Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

                      

 

 

 

 

 

 

     2022          02         10                                     2022/ШЦТ/80

 

 

                    

                               

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо

шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Б-, Б.Д- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105013851415 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, эгч дүү нарын хамт Баянхонгор аймгийн Жинст сумын  дүгээр баг, Цагаан ус гэх газар оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн  дугаар хороо, тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, Б.Д-.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужааны ажил эрхэлдэг, ам бүл , эцэг, эх, эгч дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, Жалгын гудамжны  тоотод  оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:/, О.Б-.

 

 

 Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

              Шүүгдэгч О.Б-, Б.Д- нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжинд хохирогч С.Г- өмчлөлийн “Самсунг галакси эс-4, эс-6” загварын 155.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б- “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дээрэмдэх гэмт хэрэг хийх санааг анх би гаргасан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “С.Г-оос гаргасан 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 15 дугаар гудамжинд бусдад дээрэмдүүлсэн” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

 

3. Хүний биед үзлэг хийсэн “С.Г- биед ил харагдах байдлаар эсхүл гараар тэмтрэх байдлаар үзлэг хийхэд: зүүн хөмсөгний доод хэсэгт 1см орчим язарсан, урагдалттай, хамрын хэсэгт мурийлттай, хамрын дээд болон зүүн хөмсөгний доод хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Өөр ил харагдах шархгүй байх ба гэмтэл шарх байгаа эсэхийг нь асуухад толгойн хэсэгт хөндүүрлэж өвдөж байна гэж хэлж байсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал)

 

4. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 83, 85-86 дахь тал) 

 

5. Хохирогч С.Г- мөрдөн байцаалтанд “2021 оны 8 дугаар сарын 02-ны 18 цагийн үед ажлаасаа тараад Баянгол дүүргийн 22 дугаар хороо 15 дугаар гудамжаар гэр рүүгээ явах замд араас үл таних хүн боож унагасан.  Намайг боож унагасан хүн дахиад нэг хүний хамт явж байсан бөгөөд намайг боож унагаасны дараа нөгөө залуу нь миний нүүр болон элэг рүү минь хөлөөрөө өшиглөөд дээрээс хөлөөрөө дэвсээд гарыг минь өчөөд гартаа барьж байсан “Самсунг Галакси Эс-4, Эс-6” загварын гар утаснуудыг булаагаад аваад явсан. Тэгээд би тухайн өдрөө цагдаагийн байгууллагад хандсан...Би тухайн  залуусыг огт танихгүй, тухайн үед тэр хоёр залуу цагаан өнгийн малгайтай цамцтай, масктай байсан учир би царайг нь огт харж чадаагүй, шууд миний араас боож унагаад утаснуудыг маань аваад явсан...Би өөрийн гар утаснуудаа буцааж авсан учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал),

 

6. Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би хөдөө Төв аймгийн Батсүмбэр суманд байж байгаад хот руу орж ирсэн. Найз Б.Д-н гэрт 15 цагийн үед очсон чинь Б.Д- манай найз Х-тай хамт ирж байсан. Тэгээд бид гурав Б.Д-н гэрт ороод байж байтал манай найз О.Б- төд удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бид юм ярьж сууж байгаад Х- гэр лүүгээ орчхоод ирье гэхээр нь бид гурав цуг Ч-тай цуг явахаар болоод бид дөрөв Б.Д-н гэрээс гараад Ч-гийн гэр лүү алхсан. Тэгээд би Ч-тай юм яриад алхаж байсан, ард Б.Д-, О.Б- хоёр явж байсан. Тэгсэн чинь тэр хоёр ард явж байснаа алга болчихсон. Тэгэхээр нь Ч- бид хоёр тэр хоёрыг хайгаад явж байсан чинь гудманд Б.Д-, О.Б- хоёртой таарсан. Тэгээд та хоёр яасан бэ, хаашаа алга болчихвоо гэсэн чинь бид хоёр хүнтэй маргалдсан гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв Ч-гийн гэр лүү очиж унтсан...Би өглөө нь тэр гурвыг унтаж байхад ажилдаа явсан. Тэгээд өнөөдөр над руу Б.Д- залгаад хүрээд ир гээд тэгэхээр нь Б.Д-н гэрт очсон чинь цагдаа ирчихсэн байсан...Б.Д-н цамцны ханцуйн дээр нь цус болчихсон байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал) 

 

7. Гэрч Ц.Х-ы “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би найз Б.Д-тай манай ахын нийтийн байранд байсан. Тэгээд бид хоёр Б.Д-н амьдардаг зурагтын шинэ эцэст байх нийтийн байранд нь 16 цагийн үед очсон. Тэгээд бид хоёр яг Б.Д-н гэрийн гадаа очиход манай найз Б- ирчихсэн үүдэнд нь сууж байсан. Тэгээд бид гурав Б.Д-н гэрт ороод юм идээд байж байтал Бат-Эрдэнийн найз болох том Б- ажлаа тарчихсан байна, хальт уулзах уу гээд Б.Д-н гэрт хүрээд ирсэн. Тэгээд бид дөрөв Б.Д-н гэрийн гадаа турникэн дээр жоохон тоглож байгаад би хувцсаа солих гээд гэр лүү явах болсон чинь нөгөө гурав цуг явъя гээд тэгээд бид дөрөв манай гэр лүү явж байгаад дэлгүүрээс ундаа авч уугаад, тэгээд цаашаа засмалаа дагаад явж байсан чинь Б.Д-, том Б- хоёр алга болчихсон байсан. Би тухайн үед Б-тэй юм яриад явж байсан юм. Тэгээд Б- бид хоёр буцаж эргээд нөгөө хоёрыгоо хайсан чинь Э-ын замаар дээш өгсөөд байдаг засмал замын тэнд нэг цагаан худаг байсан, тэрний хажууд Б.Д-, том Б- хоёр явж байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг дуудаад та хоёр чинь яав аа гэсэн чинь бид хоёр сая хүнтэй зодоон хийгээд гэсэн.  Б.Д-н цамц нь ханцуйн дээрээ цус болчихсон байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

 

8. “Дамно” ХХК-ний “Самсунг Галакси Эс-4” загварын гар утсыг 70.000 төгрөгөөр, “Самсунг Галакси Эс-6” загварын гар утсыг 85.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 106 дахь тал)

 

9. Яллагдагчаар Б.Д- мөрдөн байцаалтанд “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би найз Х-ы гэрт Х-тай хамт байж байгаад тэгээд гэр рүү явах болоод Х-тай цуг өөрийнхөө амьдардаг нийтийн байр луу 15 цагийн үед явсан. Тэгээд нийтийн байран дээрээ Х-тай хамт ирсэн чинь манай найз Б- хөдөөнөөс манай гэрт ирсэн байсан. Тэгээд бид 3 манайд ороод юм яриад сууж байсан чинь Б- О.Б-  гэх найзыгаа дуудсан. Тэгээд төд удалгүй О.Б- манай гэрт ирээд бид дөрөв юм ярьж сууж байсан чинь Х- гэр лүү явж хувцсаа солино гэхээр нь бид гурав Х-тай хамт явахаар болсон. Тэгээд бид дөрөв гараад Х-ы гэр лүү алхаад явсан. Тэгээд явж байхдаа би О.Б-тай юм яриад Х-, Б- хоёрын ард явж байсан. Тэгээд явж байсан чинь хажуугаар нэг эрэгтэй хүн зөрсөн. Тэр хүн гартаа хоёр ширхэг гар утас барьчихсан явж байсан. Тэгээд би О.Б-д хандаад энэ ахын утсыг нь авчих уу гэсэн чинь О.Б- тэгье гэсэн, тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад тэр ахын араас нь очоод О.Б- тэр ахын хоёр мөрнөөс нь татаад унагаасан. Тэр ах унахдаа урагшаа харж унасан. Тэгэхээр нь би очоод тэр ахын гарт байсан хоёр утсыг нь гарнаас нь татаж аваад тэгээд О.Б- бид хоёр зугтаасан. Тэгээд дээшээ бид хоёр гүйж байгаад Б-, Х- хоёртой таараад тэгээд Х-ы гэрээр орчхоод бид нар манай гэрт ирж хоносон. Тэгээд маргааш нь намайг гэртээ байж байхад цагдаа нар орж ирээд барьсан...О.Б- бид хоёр тухайн эрэгтэйг унагааж утсыг авах үед ямар нэгэн гэмтэл шарх учруулснаа сайн мэдэхгүй байна,  устыг нь булааж аваад гүйчихсэн болохоор...Дараа нь харсан чинь миний өмсөж явсан цамцны баруун ханцуй цус болчихсон байсан. Тэр ахаас гарсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 120-122 дахь тал)

 

10. Яллагдагчаар О.Б- мөрдөн байцаалтанд “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байтал манай найз Б- над руу фейсбүүкээр чат бичээд Б.Д-н гэрт хүрээд ирээч гэсэн. Тэгээд намайг очиход Б.Д-нд Б-, Х- тэр гурав байж байсан. Тэгээд бид дөрөв Б.Д-н гэрээс гараад Х-ы гэр лүү алхсан. Тухайн үед Х-, Б- хоёр урд юм яриад алхаж байсан. Би Б.Д-тай юм яриад тэр хоёрын хойно алхаж байсан. Тэгсэн чинь нэг ах хажуугаар гартаа хоёр ширхэг гар утас барьчихсан явж байсан. Тэгсэн чинь Б.Д- надад энэ ахын утсыг нь авах уу гэсэн тэгэхээр нь би тэгье гээд бид хоёр тэр ахын араас нь дагаад тэгээд тэр ах гудамжинд булан эргэхээр нь араас нь очоод би тэр ахын хоёр мөрнөөс нь татаж газар унагаасан, тэгсэн чинь Б.Д- ирээд тэр ахын гараас нь утсыг нь булааж авсан. Тэгээд бид хоёр зугтсан. Тэгээд явж байгаад Х-, Б- хоёртой таараад Х-ы гэрээр орчихоод Б.Д-н гэрт бид дөрөв очиж хоносон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 137-138 дахь тал)

 

            11. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 124, 151 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 123, 139 дэх тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг. Гэмт хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Б-, Б.Д- нар  бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 02-нд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжаар гэртээ харихаар явж байсан хохирогч С.Г-ийг араас нь боож унагаж бие махбодид нь хүч хэрэглэж 70.000 төгрөгийн үнэтэй “Самсунг Галакси Эс-4” загварын,  85.000 төгрөгийн үнэтэй  “Самсунг Галакси Эс-6” загварын гар утаснуудыг дээрэмдэж авсан болох нь:  

хохирогч С.Г- “Баянгол дүүргийн 22 дугаар хороо 15 дугаар гудамжаар гэр лүүгээ явах замд араас үл таних хүн боож унагасан.  Намайг боож унагасан хүн дахиад нэг хүний хамт явж байсан бөгөөд намайг боож унагаасны дараа нөгөө залуу нь миний нүүр болон элэг рүү минь хөлөөрөө өшиглөөд дээрээс хөлөөрөө дэвсээд гарыг минь өчөөд гартаа барьж байсан “Самсунг Галакси Эс-4, Эс-6” загварын гар утаснуудыг булаагаад аваад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал), Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал), Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 83, 85-86 дахь тал),  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн О.Б-, Б.Д- нарын мэдүүлэг зэрэг дээрх нотлох баримтууд болон “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нь бусдын хүч хэрэглэсэн довтолгооны улмаас өөрийн эд хөрөнгийг хууль бусаар алдсанаа мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод халдсан, хохирогч нь гэмт халдлагад хэрхэн өртсөн талаараа эргэлзээгүйгээр мэдүүлсэн  бөгөөд хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хяналтын прокуророос бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт шүүгдэгч О.Б-, Б.Д- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Тодруулбал дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгоогоор төгсдөг. 

  

Шүүгдэгч О.Б-, Б.Д- нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.

 

Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүч хэрэглэн довтлох, гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодод халдсан үйлдлийн улмаас хохирол бодитойтойгоор учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь  “...түлхэх, боох, өшиглөх...” зэргээр хохирогчийн амь биед аюултай нөхцөл байдал бий болгох зэргээр ойлгоно.

 

О.Б-, Б.Д- нар нь хохирогч С.Г-ийг мөрнөөс нь татаж, хоолойг боон газар унагаан хохирогчийн гарт байсан “Самсунг Галакси Эс-4, Эс-6” загварын гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Б-, Б.Д- нарыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Б-, Б.Д- нарыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч О.Б-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  

            шүүгдэгч Б.Д-, О.Б- нарын  өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, Т.Мөнхцэцэг нараас “шүүгдэгч нар  хохирлоо нөхөн төлсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

           

            Шүүгдэгч О.Б-, Б.Д- нарт Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

           

            О.Б-, Б.Д- нар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан нийт 155.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг гар утсыг хохирогч С.Г-т биет байдлаар буцаан өгч бусдад төлөх төлбөргүй байна.

 

Иймд  шүүгдэгч О.Б-, Б.Д- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн  заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй Б.Д-, О.Б- нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын шүүхийн тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Б.Д-, О.Б- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Б.Д-, О.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий   ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр /01/ нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

         3.  Б.Д-, О.Б- нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4. Б.Д-, О.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

         5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д-, О.Б- нарын цагдан хорьсоныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Б.Д-, О.Б- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

  

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ