Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/ма2016/0509

 

  С.С*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч С.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, гуравдагч этгээд С.О*******ийн өмгөөлөгч Г.Н******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.С*******ын  нэхэмжлэлтэй, М*******ад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 26 дугаар зүйлийн 26.3, 26.5, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг тус тус баримтлан С.С*******ын М*******ад холбогдуулан гаргасан “М*******ын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Засаг даргыг огцруулах тухай” 75 дугаар захирамж, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Засаг даргыг томилох тухай” 76 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.С******* давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй.

... С.С******* миний бие Дундговь аймгийн Засаг даргаар эгүүлэн томилохыг даалгах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байтал энэ асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байна. Миний бие Дундговь аймгийн Засаг даргаар эгүүлэн томилуулах хүсэл зориггүй бөгөөд харин өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хууль бус захирамжийн үндсэн дээр Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий захиргааны акт болох М*******ын 75, 76 дугаар захирамжууд гарах үндэслэл болсон Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр хуралдаанаас гарсан 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Ийнхүү хэргийн нөхцөл байдал тодорхой байтал шүүхээс хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан захирамжийг хүчингүй болгохгүй байгаа нь үндэслэлгүй.

Шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйл буюу Засаг даргыг огцруулах зохицуулалтыг хэрэглэн Засаг дарга томилох талаар тайлбарлан дүгнэсэн нь учир дутагдалтай.

Түүнчлэн шүүхээс “Ерөнхий сайд нь Монгол Улсад гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдах эрхгүй болно” гэжээ. Гэтэл нэгэнт орон нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэр нь хууль бус болохыг шүүхээс тогтоож, үүнийгээ ч хүлээн зөвшөөрч гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийн дагуу Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байтал үүнийг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Шүүхээс маргаан бүхий актын үйлчлэл дууссан гэж дүгнэж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Хууль зүйн хувьд захиргааны актын үйлчлэл дуусах гэдэг нь тус акт нь хүчингүй болж, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болсноор илэрхийлэгдэх ёстой байтал шинээр Засаг дарга томилогдсоноор маргаан бүхий актын үйлчлэл дууссан гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаар шийдвэр бүхэлдээ хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.      

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.С******* нь “М*******ын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Засаг даргыг огцруулах тухай” 75 дугаар захирамж, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Засаг даргыг томилох тухай” 76 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн М*******ын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг үндэслэн Сумьяагийн С*******ыг Дундговь аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулсан байна.

Нэхэмжлэгч С.С******* нарын иргэд дээрх захирамжийн үндэслэл болсон Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, М*******ын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар захирамжийн үндэслэл болсон Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон учир уг 4 дүгээр тогтоолыг үндэслэж С.С*******ыг Дундговь аймгийн Засаг даргаас огцруулсан М*******ын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Харин С.О*******ийг Дундговь аймгийн Засаг даргаар томилсон М*******ын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар захирамжийн тухайд анхан шатны шүүх уг захирамжийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон буюу гуравдагч этгээд С.О*******ийг М*******ын 2015 оны 255 дугаар захирамжаар дахин Дундговь аймгийн Засаг даргаар томилсон, нэхэмжлэгчээс уг захирамжтай маргаагүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С*******ын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, М*******ын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдэх “М*******ын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

                  ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

                  ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН