| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2022/0085/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/88 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/88
2022 02 14 2022/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн
улсын яллагч Н.Уранбайгаль
шүүгдэгч Ц.Б- түүний өмгөөлөгч О.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ц.Б-ийг холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2103003990028 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -нд Сэлэнгэ аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгт жолооч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн дүгээр хороо, хороолол, замчид гудамж, дугаар байрны тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД: /, Ц.Б-.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 07 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт, Сөүлийн гудамж, “Өгөөж" ХК-ийн баруун урд замд “Улаанбаатар төмөр замын Авто тээврийн үйлчилгээний төвийн эзэмшлийн “Kia” маркийн “Sorento” загварын 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч 13 настай, эмэгтэй А.А- мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б- “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талд 3.085.500 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ харамсаж байна.” гэв.
Нэг. Гэмт хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлт:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б-ийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 07 цаг 24 минут 21 секундийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт, Сөүлийн гудамж, “Өгөөж" ХК-ийн баруун урд замд “Улаанбаатар төмөр замын Авто тээврийн үйлчилгээний төвийн эзэмшлийн “Kia” маркийн “Sorento” загварын 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч 13 настай, эмэгтэй А.А- мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;
1. Зам тээврийн осол, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 04 дэх тал)
2. Хяналтын камерт үзлэг хийсэн “...07:24:21 цагт явган зорчигч А.А- нь уулзварын баруун талын замын явган хүний гарц дээр зүүн талаас ногоон өнгийн тусгай гэрлэн дохиотой суудлын автомашин мөргөж байгаа нь бичлэгт харагдаж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-21 дэх тал)
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 08 цаг өнгөрч байхад бага охиноо цэцэрлэгт өгөх гээд гэрээсээ гарах гэж байхад том охин А.А-гийн ангийн багш Анхзаяа миний утас руу залгаад А.А- сургууль руугаа ирэх замдаа машинд мөргүүлсэн юм шиг байна гэж хэлсэн ба А.А- шоконд орсон байдалтай сонин байна гээд намайг яаралтай сургууль хүрээд ир гэж хэлэхээр нь би шууд А.А-ы сургууль дээр очсон. Намайг очиход А.А- уйлсан байсан ба нүүр нь улайсан байсан. Би охиноосоо юу болсон талаар асуухад намайг машин мөргөсөн гэж хэлэхээр нь би шууд өөрийнхөө утсаар цагдаа /102/ болон эмнэлэг /103/-т дуудлага өгсөн. Тэгээд би охиноо аваад машинд мөргүүлсэн газар дээр очиж хэмжилтийг нь хийлгэсэн. Мөн 103-н эмчид биеийг нь үзүүлсэн. Дараа нь би охиноо аваад гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Миний охин А.А-ы ахар сүүл нь хугарсан. Охинд минь ямар нэгэн суурь өвчин байхгүй. А.А-ы эмчилгээнд гарсан зардал болох 1.085.500 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)
4. Насанд хүрээгүй хохирогч А.А- мөрдөн байцаалтанд “2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би 07 цаг 20 минутын үед сургууль руугаа явж байгаад “Рокмон” гээд өндөр байшингийн урд талын уулзвараар зам хөндлөн гарах гээд уулзвар дээр ирэхэд явган хүний гэрэл улаан өнгөөр асаж байсан ба би ногоон гэрэл хүлээж зогсож байгаад явган хүний гэрэл ногоон өнгөөр асах үед явган хүний гарцаар цагаан зураасаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах үед миний зүүн гар талаас саарал өнгийн жийп машин ирээд намайг мөргөсөн. Би машинд мөргүүлээд газарт унасан. Би тэгээд тэр дороо босоод зам хөндлөн гараад явчихсан. Миний араас хүн дуудаагүй болохоор би тэр чигээрээ сургууль руугаа явсан. Тэгээд би сургууль дээрээ байж байхад миний нуруу өвдөөд байхаар нь би найз Б- машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгсэн манай найз Батцэцэг багшид хэлсэн байсан. Тэгээд багш манай аав, ээжид хэлсэн. Аав, ээж хоёр сургууль дээр ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Дараа нь би аав, ээжтэйгээ хамт намайг машин мөргөсөн газар буцаад очсон. Буцаад очиход цагдаа нар ирсэн байсан. Тэгээд намайг машинд мөргүүлсэн болон газарт унасан газрыг надаар заалгуулсан. Тухайн үед жолооч машинаасаа бууж ирээгүй. Миний нуруу өвдсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал)
5. Гэрч С.Е- мөрдөн байцаалтад “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 07 цаг 20 минутын орчим би ажил руугаа явах гээд албаны “Sorento” маркийн 00-00 УБМ улсын дугаарын машинд суугаад Өгөөж ХК-ны баруун урд талын уулзвараар зүүнээсээ баруун чиглэлтэй явж байгаад уулзварын баруун талын замын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүн зам хөндлөн гарч ирж байгаа нь нүдний үзүүрт харагдаад тэр хүн миний сууж явсан машины баруун тал руу мөргүүлээд газар унасан. Тухайн үед би тэр машинд мөргүүлсэн хүнийг машин дотроосоо харахад жаахан охин байсан ба би тэр үед машиныхаа хаалгыг онгойлгоод буух гэтэл тэр мөргүүлсэн охин год гээд босож ирээд машины хойгуур тойроод зам хөндлөн гараад яваад өгсөн. Тэр үед жолооч бас машиныхаа хаалгыг онгойлгоод тэр охины араас нь хөөе гээд орилсон. Тэгэхээр нь би яана энэ охин гүйгээд явчихлаа гайгүй байгаа гэж жолоочдоо хэлсэн. Тэгсэн жолооч юу ч хэлээгүй машинаа хөдөлгөөд бид хоёр цаашаа ажил руугаа явсан. Тэгээд би ажил дээрээ ирээд жолоочдоо чи саяны ослын талаар мэдэгдэх газраа мэдэгдээд учрыг нь олоорой гэж хэлээд ажил руугаа орсон. Намайг ажил дээрээ байж байхад 14 цагийн орчим миний утас руу дуудлага ирээд автал замын цагдаагаас ярьж байна гээд намайг цагдаа дээр ирж мэдүүлэг өг гэхээр нь би цагдаа дээр ирсэн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)
6. Яллагдагчаар Ц.Б- мөрдөн байцаалтанд “Би тухайн өдрийн өглөө 07 цагийн орчим Улаанбаатар Төмөр замын эмнэлгийн түргэний 00-00 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодоод Эмнэлгийн дарга С.Е- хамт Төмөр замын эмнэлэг рүү яаралтай ажлаар байгаад Өгөөж ХК-ны баруун талын уулзвараар нэвтрэх үедээ хойноосоо урагшаа зам хөндлөн гарч явсан хүүхдийг машинаараа мөргөж унагасан. Тэгээд би машинаа зогсоогоод манай дарга машины хаалга онгойлгоод хөөе гэж дуудахын хооронд машинд мөргүүлсэн хүүхэд босоод машины араар тойроод явчихсан. Би тэр үед бас машиныхаа хаалгыг онгойлгоод тэр хүүхдийг дуудсан чинь тэр хүүхэд шууд уулзвараар зам хөндлөн гараад цаашаагаа явчихаар нь би тэр хүүхдийг гайгүй юм байна гэж бодоод машинаа хөдөлгөөд цаашаа явсан. Миний унаж явсан автомашин ногоон өнгийн тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон. Би тухайн үед автомашиныхаа дуут болон гэрлэн дохиогоо хоёуланг нь ажиллуулаад явж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дахь тал)
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11945 дугаартай “А.А-ы биед ахар сүүлний 2-р нугалмын далд хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б- 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 07 цаг 24 минут 21 секундийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт “Улаанбаатар төмөр замын Авто тээврийн үйлчилгээний төвийн эзэмшлийн “Kia” маркийн “Sorento” загварын 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас хичээл рүүгээ явж байсан 13 настай А.А- мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тооцогдоно.
Өөрөөр хэлбэл улсын яллагчаас Ц.Б-өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Б-ийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 136 дахь тал), шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүнд оногдуулсан нийт торгох ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Шүүгдэгч Ц.Б-өд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Ц.Б- нь мөрдөн байцаалтын явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-д 3.085.500 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч А.А-ийн эмчилгээний зардалд төлсөн гэсэн хүсэлт, болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-д шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж утсаар мэдэгдсэн зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц.Б-ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”
- “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүнд оногдуулсан нийт торгох ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт ирүүлэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ