П.Э эгч рүү дайраад, тэр гурав газар унаад ноцолдоод байсан. Тэгээд бид нар салгаад Б.Бийг гэр рүү оруулаад байж байтал Х.Б, П.Э дахиад нэг нэгнээ унагаачихсан байж байтал цагдаа нар ирсэн. Б.Б, П.Э хоёр хамт газар уначихсан байж байхаар би очиж салгаад байж байтал Х.Б орж ирээд миний найзын нүүрийг маажсан гээд П.Э эгч рүү дайраад байсан. Тэр үед би Б.Бийг салгаад гэр рүү оруулахаар явж байсан болохоор яг юу болсныг сайн мэдэхгүй байна” /хх-35/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Бийн биед тархи доргилт, нүүр, зүүн тохойнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-53/ гэх дүгнэлт,

 

Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаа саравчинд Б.Б, Ж, А бид хэдийг сууж байхад Э бид нар дээр хүрч ирээд эхлээд Атай муудалцаад ирсэн. Энэ үед хажууд байсан Б Эг болиулах гээд “та жирэмсэн хүн яагаад байгаа юм вэ” гээд түүний гараас нь зуурсан тэгтэл. Тэгтэл Э Бтэй зууралдаж аваад түүний үснээс нь зулгаагаад тэр хоёр газар унасан юм. Тухайн үед Ж бид хоёр Аг жирэмсэн болохоор түүнийг аваад саравчнаас явсан. Бг сүүлд ирснийг мэдээгүй” /хх-145/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч П.Э яллагдагчаар мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцлаа, би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Амралтдаа байх хугацаанд манай ажлын газрын хүмүүс хоол унд хийж идэцгээгээд бүгдээрээ л согтолттой байсан. Тэгээд шөнө нь /цагийг нь сайн санахгүй байна/ амралтын гэр дотор байхдаа Ц.Атай маргалдаж, муудалцсан юм шиг байна лээ. Тэрийгээ бол би сайн санахгүй байна. Ингээд амралтын гэрээс гарч бие засахаар явж байснаа санаж байна тэгээд нэг мэдсэн Б.Бтэй хэрэлдэж маргалдаад үсдэлцээд зууралдчихсан байж байсан. Ямар учраас түүнтэй муудалцсанаа сүүлд нь сонсоход гадаа саравчинд Ц.Атай хэрүүл хийж маргалдсанаас болоод Б.Б надаас Ц.Аг өмөөрч надтай үсдэлцэж зууралдсан гэсэн. Тэгээд би Б.Бийн үснээс нь зулгаачихсан зууралдаж байтал хажуугаас Х.Б гарч ирээд бид хоёрын голоор ороод бас надтай зууралдаад эхэлсэн. Энэ үед бид гурав хэрэлдэж муудалцаад эхэлсэн. Бодвол Б.Бийг л надаас өмөөрч тэгж байсан юм шиг байна лээ. Тухайн үед хэн нэг нь намайг үснээс зулгаасан. Тэгээд би хойшоо татагдаад унах шиг болсон. Унах үед Б, Б хоёр цуг унах шиг болсон. Ер нь тэгээд тэнд бөөн бужигнаан болсон. Б, Б бид хэдийг салгах гээд бусад маань бужигналдаад яг юу болоод байгаа нь ч мэдэгдэхгүй юм болсон...” /хх-88/ гэх мэдүүлэг,

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Шөнө 01 цаг өнгөрч байхад амралтын газрын саравчинд Ц.А бид нар сууж байтал П.Э эгч бид нар дээр хүрч ирээд Ц.А дээр очоод “чи хүний өмнөөс жирэмсэн болчихсон юм уу” гээд хүрч ирээд Ц.Агийн цээж рүү нь гараараа түлхсэн. Тэр үед Ц.А сууж байсан сандлаас бараг унах шахахаар нь би түшсэн юм. Тэгээд янз бүрийн хараал урсгаад салаавч гаргаад байхаар нь Ц.А босоод явах гэтэл П.Э эгч Ц.Агийн энгэрээс бариад сэгсрээд байхаар нь би очоод “та болиоч, наад хүн чинь жирэмсэн шүү дээ, ямар нэгэн зүйл болоод гэмтчихвэл яах юм бэ” гээд гарыг нь тавиулах гээд зууралдаж байтал гараа тавиад газар унахдаа миний нүүрийг маажаад үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд би үснээс зулгаасан гарыг нь тавиулах гээд цээжин дээр нь гараараа дарсан...” гэсэн мэдүүлэг /хх-09-10/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг хохирогч Батзаяагийн бие хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Энэ хэрэгт хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”. гэсэн дүгнэлтүүдийн гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрт холбогдсон хэргийн талаар : “ .... Тэгээд би гэрээс гараад бие засах гээд явж байхад миний араас 1 хүн татаад унагасан. Тэгээд эргээд харсан чинь Б миний дээрээс дараад цохиод байсан. Тэгээд би хүн андуураад байна гээд хэлсэн. Тэгээд би орилсон чинь тал талаас намайг бөөнөөрөө зодсон. Тэгээд цагдаа ирээд бороохойдоод босгосон.. Олон хүн байсан учраас бөөнөөрөө хуйвалдасан байна.”  гэсэн мэдүүлгийг өгсөн ч шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох  : Хохирогч Б.Бийн өгсөн: “...П.Э эгч бид нар дээр хүрч ирээд Ц.А дээр очоод “чи хүний өмнөөс жирэмсэн болчихсон юм уу” гээд хүрч ирээд Ц.Агийн цээж рүү нь гараараа түлхсэн. Тэр үед Ц.А сууж байсан сандлаас бараг унах шахахаар нь би түшсэн юм. Тэгээд янз бүрийн хараал урсгаад салаавч гаргаад байхаар нь Ц.А босоод явах гэтэл П.Э эгч Ц.Агийн энгэрээс бариад сэгсрээд байхаар нь би очоод “та болиоч, наад хүн чинь жирэмсэн шүү дээ, ямар нэгэн зүйл болоод гэмтчихвэл яах юм бэ” гээд гарыг нь тавиулах гээд зууралдаж байтал гараа тавиад газар унахдаа миний нүүрийг маажаад үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд би үснээс зулгаасан гарыг нь тавиулах гээд цээжин дээр нь гараараа дарсан...”, Гэрч Ц.Агийн  өгсөн: “....Э эгч миний цээж рүү түлхээд би сууж байгаа сандлаасаа унах шахсан. Дараа нь над руу дахиж дайраад миний цамцны энгэр хэсгээс зуураад намайг сэгсрээд байсан. Тэр үед Б “та жирэмсэн хүнийг ингэж болохгүй” гээд намайг салгаад П.Э эгчтэй зууралдаад үлдсэн...” гэх мэдүүлэг, Гэрч А.*******ийн өгсөн: “....иртэл Б.Б П.Э эгчтэй “та жирэмсэн хүнийг яаж байгаа юм” гээд маргалдаад зогсож байсан. Тэгээд салгахаар очтол Б.Б нүднийхээ доод хэсэгт маажуулаад цус гарчихсан байж байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э бид нар дээр хүрч ирээд эхлээд Атай муудалцаад ирсэн. Энэ үед хажууд байсан Б Эг болиулах гээд “та жирэмсэн хүн яагаад байгаа юм вэ” гээд түүний гараас нь зуурсан тэгтэл. Тэгтэл Э Бтэй зууралдаж аваад түүний үснээс нь зулгаагаад тэр хоёр газар унасан юм...” гэх мэдүүлэг,Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон Шүүгдэгч П.Эгийн  яллагдагчаар өгсөн: “...Тэрийгээ бол би сайн санахгүй байна. Ингээд амралтын гэрээс гарч бие засахаар явж байснаа санаж байна тэгээд нэг мэдсэн Б.Бтэй хэрэлдэж маргалдаад үсдэлцээд зууралдчихсан байж байсан. Ямар учраас түүнтэй муудалцсанаа сүүлд нь сонсоход гадаа саравчинд Ц.Атай хэрүүл хийж маргалдсанаас болоод Б.Б надаас Ц.Аг өмөөрч надтай үсдэлцэж зууралдсан гэсэн....” гэх мэдүүлгээр Шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 27-оос 28-ны шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” амралтын газарт хохирогч Б.Бийг гэрч Ц.Аг өмөөрсөнд дургүйлхэн түүний үснээс зулгааж газарт унагах, нүүрийг нь маажиж хохирогч Б.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Эд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.           

Иймд шүүхээс шүүгдэгч П.Эгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч П.Эд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ялыг оногдуулж 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурьдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хадгалахыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Пгийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хадгалсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД