Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105024130007 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “***********” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байрны  тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн  дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хороо, 10 дугаар байрны дунд замд хохирогч Ж.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

 

                        Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:

 

1.  Хохирогч Ж.А- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дэлгүүрээс юм авахаар гараад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10 дугаар байрны хажуугийн байрны дэлгүүр рүү орох гээд зам дагуу явж байтал гэнэт нэг цагаан өнгийн тоёота приус 40 загварын машин өөдөөс хурдтай тулаад ирэхээр нь би хажуу тийшээ болоод машин руу түлхээд зогссон. Тэгээд жолооч нь буугаад ирэхээр жаахан удаан яваач, яасан хурдтай явдаг юм, хүн амьтан дайрч аллаа гэтэл учир зүггүй миний зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би муужраад газарт унасан. Тэгээд буцаад босоод иртэл дахиад 2-3 удаа шанаа, хацар хэсэг рүү алгадаад хувцаснаас барьж байгаад хоолой боогоод байхаар нь би цохимоор байна уу тэгвэл цохиоч гэтэл намайг тавьчихсан. Тэгээд машиндаа суугаад явахад нь гар утсаараа машиных нь зургийг дараад цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал)

 

2. Гэрч Ж.Э- мөрдөн байцаалтанд “2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 20 цаг орчмын үед арктай шар байрны дунд замаар хойноос урагшаа *******машинттайгаа намайг хүргэж өгөх гээд явж байтал өөдөөс нэг машин ирж байхаар нь *******машинаа хажуу тийш болгоод зам тавьж өгтөл машины ард талд түс гээд явчихсан. Тэгтэл *******машиныхаа цонхыг онгойлгоод яаж байна аа гэтэл Тамирын өөдөөс зүй бус үг хэлээд хараагаад байх шиг байсан. Тэгтэл *******машинаасаа бууж очоод чи явах замаараа явахгүй машин замаар явчхаад хүний машин цохиод яаж байгаа юм гэтэл өөдөөс нь тэр залуу бас хараал хэлээд өөд өөдөөсөө хуруу гаргаа зангаад зогсож байсан. Тэгтэл *******уурлаад тэр залууг нэг алгадаад авсан. Тэгээд 2 тийшээ салаад *******буцаж машиндаа суугаад намайг хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

 

         3. Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед байтал Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10 дугаартай арктай шар байрны дунд замаар 16-91 УАР улсын дугаартай приус 41 маркийн машинтайгаа цахилгаанчин ахыг хүргэж өгөх гээд явж байтал өөдөөс машин гараад ирсэн. Тухайн үед би тэр машинд зай тавьж өгөх боломжтой байсан тул машинаа хажуу тийшээ болготол машины ард үл таних залуу гарч ирээд машины ар хэсэг түг гэх шиг болохоор нь би машинаасаа буутал үл таних залуу хүн дайрлаа пизда минь гээд хараал хэлээд байхаар нь би сохор хүн биш харж байна шүү дээ, энэ машинд зам тавьж өгөх гэж байна гэтэл миний өөдөөс хараал хэлээд нүүр рүү гараа савчуулаад чичээд байхаар нь би нүүр рүү нь алгадтал газар уначхаад буцаж босож ирээд гар утсаа гаргаад машины арын номерын зураг дараад за уулзах газраа уулзана гээд бид хоёр салсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг би учруулсан. Миний өөдөөс хэл үгээр хараагаад чичлээд пизда минь гээд намайг доромжлоод байхаар нь би нэг удаа алгадсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

 

 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11514 дугаартай “Ж.А-ий биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

 5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

 

 Гэмт хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******  2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хороо, 10 дугаар байрны дунд замд хохирогч Ж.А-г “яасан хурдтай явдаг юм, хүн амьтан дайрч аллаа” гэж хэлснээс үүдэлтэйгээр маргаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын “...Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг би учруулсан. Миний өөдөөс хэл үгээр хараагаад чичлээд пизда минь гээд намайг доромжлоод байхаар нь би нэг удаа алгадсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),  хохирогч Ж.А-ий “...жолооч нь буугаад ирэхээр жаахан удаан яваач, яасан хурдтай явдаг юм, хүн амьтан дайрч аллаа гэтэл учир зүггүй миний зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би муужраад газарт унасан. Тэгээд буцаад босоод иртэл дахиад 2-3 удаа шанаа, хацар хэсэг рүү алгадаад хувцаснаас барьж байгаад хоолой боогоод байхаар нь би цохимоор байна уу тэгвэл цохиоч гэтэл намайг тавьчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал), гэрч Ж.Э-гийн “...Тэгтэл *******машинаасаа бууж очоод чи явах замаараа явахгүй машин замаар явчхаад хүний машин цохиод яаж байгаа юм гэтэл өөдөөс нь тэр залуу бас хараал хэлээд өөд өөдөөсөө хуруу гаргаа зангаад зогсож байсан. Тэгтэл *******уурлаад тэр залууг нэг алгадаад авсан. Тэгээд 2 тийшээ салаад *******буцаж машиндаа суугаад намайг хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), шинжээчийн 11514 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

         Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч хохирогч нарын харилцаа хандлага зүй бус үг хэллэгээр харилцан бие биеэ доромжилсон байдал нөлөөлсөн байх ба хохирогч Ж.А- нь шүүгдэгч *******ыг автомашинтай хурдан явлаа гэж маргалдсаны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хяналтын прокуророос *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 58 дахь тал) хохирогч Ж.А-ий гаргасан “гомдол саналгүй” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 57 дахь тал), шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

          Хохирогч Ж.А-ий гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ