Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01093

 

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01093

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 18,788,531 /арван найман сая долоон зуун наян найман мянга таван зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн гаргасан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын захирал Л...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.... /ШТҮД-.../, хариуцагч Н...., хариуцагчийн өмгөөлөгч Т.... /ШТҮД-.../ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоотод байршилтай 192,44 м.кв талбайтай рестораны зориулалттай байрыг Н....д түрээсэлж эхэлсэн. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль” батлагдаж, дагаж мөрдөх болсноор “...” ХХК нь энэ хуулийн 36.7-д “өмгөөллийн хуулийн этгээд нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасны дагуу түрээсийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй болсон тул 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гэрээг дуусгавар болгож, өөрийн өмчлөлийн түрээсийн байрыг “...” ХХК-д шилжүүлсэн.

Түрээслэгч Н.... нь түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтэй байсан тул “...” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг үргэлжлүүлж, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “...” ХХК-тай 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусах байтал 2015 оны 4 дүгээр сарын 27-нд түрээслэгчээс 01,58 дугаартай албан бичгээр гэрээг хугацаанаас нь өмнө буюу 4 дүгээр сарын 20-ноор тасалбар болгож цуцлах саналаа ирүүлсэн байна. Гэрээг цуцлах саналаа ирүүлсэн боловч 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрөө төлөөгүй байсан юм. Мөн түрээслүүлэгчийн зүгээс 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлцсэн эд хөрөнгийг тоолох гэсэн боловч түлхүүр өгөхгүй, эд хөрөнгө хүлээлцэхгүй байсаар 2015 оны 5 дугаар сарын 18-нд эд хөрөнгө тоолж, түлхүүрээ хүлээн авсан юм. Уг эд хөрөнгө тоолсон “тооцоо нийлсэн акт”-аар Н....д хүлээлгэн өгсөн эд хөрөнгөөс 13,958,531 төгрөгийн эргэлтийн хөрөнгө дутсан ба 5,400,000 төгрөгийн үндсэн хөрөнгө, цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон. 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 2015 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэл түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, 5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 18 хүртэл 3,020,000 төгрөг, нийт түрээсийн төлбөр 7,520,000 төгрөг төлөхийг, мөн Түрээсийн гэрээний 3.2-т “түрээсийн эд хөрөнгө эвдэрч, гэмтсэн, дутагдал гарсан тохиолдолд барьцааны мөнгөнөөс суутган тооцно” гэсний дагуу түрээсэлсэн эргэлтийн хөрөнгө болох шил шаазан эдлэл, дутаасан 13,958,531 төгрөгөөс барьцааны 2,500 ам.долларыг 1 ам.долларыг 1,940 төгрөгөөр бодож 4,850,000 төгрөгийг хасч, 9,108,531 төгрөг төлөхийг, цаашид ашиглах боломжгүй болсон тавилга, тоног төхөөрөмжийн үнэ 2,160,000 төгрөгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу элэгдэл тооцон төлөхийг мэдэгдсэн байдаг.

Гэвч түрээслэгч Н.... нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, хүний эд хөрөнгийг дутааж, эвдэлж, цаашид ашиглах боломжгүй болгож, энэ тухай мэдсээр байж төлөхөөс зайлсхийж, түрээсийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч байгаа тул Н....аас 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр болох 7,520,000 төгрөг, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “тооцоо нийлсэн акт”-аар хүлээлцсэн эд хөрөнгөөс 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авахад дутаасан эд хөрөнгийн төлбөр болох 9,108,531 төгрөг, мөн цаашид ашиглах боломжгүй болгосон тавилга, тоног төхөөрөмжийн төлбөрт 2,160,000 төгрөг, нийт 18,788,531 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Анх 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс би “...” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан, Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 192,44 м.кв талбайтай, рестораны зориулалттай байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг “...” ХХК-д шилжүүлсэнтэй холбоотойгоор тус компанитай 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ийнхүү рестораныхаа үйл ажиллагаагаа явуулж байтал Монгол улсад бий болсон хямралтай холбоотойгоор цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, цаашид гэрээг сунгахгүй, гэрээнд заасан хугацаанаас 10 хоногийн өмнө цуцлах болсон талаарх албан бичгийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр түрээслүүлэгчид хүргүүлсэн боловч тус компаниас ирж, эд хөрөнгөө хүлээж авахгүй байсаар 5 дугаар сарын 18-ны өдрийг хүргэсэн. Гэрээний хугацаа 5 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад өөрсдөө эд хөрөнгөө хүлээж авахгүй байсаар 5 дугаар сарын 18-ны өдрийг хүргэчихээд энэ өдрөөрөө тооцон түрээсийн төлбөр авахаар нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Учир нь гэрээний хугацаа дууссанаас хойших төлбөрийг би төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс энэ хугацааны төлбөрийг манайхаас шаардах эрхгүй. Харин 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг бэлнээр төлсөн. Өмнөх саруудын төлбөрийг сар болгон урьдчилж төлж ирсэн.

Мөн тооллогоор байгаа эд зүйлсийг чанар муутгасан гэж өөрсдөө үзээд акталж, намайг дутаасан мэтээр ийнхүү нэхэмжилж байх бөгөөд эдэлгээний хугацаа нь болоогүй эд хөрөнгүүдийг чанар муудсан, ашиглах боломжгүй гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би уг эд хөрөнгийг цаг тухай бүрт нь цаг алдалгүй засвар үйлчилгээг нь хийж, сольж, засаж сайжруулж ирсэн бөгөөд чанар муудаж, ашиглах боломжгүй болсон эд зүйлс байхгүй гэж үзэж байна. Гэрээний хугацаанд 4 удаа ирж, түрээслүүлсэн рестораны аяга тавагнаас авч явсан хөгжим, өсгүүр зэргийг өөрсдөө авсан, гал тогооны шарах шүүгээ зэрэг тоног төхөөрөмжийг манайх огт ашиглаагүй, өөрсдийн тоног төхөөрөмжөө ашиглаж байсан. Түүнчлэн дутаасан гэх эд зүйлээ хаанаас тогтоосон, ямар үнээр тооцсон нь тодорхойгүй, өөрсдөө үнээ зохиож тооцож, ямар ч баримтгүйгээр гаргасан төлбөрийг миний бие төлөх ёсгүй юм. Гэрээнд зааснаар дээрх тохиолдол гарсан бол нөхөн төлөх зорилгоор барьцаа 2,500 ам.долларыг өгсөн, түүгээр хохирлоо барагдуулах ёстой учир дутаасан эд хөрөнгийн төлбөр 9,108,531 төгрөг болон ашиглах боломжгүй болгосон тавилга, тоног төхөөрөмжийн төлбөр 2,160,000 төгрөгийг би төлөх үндэслэл байхгүй. Иймд “...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус зааснаас үзэхэд дээрх гэрээ нь хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх талаар байгуулсан гэрээг бичгээр байгуулсан байх тул мөн хуульд заасны дагуу уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой байхад бүртгүүлээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “...” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн байх боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 11 дүгээр байр, 2д-2 тоот хаягт байрлах 192,44 м.кв талбайтай, рестораны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө “...” ХХК нь 2013 онд нэхэмжлэгч “...” ХХК-д шилжүүлж, 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээнээс өмнө үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн бөгөөд үүнийгээ үндэслээд хариуцагч Н....тай түрээсийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 318.3-т зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байжээ. Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын захирал Л...., түүний өмгөөлөгч Э.... нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай байгууллага 2009 оноос эхлэн рестораны үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2010 онд ресторанаа түрээслүүлсэн. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох бүх зөвшөөрлөө авсан. 2009 онд 70 хүний стандартын дагуу шилэн, 1, 2 дугаар хоолны таваг гэх мэт эд зүйлсийг суудлаасаа 3 дахин их байх ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу ихэсгэж, 210 хүний тоогоор аяга таваг бүрдүүлсэн. Нийт 124,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн бөгөөд мэргэжлийн хяналтын газраас ирж үзээд 1 дүгээр зэрэглэлийг хангаж байна гээд сертификат өгсөн. Тухайн үед “...” ХХК гэрээ байгуулан бүх зүйлээ шинээр нь хүлээлгэн өгсөн. Гэтэл буцаагаад эд зүйлсээ хүлээж авахад бусдад дахин түрээслэх нь битгий хэл бүх зүйлийг шинээр авах шаардлагатай болсон байсан. Гэвч би Н....д зөвхөн түрээсийн төлбөрөө төл гэсэн шаардлага тавьсан боловч хариуцагч түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Ил болон далд зүйлсийг эвдэлсэн байсан. Эвдэрсэн зүйлсийг хүлээж авахдаа 1 ком зүйлээс 1 ширхэг үлдсэн байсан ч бүгдийг хүлээж авсан гэж тооцсон. Жишээ нь хөргөгч ажиллахгүй байсан. Мөн чулуун ногоон ширээний тавцан цуурсан, ширээний хөл зэргийг эвдэлсэн байсан ч бид шинээр аваагүй, харин элэгдэл тооцон хассан. Тухайн үед рестораныг хариуцагчийн дүү ажиллуулж байсан. Хариуцагч энэ рестораны хажуугаар өөр газар мөн ажиллуулдаг байсан. Тийнхүү өөр газар ажиллуулахдаа манай эд зүйлсийг зөөсөн юм шиг байгаа юм. Бидний зүгээс хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн зүйлийг л нэхэмжилсэн. Бид элэгдлийг тооцохдоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу, тодруулбал, тавилга эд хогшил 10 жил байдаг бол компьютер 5 жил байдаг гэх зэргээр тооцсон. Яг бүр эвдэрсэн чулуун ногоон ширээ зэрэг 7 төрлийн зүйлсийг 5,400,000 төгрөгт тооцохоор байсан ч бид 2,160,000 төгрөгийг нэхэмжилсэн. Бид шинэ эд зүйлсийн үнээр нэхэмжлээгүй. Үлдсэн зүйлс алга болсон тул угаасаа бодит үнээр нь нэхэмжилдэг юм. 2014 онд байгуулсан түрээсийн гэрээгээр бид шинээр эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй. Анхны 2010 оны эд хөрөнгө хүлээлцсэн актаар явж байгаа. Гэрээний хугацаанд бид 4 удаа тооллого хийе гээд хариуцагч тоолуулдаггүй байсан.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, анхны түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн. 2 дахь гэрээг дахин бүртгүүлэх талаар бид гурав ярьж байсан боловч өмчлөх объект болон өмчлөгч нь өөрчлөгдөөгүй болохоор эрх нь хадгалагдах байх гэж ярилцаад бүртгүүлээгүй. Үүнийг хариуцагч мэдэж байсан бөгөөд хүлээн зөвшөөрөөд “хугацааг 3 жил болгож өгөөч, би өөр зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа” гэж хэлж байсныг тод санаж байна. Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчч Н...., түүний өмгөөлөгч Т.... нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Түрээсийн төлбөрөө 5 хоногоор хойшлуулж төлж байсан нь үнэн. Гэхдээ би ресторанд урсгал зардал хийдэг байсан. Рестораныг хүлээлгэж өгөхдөө би хөргөгч, газан плитк зэргийг өгөхдөө ганц нэг зүйлс хагалсан байгааг барьцаа төлбөр 2,500 ам.доллараасаа суутгаад авчих гэж хэлсэн. Түрээсийн төлбөр 18 хоногийн мөнгө нэхэмжилсэн байна. Гэтэл 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сар үйл ажиллагаа явуулаагүй. Энэ рестораныг 1 жил гаруй хугацаанаас 2 жил хүртэл хугацаанд ажиллуулсан. Учир нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан тул би мэргэжлийн хяналтын газар, архины тусгай зөвшөөрөл бүгдийг өөрийн нэр дээр дахин авч байсан. Түрээсийн төлбөр ихээр бодоход 18 хоног байх. Ихэнхдээ түрээсийн төлбөрөө бэлнээр авдаг байсан. Би мөн дансаар мөнгө өгдөг байсан. Дутаасан эд зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сандал бол төмөр болохоор эвдрэх боломжгүй. Шилэн ширээ байсныг би чулуун тавцан буюу үнэтэй ширээгээр сольсон. 4-5 ширээ эвдэрсэн байсныг бодоод би барьцаа төлбөрөөс эдгээр зүйлийг суутгаад авчих гэж хэлсэн. 13 дугаар хорооллын орчим би өөр ресторан, зочид буудал нээж байсан болохоор зарим зүйлсийг тийшээ зөөж авч явсан. Бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ гэснийг баримтлаагүй учир энэ түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй. Учир нь түрээсийн хугацаа нь 01-ний өдрөөр тасалбар болдог ба энэ хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдгийг нэхэмжлэгч Монголд байсан бол эд хөрөнгийг хүлээж аваагүй гэсэн тайлбараар нотлогдож байна гэж үзэж байна. Иймд түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шил шаазан эд зүйлс дутаасан, ашиглах боломжгүй эд зүйлсийн үнэ нэхэмжилсэн. Ашиглалтын хугацаа дууссан гэдгийг хэдий хугацаанд ашиглах боломжтой байсан эд хөрөнгийг хэдий хугацаанд ашиглах боломжгүй болгосон гэдэг нь тогтоогдохгүй байна. Ашиглалт чанараасаа хамаараад хугацаанаасаа өмнө эд зүйлсийг ашиглах боломжгүй болох боломжтой. Тэгэхдээ түрээслүүлж байгаа байгууллага элэгдлийг өөрөө хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Учир нь түрээсийн төлбөрөөс ашиг олж байгаа ба энэ ашгаасаа эд зүйлсийг засах, шинээр авах ёстой. Түрээслэгч талын үүрэг нь эд хөрөнгийг ариг гамтай ашиглах, хугацаа дууссан тохиолдолд шинээр солих үүрэгтэй. Элэгдэл тооцоод байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж байна гэж үзэж байна. Учир нь эд зүйлсийг шинээр авах гээд байна. Олон жил эд зүйлсийг ашиглахад элэгдэл хорогдол үүснэ. Элэгдэл хорогдлыг түрээслүүлэгч хариуцах ба дутаасан эд зүйлсийг түрээслэгч төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Түрээсийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “...” ХХК-тай хариуцагч түрээсийн гэрээг байгуулсан ба энэ гэрээ нь 2010 онд улсын бүртгэлийн газар бүртгэгдсэн баримт хэрэгт байгаа. 2014 онд зохигчдын хооронд түрээсийн гэрээ шинээр байгуулагдсан боловч рестораныг хүлээж авсан гэдэгтэй маргахгүй. Харин доторх эд хөрөнгө хүлээлгэж өглөө гэсэн баримт хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь “...” ХХК-тай хүлээлцсэн баримт байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн үндэслэл болон эд хөрөнгө хүлээлцсэн гэдэг нь тогтоогдохгүй, нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч Н....д холбогдуулан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 7,520,000 төгрөг, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хүлээлцсэн эд хөрөнгөөс дутаасан эд хөрөнгийн төлбөр болох 9,108,531 төгрөг, цаашид ашиглах боломжгүй болгосон тавилга, тоног төхөөрөмжийн төлбөрт 2,160,000 төгрөг, нийт 18,788,531 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэлд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй учир хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн.

Хэдийгээр нэхэмжлэгч тал хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, өөрийн үндэслэл бүхий тайлбарыг гаргаж маргах боловч шүүхэд нэхэмжлэл гарган, хариуцагчаас төлбөр шаардахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шаардсан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргааны гол зүйл болох Баянгол дүүргийн ... тоотод байрлах 192,44 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч “...” ХХК нь өөрийн өмчлөлийн дээрх хөрөнгийг Н....д 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр түрээсийн гэрээг байгуулан бичгээр үйлдэж, уг гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсч, түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг рестораны зориулалтаар ашиглах тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт “эд хөрөнгө хүлээлцэх акт” үйлдэн хүлээлгэн өгсөн байна.

Түрээслэгч Н.... гэрээнд заасны дагуу түрээсийн зүйлийг ашиглан, рестораны үйл ажиллагаа явуулж байх үед буюу 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр түрээслүүлэгч “...” ХХК нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, түрээсийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсны улмаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг “...” ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх 10/

Түрээсийн зүйлийн шинэ өмчлөгч “...” ХХК нь түрээслэгч Н....тай 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Түрээсийн гэрээ”-г шинээр байгуулж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын түрээс 3,250 ам.доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тэнцэх төгрөгийг сар бүрийн 20-ны дотор төлөх, төлбөр төлөх хугацааг хожимдуулсан тохиолдолд хоног тутамд түрээсийн үнийн дүнгийн 1 хувиар тооцож торгууль төлөхөөр харилцан тохиролцож, түрээслэгч нь түрээсийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн барьцаа болгож 2,500 ам.долларыг түрээслүүлэгчид шилжүүлэхээр тусган, гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 7/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасны дагуу талууд гэрээг бичгээр байгуулсан байх боловч, мөн зүйлд заасан гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй буюу бүртгүүлээгүй болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдож байна.

            Түрээсийн гэрээний харилцаанд бий болсон дээрх зөрчлийн улмаас хариуцагч Н....ы зүгээс гэрээг хуульд заасны дагуу эрх бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй учир уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж, мөн нэхэмжлэгч “...” ХХК-ийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... хөгжим, өсгүүр, гал тогооны шарах шүүгээ зэрэг тоног төхөөрөмжүүдийг огт ашиглаагүй, дутаасан гэх эд зүйлээ нэхэмжлэгч хаанаас тогтоосон, ямар үнээр тооцсон нь ойлгомжгүй баримтгүйгээр шаардсан ба дээрх тохиолдол гарвал нөхөн төлөх зорилгоор барьцаа болгон өгсөн 2,500 ам.доллараас суутгах ёстой учир эдгээр төлбөрийг төлөх үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргасан.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байх бөгөөд тийнхүү хуульд заасан шаардлага хангаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул “...” ХХК болон Н.... нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.

            Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгаа боловч уг гэрээний хугацаанд түрээслэгч нь түрээслүүлэгчид 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ биелүүлж байсан, энэ хугацаанаас хойш түрээсийн байрыг ашиглуулсны төлбөр гаргуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцсэн байна. /хх 157-159/

            Хариуцагч Н.... нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01.58 дугаартай “Хүсэлт гаргах нь” гэх албан бичгээр түрээсийн гэрээг төлбөр болох 4,700,000 төгрөгийг төлж чадахгүйд хүрсэн учир 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс гэрээгээ тасалбар болгож хүлээлгэж өгөх хүсэлтийг гаргасан байх бөгөөд уг хүсэлтийн дагуу эд хөрөнгийн тооллого хийхийг тэрээр хүлээн зөвшөөрч тэмдэглэжээ. /хх 21/

Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагчийн дээрх албан бичиг бүхий хүсэлтийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрөх боловч тэрээр рестораныг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ашигласан гэж тайлбарлан, энэ өдрийг хүртэлх хугацаанд ашигласан төлбөрийг гаргуулахаар шаардсан.

Гэтэл хариуцагч Н.... уг байрыг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ашиглаагүй гэж маргах бөгөөд энэ өдрийг хүртэл хариуцагч рестораныг болохыг нэхэмжлэгч тал бүрэн нотлоогүй гэж дүгнэв.

Тодруулбал, нэхэмжлэлд хавсаргагдсан 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эд хөрөнгө хүлээлцсэн гэх баримтад хариуцагч Н.... гарын үсэг зураагүй, харин 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн баримтад гарын үсгээ зуржээ. /хх 14-19, 35-39/

            Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар уг эд хөрөнгийг ашиглаж байсан 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдрийг дуусах хүртэл хугацааны хоорондох түрээсийн төлбөртэй тэнцэх 7,520,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

            Хариуцагчийн зүгээс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний хугацааны төлбөрийг төлсөн гэж тайлбарлан маргах боловч мөн л уг тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан Худалдаа хөгжлийн банкны “...” ХХК-ийн харилцах дансны хуулгаар хариуцагчийн тайлбар няцаагдаж байна. /хх 157-159/

            Нэхэмжлэгч дараагийн шаардлагаараа эргэлтийн хөрөнгө буюу шил, шаазан эдлэл дутаасан 13,958,531 төгрөг, ашиглах боломжгүй болсон тавилга, тоног төхөөрөмжийн үнэ 2,160,000 төгрөгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу элэгдэл тооцон тус тус шаардсан.

            Нийт 16,118,531 төгрөг шаардахаас гэрээний дагуу урьдчилгаа барьцаа болгон төлсөн 2,500 ам.долларыг 1,940 төгрөгөөр тооцож 4,850,000 төгрөгийг хасан, 11,295,531 төгрөгийг дутаасан эд хөрөнгө болон ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийн элэгдлийг тооцож шаарджээ.

            Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт “буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж, мөн хуулийн 493.2 дахь хэсэгт “үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж тус тус заажээ.

            Дутаасан эд хөрөнгийн дүнг 13,958,531 төгрөг байхыг талуудын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хийсэн “тооллогын баримт”-аар тогтоогдсон, хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн барьцаа болгон төлсөн 2,500 ам.долларыг төлбөрт тооцон суутгаснаар 9,108,531 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг зохигчид хэн аль нь хүлээн зөвшөөрөөгүй боловч түүнд үндэслэн маргаж мэтгэлцээгүй, уг дүгнэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан хариуцагч Н....аас шинжээчийн зардал 220,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс гаргасан түрээсийн байрны нөхцлийг харуулсан гэх, хэрэгт нотлох баримтаар гаргасан 2 ширхэг Сиди (CD) бичлэг бүхий баримтыг  шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хассан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

            Харин цаашид ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгө гэх 7 төрлийн эд хөрөнгийн элэгдлийг нэхэмжлэгч тал өөрөө тооцон, нийт 2,160,000 төгрөгийг шаардсан боловч уг шаардлагаа баримтаар хангалттай нотлоогүй, эдгээр эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон гэдэг нь тодорхойгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Хариуцагч Н.... нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжаас 80,000 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулахаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд энэ төлбөр төлөгдөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “...” ХХК болон Н.... нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, хариуцагч Н....аас 13,709,193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5,079,338 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,895 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 428,000 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас дутуу төлсөн 80,000 төгрөгийг улсын орлогод /Баянгол дүүргийн татварын хэлтэст/ оруулах, мөн хариуцагчаас 226,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс 508,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд 220,000 төгрөгийг хариуцагч Н....аас гаргуулж “...” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА