Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 130/МА2017/00399

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц тосгоны төвд оршин суух, *********** регистрийн дугаартай, Х овогт Б Хы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, прокурор М.О, иргэдийн төлөөлөгч О.М , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болон нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардлын хамт нийт 10553100 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х миний бие дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, 1992 оноос Ц тосгоны хүний их эмчийн салбарт эрхлэгч, эмчлэгч эмчээр тасралтгүй 25 жил ажиллаад 2016 онд насныхаа тэтгэвэрт гарсан хэдий ч өвдсөн шаналсан хүмүүст одоо ч гэсэн мэргэжлийн хүний хувьд тусалсаар явна. Энэ 25 жилийн хугацаанд ард түмний эрүүл энхийн манаанд чадах чинээгээрээ зүтгэж өргөсөн тангарагтаа эгнэгт үнэнч явсан юм. Миний шударга зан төлөв, аливаа зүйлийг нүүрэн дээр нь илэн далангүй ярьдаг, ажиллагсдадаа өндөр шаардлага тавьдаг байдал маань таалагдаагүй зарим болчимгүй хүмүүс дээр дооргүй хуулийн байгууллагад мэдээлэл бичсэнээр 2012-2013 онд цагдаагийн байгууллага он дамжуулан жил гарангийн хугацаагаар шалгаж яллах дүгнэлт үйлдэн ял шийтгүүлэх шахсан. Харин ч шударга шүүх холбогдох хэргийг маань хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгасан явдалд одоо хүртэл баярлаж явдаг юм.

Надад аймгийн прокурорын газраас Нярайн хүүхдийн амь насанд аюултай нөхцөл байдал бий болсон үед тусламж үзүүлээгүй гэх үндэслэлээр 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөн зүйл ангиар мөн өдөр сэжигтнээр тооцон, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг үүсгэсэн өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд холбогдох хэргийг шүүх хянаад мөрдөн байцаалтад буцаасан боловч 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дахин яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Тус аймгийн Сум дундын шүүх надад холбогдох хэргийг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хэргийг хэрэгсэхгүй болгон намайг цагаатгасан 65 дугаар тогтоол гаргасан юм. Гэтэл улсын яллагч уг тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар давах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч давж заалдах шатны шүүх 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар магадлалаараа анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү хэрэг шалгагдах явцад дээр дурдсан мэдээлэгч нар маань улсын төсвийн хөрөнгө ашигласан гэх асуудлаар эмнэлгийн ня-бо бид хоёрыг шалгуулж амжсан боловч прокуророос уг үйлдлийг нотлогдоогүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Зүгээр л ажил үүрэг гүйцэтгэж явсан жирийн эмч намайг эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлгүй асуудлаар нэг жил шахам шаналгаж цагдаа, прокурор, шүүхийн үүдийг сахидаг ажилтай болгон Ц-Өлгий-Цын чиглэлд мөн ч олон удаа хувийн зардлаар минь явуулсан. Ард олонтой байнга тулж ажилладаг эмч хүний хувьд тэдний итгэл найдварыг алдаж, итгэх итгэлгүй болсноос гадна хамт олондоо адаглан гэмт хэрэгтэн мэт үзэж байсан нь одоо ч сэтгэлд тод байна. Арга буюу эрхлэгчийн ажлаа өгч, нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. Шоронд явбал... гэдэг бодол өдөр шөнөгүй толгой тархинаас хором ч салж байсангүй, сэтгэл санаагаар унаж өөрийгөө хорломоор үе ч байсныг нуухгүй. Сайн санаат хүмүүс, халамжит гэр бүлийнхээ гишүүдийн ач буянаар энэхүү сэтгэл санааны хүнд дарамтыг давж гарсан хэдий боловч санаанд орох бүрийд одоо хүртэл зүрх шимширдэг. Иймд би тухайн үед сэтгэл санаанд учирсан хохирлоо 10 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна. Мөн хууль зүйн туслалцаа авахад төлсөн 550 мянган төгрөг, прокурорын архиваас нотолгоо авахад төлсөн 3100 төгрөг нийтдээ 10553100 төгрөгийг Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б.Хыг 2012 онд Ц тосгоны их эмчийн салбарт эрхлэгчээр ажиллаж байхад түүний тавьсан шаардлага өндөр байснаас ч юм уу, ажил байдлын нөхцөлөөс болсон юм уу зарим хүмүүс Цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Энэ мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл аймгийн Прокурорын газраас нярай хүүхдийн амь насанд аюултай нөхцөл байдал бий болсон үед тусламж үзүүлээгүй гэх үндэслэлээр 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн өдөр буюу 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сэжигтнээр тооцож, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар татсан байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн өдрөөс эхлээд гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний гадаад дотоодод явах эрхийг хязгаарласан. 2013 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр аймгийн Прокурорын газраас дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ял шийтгүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсний дараа Б.Хд холбогдох хэргийг хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан. Гэвч прокурорын газраас 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тус аймгийн Сум дундын шүүх 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож 65 дугаар тогтоол гаргаж Б.Хыг цагаатгасан. Үүнийг аймгийн прокурорын газраас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн боловч аймгийн давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хянаж үзээд 65 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Энэ асуудал 2012 оноос эхлээд шалгагдаж 2013 оны 10 дугаар сард эцэслэн шийдвэрлэгдсэн. Б.Хыг 2013 оны 6 дугаар сард Ц тосгоны захирагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж тус Эрүүл мэндийн төвд нийгмийн ажилтнаар авч ажиллуулсан байна. Гэтэл дараа нь тус орон тоо цомхтгогдоод Ногооннуур сумын хүн эмнэлгийн салбарт шүдний эмчээр ажиллахаар явсан бөгөөд тэнд хэдэн сар ажиллаад Улаанбайшинтад ажиллах орон тоо гарсан гээд тэнд очиж ажилласан байна. Гэтэл 2016 оны зун 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангасан учир өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

Нэхэмжлэгч Б.Х ийнхүү Цагдаагийн байгууллагад 1 жил гаруй шалгагдаж байснаас эмчлүүлэгчид болон Ц тосгоны бусад иргэдэд ад үзэгдээд эмч гэж үзэх итгэлийг алдсан учир Ц тосгоны захирагч түүнийг өөр ажилд шилжүүлсэн. Б.Х нь 1. сэтгэл санааны хувьд хохирсон, 2. Ажил хөдөлмөрийн хувьд мөн адил хохирсон. 2013 оны 6 дугаар сард Б.Хыг ажлаас чөлөөлсөн захирамждаа үндэслэл болгосон Эрүүл мэндийн газраас гаргасан албан тоот байдаг юм байна. Үүнийг Ц тосгоны захирагчийн ажлын алба Эрүүл мэндийн газрын архиваас эрж хайсан боловч олдоогүй. Цагдаагийн байгууллагад 1 жил гаруй хугацаанд шалгагдаж Өлгий сум, Ногооннуур сумын хооронд өөрийн зардлаар явж ирж чирэгдсэн. Хамгийн гол нь сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд орсон. Б.Х маш эмзэг сэтгэлтэй, жинхэнэ эмч хүн. Өөрийнхөн эмчилж байсан эмчлүүлэгч нь өвдөж шаналж уйлахад дагаж уйлдаг маш эмзэг сэтгэлтэй, их сонин харектертэй хүн. Гэтэл энэ хүнийг асуудалд холбогдуулж шалгаж байх хугацаанд 1. хэд хэдэн удаа өөрийнхөн амь насыг хөнөөхийг завдаж байсан, 2. Огт архи уудаггүй хүн байсан бөгөөд энэ асуудлаас болж нэлээд архинд орсон. Б.Хд сэтгэлийн хадтай, юм хумыг нааш, цааш нь тунгааж боддог, зовлонг дааж чаддаг тэвчээр байгаагүй. Б.Х одоо хүртэл шүүх хуралдаанд улсын яллагчийн хэлсэн саналыг өөрийгөө шийтгүүлсэн гэж ойлгож явдаг. Өөрөөр хэлбэл иймэрхүү сэтгэлзүйтэй хүн. Хэрвээ Б.Х тухайн үед хорих ял шийтгүүлсэн бол цаашид амьдрах боломж бага байсан гэж боддог, өөрөө ч гэсэн тэгж хэлдэг. Тийм учраас сэтгэл санааны маш хүнд дарамтад орсон. Тэгэхээр энэ бүгдийг нотлох баримтын хүрээнд шинжилж, дүгнэлт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сэтгэл санааны хохирлыг 10 сая төгрөгөөр үнэлж, эрх зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 550000 төгрөг, прокурорын байгууллагаас нотлох баримт хуулбарлаж авахад төлсөн хөлс 3100 төгрөг, нийт 10,553,100 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Прокурор М.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баян-Өлгий аймгийн хяналтын прокурор М.Отгонжарал би төрийг төлөөлж иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч Б.Х тус шүүхэд намайг аймгийн Прокурорын газраас нярай хүүхдийн амь насанд аюул бий болсон үед тусламж үзүүлээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүхээс намайг цагаатгасан, мөн төсвийн хөрөнгийг хуурамч материал бүрдүүлж завшсан байж болзошгүй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн энэ гэмт хэрэгтэй нэгтгээд шалгасан боловч Прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг, бусад зардалд 553100 төгрөгийн хохирол гарсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Б.Хыг тухайн үед эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгах үндэслэл байсан. Тухайн үед иргэн Күлмисханы төрүүлсэн нярай хүүхэд хүнд өвчнөөр өвчилсөн бөгөөд улмаар эмчийг дуудах үед эмч хүрэлцэн ирээгүй гэсэн гомдлыг иргэн К гаргасан. Энэ хэрэгт тухайн үед эмч зохих үүргээ биелүүлсэн үү үгүй юу гэдгийг шалгахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байгаа. Тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байсан бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хууль журмын дагуу шалгаж ажиллагаа явуулсан. Эдгээр ажиллагаанууд нь хуульд нийцсэн ажиллагаа болсон.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын ажиллагаа хууль бус байвал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т заасан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болох тул хууль бус гэдэг нь тогтоогдоогүй тохиолдолд төрөөс хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Гол зүйлийг анхаарч үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д заасан ... иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан... гэдийг ойлгох хэрэгтэй. Энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас хэрэг нь цагаатгагдсан, тухайн баривчлагдсан этгээд суллагдсан бол, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол төр хохирлыг нөхөн төлөх ёстой. Тэгэхээр тухайн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын ажиллагаа хуульд нийцсэн байгаа. Өөрөөр хэлбэл хууль бус ажиллагаа хийсэн гэдгийг тогтоогоогүй байж хохирол гаргуулахаар нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас сэтгэл санаанд учирсан хохирол 10000000 /арван сая/ төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 550000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 3100 төгрөг, бүгд 10553100 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Б.Хыг Баян-Өлгий аймгийн Ц тосгоны эрхлэгч их эмчээр ажиллаж байхдаа мөн тосгоны иргэн А.К дөнгөж төрүүлсэн нярай хүүхэд хооллож чадахгүй болсон буюу хүнд өвчтэй байхад яаралтай эмнэлэгт илгээх, шаардлагатай эмчилгээг хийж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар *********** эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Х овогт Б Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Хыг цагаатгасан байна.

Уг цагаатгах тогтоолыг улсын яллагчийн эсэргүүцлээр Баян-Өлгий аймгийн шүүх 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 37 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Х нь хийгээгүй хэргийн төлөө яллагдах ёсгүй гэж үзээд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгчтэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 550000 төгрөг төлсөн, хэрэгт хилсээр гүтгэгдэн шалгагдаж, яллагдагч, шүүгдэгчээр татагдсан, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа болон батлан даалт авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас сэтгэл санаагаар хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хыг цагаатгасан шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүссэн байна гэж үзлээ.

Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Х нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан боловч учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар тодорхой заагаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Х нь сэтгэл санаа, нэр төр алдар хүнд гэм хорын хохирлоо юуг үндэслэж 10000000 төгрөгөөр тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Шүүх эдийн бус гэм хорыг хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон байдал, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн цагаатгах тогтоолын агуулга, хохирогчид учирсан сэтгэл санааны үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгч Б.Х сэтгэл санааны гэм хорын хохиролд 3000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7000000 төгрөгийг мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримт бүрүүлэхэд гарсан зардал гэж нэхэмжилсэн 3100 төгрөг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 7003100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Хы нэхэмжлэлийн шаардлага болох өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн гэх 550000 төгрөгийг нэхэмжлэгч өмгөөлөгч Х.З төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №06дугаартай тасалбар, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлсийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 3000000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 550000 төгрөг, бүгд 3550000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7003100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.2, 390 дүгээр зүйлийн 390.1.5, 390.2, 391 дүгээр зүйлийн 391.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2-т заасныгтус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 3000000 /гурван сая/ төгрөг, өмгөөллийн хөлс 550000 /таван зуун тавин мянган/ төгрөг, нийт 3550000 /гурван сая таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7003100 /долоон сая гурван мянган нэг зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК

А.ЖАРХЫНГҮЛ