Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 130/МА2017/00396

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, 3 дугаар хороо, ** дугаар хороолол, 8-45 тоотод оршин суух, Э овогт Ц Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, Ш овогт М А холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , түүний өмгөөлөгч С.Н , иргэдийн төлөөлөгч И.Е , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцанд хийлгэсэн засварын хөлс 3421711 төгрөг, байранд засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, нийт 3521311 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Н нь нөхөр Д.Б хамт Улаанбаатар хот, Б дүүрэг, *** хороо, ***р хороолол, 8 байрны ***тоотод байнга оршин сууж байгаа юм. Ц.Н уг орон сууцыг 1998 оны үед төрөөс үнэгүй хувьчилж авч эдүгээ 19 дэх жилдээ амьдарч байгаа юм. Тус *****байр нь 5 давхар ба тэдний орон сууц ***тоот номертой 4 давхарт байрлалтай ба дээд талын орон сууц нь ** тоот номертой 5 давхарт байрлалтай юм. Ц.Нгийн орон сууцны эгц дээд талаас буюу ** байрнаас 20** оноо хойш байнга халуун, хүйтэн ус алдсанаас болж тус орон сууцанд үлэмж хэмжээний хохирол учирсан юм. ** тоот байрыг эзэн нь байнга оюутан нарт түрээслүүлдэг учраас жинхэнэ эзэмшигч, өмчлөгч хэн вэ гэдгийг анхны үед мэдэхгүй байсан юм. Харин сүүлд уг байрны хууль ёсны өмчлөгч нь Баян-Өлгий аймгийн Х Банкны ажилтан М.А гэдэг казах эмэгтэй байгааг мэдсэн юм. Ц.Н М.А рүү утсаар ярихад тэрээр манай нөхөр Улаанбаатар хотод явж байгаа, тэрээр танайд очиж байрыг үзнэ гэсэн юм. Ингээд М.А нөхөр нь гэх Хурманбай гэдэг хүн тэдний орон сууцанд ирж орон сууцны бодит байдлыг нүдээр харж орон сууцанд учруулсан гэм хорыг буюу хохирлыг төлж өгнө гэж хэлж амлаж байсан юм. Харин сүүлд тэрээр утсаа ч авахгүй сураггүй алга болсон юм. Ц.Н нарын амьдардаг орон сууцанд халуун, хүйтэн ус байнга дээд давхрын орон сууцнаас алдагдсаны улмаас орон сууц мөөгөнцөртөж, хана туурга хагарч, шавар шавхай дээрээс унаж, орон сууцанд хүн амьдрах аргагүй болсон юм. Үүнээс болж орцны хана ч мөөгөнцөртөж, будаг, шохой нь ховхорч унасан юм. Ингээд дээд давхрын орон сууцны өмчлөгч М.А нь тус орон сууцанд учруулсан хохирлыг төлж өгөөгүй учраас хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй "А" ХХК-иар орон сууцанд засварын ажлын төсвийг хийлгэж, улмаар орон сууцны барилгын засал чимэглэлийг "НULD" ХХК-иар засвар хийлгэсэн юм. Дээр дурдсан зардалд нийт 3521311 төгрөгийн бодит зардал гарсан юм. Ийнхүү гарсан бодит зардлыг гэм хор учруулагч этгээд М.Ааас нэхэмжилж шүүхэд хандаж байна. Иймд Ц.Нгийн хувийн өмчлөлийн орон сууцанд хийлгэсэн засварын хөлс болох 3421711 төгрөг, засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, бүгд 3521311 төгрөгийг М.Ааас гаргуулан Ц.Нд олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.Н түүний нөхөр болох Д.Б хамт Улаанбаатар хотын Б дүүргийн 3 хороолол, ** дугаар хороо, 8 дугаар байрны 45 тоотод байнга оршин сууж байгаа. Тухайн байрны өмчлөгч Ц.Н болон түүний нөхөр Д.Б нар байгаа. Тус байр нь 5 давхар барилга бөгөөд нэхэмжлэгч Ц.Н 4 давхарт буюу 45 тоотод оршин суудаг. Харин ** тоот айл нь 5 давхарт байдаг. 20** оноос хойш 45 тоот байрны дээд талын айлаас байнга халуун болон хүйтэн ус алдсанаас болж тус байранд үлэмж хэмжээний хохирол учирсан. Сүүлд ** тоот байрны өмчлөгч нь М А гэдэг хүн гэдгийг олж мэдсэн. Дээд талын айлаас байнга халуун, хүйтэн ус алдсанаас болж хана хагарч, шавар шавхай дээрээс унаж, будаг шохой ховхорч унасан. Ингээд дээд талын айлын өмчлөгч М.Ааас учирсан хохирлыг төлж өгөхийг шаардсан боловч төлж өгөөгүй. Тэгээд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх Хос шагай ХХК-аар засварын ажлын төслийг хийлгүүлж улмаар Хурд ХХК-аар орон сууцны засвар чимэглэлийн ажлыг гүйцэтгүүлсэн. Дээр дурдсан засварт нийт 3,042,318 төгрөг, засварын үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 99600 төгрөг, нийт 3521311 төгрөг гарсан. Орон сууц засварлахад гарсан зардалд засвар хийсэн хөлс бас орж байгаа. Иймд нийт 3,521,311 төгрөгийг гэм хор учруулсан М.Ааас гаргуулж иргэн Ц.Нд олгох шийдвэр гаргуулж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Ц.Нгаас надад 3 жилийн хугацаагаар итгэмжлэл олгосон гэв.

Хариуцагч М.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Малшыбайн А би иргэн Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

1. Ц.Н нь өөрийнхөө эзэмшлийн орон сууцандаа хийсэн засварыг бусдаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Улаанбаатар хотын Б дүүрэгт хувийн өмчлөлийн орон сууцтай гэдгээ зөвшөөрч байна. Гэхдээ хөршийн эрхийг нь зөрчиж, бусдын эд хөрөнгийг нь эвдэн сүйтгэж, санаатайгаар оргон зугтаж байгаа мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, би уг байрны эзэн гэдгийг тус байрны сууц эзэмшигчдийн холбооноос мэдэх бүрэн боломжтой бөгөөд миний бие байнгын оршин суугаа газарт тогтвортой оршин сууж байгаа. Хэрэв надаас хууль, журмын дагуу шаардсан, нэхэмжилсэн зүйл байгаа бол би тухай бүрт нь өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл Ц.Н нь надаас ор үндэсгүй мөнгө төгрөг шаардсан тул түүний уг шаардлагыг биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Ц.Н нь өөрийнхөө эзэмшлийн байранд дээд талын айлаас байнгын ус алдсан хэмээн бичсэн байна. Гэвч уг ус нь манай байрнаас алдсан нь эсхүл байрны завсарт байгаа усны хоолой хагарснаас ус алдсан болох нь тогтоогдохгүй байхад шууд тулган шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Миний эзэмшлийн байрны дотор байгаа бүх сантехник, усны хоолойнууд нь бүрэн бүтэн байсан ба ямар нэгэн байдлаар ус алдаж байгаа эсэх нь нүдэнд ил байгаа хэсгүүдээс нь ажиглаад мэдэх боломжгүй байсан бөгөөд ил ус алдаж байгаагүй юм. Өөрөөр хэлбэл энэ нь уг барилгын байрнуудын хоорондох нууц хоолойнуудаас гарсан байж болзошгүй юм. Тэрхүү ус алдаж буй газар нь Ха, хэний эзэмшлийн газар гэдэг нь тодорхой бус байгаа юм. Манай байрны ил монтажаас нь ус алдаж байгаагүйг нэхэмжлэгч Ц.Н болон түүний гэр бүлийнхэн ч гэсэн нүдээр үзэж, харж байсан. Иймд нууц хоолойгоос ус алдсан байж болзошгүй юм. Тус байрны далд хоолойноос ус алдсан бол СӨХ хариуцах ёстой. Иймээс нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Нөгөөтээгүүр би орон сууцны даатгалыг сар бүр төлж байсан тул нэхэмжлэгч өөрт нь учирсан хохирлыг засвар хийлгэхээс өмнө надад мэдэгдсэн бол даатгалын компанид хэлээд, даатгалын байгууллагын төлөөлөл оролцуулан үнэлгээний байгууллагуудаар үнэлгээ хийлгүүлэн хохирлыг даатгалаас нөхөн төлүүлэх боломжтой байсан юм. Энэхүү нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох ёстой атлаа нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгээ нотолж чадаагүй байсан юм. Иймээс тус нэхэмжлэл хэрэгсэхгүй болох ёстой атлаа нэхэмжлэлийг шүүх буцааж тогтоол гаргасан нь хариуцагчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн явдал болсон. Үүнээс болж би нэг хэрэгт 2 дахь удаагаа хариуцагчаар татагдаж байна. Хуулиараа тус нэхэмжлэлийг буцаах биш хэрэгсэхгүй болгох байсан юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчид хууль зөрчиж тусгайлан боломж олгосноос болж миний эрх ашиг зөрчигдөж болзошгүй байна. Хэрэв шүүхээс энэхүү нэхэмжлэлийг ханган шийдвэрлэвэл нотлох баримтыг бүрдүүлж чадаагүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй шүүх бүрэлдэхүүнээс гэм хороо буцаан нэхэмжлэх болно.

Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч Ц.Н нь өөрсдийнхөө байрыг шинэчлэн засварлаж, гарсан зардлыг биднээр төлүүлэн авахыг эрмэлзэж байна. Иймд түүний хууль бус шаардлагыг хүлэн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Берикбол шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа 20** оноос хойш байнга ус алдсан гэж хэлж байна. Энэ бол худлаа зүйл байна. Яагаад гэвэл тухайн үед бид нар оюутнуудад болон бусад иргэдэд түрээслүүлж байсан хэдий ч тэдгээр хүмүүсээс бид нарт тухай бүрт нь мэдэгдэж ус алдсан талаар хэлж байгаагүй. Гэтэл өнөөдөр 5 жил ус алдсан гээд худлаа гүтгэж байна. Мөн өөрийн хувийн орон сууцанд засвар хийлгүүлсэн засварын мөнгийг бид нараас гаргуулахаар эрмэлзэж байгаа юм байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин Ц.Н гэх хүнийг огт үзэж харж байгаагүй. Өөрөөр хэлбэл яг бид нарын доод талын айл мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч М.Ааас орон сууцад хийлгэсэн засварын ажлын хөлс 3421711 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 99600 төгрөг, нийт 3521311 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ц.Н нь хавтаст хэрэгт 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *******дугаартай Х овгийн Д Б ********, Э овгийн Ц Н ******/хоёр иргэний өмч/ Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д Б, Ц Н нарын **5 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б дүүгийн 3 дугаар хорооны Засаг даргын 2016 оны ** дугаар сарын 09-ний өдрийн 2684 дугаартай, мөн 2016 оны ** дугаар сарын 14-ний өдрийн 3642 дугаартай тодорхойлолтууд, С сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 019 дугаартай тодорхойлолт, 8-р байрны 45 тоотын өрөөний байгуулалтын зураг, 2016 оны 02 дугаар сарын 17-ныөдрийн 13/016 дугаартай Төсөв боловсруулах гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Иргэн Д.Бын Б-ийн 3-р хороо, **-р хороолол, 8-р байрны 45 тоот орон сууцны хэсэгчилсэн засварын ажлын төсөв, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн акт, 7 дугаартай Орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13/016 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт итгэмжлэл, орон сууцны фото зураг зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Нэхэмжлэгч Ц.Нгийн дээрх гаргаж өгсөн нотлох баримтууд нь Б дүүрэг, 3 хороо, ** дугаар хороолол, 8-рбайрны 4 давхарт байрлалтай 45 тоот орон сууцанд засварын ажил хийгдсэнийг нотлох нотлох баримт болохоос биш хариуцагч М.Аийн буруутай үйл ажиллагаанаас болж тухайн орон сууцанд засвар хийгдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Нгийн ...Улаанбаатар хот, Б дүүрэг, 3 хороо, ** хороолол 8 байрны 4 давхарт байрлалтай 45 тоот айлын дээд талын 5 давхрын ** тоот айлын хариуцагч М.Аын байрнаас 20** оноос хойш байнга халуун, хүйтэн ус алдсанаас болж доод талын 4 давхрын 45 тоот байранд хохирол учирсан үүнээс болж орон сууц мөөгөнцөртөж, хана туурга хагарч, шавар шавхай дээрээс унаж,будаг, шохой нь ховхорч орон сууцанд хүн амьдрах аргагүй болсон гэх нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Санчир сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 019 дугаартай тодорхойлолтод: ... тус байрны ** тоотын айл 20** оноос эхлэн 45 тоотын дээд талаас нь байнга ус алдаж удаа дараа уулзаж шаардлага тавьж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй одоог хүрээд байгаа... гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Учир нь, Санчир сууц өмчлөгчдийн холбоо нь 20** оноос ** тоот айлаас ус алдсан гэх боловч Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.1-д зааснаар оршин суугчид бичгээр мэдэгдсэн, сануулсан, уг зөрчлийг таслан зогсоож, арилгах арга хэмжээ авах талаар бичгээр сануулсан, шаардлага тавьсан нь нотлогдохгүй байна.

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 онд байранд төлбөл зохих төлбөрөө төлж байсан Төрийн банкны төлбөрийн баримтуудаас үзэхэд хариуцагч М.А нь засвар үйлчилгээ гаргаагүй, засвар үйлчилгээнд төлбөр төлж байгаа болох нь харагдаж байна.

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн акт №7 дугаартай Орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлтэд ...гарсан гэмтлийн шалтгаан нь ашиглалт буруугаас хэрэгцээний хүйтэн усны тройниг холболт суларсан ус алдсан үүнийг чангалгаа хийв гэж бичигдсэн байх ба уг дүгнэлтийг гаргасан хэсгийн инженер Т.Оюун-Эрдэнэ нь гарын үсэг зураагүй, мөн уг дүгнэлтийг /актыг/ хариуцагч М.А танилцуулаагүй, сууц эзэмшигчийн нэр М.Берикбол гэж бичигдсэн зэргийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр / буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулсан боловч дээрх хуулинд зааснаар хариуцагч М.Аын санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээс болж Ц.Нгийн эд хөрөнгөнд гэм хор учирсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Нгийн хариуцагч М.Ааас орон сууцад хийлгэсэн засварын ажлын хөлс 3421711 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 99600 төгрөг, нийт 3521311 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С М.А холбогдуулан гаргасан Орон сууцанд хийлгэсэн засварын хөлс 3421711 төгрөг, байранд засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, нийт 3521311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгөөс 7**91 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн **59 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн **********дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хариуцагч М.А холбогдуулан гаргасан Орон сууцанд хийлгэсэн засварын хөлс 3421711 төгрөг, байранд засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, нийт 3521311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгөөс 7**91 төгрөгийг улсын орлого болгож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн **59 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ********* дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **0 дугаар зүйлийн **0.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

К.БҮЛДИРГЕН