Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгч: Ч.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чын Гт холбогдох 2212000000047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн И сумын .. багийн Ж гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Чын Г /РД: ../

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ч.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А аймгийн И сумын Т багийн наадмын талбайн зүүн талд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад шарваж, зорчигч О.Б унаж тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Мөрдөн байцаалтын шатанд 2212000000047 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бы мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр О.Бын хамтаар гэртээ зурагт үзэж байгаад 17 цаг 05 минутад манай нөхөр мотоцикльдоо бензин аваад ирье гэж хэлээд манай аавынх руу гараад явсан. Тэгсэн чинь удалгүй эргээд Гийн хамтаар ирээд бензиний сав болон мөнгөө аваад Гийн хамтаар мотоцикльтой колонк руу явсан чинь төд удалгүй Г, Л нар манайд ирээд Б ах мотоциклиос унаад босохгүй байна гэж хэлэхээр нь би унасан газар нь очиход манай нөхөр ямар ч хөдөлгөөнгүй, газар бөөлжсөн байдалтай, гар хөл нь татсан байхаар нь сумын эмнэлэг дуудуулахаар Т руу гар утсаараа залгаад удалгүй хүрч ирээд эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэг дээр очиход манай нөхрийн биеийн байдал муу байсан. Тэгээд 22 цагийн үед нас барсан. Би Гийг танина. Төрсөн дүү Мгийн нөхөр байгаа юм. Манай нөхөр Б гэр зуур мал хардаг байсан. Манайх ам бүл тавуулаа бөгөөд манай том банди Улаанбаатар хотод ажилладаг. Харин манай 1 охин сургуульд, бага нь гэртээ байдаг. Манай нөхрийн биеийн байдал гайгүй байдаг. Хааяа 2 хөл нь өвдгөөрөө их өвддөг байсан. Архаг хууч гэхээр зүйлгүй байсан. Өнгөрсөн зун мотоциклиос унаж эгэмний ясаа хугалаад эмчилгээ хийлгэсэн. 5-6 жилийн өмнөөс даралт нь ихэсдэг болсон. Тэрнээс хойш байнга даралтын эм уудаг болсон. Манай нөхөр Б нь цагаахан сэтгэлтэй, түргэн ууртай, ажилсаг, нутаг орондоо нэр хүндтэй хүн байсан. Сүүлийн жилүүдэд архи их уудаг болсон бөгөөд гэртээ жаахан ширүүн харьцаатай, хүүхдүүддээ гар хүрдэггүй, над руу гарт таарсан зүйлээр шидэж цохидог болсон. Манай нөхөр бага насаа хөдөө мал маллаж байгаад 1-8 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Цэргийн алба хаагаагүй. Надад шалгуулах хүсэлттэй зүйл байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мгийн мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр Г нь миний төрсөн аав Цийн хамтаар 15 цагийн үед яваад 17 цагийн үед ирсэн. Тэгсэн чинь Б ах аавынд ирээд манай нөхрийг колонк орж бензин аваад ирье гэхэд манай нөхөр дурамжхан явсан бөгөөд Г эргэж ирээд мотоцикльтой уначихлаа, Б ах татаад гэсээр ирсэн. Тэгээд би нөхрийн хамтаар эхнэр нь болох Б эгчид хэлээд бид гурав Б ах дээр ирээд эмнэлэг дуудаж үзүүлсэн. Эмнэлэг дуудсан чинь ирэхгүй болохоор нь Т ахтай эмнэлэгт хүргэж өгсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Г мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй. Манай нөхөр ааш зангийн хувьд их нийтэч, нутаг усандаа нэр хүнд сайтай, ажилсаг хүн байгаа юм. Манай нөхөр эхээсээ наймуулаа бөгөөд 4 дэх хүүхэд нь байгаа юм. Бага насаа хөдөө мал маллаж өнгөрөөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод гадуур явж байхад миний гар утас руу миний төрсөн дүү залгаад аав эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлэхээр нь тодруулж асуухад Г ахтай хамт бензин авах гэж яваад наадмын талбайн зүүн урд мотоцикльтой унасан гэж хэлсэн. Тэгээд дүүгээс яг яаж яваад унасан юм бэ гэж асуухад манай дүүд эмч нь харвалт өгсөн гэж хэлсэн байсан. Манай аав архаг хууч өвчин гэхээр зүйлгүй байсан. Сүүлийн жилүүдэд даралт нь ихэсдэг болсон. Тэр үедээ эмчид үзүүлж даралтын эм тогтмол хэрэглэдэг болсон. Би даралт ихэсдэг байсныг л мэднэ. Архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг байсан. Хэрэглэхээрээ 2 хоног заримдаа уудаг байсан. Би хамгаалах малгай хэрэглэсэн талаар мэдэхгүй байна. Манай аав өөрөө мотоцикльтой. Харин үнэмлэхтэй эсэх талаар мэдэхгүй. Манай аавын сууж явсан мотоцикль Ч.Г ахын мотоцикль байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нийн мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой 17 цаг 56 минутанд манай эмнэлгийн дуудлагын бага эмч Элбэгзаяа утсаар яриад мотоциклиос унасан, биеийн байдал хүнд хүн эмнэлэг дээр ирсэн байна гэхээр нь би ажил дээрээ иртэл 17 цаг 20 минутын орчимд мотоциклиос унаад эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн О.Б гэдэг хүн ухаангүй, таталттай, баруун талын чихнээс нь цус гарсан байдалтай байсан. Биеийн гадна ямар нэг халцарсан, шалбарсан, хугарсан гэмтэл байгаагүй. Эхний үзлэгээр ухаангүй, таталт өгсөн, өвдөлт мэдрэхгүй, баруун чихнээс нь цус гарсан, биеийн байдал маш хүнд байдалтай байсан. Даралт нь 130/90 байсан. Намайг үзсэнээс хойш дахиж таталт өгөөд бөөлжсөн. Тэрний дараа даралтыг нь үзэхэд 235/138 хүрсэн байхаар нь аймгийн эмнэлгээс давхар зөвлөгөө авч эмчилгээ хийсэн. Аймгаас гэмтлийн эмч дуудаж үзүүлсэн. Хамгийн түрүүнд цус тогтоох, өвчин намдаах, цусны даралт бууруулах, тархины цусан хангамж сайжруулах зэрэг эмчилгээнүүд хийсэн. Аймгаас гэмтлийн эмч ирж үзээд эмчилгээг цааш нь үргэлжлүүлж хий, 24 цаг биеийн байдлыг харж тогтвортой болсон тохиолдолд аймгийн төв рүү зөөвөрлө гэсэн зөвлөмжийг өгөөд явсан. Тэрнээс хойш удаагүй 21 цаг 50 минут орчимд байх О.Б гэдэг хүн нас барсан. Биеийн байдлыг үзээд эмчилгээ хийж байхад архи согтууруулах ундаа үнэртээгүй. Архи уугаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цийн мэдүүлсэн: ...Манайх эрэг доор, манай хүргэн О.Бынх эрэг дээр байдаг. Хүргэн манай хоёрынх ойрхон байдаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой 17 цагийн үед байх, манай хүргэн О.Б манайд орж ирсэн. Манай хүргэн Ч.Г Хөхнуур багт байдаг бөгөөд гэрээсээ эхнэр нь төрөх дөхсөн байсан болохоор эмнэлэгт үзүүлж харуулах гээд урд өдөр нь ирсэн байсан. Хүргэн О.Б орж ирээд мотоциклийн бензин дуусчихаад хэд хоног явган явлаа, бензин авмаар байна гэхээр нь би тоглоом хийгээд бензин үнэтэй байхад мотоцикль унаж яадаг юм бэ, явган явж байхгүй юу гэж хэлсэн юм. Тэр үед манай хүргэн Ч.Г бургасанд яваад дөнгөж орж ирээд цай уугаад сууж байсан чинь талийгаач хүргэн О.Б баз хүргэн Ч.Гийг бензин аваад ирье гэж гуйгаад Г нэлээн дургүй байгаа бололтой байсан. Тэгээд гуйгаад байхаар нь яалт ч үгүй хамт явсан. Тэгээд нэг их удаагүй байж байтал манай хүргэн Г буцаад мотоцикльтой ирээд бид 2 мотоцикльтойгоо уначихлаа, Т ах босч ирэхгүй байна, ухаан алдсан юм шиг байна гэхээр нь би эхнэр Быг нь дууд, түргэн дуудаарай гэж хэлээд би өөрөө эмнэлэг рүү шууд явсан. Унасан газар дээр нь очоогүй. Сүүлд нь манай нэг ач хүү унасан газар нь очиж үзээд наанаасаа эрэг рүү гараад явж байгаад гэнэтхэн согтуу хүн мотоцикль унаад явж байгаа юм шиг гуйвж явж байгаад унасан байна гэж хэлсэн. Талийгаач О.Быг манайхан Т гэж дууддаг юм. Ер нь хүн болгон Т гэж дууддаг юм. Б гэвэл хэн ч танихгүй. Талийгаач О.Б манайд орж ирэхдээ цоо эрүүл орж ирсэн. Хүргэн Г ч гэсэн архи уугаагүй байсан. Бензинд явсан бөгөөд удаа ч үгүй Г орж ирээд бид 2 уначихлаа, Т ах босохгүй байна, ухаан алдсан юм шиг байна гэж хэлсэн. Талийгаач О.Б хааяа архи уудаг байсан. Архи уухаараа ямар нэг ааш зан байхгүй. Ч.Г бол угаасаа архи уудаггүй юм. Хоёулаа ааш зангийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Хүмүүстэй зүгээр энгийн харьцаатай байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой 17 цаг 28 минутанд талийгаач О.Бын эхнэр Ц.Б миний утас руу залгаад та наадмын талбайн урд талд хүрээд ирээч, Т эвгүй болчихлоо гэхээр нь би наадмын талбайн урд яваад очсон чинь Тгийн эхнэр Б нь газар сөхөрч суугаад талийгаач Тгийн толгойг өвдөг дээрээ тавьчихсан сууж байхаар нь яасан, юу болсон бэ гэсэн чинь Тгийн эхнэр Б мотоцикльтой явж байгаад уначихлаа гэсэн. Хажууд нь байсан баз хүргэн Ч.Г нь бензин авах гэж миний мотоцикльтой миний ард сууж яваад мотоциклиос уначихсан гэхээр нь за та нар байж бай, би эмнэлэг орж түргэн дуудъя гээд эмнэлэг дээр ирээд түргэн дуудсан чинь эмч ирж байгаа гэхээр нь би эмч хүлээгээд удах юм байна гэж бодоод дамнуурга /насилк/ аваад талийгаач Тгийн унасан газар ирээд дамнуурган дээр тавьж машиндаа оруулаад эмнэлэг дээр ирээд эмнэлэг рүү оруулаад орон дээр хэвтүүлсэн чинь дуудлагын эмч, ерөнхий эмч 2 нь бараг зэрэг орж ирсэн. Тэгээд эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээ хийлгэж байгаад тэр оройдоо 21 цаг 30 минутын орчимд нас барсан. Талийгаач О.Быг бид нар Т гэж дууддаг юм. Намайг анх очиход Тгийн эхнэр Б газар сөхрөөд суучихсан талийгаачийн толгойг өвөр дээрээ тавьсан байсан. Би тонгойж талийгаачийн толгой нүүрийг хараад ухаан алдсан байхаар нь шууд эмнэлэг рүү явсан. Намайг очиход Тгийн эхнэр Б, баз хүргэн Ч.Г, Ч.Гийн эхнэр, бас нэг эмэгтэй хүн байсан. Би талийгаачийн дүү нь байх гэж бодсон. Архи уугаагүй байсан. Архи үнэртээгүй. Хааяа архи уучихдаг бөгөөд уусан үедээ янз бүрийн ааш байхгүй. Би мотоциклиос унадагийнх нь урд өдөр нь гэрт нь очиж уулзсан. Тэгэхэд архи уугаагүй байсан. Гэрээсээ бензин авах гэж явахад нь эхнэр нь царай нь жаахан цонхигор байсан гэж ярьж байсан. Хоёулаа ааш зангийн хувьд ямар нэг асуудал байхгүй. Ахаа, эгчээ гээд явж байдаг хүмүүс байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Гийн мэдүүлсэн: ...Би уг прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хөх нуур багийн Жаргалант гэх газраас мотоцикльтой ганцаараа Ихтамир суманд ирээд хадмынд хоносон. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хадам аав Цийн хамтаар Тамирын гол руу 15 цагийн үед усны тэргээр бургасанд яваад 17 цаг нэлээн өнгөрч байхад бургасаа аваад ирсэн. Тухайн үед хадам аавынд О.Б ах ирсэн байсан. Тэгээд аяга цай уугаад байж байтал О.Б ах колонк орж бензин аваад ирье, хамт яваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрч мотоциклио асаахад араас гарч ирээд мотоциклийн ард суусан. Тэгээд О.Б ахын гэр рүү бензиний сав болон бензиний мөнгө авахаар очиход эхнэр Б эгч гэртээ ганцаараа байсан. Мөнгө бензиний саваа аваад колонк орох гээд доод эргээс дээш өгсөж наадмын талбайн зүүн урд явж байхад О.Б ах араас мотоцикль далбилзуулаад зам дээр шарвуулж тэнцвэр алдагдуулж, мотоциклтойгоо хоёулаа унасан. Тэгсэн чинь О.Б ах унасан газраа бөөлжөөд босохгүй, гар, хөл нь татаад байхаар нь би эхнэрийг нь мотоцикльтой явж авчраад эмнэлэг дуудахад ирэхгүй байхаар нь Б ахыг Б эгч утсаар дуудаад эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр үед О.Б ах амьсгаатай байсан. Эмнэлэгт ирээд эмчилгээ хийгээд байсан. Тэгснээ 22 цагийн үед нас барсан байсан. Тухайн үед миний мотоциклийн милл нь ажилладаггүй байсан. Би 3 дугаар араагаар нь явж байсан. Би 2019 оны 03 дугаар сард Архангай аймгийн төвөөс 2.100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Би мотоцикль жолоодох эрхийн “А” ангиллын үнэмлэх байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Зорчих хэсгийн гадаргуу хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Өөр хүн байгаагүй. Бид хоёр л явж байсан. Ойр хавьд хүн харагдаагүй. Бид 2 хамгаалах малгай өмсөөгүй байсан. Би хамгаалах малгай өмсөж хөдөлгөөнд оролцох талаар мэднэ. Би тухайн үед яарч сандраад ганцаараа байсан учир эмч дуудах гэж мотоциклийг хөдөлгөж унаж явсан. Миний мотоциклд эвдрэл, гэмтэл учраагүй. Би өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Надад хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 123-125 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Ч.Гийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/  

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Амь хохирогч О.Бын биед баруун чамархайн булчинд цус хуралт, дагзны том нүхний баруун хажуугаас дагз ясны баруун хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, зүүн чамархай, дух, духны суурь хэсгийн атираа дагуу тархины эдийн голомтлог няцрал, баруун бөөрний өөхлөгт цус хуралт, баруун хөхний товчны дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр болон толгойн баруун талаар унаж ойчих үед үүсэх боломжтой. 3. Осол болох цаг хугацаанд үүснэ. 4. Дагзны том нүхний баруун хажуугаас дагз ясны баруун хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, зүүн чамархай, дух, духны суурь хэсгийн атираа дагуу тархины эдийн голомтлог няцрал гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2, 3.1.3, 3.3.2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун чамархайн булчинд цус хуралт, баруун бөөрний өөхлөгт цус хуралт гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, цээжний баруун дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Амь хохирогч О.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Ихтамир ЭМТ-ийн №13 тоот өвчний түүхэнд 21:30 нас барсан гэж дурджээ. 6. Амь хохирогч О.Б нь артерийн даралт ихсэх өвчин, улаан хоолой, ходоодны амсар хэсгийн салстын язрал, ходоодны салстын улайлтат үрэвсэл, элэг өөхлөлт, нойр булчирхайд цус харвалт архаг хууч өвчтэй байна. Үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэхийг тогтоох боломжгүй. 7. Нас барах үедээ согтолтгүй байжээ. 8. О (1)-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 65-70 хуу/  

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Жолооч Ч.Г /АГ83021612/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийн “В”-д зааснаар “Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Жолооч Ч.Г нь зам тээврийн осол гарахаас өмнө тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна. 3. Жолооч Ч.Г нь тээврийн хэрэгсэл жолоодож явахад замын нөхцөл байдал зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Жолооч Ч.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагааг google.mn сайтын жолоодох эрх шалгах хэсгээс үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэлэхгүй байна. 5. Жолооч Ч.Г нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Оын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 тоот дүгнэлтээр “Ч.Гийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлтээр Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг эрүүл жолоодож явсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 100-101 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05, 20 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 06 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 07 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19 хуу/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-74 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 142 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 хуу/ 
Шүүх хуралдаанд шинээр өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зам тээврийн осол гарч, О.Б нь нас барсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Гийн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А аймгийн И сумын Т багийн наадмын талбайн зүүн талд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад шарваж, зорчигч О.Б унаж тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бы “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр О.Бын хамтаар гэртээ зурагт үзэж байгаад 17 цаг 05 минутад манай нөхөр мотоцикльдоо бензин аваад ирье гэж хэлээд манай аавынх руу гараад явсан. Тэгсэн чинь удалгүй эргээд Гийн хамтаар ирээд бензиний сав болон мөнгөө аваад Гийн хамтаар мотоцикльтой колонк руу явсан чинь төд удалгүй Г, Л нар манайд ирээд Б ах мотоциклиос унаад босохгүй байна гэж хэлэхээр нь би унасан газар нь очиход манай нөхөр ямар ч хөдөлгөөнгүй, газар бөөлжсөн байдалтай, гар хөл нь татсан байхаар нь сумын эмнэлэг дуудуулахаар Т руу гар утсаараа залгаад удалгүй хүрч ирээд эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэг дээр очиход манай нөхрийн биеийн байдал муу байсан. Тэгээд 22 цагийн үед нас барсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/, 

гэрч Ц.Мгийн мэдүүлсэн: “...Тэгсэн чинь Б ах аавынд ирээд манай нөхрийг колонк орж бензин аваад ирье гэхэд манай нөхөр дурамжхан явсан бөгөөд Г эргэж ирээд мотоцикльтой уначихлаа, Б ах татаад гэсээр ирсэн. Тэгээд би нөхрийн хамтаар эхнэр нь болох Б эгчид хэлээд бид гурав Б ах дээр ирээд эмнэлэг дуудаж үзүүлсэн. Эмнэлэг дуудсан чинь ирэхгүй болохоор нь Т ахтай эмнэлэгт хүргэж өгсөн...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, 
гэрч Б.Бгийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод гадуур явж байхад миний гар утас руу миний төрсөн дүү залгаад аав эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлэхээр нь тодруулж асуухад Г ахтай хамт бензин авах гэж яваад наадмын талбайн зүүн урд мотоцикльтой унасан гэж хэлсэн...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27/, 

гэрч Н.Нийн “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой 17 цаг 56 минутанд манай эмнэлгийн дуудлагын бага эмч Элбэгзаяа утсаар яриад мотоциклиос унасан биеийн байдал хүнд хүн эмнэлэг дээр ирсэн байна гэхээр нь би ажил дээрээ иртэл 17 цаг 20 минутын орчимд мотоциклиос унаад эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн О.Б гэдэг хүн ухаангүй, таталттай, баруун талын чихнээс нь цус гарсан байдалтай байсан. Биеийн гадна ямар нэг халцарсан, шалбарсан, хугарсан гэмтэл байгаагүй. Эхний үзлэгээр ухаангүй, таталт өгсөн, өвдөлт мэдрэхгүй, баруун чихнээс нь цус гарсан, биеийн байдал маш хүнд байдалтай байсан. Даралт нь 130/90 байсан. Намайг үзсэнээс хойш дахиж таталт өгөөд бөөлжсөн. Тэрний дараа даралтыг нь үзэхэд 235/138 хүрсэн байхаар нь аймгийн эмнэлгээс давхар зөвлөгөө авч эмчилгээ хийсэн. Аймгаас гэмтлийн эмч дуудаж үзүүлсэн. Хамгийн түрүүнд цус тогтоох, өвчин намдаах, цусны даралт бууруулах, тархины цусан хангамж сайжруулах зэрэг эмчилгээнүүд хийсэн. Аймгаас гэмтлийн эмч ирж үзээд эмчилгээг цааш нь үргэлжлүүлж хий, 24 цаг биеийн байдлыг харж тогтвортой болсон тохиолдолд аймгийн төв рүү зөөвөрлө гэсэн зөвлөмжийг өгөөд явсан. Тэрнээс хойш удаагүй 21 цаг 50 минут орчимд байх О.Б гэдэг хүн нас барсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/, 

гэрч С.Цийн “...Тэр үед манай хүргэн Ч.Г бургасанд яваад дөнгөж орж ирээд цай уугаад сууж байсан чинь талийгаач хүргэн О.Б баз хүргэн Ч.Гийг бензин аваад ирье гэж гуйгаад Г нэлээн дургүй байгаа бололтой байсан. Тэгээд гуйгаад байхаар нь яалт ч үгүй хамт явсан. Тэгээд нэг их удаагүй байж байтал манай хүргэн Г буцаад мотоцикльтой ирээд бид 2 мотоцикльтойгоо уначихлаа, Т ах босч ирэхгүй байна, ухаан алдсан юм шиг байна гэхээр нь би эхнэр Быг нь дууд, түргэн дуудаарай гэж хэлээд би өөрөө эмнэлэг рүү шууд явсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, 

гэрч П.Бын “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой 17 цаг 28 минутанд талийгаач О.Бын эхнэр Ц.Б миний утас руу залгаад та наадмын талбайн урд талд хүрээд ирээч, Т эвгүй болчихлоо гэхээр нь би наадмын талбайн урд яваад очсон чинь Тгийн эхнэр Б нь газар сөхөрч суугаад талийгаач Тгийн толгойг өвдөг дээрээ тавьчихсан сууж байхаар нь яасан, юу болсон бэ гэсэн чинь Тгийн эхнэр Б мотоцикльтой явж байгаад уначихлаа гэсэн. Хажууд нь байсан баз хүргэн Ч.Г нь бензин авах гэж миний мотоцикльтой миний ард сууж яваад мотоциклиос уначихсан гэхээр нь за та нар байж бай, би эмнэлэг орж түргэн дуудъя гээд эмнэлэг дээр ирээд түргэн дуудсан чинь эмч ирж байгаа гэхээр нь би эмч хүлээгээд удах юм байна гэж бодоод дамнуурга /насилк/ аваад талийгаач Тгийн унасан газар ирээд дамнуурган дээр тавьж машиндаа оруулаад эмнэлэг дээр ирээд эмнэлэг рүү оруулаад орон дээр хэвтүүлсэн чинь дуудлагын эмч, ерөнхий эмч 2 нь бараг зэрэг орж ирсэн. Тэгээд эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээ хийлгэж байгаад тэр оройдоо 21 цаг 30 минутын орчимд нас барсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/, 

шүүгдэгч Ч.Гийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 123-125/, хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-70/, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон  2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-101/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05, 20/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 06/, ослын газрын схем зураг /хх-ийн 07/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Гийн 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн наадмын талбайн зүүн талд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад шарваж, зорчигч О.Б унаж тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Ч.Гийн үйлдэл авто тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байдал хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул Ч.Г нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ /хх-ийн 13-14 хуу/ болон мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ санал хүсэлт байхгүй” /хх-ийн 148 хуу/, тус аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлтдээ “санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 151 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Г нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд Ч.Гт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Ч.Г нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Ч.Г нь дээрх хугацаанд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна. 
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

          Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
         
         Шүүгдэгч Ч.Гийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Чын Гийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
        
            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           7. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ