| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/0327/И |
| Дугаар | 130/МА2017/00400 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 130/МА2017/00400
Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Ө аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, И овогт Х Сын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Жын Ет холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ж.Еээс 4700000 /дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Х.С би 2015 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Ж Етэй "Хөрөнгө оруулалт хийж орон сууц захиалан бариулах гэрээ" байгуулсан юм. Уг гэрээгээр Х.С би Н 1-25 айлын 4 давхрын 2 хэсгийн 47 м.кв бүхий 2 өрөө байрыг захиалсан юм. Уг орон сууцны 1 м.кв талбайн үнэ нь 1000000 төгрөг ба нийт үнэ нь 47000000 төгрөг юм. Орон сууцны үнэ, төлбөр хийх журам ёсоор захиалагч тал нь анх гэрээг байгуулахдаа нийт төлбөрийн 10 %-ийг буюу 4700000 төгрөгийн урьдчилгаа төлөх ёстой юм. Х.С урьдчилгаа төлбөрт 4700000 төгрөгийг Г банкны Баян-Ө аймаг дахь салбарт 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн юм. Ингээд Х.С би аймгийн Цагдаагийн газарт ажиллаж буй төрийн тусгай албан хаагч учраас Олон улсын энхийг сахиулах үйлсэд явж 2016 оны 09 дүгээр сарын 16-ны ирсэн. Өмнө Баян-Ө аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн "Шилжүүлэн томилох тухай" 02 дугаар тушаалаар эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.С намайг Н сум дахь цагдаагийн тасгийн хэв журмын цагдаагаар ажиллахаар болсон юм. Би аймгийн Цагдаагийн газрын удирдлагад Н суманд ажиллахгүй, аймгийн төвд ажиллуулах талаар хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй учраас одоо Н сумын Цагдаагийн тасагт ажиллаж байна. Ингээд гадаад улсаас ирэхэд тухайн захиалсан байранд хүн амьдрах ямар ч боломжгүй, баганууд нь суулт өгсөн, хана нь хагарсан, ванны өрөөний угаалтуур тавиагүй, обой нь эрэг алаг төрөл бүрийн обой тавьсан, парнуудаас ус алдсан, хүйтэн байдалтай байсан тул Ж.Етэй уулзаад учир байдлыг хэлж түлхүүрийг буцаан өгч байрыг хүлээлгэн өгсөн юм. Ингээд Ж.Е уг орон сууцыг хүлээн авсан тул өмнө урьдчилгаанд өгсөн мөнгө 4700000 төгрөгийг буцаан өгөх ёстой юм. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ", мөн хуулийн 243.2 "Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй", мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1. "Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй", мөн хуулийн 253.2. "Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна", мөн хуулийн 254.1 "Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй" гэж заасантай нийцэж байна. Иймд Ж.Еээс 4700000 төгрөг гаргуулан Х.С надад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Е шүүхэд гаргасан тайлбартаа: Сын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нь: Нэхэмжлэлд хүн амьдрах бололцоогүй, баганууд суулт өгсөн, хана хагарсан, обой алаг эрээн тул гэрээнээс татгалзаж байна гэжээ. Худалдагч тал болох бид үүргээ зохих ёсоор гүйцэтгэж гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж байрыг хүлээлгэж өгсөн. Зөвхөн тухайн байр гэлтгүй уг баригдсан орон сууцыг мэргэжлийн комисс нэг бүрчлэн шалган хүн амьдрах бололцоотой стандартын шаардлага хангасан гэж дүгнэж хүлээж авсан тул Сын хүн амьдрах бололцоогүй гэж шалтаг зааж байгаа нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм. Мөн гэрээний З.З-т Захиалагч барилгын угсралтад хяналт тавих эрх нээлттэй байгаагаас гадна, обой засал чимэглэлийг өөрийн хүссэнээр өөрчлүүлэх тохиолдолд гэрээнд тусгай тэмдэглэл хийлгэн зардлаа бүрэн төлөх үүрэгтэй юм. Бид уг сууцны бүх байруудад зураг төсөлд тусгагдсанаар засал чимэглэлийг хийсэн тул Сын шалтаглаж буй үндэслэлээр гэрээг цуцлах боломжгүй юм. Уг байр одоо хүртэл хоосон байгаа ба гэрээнд зааснаар С уг байрыг авах үүрэгтэй гэж үзнэ. Иймд Сын нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.С, хариуцагч Ж.Е нар харилцан тохиролцож шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч Х.С нөгөө талаас хариуцагч Ж.Е нар дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Нэхэмжлэгч Х.Сын эрх, үүрэг
1. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3200000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзах
2. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг хариуцагчаар төлүүлэхгүй
3. Шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Хоёр. Хариуцагч Ж.Еийн эрх, үүрэг
1. Нэхэмжлэгч Х.Сд 1500000 төгрөгийг төлж,өгөх
2. Тухайн маргаан бүхий байрыг буцаан хүлээн авах
Гурав. Бусад нөхцөл
1. Хоёр тал энэхүү гэрээг сайн дурын хүсэл зоригийн эрмэлзлээр байгуулсан гэж үзэх ба цаашид эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэн хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
2. Хариуцагч нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх
3. Эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар маргаан бүхий иргэний хэргийг дуусгавар болох үндэслэл болно.
4. Хариуцагч нэхэмжлэгчид 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэх үндэслэл болно.
5. Энэхүү гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Сын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ет холбогдох 4700000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.С, хариуцагч Ж.Е нар хоорондоо харилцан тохиролцон шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч Х.С нь 1. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3200000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзах, 2. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг хариуцагчаар төлүүлэхгүй, 3. Шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй байхаар болж, хариуцагч Ж.Е нь Нэхэмжлэгч Х.Сд 1500000 төгрөгийг төлж өгөх, 2. Тухайн маргаан бүхий байрыг буцаан хүлээн авах-аар зохигчид харилцан тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.С шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 90150 төгрөг төлсөн ба зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Ж.Еээс улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг төлүүлэхгүй гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90150 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Х.С нь 1. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийншаардлага болох 3200000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзах, 2. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг хариуцагчаар төлүүлэхгүй, 3. Шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй байхаар болж, хариуцагч Ж.Е нь Нэхэмжлэгч Х.Сд 1500000 төгрөгийг төлж өгөх, 2. Тухайн маргаан бүхий байрыг буцаан хүлээн авах-аар зохигчид харилцан тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Х.С шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90150 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхгүй гэснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90150 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН