Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Хийн Од холбогдох эрүүгийн 2107 00125 0275 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: *******/,

******* овогт Хийн О.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.О нь *******ны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй амралтын газарт 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Г.Хгийн үснээс зулгааж, цохиж биед нь баруун чихний дэлбээ, нүүр, хүзүүнд зулгаралт, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, үс уналт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Х.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Тэр үед 10 цагаас хойш хүн тэнд орохгүй байх ёстой. Тэгээд гаднаас 3 эмэгтэй хүн, 3 эрэгтэй хүн орж ирснээс болж маргаан болж, муудалцаж, үсдэлцсэн....” гэв.

 

Хохирогч Г.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....2021 оны 08 дугаар 20-ны өдөр Тэрэлжид байх ******* гэх амралтын газар хоёр найз охины хамт очсон. Тэнд очиход найзуудын таньдаг хоёр залуу таарч тэндээ хоносон. Тэд нар бүх цагийг нь авчихсан байгаа, 10 цагаас хойш дуулахгүй гэж байсан. Манай найз Л.Мтэй, Х.Оын эгч нь талбай дээр бүжиглэж байсан. Нийлж бүжиглэж байгаад хоолойноос нь боогоод авсан. Би тэр үед ямар ч бэлтгэлгүй, дээгүүрээ палаж өмссөн, тавчиктай байсан. Тэд нар олуулаа байсан болохоор шууд дайрсан. Тэр “*******” амралтын ******* намайг арай гэж салгаад цагдаа дуудаж, Налайх дүүргийн цагдаа дээр аваачсан... Хохирол төлбөрт би 2.300.000 төгрөг нэхэмжилсэн. Би ээмэг, утас, 5 удаагийн лазер эмчилгээний зардал нэхэмжилж байгаа. 2.300.000 төгрөг нэхэмжилснээс одоогоор 1.100.000 төгрөг өгсөн. Гэхдээ би ээмгээ нэхэмжлээгүй. Гомдол саналын хувьд хохирлоо барагдуулж авмаар байна....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн үйлдэлтэй холбогдуулан дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Г.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр найзууд болох Л.М, Н нарын хамт *******, ******* нэртэй амралтын газар 20 цагийн үед очиж амарсан. Ингээд бид 1 шил 0,75 литрийн Эдэн нэртэй архи хувааж уусан. ...уг амралтын газрын менежер гэх залуу Нын танил байсан учраас ирээд ойр зуурын юм ярьж байгаад караоке байгаа юу гэж асуусан чинь нийтийн караоке байгаа гэхдээ одоо хүмүүс цаг авсан дуулж байна. 22 цагаас хойш баар маягаар ажилладаг диско болдог гэж хэлсэн. Ингээд 22 цаг болохоор нь дисконд оръё гээд ороход дисконы ая яваад хүмүүс бүжиглэж байхаар нь нэг ширээнд очиж суугаад Н бид хоёр 00 ороод буцаад ороод иртэл М туранхай эмэгтэйтэй бүжиглэж байсан. Тэгэхээр нь Н бид 2 яваад очтол туранхай эмэгтэй Мийг араас нь боогоод авахаар нь би очоод боль гэж хэлээд голоор нь салгах гэтэл намайг үсдээд доош нь дарж аваад дээрээс бужигнасан олон хүмүүс ирээд шаваад би газар унаад хүмүүс салгах гээд байгаа бололтой боль тавь гээд л дуугараад байсан боловч огт тавихгүй байж байгаад нэг юм үснээс зулгаахаа болихоор нь дөнгөж босоод үсээ янзлаад зогсож байтал дахиад нярай хүүхэдтэй гэх эмэгтэй ирээд намайг үстэж аваад доош нь дараад дахиад дээрээс бөөн хүмүүс бужигнаад бүгд л намайг үстсэн....О гэж эмэгтэй бол намайг үсдээд доош нь дараад зодсон эмэгтэй мөн байна....тухайн үед зодуулж байхдаа би тавиулах гэж байгаад утсаа газар унагаж эвдсэн. Мөн нүүрэнд одоо байгаа сорвио лазер эмчилгээ хийлгэхэд 300.000 төгрөг 5 удаа орно тэгэхээр 1.500.00 төгрөг болно. Нийт гар утасны 800.000 төгрөг дээр 1.500.000 төгрөг нэмээд нийт 2.300.000 төгрөг нэхэмжилж байна” /хх-9-10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би найз Н, Г.Х нарын хамт *******, ******* нэртэй амралтын газарт 18 цагийн үед очиж амарсан. Орой караокед орохоор болоод нийтийн зааланд ортол хүмүүс 22 цаг хүртэл авсан байсан ба дараа нь цаг гарна гэхээр нь бид 3 хоорондоо юм яриад зааланд суугаад бүжгийн ая явахаар нь босоод бүжиглэж байтал нэг туранхай хар үстэй эмэгтэй намайг түлхээд бүжиглэх байхдаа бие биеэ хэд хэдэн удаа шүргэсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй гэнэт л миний хоолойноос боогоод хойш татахаар нь би эхэндээ манай найзуудаас юм болов уу гэж бодоод эргээд хартал танихгүй хүн байхаар нь түлхсэн чинь шууд намайг үсдээд авсан. Тэгтэл Г.Х ирээд салгах гэтэл шар халимаг үстэй эмэгтэй Г.Хг үсдээд газар унагаасан...." /хх-24/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.С нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би буланд зогсож байтал гэнэтхэн цаана хүн орилоод л хоорондоо зодолдоод эхлэхээр нь би яваад очтол баахан хүмүүс бужигналдаад юу болоод байгаа нь мэдэгдэхгүй хүмүүс тойроод зогссон байсан...Тэгээд голоор нь яваад ортол О нэг эмэгтэйтэй үсдэлцээд шалан дээр хоёулаа хэвтэж байхаар нь салгах гээд очоод татахад ерөөсөө хоёулаа тавихгүй байсан. Нөгөө эмэгтэйн хамт явсан нэг эмэгтэй нь бас зууралдаад байхаар нь би очоод цамцнаас нь зулгаагаад хойш нь татсан чинь үстэй нь хамт зулгааж татсан. Тэгээд ерөнхийдөө бол тэнд байсан хүмүүс бүгдээрээ нийлээд Х.О нөгөө эмэгтэй хоёрыг татаад 2 тийш нь салгасан. Х.О, Г.Х нар л хоорондоо зодолдсон....Отай 1 дугаартай Х нь үсдэлцэж байсан. О, Х нар нь хоорондоо зодолдсон болохоос өөр зодолдож цохилцсон хүн байхгүй...” /хх-38/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....тэгтэл гэнэт л Х.О нэг жижигхэн эмэгтэйтэй үсдэлцээд авахаар нь очоод салгах гэтэл нөгөө эмэгтэйн хоёр найз ирээд, манай ах дүү нар бүгдээрээ ирээд Х.О жижиг эмэгтэй хоёрыг хоёр тийш нь болгох гээд татаад дийлэхгүй байж байтал хэн нь гэдгийг мэдэхгүй нэг нь тохойгоороо миний шүд рүү цохисон. Тэнд Г.Х, Х.Отай зодолдсон. Өөр зодоон болоогүй...” /хх-42/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1 дугаартай Х гэж эмэгтэй бол Отай зодолдсон эрээн палажтай эмэгтэй байна. 2 дугаартай Н гэж эмэгтэй бол бужигнаан зодооноос хол байсан эмэгтэй байна. 3 дугаартай М гэж эмэгтэй бол би түлхэж өөрөөсөө холдуулж байсан эмэгтэй байна. ...намайг очиход Отай үсдэлцээд байхаар нь би очоод татаад нэг залуу Хыг татаад хоёуланг нь хоёр тийш салгасан....” /хх-44/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цагт гаднаас манайд урд нь мах нийлүүлдэг байсан нэрийг нь санахгүй байна махлаг бүдүүн өндөр биетэй эмэгтэй 2 найз эмэгтэйн хамтаар караокед ороод ирсэн. Араас нь бас амарч байсан ганц нэг хүмүүс орж ирэхээр нь би бүжгийн ая тавьсан. Ингээд эхний бүжгийн ая тавихад бүгдээрээ босоод бүжиглэж эхэлсэн ба гэр бүлээрээ амарч байгаа хүмүүсийн нэг эмэгтэй болон манайд мах нийлүүлдэг эмэгтэйгийн найз гэх эмэгтэйтэй бөгсөөрөө бие биенийгээ шүргэлцээд л их л айхтар бүжиглэж байснаа гэнэтхэн түлхлээ барилаа гээд хоорондоо маргалдаж байснаа мах нийлүүлдэг эмэгтэйтэй хамт явсан намхан эмэгтэй гэр бүлээрээ яваа хүмүүсийн нэг эмэгтэйтэй хоорондоо үстэлцээд авсан. Ингээд хүмүүс бужигналдаж очоод салгаад холдуулахад хоорондоо хэрэлдэж байснаа дахиад л зууралдаад авахаар нь би голоор нь очоод үстсэн гарыг нь тавиулаад салгаад хоёуланг нь хоёр тийш нь болгоод караокеноос гаргасан...Яг зодолдсон гэвэл мах нийлүүлдэг эмэгтэйгийн найз нь гээд намхан эмэгтэй, гэр бүлээрээ яваа хүмүүсийн нэг махлаг эмэгтэйтэй зодолдсон....би зодоон болж байх үед салгах гээд явж байтал зодоон болж байсан хэсэгт нэг гар утас унасан. Тэр гар утсыг гэр бүлээрээ амарч байсан хүмүүсийн нэг нь тонгойгоод авахаар нь би “наад утсаа аваад ир” гэхэд тэр залуу хүн утсаа хаячих шиг боллоо гээд надад өгөхөөр нь би “энэ хэний утас бэ” гэхэд мах нийлүүлдэг эмэгтэйтэй хамт явсан нэг залуу манайхны утас байна гэж хэлээд авсан...” /хх-48/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би караоке руу ортол хүмүүс бужигналдаж байхаар нь яваад очтол нярай хүүхэдтэй охин Оыг нэг эмэгтэй үсдээд зогсож байхаар нь голоор нь ороод миний хүүхдүүд больцгоо гэхэд Оыг үстсэн байсан эмэгтэй намайг алгадаад авсан чинь О нөгөө эмэгтэйг дахиад үстэж аваад хоорондоо зууралдаад авсан...” /хх-50/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ингээд М эгчтэй хамт явсан жижигхэн эмэгтэйг нэг эмэгтэй үстэж байхаар нь яваад очтол 2 уулаа газар унасан байдалтай бие биенийгээ үстэж зулгаагаад доогуураа хөлөөрөө бие биенийгээ өшиглөөд байхаар нь тэнд байсан хүмүүсийг гараараа холдуулаад голоор нь ороод М эгчийн найзыг татаад босгосон. Ингээд дахиад хоорондоо хэрэлдээд зууралдаад авахаар нь би буцаад очтол жижиг биетэй эгч дахиад нөгөө эмэгтэйтэй зууралдаад газар унасан байсныг амралтын газрын менежер голоор нь ороод салгаж байсан. ...М эгчийн найзын нэрийг Х гээд байсан...” /хх-52/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 430 дугаартай дүгнэлт,

 

  1. Г.Хгийн биед баруун чихний дэлбээ, нүүр, хүзүүнд зулгаралт, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, үс уналт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-83-84/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Х.О яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цагийн үед манай цаг дуусахын өмнөхөн гаднаас 3 эмэгтэй орж ирээд манай ая дээр бүжиглэж эхлэхээр нь бид нар ч гэсэн бүжиглэж байтал манай эгчтэй нэг эмэгтэй шүргэлцээд л нэг эвгүй бүжиглээд байхаар нь би хамт яваа махлаг эмэгтэйд очоод энэ хоёр нэг л эвгүй бүжиглээд байна шүү гэхэд тиймээ манай найз нилээн согтуу тасрах шахуу болчхоод эвгүй бүжиглээд байна гэхээр нь за за харж байгаарай гэж хэлээд буцаад бүжиглээд байж байтал нөгөө гурван эмэгтэй ч гэсэн тойрог болоод бүжиглэж байхаар нь тоогоогүй. Тэгсэн сүүлд нэрийг нь мэдсэн Х нь манай эгч Энхчимэгтэй дахиад л ойртоод хоорондоо бие биенийгээ түлхээд л нээх эвгүй бүжиглээд байхаар нь би голоор нь ороод хоёуланг нь хоёр тийш нь холдуулаад зогсож байтал Х нь шууд намайг үсдээд авсан. Одоо бодоод байхад намайг яг Энхчимэг эгчтэй андуураад үсдээд авсан байх. Би тэр үед зөрүүлээд л үстээд авсан ба бид хоёр газар унаад би ч үснээс нь зулгаагаад тавиагүй чигтээ байж байтал манайхан ирээд хэн хэн байсныг мэдэхгүй байна. Бужигнасан олон хүн дээрээс нь харанхуй байсан болохоор ямар ч байсан 2 тийш нь салгаад холдоход манай аав Х та 2 яаж байгаа юм, наадах чинь нялх хүүхэдтэй хүн гээд Х руу хэлтэл шууд аавын нүүр рүү алгадаад авахаар нь би “чи яагаад хөгшин хүн яаж байгаа юм” гэхэд намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үстэж аваад хоорондоо зууралдаад дахиад газар унаад хүмүүс ирээд салгаад 2 тийш болсон. ...Х бид хоёр харилцан зодолдсон хүмүүс. Надтай хамт байсан хүмүүсээс цохиж зодсон асуудал байхгүй” /хх-98-99/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Од холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч нь санаатайгаар хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар уг гэмт хэргийг гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Г.Хгийн өгсөн: “....Тэгэхээр нь Н бид хоёр яваад очтол туранхай эмэгтэй Мийг араас нь боогоод авахаар нь би очоод боль гэж хэлээд голоор нь салгах гэтэл намайг үсдээд доош нь дарж аваад дээрээс бужигнасан олон хүмүүс ирээд шаваад би газар унаад хүмүүс салгах гээд байгаа бололтой боль тавь гээд л дуугараад байсан боловч огт тавихгүй байж байгаад нэг юм үснээс зулгаахаа болихоор нь дөнгөж босоод үсээ янзлаад зогсож байтал дахиад нярай хүүхэдтэй гэх эмэгтэй ирээд намайг үстэж аваад доош нь дараад дахиад дээрээс бөөн хүмүүс бужигнаад бүгд л намайг үстсэн....О гэж эмэгтэй бол намайг үсдээд доош нь дараад зодсон эмэгтэй мөн байна....” гэх мэдүүлэг, Гэрч Л.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....босоод бүжиглэж байтал нэг туранхай хар үстэй эмэгтэй намайг түлхээд бүжиглэх байхдаа бие биеэ хэд хэдэн удаа шүргэсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй гэнэт л миний хоолойноос боогоод хойш татахаар нь би эхэндээ манай найзуудаас юм болов уу гэж бодоод эргээд хартал танихгүй хүн байхаар нь түлхсэн чинь шууд намайг үсдээд авсан. Тэгтэл Г.Х ирээд салгах гэтэл шар халимаг үстэй эмэгтэй Г.Хг үсдээд газар унагаасан...." гэх мэдүүлэг, Гэрч Т.С нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тэгээд голоор нь яваад ортол О нэг эмэгтэйтэй үсдэлцээд шалан дээр хоёулаа хэвтэж байхаар нь салгах гээд очоод татахад ерөөсөө хоёулаа тавихгүй байсан. Нөгөө эмэгтэйн хамт явсан нэг эмэгтэй нь бас зууралдаад байхаар нь би очоод цамцнаас нь зулгаагаад хойш нь татсан чинь үстэй нь хамт зулгааж татсан. Тэгээд ерөнхийдөө бол тэнд байсан хүмүүс бүгдээрээ нийлээд Х.О нөгөө эмэгтэй хоёрыг татаад хоёр тийш нь салгасан. Х.О, Г.Х нар л хоорондоо зодолдсон....” гэх мэдүүлэг, Гэрч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....тэгтэл гэнэт л Х.О нэг жижигхэн эмэгтэйтэй үсдэлцээд авахаар нь очоод салгах гэтэл нөгөө эмэгтэйн хоёр найз ирээд, манай ах дүү нар бүгдээрээ ирээд Х.О жижиг эмэгтэй хоёрыг хоёр тийш нь болгох гээд татаад дийлэхгүй байж байтал хэн нь гэдгийг мэдэхгүй нэг нь тохойгоороо миний шүд рүү цохисон. Тэнд Г.Х, Х.Отай зодолдсон. Өөр зодоон болоогүй...” гэх мэдүүлэг, Гэрч Х.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1 дугаартай Х гэж эмэгтэй бол Отай зодолдсон эрээн палажтай эмэгтэй байна...намайг очиход Отай үсдэлцээд байхаар нь би очоод татаад нэг залуу Хыг татаад хоёуланг нь хоёр тийш салгасан....” гэх мэдүүлэг, Гэрч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд хүмүүс бужигналдаж очоод салгаад холдуулахад хоорондоо хэрэлдэж байснаа дахиад л зууралдаад авахаар нь би голоор нь очоод үстсэн гарыг нь тавиулаад салгаад хоёуланг нь хоёр тийш нь болгоод караокеноос гаргасан...” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би караоке руу ортол хүмүүс бужигналдаж байхаар нь яваад очтол миний нярай хүүхэдтэй охин Оыг нэг эмэгтэй үсдээд зогсож байхаар нь голоор нь ороод миний хүүхдүүд больцгоо гэхэд Оыг үстсэн байсан эмэгтэй намайг алгадаад авсан чинь О нөгөө эмэгтэйг дахиад үстэж аваад хоорондоо зууралдаад авсан...” гэх мэдүүлэг, Гэрч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ингээд М эгчтэй хамт явсан жижигхэн эмэгтэйг нэг эмэгтэй үстэж байхаар нь яваад очтол хоёулаа газар унасан байдалтай бие биенийгээ үстэж зулгаагаад доогуураа хөлөөрөө бие биенийгээ өшиглөөд байхаар нь тэнд байсан хүмүүсийг гараараа холдуулаад голоор нь ороод М эгчийн найзыг татаад босгосон. Ингээд дахиад хоорондоо хэрэлдээд зууралдаад авахаар нь би буцаад очтол жижиг биетэй эгч дахиад нөгөө эмэгтэйтэй зууралдаад газар унасан байсныг амралтын газрын менежер голоор нь ороод салгаж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 430 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  Шүүгдэгч Х.О нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчим *******ны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй амралтын газарт бүжгийн талбайд муудалцсан хүмүүсийг салгах явцдаа хохирогч Г.Хгийн үснээс зулгааж, цохиж биед нь баруун чихний дэлбээ, нүүр, хүзүүнд зулгаралт, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, үс уналт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Х.Оын шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тэр үед зөрүүлээд л үстээд авсан ба бид хоёр газар унаад би ч үснээс нь зулгаагаад тавиагүй чигтээ байж байтал манайхан ирээд хэн хэн байсныг мэдэхгүй байна. ... намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үстэж аваад хоорондоо зууралдаад дахиад газар унаад хүмүүс ирээд салгаад 2 тийш болсон...” гэсэн мэдүүлэг нь дээрх үйл баримттай тохирч байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Х.Од холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Оыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Х.Од холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ялыг оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан хохирол төлбөрт буюу эмчилгээтэй холбоотой лазер эмчилгээний төлбөр 1.500.000 төгрөг, тухайн үед эвдэрсэн гар утасны төлбөр 800.000 төгрөг нийт 2.300.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч нь 1.100.000 төгрөгийг хохиролд нөхөн төлсөн байна.

 

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үлдсэн 1.200.000 төгрөгийн шаардлагыг шүүх хянаад гар утасны зардал 800.000 төгрөг, лазер эмчилгээний 1 удаагийн оролтны үнэ 300.000 төгрөг нөхөн төлөгдсөн гэж үзлээ.

 

Харин үлдэх 1.200.000 төгрөгийн лазер эмчилгээтэй холбоотой зардлыг гаргуулах нотлох баримт хангалтгүй, хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байх тул хохирогчийг эмчилгээтэй холбоотой шаардлагаа нөхөн гаргуулах тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Хийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эмчилгээтэй холбоотой 1200000 төгрөгийн шаардлагаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД