Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
               Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: Б.Б
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Бын Б /РД: /-д холбогдох эрүүгийн 2212............ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 04-нд Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5 аав. ээж 2 дүүгийн хамт ............ аймгийн ............. сумын ...........баг ................... гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овгийн Бын Б /РД:/  

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч  Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны үед................. аймгийн ...........сумын ............багийн ................ гэх газраас зөвшөөрөлгүйгээр 310 ширхэг, 2 метрийн урттай, 19.3 метр куб шоо метр хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 2.118.368 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212.............. дугаартай эрүүгийн хэргээс:    

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлсэн: “...........аймгийн ........ сумын ...........багийн иргэн Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн үед Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Дэлгэр булаг гэх газрын Битүү нүүр гэх ойгоос зөвшөөрөлгүйгээр 19.3м3 хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 2.118.368 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.  Тухайн мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/
                      
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бын мэдүүлсэн: “...миний хүү Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны хооронд Архангай аймгийн Тариат сум Мөрөн баг Дэлгэр булаг гэх газрын Битүү нүүр гэх ойгоос ганцаараа тухайн модоо бэлтгэсэн. Би тухайн модыг нь хараагүй мал идээ гээд очиж харж чадаагүй. Харин сүүлд бэлтгэсэн мод болон бэлтгэсэн гэх газрыг нь очиж харахад босоо мод бэлтгээгүй унанги мод бэлтгэсэн байсан нэг ч босоо модны хожуул харагдаагүй. Ганцаараа бэлтгэсэн өөр цуг мод бэлтгэх хүн олдоогүй. Мод бэлтгэх эрхийн бичиг авлаа гэж мэдэгдээгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.О мэдүүлсэн: “...Миний хүү Б нь зан чанар хувь хүний хувьд төлөв даруу зан ааштай бусадтай нөхөрсөг найз нөхөд дундаа нэр хүндтэй хүү байгаа юм. Миний хүү Б нь өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан асуудал байхгүй. Цэргийн алба болон их дээд сургууль төгсөөгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй гэртээ архи тамхи үнэртүүлж орж ирж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
    
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Нын мэдүүлсэн: “...Архангай аймаг Тариат сум Мөрөн баг Дэлгэр булаг гэх газрын Битүү нүүр гэх ойгоос 2021 оны 12 дугаар сарын 15-20-ний хоорон тухайн модоо бэлтгэж байсан. Б манайхад айл сахалт болхоор өглөөд гэрийн урд байх Битүү нүүрлүү орж мод бэлтгээд байсан. Б нь дан унанги мод бэлтгэсэн байсан. Гэртээ ойр учир би малд явах замдаа харсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар мэдэхгүй байна. Би асууж тодруулаагүй. Б нь өөр хүнтэй модонд явж харагдаагүй хүн бүл цөөтэй ганцаараа бэлтгээд байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бийн мэдүүлсэн: “...Архангай аймаг Тариат сум Мөрөн баг Дэлгэр булаг гэх газрын Битүү нүүр гэх ойгоос 2021 оны 12 дугаар сарын 15-20-ний хоорон тухайн модоо бэлтгэж байсан. Б манайхад айл сахалт болохоор өглөөд гэрийн урд байх Битүү нүүр рүү орж мод бэлтгээд улаан өнгийн машинаар чирч цагаалж байсан. Би малдаа Архангай аймаг Тариат сум Мөрөн баг Битүү нүүр гэх газар явж байхад Б нь тухайн модоо бэлтгэж байсан . Очиж уулзахад дан унанги мод бэлтгэсэн байсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар мэдэхгүй байна. Би асууж тодруулаагүй. Б нь өөр хүнтэй модоо бэлтгэж харагдаагүй ганцаараа бэлтгэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Б мэдүүлсэн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна”...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/

       2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 
1.    Иргэн Б.Б  зохих зөвшөөрөлгүй, бэлтгэсэн гэх мод нь: шинэс төрлийн 
хуурай мод
2.    Уг мод нь 2.0 метрийн урттай 310 ширхэг галын түлээний хуурай шинэс төрлийн мол 
байна.  
3.    Нийт тоо ширхэг 310, нийт шоометр 19.3 м3 шоометр модыг бэлтгэжээ. 2.0 урттай 
хуурай галын түлээ 19.3 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар хавсралт тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай мод/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг, түлээ хуурай 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 2118368 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 18-25 ху/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-13 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78-79 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-33 хуу/
Хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-73 ху/
Б.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82 ху/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 хуу/
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 113-115 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 126-127 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны үед .......... аймгийн ...........сумын ........багийн ............... гэх газраас зөвшөөрөлгүйгээр 310 ширхэг, 2 метрийн урттай, 19.3 метр куб шоо метр хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 2.118.368 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 
  
Эрүүгийн 2212....................  дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Б.Б 2021 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны үед Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Битүү гүүр гэх газраас зөвшөөрөлгүйгээр 310 ширхэг, 2 метрийн урттай, 19.3 метр куб шоо метр хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 2.118.368 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлсэн: “...Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн үед Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Дэлгэр булаг гэх газрын Битүү нүүр гэх ойгоос зөвшөөрөлгүйгээр 19.3м3 хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 2.118.368 төгрөгийн хохирол учруулсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бын мэдүүлсэн: “...миний хүү Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны хооронд Архангай аймгийн Тариат сум Мөрөн баг Дэлгэр булаг гэх газрын Битүү нүүр гэх ойгоос ганцаараа тухайн модоо бэлтгэсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Нын мэдүүлсэн: “...Архангай аймаг Тариат сум Мөрөн баг Дэлгэр булаг гэх газрын Битүү нүүр гэх ойгоос 2021 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд тухайн модоо бэлтгэж байсан. Б манайхад айл сахалт болохоор өглөөд гэрийн урд байх Битүү нүүрлүү орж мод бэлтгээд байсан. Б нь дан унанги мод бэлтгэсэн байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бийн мэдүүлсэн: “...Архангай аймаг Тариат сум Мөрөн баг Дэлгэр булаг гэх газрын Битүү нүүр гэх ойгоос 2021 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд тухайн модоо бэлтгэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-25 ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-13 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
  
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.О шүүгдэгч Б.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Б үйлдлийн улмаас ойн санд 2.118.368 /хоёр сая нэг зуун арван найман мянга гурван зуун жаран найм/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 
 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /2.118.368х3=6.355.104 төгрөг /зургаан сая гурван зуун тавин таван мянга нэг зуун дөрөв/ төгрөг гэж дүгнэв.  
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 6.355.104 төгрөг /зургаан сая гурван зуун тавин таван мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Б.Бэс гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
     
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч Б.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилээгүйгээр тээвэрлэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 132-133 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3.474.000 төгрөгийн үнэ бүхий 310 ширхэг, 2 метрийн урттай, 19.3 метр куб хэмжээтэй төрлийн хуурай мод, 112.000 төгрөгийн үнэ бүхий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх өнгийн хөрөө мөн 25.000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүх, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 39-40 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.993.196 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн улмаас Байгаль орчинд уур амьсгалын санд төлөх 6.355.104 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 750.908 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.    
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг  тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Х овогт Бын Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.Б нь торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3.474.000 төгрөгийн үнэ бүхий 310 ширхэг, 2 метрийн урттай, 19.3 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, 112.000 төгрөгийн үнэ бүхий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх өнгийн хөрөө мөн 25.000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүх, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 39-40 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 1.993.196 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 6.355.104 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 750.908 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай. 
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
8.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ