Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2019/0007/з |
Дугаар | 21 |
Огноо | 2019-07-16 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Ц-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАУБХ-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “ОАУБХ-ийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийсэн ** дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2019/0007/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2004 оны 07 сарын 29 өдөр ТМ /РД:** ганц хүний өмчит/ компанийн захирал Т.Э банктай ярьж тохиролцон 15,000,000 /арван таван сая/ төгрөгний зээл авч компанидаа хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагааг нь дэмжсэн. Зээл төлөх болоход Т.Э алга болж М.Ц надаас нэхэж Орхон сум дундын шүүх 2006 оны 10 сарын 09 өдрийн 788 дугаартай шийдвэрээрээ барьцааны ** тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Т.Э мөн болохыг тогтоож сайн дураар эс хэрэгжүүлбэл албадлагын журмаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулах тухай заажээ.
2007 оны 12 сарын 21 өдрөөр М.Ц миний нэр дээрх зээл төлөгдөж дууссанаар барьцааны ** улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоот орон сууц барьцаанаас чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл 2004 оны 07 сарын 29 өдрөөс 2007 оны 12 сарын 21 хооронд барьцааны дээрх байрыг худалдах, барьцаалах зэрэг ямар нэг хөдөлгөөн хийгдэх учиргүй байжээ.
Банк намайг шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэж үзээд цагдаад саатуулан байж 2006 оны 12 сарын 21 өдөр УБХ-т өргөдөл бичүүлэн авч 2003 оны 900 дугаартай гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэрийн дагуу барьцааны ** улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг бидний нэр дээр шилжүүлэхэд Т.Э-ын өр төлбөр болох 17,000,000 /арван долоон сая/ төгрөг бидний нэр дээр автоматаар шилжин ирсэн бөгөөд гэрчилгээг банкны эдийн засагч **гарын үсэг зурж хүлээн авсан байна. Банкны асуудлыг шүүх 2006 оны 10 сарын 09 өдөр нэгэнтээ шийдсэн байтал надаас дахин юу шаардах болов. М.Ц миний өмчлөлийн байраар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй байхад би худалдах үүрэг хүлээхгүй байна[1],
Барьцааны бүртгэлтэй ** улсын бүртгэлийн дугаартай байранд 2006 оны 12 сарын 21 өдөр хууль зөрчин хөдөлгөөн хийснээр 2003 оны Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 900 дугаартай шийдвэр зөрчигдлөө. Мөн банкны нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдсэн тус шүүхийн 2006 оны 788 дугаартай шийдвэр хэрэгжээгүй.
2006 оны 12 сарын 21 өдөр улсын бүртгэл хууль зөрчсөн болохыг мэдмэгцээ л би хуулийн дагуу Улсын ерөнхий бүртгэгчид хандсан хариугаа аваад шүүхэд хандсан минь энэ. Шүүхэд хандах урьдчилсан нөхцлийг бүрдүүлсэн гэж үзлээ. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 900 дугаартай шийдвэрийн дагуу барьцааны ** улсын бүртгэлтэй байрны шударга өмчлөгч бидний өмчлөх эрх 2006 оны 12 сарын 21 өдрөөр зөрчигдсөн тул улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргах нь зүйтэй байна”[2] гэжээ.
Нэхэмжлэгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Тэр өдөр би Цагдаагийн байгууллага дээр саатуулагдаж байсан. Би ямар нэгэн дарамт шахалт үзэхгүйн тулд гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Түүнийгээ нотлохын тулд шүүхийн архиваас баримт авах хүсэлт өгсөн байгаа. Мөрдөн байцаагч ** гэдэг хүн намайг гэрээс очиж баривчилсан. Ц шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гээд банк цагдаад гомдол гаргасан байсан. Үүнийг шалгуулахаар **ад гомдол гаргаж байсан. Тухайн үед би шүүхэд тайлбар өгсөн байдаг. Цагдаа дээр ирж намайг сүрдүүлэх шаардлага банкинд байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагч ОАУБХ-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ц-ын нэхэмжлэлтэй танилцаж хариугаа албан ёсоор өгсөн байгаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **тоот 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч М.Ц Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 900 дугаартай шүүхийн шийдвэрээр У.У, Э.Б, М.Ц нарын өмчлөлд үлдээх тухай шийдвэр гарсан байсан. Т.Э, М.Ц нар нь 2003 онд Зоос банкнаас орон сууцаа барьцаалж зээл авсан байсан. Зоос банкнаас явуулсан албан бичиг болон 900 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу уг орон сууцыг 3 хүний өмчлөлд шилжүүлсэн байгаа. Улсын бүртгэлийн тухай хуульд өмчлөгчид хүсэлт гаргасан тохиолдолд өөрчлөлт оруулах заалт байдаг.
2003 оны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан. 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэл хууль дүрмийн дагуу явагдсан гэж үзэж байна. Э.У нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Улсын бүртгэл хууль зөрчсөн, 900 дугаартай шийдвэрт харшилсан байна гэж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа. 775 дугаартай шийдвэрээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан. У.У дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2009 онд шүүх мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв шийдвэрлэсэн байна гэсэн хариуг Улсын дээд шүүхээс М.Ц-д хүргүүлсэн байсан.
Дээрх шүүхийн шийдвэр болон нотлох баримтуудыг үндэслэж тухайн үеийн Улсын бүртгэлийн хуулийн дагуу бүртгэл хийгдсэн байна гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хэрхэн яаж хийх талаар Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байгаа. Тиймээс Улсын бүртгэл үнэн зөв хийгдсэн байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед байр зарна гэсэн зарын дагуу утсаар ярьж байгаад очсон. М.Ц өөрөө гэртээ байсан. Байраа зарах гэж байгаа юм уу гэсэн чинь зарна гээд өрөөнүүдээ үзүүлсэн. Ингээд байрыг авахаар болоод банкаар орж материал бүрдүүлж нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээ байгуулж Улсын бүртгэлд материалаа бүртгүүлэхээр аваачиж өгсөн. М.Ц энэ байрны өмлөгчийг тогтоолгохоор иргэний хэргийн 3 шатны шүүхээр явсан боловч өмчлөгч нь З.Б мөн гэж тогтоосон гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч тал бол хангалттай тайлбар өгч байна. Маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ нь М.Ц болон түүний 2 хүүхэд дээр гарсанаас хойш 12 жилийн дараа Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэж ойлгож байна. Илт хууль бус захиргааны акт гарсан зүйл байхгүй байна. Тухайн үед нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан байна. Энэ асуудлаар 12 жилийн турш маргаад явж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хальж, юу яриад байгааг нь ч ойлгохгүй байдалд хүрээд гайхаад байж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ц нь ОАУБХ-т холбогдуулан “ОАУБХ-ийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийсэн ** дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжиж оролцов.
Шүүхээс ОАУБХ-ийн “2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийсэн ** дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх дараах үндэслэлүүд байна гэж дүгнэв.
1. Иргэний хэргийн хариуцагч Т.Э-аас маргаан бүхий Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, **тоот орон сууцыг /бусад дундын өмчийн эд хөрөнгийн хамт/ эхнэр М.Ц, хүү У.У, Э.Б нарын эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд үүнийг шийдвэрлэсэн Орхон аймгийн Сум дундын шүүхийн /тухайн үеийн шүүхийн нэршил/ 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №900 тоот хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр[3] хавтаст хэрэгт авагдсан байна.
2. Дээрх шүүхийн №900 тоот шийдвэр болон иргэн М.Ц-ын 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гаргасан өргөдлийг[4] үндэслэн ОАУБХ нь 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэж, М.Ц, Э.У, Э.Б нарын 3 хүний өмч тул ** тоот гэрчилгээ[5] олгосон байна.
3. Улмаар М.Ц нь уг орон сууцыг барьцаанд тавьж, Зоос банкнаас зээл авсан талаар Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 788 дугаар шийдвэр[6] гарч, тус шийдвэр нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 283 тоот тогтоолоор[7] хянагдаж хүчин төгөдөр болсон байна.
4.Уг шийдвэрийн дараа 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр М.Ц нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоот орон сууцыг З.Б-т худалдах-худалдан авах гэрээг[8], ОАУБХ-т 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу шилжүүлснээр М.Ц-ын өмчлөх эрх дуусгавар болж, З.Б орон сууцыг өмчлөх эрхтэй болжээ.
5.Эндээс үзвэл М.Ц-ын ОАУБХ-ээс гаргуулсан 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй, **тоот гэрчилгээ хүчингүй болж, иргэн З.Б, Б.Б нарын ** дугаарт бүртгэлтэй ** тоот өмчлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй хэвээр байна.
6.ОАУБХ-ээс 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ** дугаар улсын бүртгэл /Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн **тоот гэрчилгээтэй М.Ц **, Э.У **, Э.Б **, гурван хүний хамтын өмч/-ийг хийхдээ тухайн үед мөрдөгдөж байсан 2003 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 /энэ хуулийн 3.1-д зааснаас гадна үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, ... улсын бүртгэлд бүртгэнэ/ 13 дугаар зүйлийн 13.5.8 /энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл/, 15 дугаар зүйлийн 15.2 /мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна/, 19 дүгээр зүйлийн 19.1.2 /эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх/, 24 дүгээр зүйлийн 24.3 /өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй/ дахь хэсэгт заасныг тус тус баримтлан бүртгэсэн нь хуульд нийцсэн бүртгэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр ОАУБХ-ийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн ** дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003.06.19/-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 13 дугаар зүйлийн 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус баримтлан М.Ц-ын ОАУБХ-т холбогдуулан гаргасан “ОАУБХ-ийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн ** дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ
[1] ХХ-ийн 1-2 дугаар тал