| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/0389/И |
| Дугаар | 130/МА2017/00395 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 130/МА2017/00395
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Ж -хангелди овогт С Х холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 10170000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 601841 төгрөг, бүгд 10771841 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч А сумын Засаг дарга А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн А суманд байнга оршин суудаг С.Х нь 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А сумын Сум хөгжүүлэх сангаас бүгд 14000000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан юм. С.Х зээл олгох тухай сумын Засаг даргын захирамж гарч улмаар түүнтэй зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл С.Х нь зээлээ төлөх гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээлээс 10170000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 601841 төгрөг бүгд 10771841 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. С.Хээс өнгөрсөн хугацаанд сумын захиргаанаас сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. Ер нь сум хөгжүүлэх сангаас олгосон зээл маань тухайн иргэнд олгосон буцалтгүй тусламж биш тодорхой хугацаанд эргэн төлөгдөж байх ёстой сангийн хөрөнгө юм. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 10170000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн 24 сарын зээлийн хүү 601841 төгрөг нийт 10771841 /арван сая долоон зуун далан нэгэн мянган найман зуун дөчин нэгэн/ төгрөгийг С.Хээс гаргуулан А сумын Сум хөгжүүлэх санд олгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Х А сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би А сумын Засаг даргын нэхэмжилж байгаа сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 10170000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 601841 төгрөг, нийт 10771841 /арван сая долоон зуун далан нэгэн мянга найман зуун дөчин нэгэн/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Х холбогдох Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 10771841 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Х нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 10170000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 601841 төгрөг, нийт 10771841 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Х холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Хээс 93649 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаархариуцагч С.Х нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 10170000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 601841 төгрөг, нийт 10771841 /арван сая долоон зуун далан нэгэн мянга найман зуун дөчин нэгэн/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Хээс 93649 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН