Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0229

 

Лоттери де ла монголи ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Лоттери де ла монголи ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүйн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханыилтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Лоттери де ла монголи ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 4 дүгээр албан бичгээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох материалын хамт гаргасан.

Гэтэл Хууль зүйн яамнаас 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/3407 дугаар албан бичгээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.3 дахь заалтын Казиногийн үйл ажиллагаа эрхлэх-ийг хориглох гэдгийн Улсын дээд шүүхийн 2009 оны 09 дүгээр тогтоолоор ... тоног төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж ойлгоно гэж тайлбарласан. Иймд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг тус яамнаас олгохгүй байгаа болно гэсэн хариуг өгсөн.

Бид уг хууль болоод Улсын дээд шүүхийн тогтоолд дурьдсан казиногийн зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсээгүй. Харин хуулийн 15 дугаар зүйлд заасан Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа буюу 15.5.8-д заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэж хүсэлт гаргасан. Гэтэл Хууль зүйн яамнаас хоёр тусдаа ойлголттой үйл ажиллагааг хольж хутган татгалзсан хариу өгсөн нь хууль бус байна.

Хууль болоод Улсын дээд шүүхийн тогтоолын дээрх зохицуулалтаас үзвэл хууль зүйн чиглэлээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллгаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хууль зүйн яамнаас олгохоор байна.

Мөн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг зохицуулах нарийвчилсан хууль болоод журам өнөөдрийн байдлаар манай улсад байхгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл олгох журам, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, шаардлага, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг уг хуулийн 7, 9, 10, 11, 12, 15 дугаар зүйлээр зохицуулж өгсөн.

Иймд Хууль зүйн яамны 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/3407 дугаар албан бичгээр Лоттери де ла монголи ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хууль зүйн сайд Д.Дорлигжав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийнмэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино, 7.3-д Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна, 8.1.3-т МонголУлсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж тус тус заасан.

Төлбөрт таавар, бооцоот тоглоом гэдэгт ямар төрлийн тоглоом хамаарах, бусад адил төсөөтэй тоглоомоос тухайлбал, эд мөнгөний хонжворт сугалаанаас ялгагдах онцлог, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн бүрдүүлэх материал зэргийг зохицуулсан хууль одоогоор байхгүй.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.1-д зааснаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Хууль зүйн яам олгоно. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам-ын 1.3-т Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолдгаргана, мөн журмын 1.4-т Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгэхгүй бөгөөд ийм шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхгүй гэж заасан. Иймд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журмыг Хууль зүйн сайд батлах эрхгүй болно.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2009 оны 9 дүгээр тогтоолоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.3-т заасан Казиногийн үйл ажиллагаа эрхлэх-ийг хориглох гэдэгт мөнгө буюу түүнийг орлогч металл /токенс/ хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгам хуванцар зоос /чип/ буюу шоо, хөзөр тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж ойлгоно гэж тайлбарласан. Дээр дурдсан үндэслэлээр тус яамнаас төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.5.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Лоттери де ла монголи ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хууль зүйн сайдын төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Лоттери де ла монголи ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүйн сайдад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Хууль зүйн сайд Д.Дорлигжав давж заалдах гомдолдоо: ...Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрлийг олгох эрх, үүргийг хуулиар тус яаманд хүлээлгэсэн боловч тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг хуулиар журамлахаар хуульд заасан тул хуультогтоох байгууллагын эрх мэдэлд халдан энэхүү харилцааг Хууль зүйн сайдын шийдвэрээр журамлан тогтоох эрхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр тус яамнаас төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй.

Лоттери де ла Монголи ХХК нь тус яаманд ирүүлсэн Дөрвөн бэрх бүтээгдэхүүний танилцуулгадаа Энэ нь тоглогч зөвхөн өөрийн азад итгэх итгэлийн үндсэн дээр тоглодог чөлөөт сонголт байх бөгөөд... гэснээс үзэхэд тус компанийн тоглуулахаар танилцуулж буй тоглоом нь тоглогчийн мэдлэг, ур чадвараас хамаарахгүй, аз туршсан тоглоом гэж ойлгогдож байна.

Лоттери де ла монголи ХХК-аас төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэд хавсаргаж тус яаманд ирүүлсэн баримт материалыг шүүх нотлох баримтаар гаргуулж аваагүй. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан ерөнхий шаардлагын дагуу материалыг хянаагүйбайж тодорхой аж ахуйн нэгжид нэр заан тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагааны төрөлд хамаарч байгаа, зохицуулалт нь тодорхой бус төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр нээлттэй болгож байгаа нь олон сөрөг үр дагаврыг бий болгоно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Лоттери де ла монголи ХХК нь Хууль зүйн сайдад холбогдуулан тус компанид төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Лоттери де ла монголи ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот албан бичгээр Хууль зүйн сайдад хандан төлбөрт тааварт тоглоомын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн байна.

Нэхэмжлэгчийн эрхлэхийг хүсч буй төлбөрт тааварт тоглоомын үйл ажиллагаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8-д зааснаар тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хууль зүйн яам олгох тул нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Хууль зүйн сайдад хандан гаргасан байна.

Хууль зүйн яам тусгай зөвшөөрөл хүсэгчийн өргөдлийг хүлээн аваад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх ёстой.

Гэтэл хариуцагч Хууль зүйн яам нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хянаж үзэлгүйгээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт /казиногийн үйл ажиллагаа эрхлэх/-ыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолоос дурдан тус яамнаас төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа гэж буцаасныг хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

Иймээс Хууль зүйн яам Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Харин ийнхүү хянаж шалгасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох эсэх эрх нь хариуцагчид байхад шүүх Лоттери де ла монголи ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг шууд Хууль зүйн сайдад даалгасан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.5.8-д заасныг баримтлан Хууль зүйн сайдын төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авалгүй буцаасан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Лоттери де ла монголи ХХК-д төлбөрт тааварт тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүйн сайдад даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН